Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/72

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.А,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, улсын ахлах өмгөөлөгч С.Т ,

шүүгдэгч Ж.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б  д холбогдох эрүүгийн 2213001050105 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ж.Б  , 1981 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс Казах, дээд боловсролтой, шугам зураг, технологийн багш мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуульд багш ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 03 дугаар багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД:БЮ81******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ж.Б  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо”-ны дэргэд байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу мужааны цехэд нэвтэрч, Кен загварын уран хөрөө 1 ширхэг, танк зүлгүүр 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 315.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1.1. Шүүгдэгч Ж.Б  мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

2. Эрүүгийн 2213001050105 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-9 дүгээр тал/,

2.2. Хулгайд алдсан гэх уран хөрөө 1 ширхэг, танк зүлгүүр 1 ширхэг зэрэг эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 17-18 дугаар тал/,

2.3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Е ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44, 62 дугаар тал/,

2.4. Гэрч, иргэний нэхэмжлэгч М.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15, 65 дугаар тал/,

2.5. Шинжээч Ашид Билгүүн ХХК-ний 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн БӨА-22- 0108 дугаартай “2022 оны 03 дугаар сарын байдлаар Кен загварын уран хөрөө 1 ширхэг 135.000 төгрөгийн, танк зүлгүүр 1 ширхэг 180.000 төгрөгийн үнэтэй болох”-ыг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 27-30 дугаар тал/,

2.6. Яллагдагч Ж.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дугаар тал/

2.7. Шүүгдэгч Ж.Б ы хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.Б ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

3.1. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч Ж.Б  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо”-ны дэргэд байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу мужааны цехэд нэвтэрч, Кен загварын уран хөрөө 1 ширхэг, танк зүлгүүр 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 315.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3.1.1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-9 дүгээр тал/,

3.1.2. Хулгайд алдсан гэх уран хөрөө 1 ширхэг, танк зүлгүүр 1 ширхэг зэрэг эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 17-18 дугаар тал/,

3.1.3. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 17-18 дугаар тал/,

3.1.4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Е ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баян-Өлгий Өлгий сумын 13 дугаар багт байрлах “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо”-ны дэргэд байрлах мужааны цехийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн Т.Д  нь хувиараа ажиллуулдаг бөгөөд 2021 онд Норвеги улсын тусламжтайгаар хэд хэдэн багаж хэрэгсэл авч хажуудаа 2 хүний хамт ажиллуулж эхэлсэн юм. 2022 оны 03 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө тус мужааны цехийн цоожны цүүг эвдэж хулгай орж ажлын өрөөнд байсан уран хөрөө болон амралтын өрөөний буйдангийн доор байсан танк зүлгүүр хулгайлагдсан талаар Т.Д надад хэлсэн болно.

 Мужааны цехээс хулгайлагдсан гэх танк зүлгүүр, уран хөрөө нь 2021 онд тус “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо”-нд Норвеги улсаас буцалтгүй тусламжаар ирсэн багаж байсан бөгөөд танк зүлгүүр нь 260.000 төгрөг, уран хөрөө 190.000 төгрөгийн үнэтэй ирсэн.

...Би алдагдсан эд зүйлсээ бүрэн бүтэн ажиллагаатай хүлээж авсан, хохирлоо барагдуулж авсан нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44, 62 дугаар тал/,

3.1.5. Гэрч М.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 27-ны шөнө 23 цагаас 00 цагийн хооронд байх санагдаж байна миний зүс таньдаг Ж н Б  гэгч биднийг унтаж байхад хаалга, цонх цохиж сэрээгээд гартаа танк зүлгүүр, уран хөрөө барьчихсан энийг ажлын газраасаа аваад ирлээ, эхнэр намайг цагдаад бариулаад яаралтай мөнгө хэрэгтэй болоод байна худалдаж авах уу гэсэн. Тэгэхээр нь би “наадах чинь чиний өөрийн эзэмшлийн зүйл мөн юм уу” гэхэд “тийм ээ, ямар ч асуудалгүй, асуудал гарвал намайг дуудаарай, би өөрөө хариуцах болно” гэхээр нь уг эд зүйлсийг өөртөө байсан 70.000 төгрөгөөр худалдаж авсан болно.

...Б ыг Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд хөдөлмөрийн багш гэдгийг мэддэг, модон эдлэлийн зүйлс хийх чадвартай, урьд нь тийм юм хийдэг байсан тул өөрийнх нь багаж байх гэж бодсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар тал/,

3.1.6. Иргэний нэхэмжлэгч М.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Ж.Б аас уран хөрөө 1 ширхэг, танк зүлгүүр 1 ширхэгийг авсан, өөр зүйл аваагүй. Эдгээр зүйлсийг 70.000 төгрөгөөр авсан. Би Б аас “таны багаж юм уу, хулгайн зүйл биш үү” гэж асуухад “хулгайн зүйл биш, миний багаж байгаа юм” гэж хэлэхээр нь би итгээд авсан юм. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, мөнгөө бүрэн авсан байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65 дугаар тал/,

3.1.7. Шинжээч Ашид Билгүүн ХХК-ний 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн БӨА-22- 0108 дугаартай “2022 оны 03 дугаар сарын байдлаар Кен загварын уран хөрөө 1 ширхэг 135.000 төгрөгийн, танк зүлгүүр 1 ширхэг 180.000 төгрөгийн үнэтэй болох”-ыг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 27-30 дугаар тал/,

3.1.8. Яллагдагч Ж.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Прокурорын тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Согтуудаа ийм асуудал гаргасандаа гэмшиж байна. Би бүх хохирлыг төлсөн байгаа. ... Архи уусан байсан учраас дахин архи уумаар санагдаад маргааш босоод уух архиныхаа мөнгө ольё гэж бодоод архины халуунд хулгай хийчихсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ж.Б ы үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч Ж.Б  “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаан байхгүй” гэх дүгнэлтээ гаргаж улсын яллагчтай гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.

5. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

6. Эрх зүйн дүгнэлт.

6.1. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно. Түүнчлэн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хүн байнга буюу түр амьдрах, үйл ажиллагаа явуулахад зориулагдсан төрөл бүрийн орон байр, орон сууц, байшин, гэр гэх зэргийг хамааруулна.

Мөн хүний, хуулийн этгээдийн орон байрны халдашгүй байх эрх нь хуулиар хамгаалагдсан ба хохирогчийн аливаа орон байрны хаалга онгорхой, цоожтой байхаас үл хамаарч зөвшөөрөлгүй орон байранд нэвтэрч байгаа үйлдлийг хууль бус нэвтрэлтэд тооцох тул шүүгдэгч Ж.Б ыг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн гэж үзэж, хэргийн зүйлчлэлийг зөв гэж дүгнэлээ.

6.2. Улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ж.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

6.3. Шүүгдэгч Ж.Б  нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, шүүгдэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь гэмт хэргийг үйлдэхэд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

7. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

7.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

7.2. Шүүгдэгч Ж.Б  нь хохирогч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутагт байрлах “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо”-ны дэргэд байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу мужааны цехэд нэвтэрч, Кен загварын уран хөрөө 1 ширхэг, танк зүлгүүр 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэний улмаас нийт 315.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

7.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх эд зүйлсийг мөрдөгчөөс хураан авч, хохирогч талд бүрэн бүтэн хүлээлгэж өгснөөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хэмээн мэдүүлсэн, мөн иргэний нэхэмжлэгч М.Н  нь дээрх эд зүйлсийг худалдан авсан 70.000 төгрөгийг буцаан төлүүлж авсан тул шүүгдэгч Ж.Б ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1.Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ж.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Ж.Б  учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргасан болно.

2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ж.Б ы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

2.3. Шүүгдэгч Ж.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

2.4. Шүүгдэгч Ж.Б  хувийн байдлын урьд нь ял шийтгүүлж байгаагүй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, согтууруулах ундааны хамааралтай болох нь түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

2.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх ... хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” хэмээн заасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан шүүгдэгч Ж.Б д хорих ял оногдуулах дүгнэлтийг шүүхээс хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2.6. Шүүгдэгч Ж.Б  нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

2.7. Шүүгдэгч Ж.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй.

2.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус заасан байна.

Шүүгдэгч Ж.Б  нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайн гэмт хэрэг  үйлдэж, улмаар хулгайн эд зүйлийг бусдад худалдаж 70.000 төгрөгийн орлого олсон нь тогтоогдсон тул хуулийн дээрх зохицуулалтыг журамлан шүүгдэгч Ж.Б ы гэмт хэрэг үйлдэж олсон 70.000 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

2.9. Шүүгдэгч Ж.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж.Б  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Б ыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б д оногдуулсан 1 (нэг) жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ж.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Б аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 70.000 (далан мянга) төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.   

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ж.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Ж.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ