Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/83 

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т  даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  Х.Ө,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, Улсын ахлах өмгөөлөгч С.Т,

шүүгдэгч Х.А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.А  д холбогдох эрүүгийн 2213000520069 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х.А  , 1979 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 03 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн: (1) 2006 оны 07 дугаар сарын 03-ны 64 дугаартай захирамжаар 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, холбогдох хэргийн өршөөн хэлтрүүлсэн, (2) 2006 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял, (3) 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял, (4) 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ял, (5) 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ял, (6) 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, РД:БЭ79******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Х.А  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ: (1) 2022 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэр, “Рояал паб”-ын гадна талын зогсоолд байсан иргэн Т.Д ий өмчлөлийн 0000 БӨТ улсын дугаартай, Тоёота корса загварын тээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр завших зорилгогүйгээр авч явсан гэмт хэрэгт,

(2) Мөн 2022 оны 03 дугаар сарын 13-ны шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэр, “Арай” зоогийн газрын машины зогсоолоос иргэн А.М гийн өмчлөлийн 0000 БӨТ улсын дугаартай “Хонда сивик” загварын тээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр завших зорилгогүйгээр авч явсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1.1. Шүүгдэгч Х.А оос мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед согтуу байсан. Хохирогч Т.Д д хохирол 200.000 төгрөгийг төлж өгөхийг зөвшөөрч байна гэв.

2. Эрүүгийн 2213000520069 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 4-8, 9-14, 139-143 дугаар тал/,

2.2. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 22-23 дугаар тал/,

2.3. Хохирогч Т.Д ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 32-39 дүгээр тал/,

2.4. Хохирогч А.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 158-160, 2 дугаар хавтасны 49 дүгээр тал/,

2.5. Гэрч Е.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 43-44 дүгээр тал/,

2.6. Гэрч Ү.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 55 дугаар тал/,

2.7. Гэрч Т.О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 96 дугаар тал/,

2.8. Гэрч Д.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 163-164 дүгээр тал/,

2.9. Гэрч А.В гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 169-170 дугаар тал/,

2.10. Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн БӨА-22-026,  2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн БӨА-22-096 дугаартай, тээврийн хэрэгсэлд үнэлгээ тогтоосон дүгнэлтүүд /1 дүгээр хавтасны 67-70, 175-179 дүгээр тал/,

2.11. Яллагдагч Х.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 212-213 тал/,

2.12. Шүүгдэгч Х.А ын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

3.1.Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.А ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

3.2. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч Х.А  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ: (1) 2022 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэр, “Рояал паб”-ын гадна талын зогсоолд байсан иргэн Т.Д ий өмчлөлийн 0000 БӨТ улсын дугаартай, Тоёота корса загварын тээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр завших зорилгогүйгээр авч явсан гэмт хэрэгт,

(2) Мөн 2022 оны 03 дугаар сарын 13-ны шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэр, “Арай” зоогийн газрын машины зогсоолоос иргэн А.М гийн өмчлөлийн 0000 БӨТ улсын дугаартай “Хонда сивик” загварын тээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр завших зорилгогүйгээр авч явсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3.2.1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 4-8, 9-14, 139-143 дугаар тал/,

3.2.2. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 22-23 дугаар тал/,

3.2.3. Хохирогч Т.Д ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хүү болох Ү.Х  нь ихэвчлэн хөдөө буюу Алтанцөгц сумын нутаг дэвсгэр “Хонгор өлөн” гэх газар манай дүү Тайвханы гэрт мал маллаж амьдардаг. Хүү маань хөдөөнөөс шинэ жилийн дараа ирсэн ба аймгийн төвд байж байгаад буцаад хөдөө явсан юм.

Аймгийн төвд байх хугацаанд миний нэр дээр бүртгэлтэй “Тоёота корса” загварын тээврийн хэрэгслийг өөрийн хэрэглээндээ унаж байсан юм. Харин 2022 оны 01 дүгээр сарын 16-ны орой 21 цагийн орчимд найзуудтайгаа уулзана гэж хэлээд миний машиныг унаад гарсан. Улмаар найзуудтайгаа Өлгий сумын 05 дугаар багт байрлах Роял гэх пабд сууж байгаад гараад иртэл машиныг нь хэн нэгэн унаад явсан байна. Тэгээд цагдаагийн байгууллагад бүртгүүлээд ирлээ гэж шөнө дунд ирсэн юм. Гэртээ тэр шөнөдөө унтаж байгаад өглөө нь босоод машинаа гадуур гарч хайхаар явлаа гээд гараад явсан. Үдийн цайны үед машинаа олоод ирлээ гээд унаад ирсэн.

...Тухайн тээврийн хэрэгслийн жинхэнэ эзэмшигч, өмчлөгч нь би, миний нэр дээр бүртгэлтэй байгаа. Ү.Х  нь миний хүү учраас зарим нэг үед унаж хэрэглэдэг, би ч өөрөө нэг их унадаггүй, гараажинд ихэвчлэн байдаг машин юм. Би хэдэн литр бензин байсныг мэдэхгүй байна. Хулгайд алдагдсаны улмаас гадны үйлчлэлээр ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй хэвийн ажиллагаатай байна. Машинаа хүлээн авсан болно. Тухайн этгээд нь унаж яваад бензин нь дуусахаар тэндээ орхиод явсан юм шиг байна лээ. Машинд тухайн үед 5 орчим литр бензин л байсан байх гэж бодож байна. Миний машиныг хулгайлсан этгээдийг олж тогтоон хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү. Миний машинд байсан 5 литр бензинийг буруутай этгээдээр төлүүлж өгнө үү, мөн тээврийн хэрэгслийн үнэлгээг шинжээчээр гаргуулахдаа 50.000 төгрөгийг хувиасаа гаргаж өгсөн, дээрх хохирлыг тус тус буруутай этгээдээр гаргуулж өгнө үү.

 ...Энэ хэрэгт 200.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 36- 39 дүгээр тал/,

3.2.4. Хохирогч А.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би шөнийн 00 цагийн үед нөхөр болох Х гийн хамт ажлын газар болох “Арай” зоогийн газарт ирж машинаа урд талын зогсоолын газар тавиад ажлынхаа байранд ороод паарны ус нь халж, эргэж халж байгаа эсэхийг шалгаад паарнаас хий аваад 2 цаг гаран байсан. Тэгээд 03 цагийн үед ажлаасаа гарч ирээд гэртээ харих гээд машиндаа суух гэтэл машин алга болсон байсан. Тэгээд гайхаад хэсэг зогсож байгаад цагдаагийн байгууллагын 7042102 дугаарын утсанд залгаж дуудлага өгсөн юм.

Би машинаа 2017 онд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн иргэн Жылыбайгийн хүүхдээс 5.000.000 төгрөгөөр тооцоод байрныхаа зөрүү бодож авч байсан юм. Үйлдвэрлэгдсэн он нь 2002 ба орж ирсэн оныг сайн мэдэхгүй байна. Содон шинж тэмдэг нь жолоочийн талын ард талын хаалганы гадна талын бариул нь хугарсан байгаа. Урд талын гупер, жолооч талын урд хэсгээр дундуураа хагарсан сэвтэй, өөр ямар содон шинж тэмдгийг нь сайн санахгүй байна. Миний машинд запас түлхүүр байхгүй, ганц түлхүүртэй юм. Миний нөхөр болох Х  бид хоёр ээлжлээд унадаг, өөр унаж хэрэглэдэг хүн байхгүй. Миний машин дотор ямар нэгэн үнэт зүйл байхгүй. Машины бичиг баримт байгаа, өөр эд зүйл байхгүй. Миний машинд нэг их бензин байгаагүй 10 орчим км явах бензин байсан байх аа, гэр лүүгээ буцах замдаа бензин авъя гэж бодож байсан юм. Би машинаа цоожлоод үлдээсэн байсан. Манай галчийн хүүхэд болох Х ад түлхүүр өгөөд жолоочийн талын хаалганы карманд бахь байгаа аваад ир гээд гаргаж байсан, тэр залуу цоожлолгүй орхисон байж болзошгүй юм. Залгаад асуух гэхээр утсаа авахгүй байсан, 03 цаг өнгөрсөн байсан учир унтаж байсан байх. Х  нь 02 цаг 30 минутын үед гэр рүүгээ өөрийнхөө машинаар явсан юм.

...Би энэ хэрэгт хохирол нэхэмжлэхгүй, машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй, хэвийн байгаа тул гомдолгүй болно” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 158-160, 2 дугаар хавтасны 49 дүгээр тал/,

3.2.5. Гэрч Е.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 01 дүгээр сарын 16-ны орой 22 цагийн орчимд аймгийн төв талбайд найз болох Х тай уулзсан бөгөөд 22 цаг 30 минутын орчимд Өлгий сумын 05 дугаар багт байрлах “Рояал паб”-д очсон. Тухайн үед Х ын корса загварын тээврийн хэрэгслээр явж байсан ба пабны гадна талд Х  машинаа байрлуулаад орсон. Тус пабд Х , О , Б , Е  нарын хамт хэсэг хугацаанд сууж хоёр хоёр пиво авч ууссан. Пабд пиво уугаад сууж байх үед О  нь найз болох Н тай тааралдаж, түүнтэй хамт гараад явсан.

Х , Б , Е  бид 4 үлдэж тэндээ пивогоо ууж дуусгаад гэр гэртээ харихаар болж, пабнаас гараад иртэл Х ын машин нь тавьсан газраа байхгүй байсан. Х  нь пабд орохдоо машинаа цоожлоогүй, машинд ямар ч түлхүүр таардаг талаар хэлсэн ба тэр хавьд хэн нэгэн пабнаас холдуулж тавьсан байж магадгүй гэж бодоод хайхад олдоогүй ба биднээс түрүүлж гараад явсан О ыг унаад явсан юм болов уу гэж бодоод түүн рүү залгаж асуухад “үгүй, би унаж яваагүй” гэсэн. Мөн түүний гэрт нь очиж уулзаад асуухад унаж яваагүй талаараа хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон юм.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 43-44 дүгээр тал/,

3.2.6. Гэрч Ү.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би тус өдөр өөрийн нагац ах Т.О ын хамтаар ээжийн нэр дээр бүртгэлтэй 57-79 БӨТ улсын дугаартай, “Тоёота корса” загварын тээврийн хэрэгслээр Өлгий сумын 10 дугаар багт байдаг найз С.М ийн төрсөн өдөр тул түүнтэй уулзахаар явсан, машины туслах талын урд суудалд Т.О  суугаад С.М ийн гэрт очоод түүнийг дагуулж гараад Өлгий сумын 13 дугаар багт байдаг Алмалы ресторанд хоолонд ороод тэндээсээ Өлгий сумын 5 дугаар багт байрлах “Рояал” паб орсон. Уг пабд Г , Б , Е , Т.О  бид тавуулаа 2-3 ширхэг шилтэй пивыг ууж дуусгаад Т.О , Н  нар гэртээ харьсан, би, Г , Б , Е , М  бид хэд үргэлжлүүлэн уугаад шөнийн 00 цаг өнгөрч байхад гадаа гарахад миний машин байхгүй байхаар нь Т.О  руу залгаад “та машин авч явсан уу” гэхэд “үгүй” гэсэн. Тэгээд би тэр хавиар хайж байгаад гэртээ очоод үзэхэд манай хашаанд машин байхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн.

Маргааш нь үдээс хойш цагдаагийн алба хаагч миний машиныг олж үзлэг хийж буцаагаад надад хүлээлгэж өгч гарын үсэг зуруулж авсан. Би тухайн өдөр уг тээврийн хэрэгсэлд ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн урд байдаг Петровис ШТС-аас АИ-92 төрлийн 5 литр бензин авч хийсэн банкинд 1-2 литр бензин байсан байх гэж бодож байна. Би Х.А  гэх хүнийг танихгүй, тухайн пабд тийм хүнтэй танилцаагүй. Уг машины кундактор нь эвдэрчихсэн учраас ямар ч төрлийн машины түлхүүрийг хийж асааж болдог. Надад уг тээврийн хэрэгслийг асаах нэг л түлхүүр байгаа юм. Би тухайн үед машиныг цоожлоогүй, учир нь машины 4 хаалганы цоож нь ажилладаггүй юм. Би түлхүүрээ л биедээ авч паб руу орсон” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 55 дугаар тал/

3.2.7. Гэрч Т.О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тус өдөр өөрийн зээ дүү болох Ү.Х ын хамт түүний ээжийн нэр дээр бүртгэлтэй 57-79 БӨТ улсын дугаартай, “Тоёота корса” загварын тээврийн хэрэгслээр Өлгий сумын 10 дугаар багт байдаг найз С.М ийн төрсөн өдөр, түүнтэй очиж уулзъя гэхээр нь би түүний машины туслах талын урд суудалд суугаад С.М ийн гэрт очоод түүнийг дагуулж гараад Өлгий сумын 13 дугаар багт байдаг “Алмалы” ресторанд хоолонд ороод тэндээсээ Өлгий сумын 5 дугаар багт байрлах “Рояал” паб орсон. Тэнд ороход миний найз болох М.Н  нь ганцаараа сууж байсан, тэгээд С.М , М.Н , Ү.Х  бид дөрөв хамт суугаад лаазтай пивоноос хүн бүр хоёр гурвыг ууж дуусгаад 21 цагийн үед тэндээсээ гараад М.Н  бид хоёр гэртээ харилаа гээд М.Н  нь өөрийн “санни” загварын цагаан өнгийн тээврийн хэрэгслээр тэрээр өөрөө жолоо барьж эхлээд намайг гэрт хүргээд тэгээд өөрөө гэртээ харьсан.

Тэгээд намайг унтаж байхад шөнө 02 цагийн үед зээ дүү болох Ү.Х  нь над руу залгаад “та миний машиныг аваад явчихсан юм уу” гэхээр нь “үгүй, би авч яваагүй, яасан бэ” гэхэд миний машин “Рояал” пабын урд талаас алга болчихлоо гэж хэлсэн, болсон асуудал энэ юм гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 96 дугаар тал/,

3.2.8. Гэрч Д.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би өглөө 09 цагийн үед “Хос терек” захын урд талд В , Е  нартай тааралдаж уулзаад зогсож байхад А  нь хажуудаа үл таних залуугийн хамт мөнгөлөг саарал өнгийн 0000 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад бид гурав дээр хүрээд ирсэн. Тэгээд бид нар мэндлэхэд бид гурвыг машинд суу гэсэн ба В , Е  бид гурав машинд нь суусан. Тэгээд засмал замаар яваад “Москва” дэлгүүрийн урд талаар яваад Ховд гол талын засмал замаар зүүн эргээд 2 давхар “Марал” дэлгүүрийн хажууд зогсоод би “буумаар байна” гээд зогсоогоод В , Е  нарын хамтаар машинаас буусан. Тэгээд би ирсэн засмал замаа дагаад “Хос терек”- ийн үүдэнд ирсэн. Харин В , Е  нар 1 дүгээр сургуулийн урд талаар зах руу явсан. Тэгээд захаар эргэж байгаад цэргийн орон сууцны подволд унтаж амарсан. Тухайн 0000 БӨТ дугаартай тээврийн хэрэгслийг Х ийн А  унаад явж байсан ба хажууд нь миний танихгүй нэг залуу суугаад явж байсан. Хажууд нь сууж яваа залууг В  таньж байсан. Тухайн машиныг хэнийх болох талаар асуугаагүй. А  бид нарыг суулгаад хурдтай яваад байхаар нь осол хийж магадгүй юм байна гэж бодоод айсандаа буусан юм. Цэнхэр алаг хувцастай явж байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 163-164 дүгээр тал/,

3.2.9. Гэрч А.В гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өглөө 09 цагийн үед “Хос терек” захын урд Т , Е  нартай тааралдаж уулзаад зогсож байхад А  нь хажуудаа үл таних залуугийн хамт мөнгөлөг саарал өнгийн 0000 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад бид гурав дээр хүрээд ирсэн. Бид нар мэндлэхэд бид гурвыг машинд суу гэсэн. Тэгээд Т , Е  бид гурав машинд нь суусан ба засмал замаар яваад “Москва” дэлгүүрийн урд талаар яваад Ховд гол талын засмал замаар зүүн эргээд 2 давхар “Марал” дэлгүүрийн хажууд явж байхад Т  “буумаар байна” гээд буухаар нь Е  бид хоёр бас дагаад машинаас буусан. Тэгээд Е  бид хоёр 1 дүгээр сургуулийн тийш явсан ба Т  Ховд гол орж нүүр гараа угаана гээд явсан. Тэгээд захаар эргэж байгаад цэргийн орон сууцны подвалд Т тай хамт унтаж амарсан.

Тухайн 0000 БӨТ дугаартай тээврийн хэрэгслийг А  унаад хажууд нь А  гэдэг залуу суугаад явж байсан. Тэр талаар юу ч яриагүй, А  унаад явж байсан, бид нар Хос терек захын урд талаас суугаад Марал дэлгүүрийн үүдэнд очоод буусан А , А  нар машинаа унаад эмнэлэг рүү явсан. Цэнхэр өнгийн куртиктэй явж байсан. А  нь хар өнгийн куртиктэй явж байсан санагдаж байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь саарал өнгийн 0000БӨТ дугаартай тээврийн хэрэгсэл байсан ба загварыг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 169-170 дугаар тал/,

3.2.10. Яллагдагч Х.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би одоогоор өдрийг нь сайн санахгүй байна 2022 оны 01 дүгээр сарын дундуур А.Е гийн хамт архи ууж байгаад орой 22 цагийн үед байх Өлгий сумын 05 дугаар багт байрлах Рояал нэртэй паб руу А.Е г гадна үлдээгээд орчхоод буцаад гарч ирэхэд гадна талд нэг саарал тээврийн хэрэгсэл байхаар нь хаалгыг нь татаж үзэхэд онгорхой байсан, тэгээд миний халаасанд нэг түлхүүр байхаар нь А.Е д “энэ машины эзэн нь намайг архи аваад ир гэсэн, хоёулаа хамт явъя” гээд түүнийг суулгаад би машин бариад гүүр гараад явж байхад Баха гэх залууг суулгаад бид гурав тэр хавийн нэг айлаас мөнгө авах гээд гэрийг нь хайгаад олохгүй явж байгаад буцаад Өлгий сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт ирж тэндээс А.Е  баз болох Азат гэх залуугаас 20.000 төгрөг зээлдэж аваад уг багийн нутаг дэвсгэрт байрлах блокон хашаатай, хашаа нь бага зэрэг нурсан дэлгүүрт очоод 2 шил Хийморь нэртэй 0.75 литрийн архи аваад хашаанаас гарах гэхэд машин асахгүй  байхаар нь машиныг тухайн хашаанд үлдээгээд бид гурав явган алхаад Өлгий сумын 06 дугаар багийн нутаг дэвгэрт Имамын гэрт очиж уг архийг хувааж уугаад Баха, А.Е  нар нь согтчихоор нь би гэртээ харьсан, болсон асуудал энэ. Би өөрийн хийсэн хэргийг хүлээн зөвшөөрч байна. Энэ хэрэгт А.Е  ямар ч холбоогүй, би түүнийг хуурч дагуулж явсан

... Миний бие 2022 оны 03 дугаар сарын 13-ны шөнө 02 цагийн үед хамт архи ууж байсан А.А ы хамтаар гудамжаар явж байгаад талбайн хажууд байдаг зоогийн газрын гадна нэг тээврийн хэрэгсэл байхаар нь хаалгыг татаж үзэхэд онгорхой байсан тэгээд яаж байгаад ч юм асаачихсан, тэгээд А.А ыг суулгаад уг зогсоолоос Хос терек худалдааны төвийн тэнд Д.Т , В  нартай тааралдаад тэднийг доош нь голын эргийн тэр хавьд буулгачхаад А.А  бид хоёр бас нэг газраас 1 шил 0.75 литрийн архийг аваад машин дотор хувааж ууж дуусгасан, тухайн үед машинтай манай гэрийн ойролцоо очиж уугаад машиныг гудамжинд үлдээгээд А.А  гэртээ хариад би гэр рүүгээ алхаж ороод унтаж амарсан болсон асуудал энэ юм. Тухайн үед архи их уусан учраас яг хаашаа явсныг санахгүй байна. Би өөрийн хийсэн хэргийг хүлээн зөвшөөрч байна энэ хэрэг А.А д ямар ч холбоогүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 212-213 дугаар тал, шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтууд болно.

4. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв гэж үнэлэв.

5. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.А ын автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Х.А  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй гэх тайлбар, дүгнэлтийг гаргасан болно.   

6. Хууль зүйн дүгнэлт.

6.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь шунахай зорилгогүйгээр хөл дайх, тодорхой газар хүрэх зорилгоор хууль бусаар эзэмшиж гэмт этгээд тээврийн хэрэгслийг жолоодон явснаар тус гэмт хэрэг төгсдөг онцлогтой.

6.2. Хэрэгт цугларсан баримтууд болох гэрч, хохирогч, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Х.А  нь бусдын тээврийн хэрэгслийг нууцаар авч явахдаа өөрийн эзэмшил өмчлөлд захиран зарцуулах санаа зорилго, шунахай сэдэлт байгаагүй, хөл дайх, автомашин жолоодож архины мөнгө олж авах сонирхолдоо хөтлөгдөн бусдын эзэмшлийн автомашиныг зогсоолд байхад нь согтуурсан үедээ нууцаар авч явсан нөхцөл байдал тогтоогдож байна.

6.3. Шүүгдэгч Х.А ын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх, ашиглах эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарна. 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Х.А ын согтуурсан байдал шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

7. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

7.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

7.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Д ий өмчлөлийн 0000 БӨТ улсын дугаартай, Тоёота корса загварын тээврийн хэрэгслийг, хохирогч А.М гийн өмчлөлийн 0000 БӨТ улсын дугаартай “Хонда сивик” загварын тээврийн хэрэгслийг тус тус олж авч, хохирогч нарт бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн нөхцөл байдал тогтоогдож байна.

7.3. Харин гэмт хэргийн хор уршигт хохирогч А.М  нь төлбөр нэхэмжлээгүй байх ба хохирогч Т.Д ий нэхэмжилсэн 200.000 төгрөгийг шүүгдэгч Х.А  төлж өгөхөө илэрхийлсэн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.А оос гэмт хэргийн хор уршиг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд нийт 200.000 төгрөг гаргуулан хохирогч Т.Д д олгож шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1.Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс прокурорын санал болгосон 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 1 сар болгож багасгаж өгөх дүгнэлтийг гаргасан болно.

2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.А ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

2.3. Шүүгдэгч Х.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

2.4. Шүүх хуралдаанаар шинжлэн судалж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Х.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, ялын биелэлтийг хангуулж хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

2.5. Шүүгдэгч Х.А  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, хэргийн хамт ирүүлсэн гарын мөрний биет баримт 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв. 

2.6. Шүүгдэгч Х.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А ыг 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А д оногдуулсан 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, ялын биелэлтийг хангуулж хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.А оос гэмт хэргийн хор уршиг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд нийт 200.000 (хоёр зуун мянга) төгрөг гаргуулан хохирогч Т.Д д олгосугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Х.А  нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан хэргийн хамт ирүүлсэн гарын мөрний биет баримт 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай. 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Х.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.Т