Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2021/0095

 

 

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 03 өдөр 128/ШШ2021/0095

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: С ХХК-ийн эрх залгамжлагч Н м э ХХК

Хариуцагч: Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэс.

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 443 дугаар шийдвэрийн С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, С ХХК-ийн NE-026257 дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, С ХХК нь Хэнтий аймгийн Галшар сумын нутгийн *** нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани нь Хэнтий аймгийн Галшар сумын нутаг *** нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг Ашигт малтмалын Кадастрын хэлтсээс бүртгэлийн №026257 дугаарт бүртгэн, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т заасан ажиллагааг хийж, дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар талбай байрших аймгийн Засаг даргаас санал авахаар хандсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6, 19 дүгээр зүйлийн 19.5 дугаар зүйлүүдийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 443 дугаар шийдвэрээр манай компанид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна.

Бид Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.17, 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй; хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй тул уг талбайд өргөдөл гаргасан. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т зааснаар анхан шатны шүүлтийг хийж, дээрх талбай нь ямар нэг байдлаар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхцаагүй, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн аймгийн засаг даргаас саналыг авахаар явуулсан.

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн а/07 дугаар тушаалаар батлагдсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар-ын дөрөв дүгээр хэсгийн 4.5-д Аймаг, нийслэлийн Засаг даргаас үндэслэлгүй дэмжээгүй санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр, ...төслийг боловсруулан... гэж заасан байдаг. Анхан шатны шүүлтээр ямар нэг байдлаар давхцаагүй гэсэн байхад орон нутаг хууль зүйн үндэслэл бүхий ямар ч татгалзсан хариу өгөх боломж байхгүй.

Дээрхээс үзвэл, хууль, хуульчилсан актын холбогдох заалтууд болон Улсын Дээд Шүүхийн тайлбар нь цогцоороо аймаг, нийслэлийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн эсхүл хуульд заагаагүй үндэслэлээр татгалзсан тохиолдолд захиргаа нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг үүрэг болгосон агуулгатай байхад Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтэс нь татгалзсан шийдвэр гаргасан нь хууль бус байна.

Аймаг, нийслэлийн Засаг даргын саналын талаар зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д "Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ. 19.5-д "Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно" гэж заасан байдаг ба Монгол Улсын Дээд шүүхийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 9-д Мөн зүйлийн 19.4-т заасан "хурлын санал" нь төрийн захиргааны байгууллагын мэдэгдэлд заасан тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна. Энэ зүйл, хэсэгт заасан "... хариу ..."-г аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн бичгийн хэлбэрээр өгнө. Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан "...татгалзсан хариу өгч болно" гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно" гэж тус тус заасан байхад Хэнтий аймгийн Засаг дарга Ж.О Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал нь Ашигт малтмалын тухай хуулийн дээрх шаардлагыг огт хангаагүй, тухайн өргөдлийн талбай нь холбогдох хуулийн дагуу хориглосон, хязгаарласан, нөөцөд болон тусгай хэрэгцээнд авагдсан зүйл огт байхгүй атал дэмжихгүй санал өгсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.5 дахь хэсгийг зөрчсөн байсан. Хэнтий аймгийн засаг дарга Ж.Оын дэмжихгүй саналын үндэслэл нь Орон нутгийн тусгай хамгаалалтын газартай давхцалтай гэсэн байна. Харин Хэнтий аймгийн Галшар сумын засаг дарга 2015 оны 10 сарын 13-ний өдрийн 184 тоот албан бичгээр 18 өрхийн малын бэлчээр учраас олгохоос татгалзлаа гэсэн байна. Бэлчээр гэдэг нь Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон заалтад хамаарахгүй бөгөөд хайгуулын ажил нь тодорхой өрөм тавих, нөөц тогтоох зорилготой байдаг тул бэлчээрт ямар нэг нөлөө үзүүлдэггүй. Газрын тухай хуулийн 52.7 дах хэсэг нь отрын бэлчээр, зуслан намаржаа болон гамшгийн үеийн нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой зохицуулалт бөгөөд тухайн газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэсэн зохицуулалт байхгүй. Мөн энэ Улсын дээд шүүхийн тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна. гэснийг зөрчиж байна.

Иймд Хэнтий аймгийн Засаг даргын 134 тоот санал нь ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан газар, нөөцөд авсан газарт хамаарахгүй байна.

Ийнхүү Хэнтий аймгийн Засаг даргын 2016 оны 01 сарын 20-ны 134 тоот санал нь үндэслэлгүй дэмжихгүй санал байна. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн а/07 дугаар тушаалаар батлагдсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар-ын Дөрөв дүгээр хэсгийн 4.5-д Аймаг, нийслэлийн Засаг даргаас үндэслэлгүй Дэмжээгүй санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр. ...төслийг боловсруулан... гэж заасан байдаг. Дээрхээс үзвэл, хууль, хуульчилсан актын холбогдох заалтууд болон Улсын Дээд Шүүхийн тайлбар нь цогцоороо аймаг, нийслэлийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн эсхүл хуульд заагаагүй үндэслэлээр татгалзсан тохиолдолд захиргаа нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг үүрэг болгосон агуулгатай байхад Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтэс нь татгалзсан шийдвэр гаргасан нь хууль бус байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар хамгийн түрүүнд өргөдөл гаргасан хуулийн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгоно гэж заасан байдаг. С ХХК-ийн гаргасан өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс хянаж үзээд, хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, мөн тухайн талбай нь ямар нэгэн хязгаарласан, хориглосон болон түрүүлж өргөдөл гаргасан талбайтай давхцаагүй гэдгийг хүлээн зөвшөөрсний улмаас аймгийн Засаг даргаас санал авахаар явуулсан байдаг. Түүнээс хойш өөр хэдэн ч компани тус талбай дээр өргөдөл гаргасан байж болох бөгөөд үүнийг бид мэдэх боломжгүй.

Иймд С ХХК нь тухайн талбайд хамгийн түрүүлж хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани 2015 онд хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар Ашигт малтмал, газрын тосны газарт өргөдөл гаргасан байдаг. Гэвч 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 443 дугаар шийдвэрийн холбогдох хэсгээр манай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Ингэхдээ орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай гэдэг үндэслэлээр татгалзсан. Гэтэл шүүхийн ажиллагааны явцад Ашигт малтмалын газраас лавлагаа авахад 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 8/52 тоот албан бичгээр Хэнтий аймгийн Галшар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 05 тоот тогтоол нь бүртгэлгүй байна гэж ирсэн байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд хэрвээ орон нутаг тусгай хэрэгцээнд авсан бол энэ тогтоолоо 10 хоногийн дотор бүртгүүлэхээр хуульчилсан. Тэгэхээр уг тогтоол бүртгэгдээгүй гэдэг нь харагдаж байна. Ашигт малтмалын тухай хуулийн/тухайн үед хүчин төгөлдөр байсан/ 11.1.16-д хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хүлээн авах, шийдвэрлэх гэж Ашигт малтмалын газарт эрх хэмжээг олгосон. Ашигт малтмалын газар хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хүлээж аваад түүнийг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар орон нутгаас санал авна. Гэхдээ эцсийн шийдвэрийг Ашигт малтмалын газар өөрөө бие даан гаргахаар заасан. Гэтэл тухайн үеийн Хэнтий аймгийн Засаг дарга санал өгөхдөө орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан гэдэг тогтоолд үндэслэж санал өгсөн. Тухайн тогтоол нь 2015 оны 3 дугаар сард мөртлөө, үүнээс хойш 10 хоногийн дотор бүртгүүлэх ёстой байтал бүртгүүлээгүй, уг тогтоолыг үндэслэж дэмжихгүй гэдэг саналыг өгсөн. Тэгэхээр Ашигт малтмалын газар тухайн саналыг судалж үзээд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар тухайн шийдвэр гаргах үндэслэлээ судлах ёстой. Үүний дагуу судлаад үзсэн бол тухайн үед тухайн орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай тогтоол бүртгэгдээгүй гэдгийг харах бололцоотой. Мөн шүүхийн ажиллагааны явцад Ашигт малтмалын газраас давхцалын зургийг ирүүлсэн. Уг зургийг авахуулахад мөн орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалгүй гэдэг нь харагддаг. Мөн хавтаст хэрэгт 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийг хүлээж аваад шүүлт хийж үзсэн байдаг. Уг шүүлтээр мөн орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалгүй гэсэн нь харагдсан байдаг. 2015 оны хайгуулын тусгай зөвшөөрөл нэг онцлогтой нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдохгүй нэг хэсэг явж байгаад Засгийн газраас тогтоол гараад энэ хэсэг газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болно, давхцалгүй гэдэг байдлаар нийтэд зарласан. Иргэн, аж ахуйн нэгж үүнд хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдох боломжтой юм байна гээд тодорхой хэмжээний зардал гаргаад оролцсон. Үүний дараа тухайн орон нутгийн байгууллага хууль биелүүлээгүйн улмаас тусгай хэрэгцээний газартай холбоотой тогтоолоо бүртгүүлээгүй. Гэтэл үүнийг үндэслэж Ашигт малтмал, газрын тосны газар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа нь хууль бус юм. Захиргааны хэргийн шүүхийн үүрэг бол иргэн, аж ахуйн нэгжийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог. Тэгэхээр энд иргэн аж ахуйн нэгж буюу С ХХК-ийн ямар нэгэн буруутай үйл ажиллагаа огт байхгүй. Харин тухайн орон нутаг өөрөө тогтоол гаргачхаад түүнийг хуульд зааснаар бүртгүүлээгүй. Түүнийг Ашигт малтмалын газар Захиргааны ерөнхий хуулийн 24, Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.16-д зааснаар шийдвэрлэхдээ хянаж үзэх үүрэгтэй, хянаж үзээгүй, хайнга үйлдлийн улмаас гарсан шийдвэр гэж харж байна. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27-д сонсох ажиллагаа хийх тухай зохицуулалт байдаг. Сонсох ажиллагаа гэдэг нь шинэ Захиргааны ерөнхий хуулиар орж ирсэн ойлголт, өмнөх хууль тогтоомжид сонсох ажиллагаа байгаагүй. Тухайн үеийн УИХ-д хэлэлцэгдэж байсан протокол, тэмдэглэлээс харахад сонсох ажиллагааны гол үндсэн зарчим бол захиргааны байгууллага ямар нэгэн дутуу мэдээллээр юм уу тухайн эрх, ашиг нь зөрчигдөж байгаа этгээдэд байгаа этгээдэд байгаа мэдээллийг анзааралгүйгээр буруу шийдвэр гаргахаас сэргийлж, наана нь оролцогчдыг сонсоод ямар нэгэн зөрүүтэй байвал тэр мэдээллийг нь цуглуулж шийдвэр гаргахаар зохицуулсан. Хэдийгээр хариуцагч сонсох ажиллагаа хийсэн гэж байгаа боловч сонсох ажиллагааны талаар баримт байхгүй. Сонсох ажиллагаа хийгдээгүй байна гэж харж байна. Ашигт малтмалын газрын даргын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны зааврын 4.5-д үндэслэлгүй санал ирсэн бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно гэж заасан байдаг. Эдгээрээс харахад Кадастрын дарга 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 443 дугаар шийдвэрийг гаргахдаа С ХХК-ийг өргөдөл гаргахад өргөдөлд үнэхээр татгалзах үндэслэл байна уу, үгүй юу, татгалзах үндэслэл нь тусгай хэрэгцээний газар юм бол тусгай хэрэгцээний газрыг бүртгэсэн эсэхийг шалгах бололцоотой байсан. Мөн сүүлд нотлох баримтаар ирсэн хяналтын хуудсанд давхцалгүй гэсэн тэмдэглэгээ байдаг. Ингээд үзэхээр Кадастрын даргын шийдвэр бол татгалзах үндэслэлээ бүрэн судлаагүй гаргасан шийдвэр гэж үзэж байна. Тийм учраас Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 443 дугаар шийдвэрийн нэхэмжлэгч компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож, манай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү. гэв.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

...Улсын их хурлаас 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын
тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын тухай хуулийн 30.1,
Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д заасныг тус тус
үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн
Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай 239, 2015
оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Ашигт малтмалын хайгуулын тусгай
зөвшөөрлийн талбайн солбицлын тухай 511 дүгээр тогтоолыг тус тус батлан
гаргасан.

Дээр дурдсан хуулийн нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын тогтоолыг үндэслэн
ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн шинээр олголтыг өргөдлийн
болон сонгон шалгаруулалтын журмаар олгох ажлыг төрийн захиргааны
байгууллага зохион байгуулж хэрэгжүүлэн ажиллаж байна.

С ХХК нь Хэнтий аймгийн Галшар сумын нутаг *** нэртэй
талбайд 1221,43 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч
өргөдөл гарган NE-026257 дугаарт бүртгүүлсэн байна.

Кадастрын хэлтсээс С ХХК-ийн өргөдөлд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.4-д заасан шүүлт хийж хайгуулын
тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн мөн хуулийн 19.3-т заасны дагуу
санал авах мэдэгдлийг Хэнтий аймгийн Засаг даргад 2015 оны 9 дүгээр сарын
17-ны өдрийн 6/7245 тоот албан бичгээр хүргүүлсэн байна. Уг саналд Хэнтий
аймгийн Засаг дарга 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 9/1437 тоот албан
бичгээр NE-026257 дугаартай өргөдөлд дурдсан солбицол бүхий талбайн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг 9/1437 дугаартай дэмжихгүй санал ирүүлсэн байна.

Аймаг, нийслэлийн Засаг даргаас дэмжээгүй санал ирүүлсэн тул өргөдлийг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Кадастрын хэлтсээс Захиргааны ерөнхий
хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг хийсэн байна. Сонсох ажиллагаанд С ХХК нь тайлбар ирүүлээгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр
В зүйлийн 19.5, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 92 дугаар зүйлийн
92.2, 94 дүгээр зүйлийн 94.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд
гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1,17
дугаар зүйлийг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар
сарын 27-ны өдрийн 443 дугаар шийдвэрээр NE-026257 дугаартай өргөдөлд
хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай 7/5171 дугаартай албан
бичгээр тус компанид мэдэгдэл хүргүүлсэн байна.
гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С ХХК-ийн өргөдөлд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.4-д заасны дагуу шүүлт хийсэн. Давхцалгүй байсан учраас орон нутгаас санал авсан. Үүнийг нэхэмжлэгч ойлгохгүй байна. Би үүн дээр маргаагүй. Давхцалгүй байсан учраас орон нутгаас санал авахаар явуулахад орон нутгаас дэмжихгүй санал ирүүлсэн. Сонсох ажиллагааг манайх нийтэд зарласан. Сонсох ажиллагааг нотолсон баримт бичиг авчир гээд байна. Нэгэнт орон нутгаас дэмжихгүй санал ирсэн, сонсох ажиллагаа нь танайхыг дэмжихгүй санал ирсэн тул өргөдлийг хүлээн авахаас татгалзаж байна гэдгийг ярьж байгаа юм. Түүнээс биш үндэслэлгүй дэмжихгүй гэсэн орон нутгийн саналыг бид нар сонсох ажиллагаа явуулах боломжгүй. Сонсох ажиллагаа гэдэг нь орон нутгаас дэмжихгүй санал ирсэн байна, уг дэмжихгүй саналыг манай байгууллага зөв бурууг шийдвэрлэхгүй. 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 443 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

С ХХК-иас Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 443 дугаар шийдвэрийн С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, С ХХК-ийн NE-026257 дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, С ХХК нь Хэнтий аймгийн Галшар сумын нутгийн *** нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Нэхэмжлэгч С ХХК нь оноосон нэрээ өөрчилж Н м э ХХК болсныг улсын бүртгэлд 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр бүртгэсэн байх тул тус шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 7465 дугаар захирамжаар С ХХК-ийн эрх залгамжлагчаар Н м э ХХК-ийг тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.

С ХХК нь Хэнтий аймгийн Галшар сумын нутгийн *** нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч NE-026257 дугаартай өргөдлийг 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст гаргасны дагуу хариуцагчаас орон нутгийн Засаг даргын саналыг авах ажиллагааг явуулсан байна.

Үүний дагуу Хэнтий аймгийн Засаг даргаас 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 9/1437 дугаар албан бичгээр Хэнтий аймгийн Галшар сумын нутгийн *** нэртэй 1221.43 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч NE-026257 дугаартай өргөдөлд дурдсан газар нь орон нутгийн тусгай хамгаалалттай газартай давхцалтай тул тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй. гэсэн саналыг Ашигт малтмалын газарт ирүүлжээ.

Ийнхүү ирүүлсэн саналдаа тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай Хэнтий аймгийн Галшар сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184 дүгээр албан бичигт дурдсанаар Тус сумын Жаргалант 5-р багийн нутаг дэвсгэрт орших 1221.43 гектар талбай нь орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалтай ба 14 өвөлжөө, хаваржаа, 4 худаг түшиглэн 15 өрхийн 14000 гаруй мал бэлчээрлэдэг... талаар тусгасан байна.

Энэхүү саналын дагуу Ашигт малтмал газрын тосны газрын 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 7/5171 дүгээр албан бичгээр ... NE-026257 дугаартай өргөдөлд Хэнтий аймгийн Засаг даргаас дэмжихгүй санал ирүүлсэн учир ... ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан... талаар С ХХК-д мэдэгдсэн.

С ХХК-иас Хэнтий аймгийн Засаг дарга болон Галшар сумын Засаг даргад холбогдуулан Ашигт малтмал, газрын Кадастрын хэлтсийн NE-026257 дугаарт бүртгэгдсэн өргөдөлд Хэнтий аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 9/1437 дугаар албан бичгээр өгсөн санал, Хэнтий аймгийн Галшар сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0001 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн 0168 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 245 дугаар тогтоолоор ...Хэнтий аймгийн Галшар сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Хэнтий аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 9/1437 дугаар албан бичгээр өгсөн саналыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож..., шийдвэрлэсэн бөгөөд Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 245 дугаар тогтоолын Хянавал хэсэгт ... нэхэмжлэгчийн хүсэлт болгосон газар нь тусгай хэрэгцээний газартай давхцалтай байгаа нь түүнд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл болжээ. гэж дүгнэсэн нь хүчин төгөлдөр болсон байна.

Тодруулбал, Хэнтий аймгийн Засаг даргын С ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд ирүүлсэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй санал нь хуульд нийцсэн гэдгийг дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор эцэслэн шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллага нь С ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд Хэнтий аймгийн Засаг даргаас дэмжихгүй санал ирүүлсэн тул Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн а/07 дугаар тушаалаар батлагдсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод зааврын 4.3-т Аймаг, нийслэлийн Засаг даргаас хууль зүйн үндэслэлтэй дэмжээгүй санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь ажлын 5 өдөрт багтаан хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр, мэдэгдлийн төслийг боловсруулан, хяналтын хуудсанд тэмдэглэгээг хийж эрх зүйн шүүлт хийлгэсний дараа кадастрын асуудал хариуцсан нэгжийн даргын гаргасан шийдвэрийн дагуу мэдэгдлийг тус газрын бичиг хэргээр дамжуулан өргөдөл гаргагчид мэдэгдэнэ. гэж заасны дагуу шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчээс ... орон нутаг тусгай хэрэгцээнд авсан тогтоолоо бүртгүүлээгүй, хайгуулын тусгай зөвшөөрлийг хүлээж аваад шүүлт хийхэд орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалгүй байсан, Засгийн газраас тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болно, давхцалгүй гэдэг байдлаар нийтэд зарласан атал Ашигт малтмалын газар орон нутгийн саналыг үндэслэн татгалзсан нь хууль бус... гэж маргасан.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т Аймаг, нийслэлийн Засаг дарга ... 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх ..., 19.5-д Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно. /2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсон/ гэж заажээ.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс С ХХК-ийн өргөдөлд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-т бүртгэсэн даруйд нь өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх;, 19.1.4.энэ хуулийн 19.1.3-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоох. гэж заасны дагуу шүүлт хийж, тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн мөн хуулийн 19.3-т Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана. гэж зааснаар 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 6/7245 тоот албан бичгээр санал авах мэдэгдлийг Хэнтий аймгийн Засаг даргад хүргүүлж, уг мэдэгдлийн дагуу Хэнтий аймгийн Засаг даргаас ирүүлсэн саналд өргөдөлд дурдсан газар нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай гэх нөхцөл байдал үүссэн.

Энэхүү нөхцөл байдлыг харгалзан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга өөрийн чиг үүргийн хүрээнд 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 443 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-т хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх; /2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсон/ гэж заасантай нийцжээ.

Иймээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 443 дугаар шийдвэр нь хуульд нийцсэн тул уг шийдвэрийн С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, С ХХК-ийн NE-026257 дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн гаргасан С ХХК нь Хэнтий аймгийн Галшар сумын нутгийн *** нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.

Өөрөөр хэлбэл, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 443 дугаар шийдвэрийн С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, С ХХК-ийн NE-026257 дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн эрх зүйн харилцаа дуусгавар болсон тул хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх үндэслэлгүй бөгөөд ийнхүү тогтоолгосноор нэхэмжлэгчийн хувьд сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байна.

Иймд С ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 443 дугаар шийдвэрийн С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, С ХХК-ийн NE-026257 дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, С ХХК нь Хэнтий аймгийн Галшар сумын нутгийн *** нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.4, 19.2.3, 19.3, 19.4, 19.5 /2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсон/-д заасныг баримтлан С ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 443 дугаар шийдвэрийн С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, С ХХК-ийн NE-026257 дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, С ХХК нь Хэнтий аймгийн Галшар сумын нутгийн *** нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН