| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 177/2019/0021/э |
| Дугаар | 07 |
| Огноо | 2019-05-23 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 07
Ж.Р-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч М.Нямбаяр, Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Х.Энхтуул, хохирогч Б.Э, шүүгдэгч Ж.Р, түүний өмгөөлгч Ө.Нарантуяа, Б.Цагцалмаа, нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолтой, Ж.Р-д холбогдох эрүүгийн 1935000180009 дугаартай хэргийг шүүгдэгч Ж.Р болон түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарын гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1979 оны 2 дугаар сарын 08-нд Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, малчин, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, регистрийн дугаар:ОЮ85112310, Б ургийн овогт Ж-ын Р.
Шүүгдэгч Ж.Р нь Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг, Майхан толгой гэх газарт 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хохирогч, эхнэр Б.Эийн нуруун тус газарт хайчийг зэвсэг болгон хэрэглэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Бух овогт Жалцанноровын Р-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Р-г 3 /гурав/ жил 5 /тав/ сар хорих ял шийтгэж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Ж.Р нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоол гарсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
...Би сургууль соёлд суугаагүй, бичиг, үсэг мэдэхгүй ч гэсэн аав, ээжийн хайр халамжинд өсөж бойжсон, айлын ганц хүү ч эрх дураараа архи дарс ууж, агсам согтуу тавиад, тамхи татаж, гэр бүлдээ хүчирхийлэл үйлдээд явахаар зан чанар байхгүй, хөгшин аав, ээжээ асарч хамгаалах, эхнэр, 4 хүүхдийнхээ төлөө амьдралаа авч яваа нэгэн малчин залуу.
Тэгтэл гай таарч эхнэр лүүгээ хайч шидсэнээс эхнэр Б Эийн биед “хүнд гэмтэл” учирсан гэх “шинжээчийн дүгнэлт” гаргасан хэдий ч тухайн үед эмнэлгийн тусламж үзүүлэн эмчлэгдэн одоо эхнэрийн биеийн байдал хэвийн байдалд орсон байгаа. Миний аав 80 гаруй настай хүн бөгөөд хэвтэрт, ээж маань бас 70 гаруй настай, хоёр нүд нь юм үздэггүй хүний асрамжинд байдаг аав, ээж хоёрыг маань Ж.Р надаас өөр асарч сувилах хүн байхгүй. Аав, ээж хоёр минь хоёулаа хэвтэрт үнэхээрийн хүнд байдалд байгаа. Мөн эхнэр, 4 хүүхэд малаа маллан амьдрах ямар ч чадваргүй бөгөөд хамгийн бага охин маань бөөрний дутагдлаас болоод 2-3 удаа хагалгаанд орсон, байнгын эмчилгээнд байдаг. Миний амьдралын дээрхи хүнд хэцүү байдлуудыг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг өөрчлөн хөнгөрүүлж өгнө үү. Эсвэл надад оногдуулсан ялаас ганц жил ч гэсэн хасаж миний амьдралд гүн туслалцаа үзүүлнэ үү” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоол гарсныг эс зөвшөөрч дээд шатны шүүхээр шүүгдэгч Ж.Р-д холбогдох хэргийг хянуулахаар гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх Ж.Р-гийн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнээд түүний гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд нь 3 жил 5 сар хорих ялаар шийтгэсэн. Ж.Рд холбогдох эрүүгийн 1935000180009 дугаартай хэрэгт нотлох баримт дутуу авагдсан. Өөрөөр хэлбэл хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт цуглараагүй, эд мөрийн баримт бүрэн гүйцэт авагдаагүй, нотлох баримтаар бэхжигдээгүй, гэрч, хохирогч, хэргийн холбогдогчийн мэдүүлэг илт зөрүүтэй, мэдүүлгийн зөрүү арилаагүй зэрэг зөрчил байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Иймд Ж.Р-д холбогдох эрүүгийн 1935000180009 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байх тул гомдлыг хүлээн авна уу” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтэндээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй тул уг шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ж.Р, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарын гомдлыг үндэслэн Ж.Р-д холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
Ж.Р нь согтуугаар 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Майхан толгой” гэх газарт өөрийн гэртээ эхнэр Б.Э-тэй маргалдаж, үйлний хайч шидсэнээс Б.Э-ийн эрүүл мэндэд нь “цээжний зүүн талын хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндий дэх цус хуралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Эийн тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед учирсан гэмтлийн талаар мэдүүлсэн мэдүүлэг, мөн гэмт хэргийг үзэж харсан, насанд хүрээгүй гэрч Р.Э, гэрч Т.Н, Г.М, Ж.П, Ж.Б нарын мэдүүлэг болон гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 26 см урттай 1 ширхэг хайчийг хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 74 дугаартай дүгнэлт, хохирогч Б.Э-ийн Увс аймгийн Өндөрхангай сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаархи өвчний түүхийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Ж.Р-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.
Шүүгдэгч Ж.Р-гийн “...шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү “ гэх, өмгөөлөгч Ө.Нарантуяагийн “...эд мөрийн баримт бүрэн гүйцэт авагдаагүй, нотлох баримтаар бэхжигдээгүй, гэрч, хохирогч, хэргийн холбогдогчийн мэдүүлэг илт зөрүүтэй , мэдүүлгийн зөрүүг арилгаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү “ гэх гомдлуудын хувьд:
1.Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх эрх хэмжээтэй.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Р-гийн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохиролыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулсан байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс ялыг дахин хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
2.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа гомдлын үндэслэлээ “...эд мөрийн баримт бүрэн гүйцэт авагдаагүй, нотлох баримтаар бэхжигдээгүй, гэрч, хохирогч, хэргийн холбогдогчийн мэдүүлэг илт зөрүүтэй, мэдүүлгийн зөрүүг арилгаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн” гэж тайлбарлаж байгаа боловч гэрч, хохирогч нарын ямар мэдүүлэг зөрүүтэй болохыг тодорхой тайлбарлаагүй.
Хэрэгт авагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэрч, хохирогч нарын мэдүүлэг нь хоорондоо зөрүүгүй, хэргийн үйл баримтыг нотлож чадсан, уг нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх боломжтой байна. Мөн түүнчлэн гэрч хохирогчийн мэдүүлэг нь бусад бичгийн баримт, эд мөрийн баримтуудаар давхар нотлогджээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч Ө.Нарантуяа “гэмт хэрэг гарах үед хохирогчийн өмссөж байсан цагаан өнгийн футболькийг эд мөрийн баримтаар хураагаагүй” гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хэргийн үйл баримтанд нөлөөлөхгүй ба хохирогчийн өмссөж байсан хөх өнгийн даавуун гадартай майкыг эд мөрийн баримтаар тооцож, хураан бэхжүүлсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Р, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ж.Р нь анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 52 хоног цагдан хоригдсныг түүний эдлэх ялд оруулж тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Р, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ж.Р-гийн 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 52 /тавин хоёр/ хоног цагдан хоригдсныг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН
ШҮҮГЧИД М.НЯМБАЯР
Н.МӨНХЖАРГАЛ