Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 64

 

2022            06            28                                   2022/ШЦТ/64

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж

Нарийн бичгийн дарга М.Х

Улсын яллагч Л.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б

Шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, ... боловсролтой, ам бүл ..., оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой  ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь

Х аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Х аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэн 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1569 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

С дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/859 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 8 сар 4 хоногийн хорих ял оногдуулж,  Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан Э.А оногдуулсан 2 жил 8 сар 4 хоногийн хорих ялыг “зорчих эрх хязгаарлах ял”-аар дүйцүүлэн сольж, эрх байгууллагын хяналтад өөрийн оршин суух Х аймгийн ... сумын ... багийн нутаг дэвсгэрээс явахыг мөн хугацаанд хориглож өршөөлд хамруулсан, Ш овогт Э.А-д холбогдох эрүүгийн 2220000000076 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдсанаар/

Шүүгдэгч Э.А нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө 00 цагийн үед Д аймгийн ... сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” зочид буудлын ... тоот өрөөнд унтаж байсан иргэн С.Ц Redmi 9А загварын гар утас, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

-Д аймгийн ... сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, ... дугаар байрны ард 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн оройн 19 цаг 30 минутаас 20 цагийн үед Б.Ч-ын эзэмшлийн Redmi Note 8 маркийн гар утсыг “утсаар яриад өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан,

-2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Д аймгийн ... сум, ... дугаар байрны гадаа тэргэнцэр дээр сууж байсан Т.Б гар утсаа өгөөч, утсаар ярьчхаад өгье гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 150.000 төгрөгний үнэлгээ бүхий Самсунг Галакси жей 5 загварын гар утсыг залилж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би мөрдөн байцаалтанд тодорхой мэдүүлсэн. Би 2021 оны 08 сард С дүүргийн шүүхээр зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлээд Х аймаг руу явсан. Тэнд байх хугацаандаа хөлөө хугалсан. Ингээд 9 сард нь ажил төрөл хийе гэж бодоод Д аймгийн айраг суманд ирээд хөдөөний айлд туслах малчнаар ажил хийсэн, тэндээсээ С сум орж У айлд мал маллахаар болж, очиж ажиллаж байгаад хавар 4 сард З сум орж үзмээр санагдаад энд ирсэн юм. Ингээд 2022 оны 04 сарын 26-нд Б буудалд Ц гэх хүнийг утаж байхад нь гар утас, эд зүйлийг нь авсан. Бас хүүхдийн утас, тэргэнцэр дээр суусан байсан эгчийн утас зэргийг утсаар ярьчихаад өгье гэж худлаа ярьж авсан. Тэгээд хаана аваачиж хэнд өгсөнөө санахгүй байгаа юм. Утсыг нь залилж авсан хүмүүс утсаа авсан байна лээ. Харин Ц 300,000 төгрөгийг бэлнээр өгсөн, үлдэх 50,000 төгрөгийг авахгүй гэж хэлээд хохирол бүрэн барагдсан гэсэн бичиг бичиж өгсөн. Би үйлдсэн хэргүүдээ бүгдийг хүлээн зөвшөөрч байна. Би зорчих эрхийг хязгаарлах ялтай гэдгээ мэдэж байсан, гэхдээ намайг шүүхээс дуудах байх гэж бодсон боловч дуудаагүй. Би зорчих эрхийг хязгаарлах ялаа эдлээгүй байгаа, би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хөнгөн ялаар шийтгэж өгнө үү ” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Э.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д аймгийн З суманд үйл ажиллагаа явуулдаг Б зочид буудалд Ц гэх хүнтэй цуг 04-р сарын 28-ны өдөр орж 2 шил архи уусан.  Ц согтохоор нь би гар утсыг нь аваад буудлаас гараад явсан. Би архи уусан үедээ гар утсыг нь авсан байна. Тухайн утсыг зарж борлуулаагүй, ...П гэх өвгөний гар утсыг хулгайлан авч, буудлаас уугаагүй үлдсэн нэг шил архитай Э гэрт очиж цуг уусан. П гэх өвгөний гар утсыг өглөө гэгээ орсон үеэр хэн нэгэнд 30,000 төгрөгөөр зарсан.  Ямар хүнд зарснаа санахгүй байна. Гар утасны гэрэнд нь П гэх өвгөний иргэний үнэмлэх, виза карт болон арван таван мянган төгрөг байсан. Миний бие худлаа  хэлж авсан гар утаснуудыг олж буцаан өгсөн.  Харин сүүлийн буудалд хамт хоносон хүнээс хулгай хийж авсан гар утасны хохирлыг төлж барагдуулсан, ...2022 оны 04-р сарын 26-ны өдрийн 20 цагийн үед Д аймгийн ... сумын нутаг дэвсгэрт П гэх хүнтэй танилцаад гэрт нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн ганцаараа явах үедээ байшин дунд байсан 3 эрэгтэй хүүхдийн нэгнийх нь гар утсыг гуйж хүнтэй утсаар яриад өгье гэж хэлээд явах үедээ байж байгаарай гэж хэлж явсан. Гар утсыг нь байцаагч буцааж өгсөн гэж хэлж байсан, ...2022 оны 04-р сарын 27-ны өдөр тэргэнцэр дээр сууж байсан эмэгтэй хүнээс гар утсаа өгчих, хүнтэй ярьчихаад өгье гэж хэлээд утсыг нь аваад тэр хүнээс зугтаан явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46, 49-50, 121-122, 2-р хх-ийн 21/,

Хохирогч С.Ц  иргэний үнэмлэх, ... банкны  виза карт,  утасны бор өнгийн хавтас зэргийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл  /1-р хх-ийн 5/                             Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 1, 62-64, 146-147/

Хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний 2022 оны 05 сарын 04-ны өдрийн Redmi 9A гар утас нь 350,000 төгрөгний үнэлгээтэй гэсэн ... тоот дүгнэлт /1-р хх-ийн 22-25/                                                                

Хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний 2022 оны 05 сарын 26-ны өдрийн Redmi 9A гар утасны хавтас, иргэний үнэмлэх нь нийт 63,300 төгрөгний үнэлгээтэй гэсэн ... тоот дүгнэлт /1-р хх-ийн 28-30/

2022 оны 04 сарын 30-ны өдөр хохирогч Г.О Redmi Note 8 pro загварын  гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 68/                                                 

Хохирогч С.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04-р сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө 03 цагийн  орчимд  сэрэхэд А гэх залуу байхгүй, өрөөнд байсан шилтэй архийг мөн миний гар утас болон утасны хавтаст байсан иргэний үнэмлэх, хаан банкны картыг хулгайлаад аваад явчихсан байсан. Тэр залуу надтай танилцахдаа Ж зочид буудлын баруун талд байрлах барилгын хажууд байдаг монгол гэрт өөрийгөө амьдардаг гэж дагуулан очиж байсан болохоор, маргааш өглөө нь би тэр айлд очиход А байгаагүй, мөн тэнд амьдардаггүй талаар мэдсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 9-10/,

Хохирогч Г.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай хүү Б.Ч нь 2022 оны 04-р сарын 26-ны өдөр 21 цагийн орчимд  гаднаас гэртээ орж ирэхдээ гар утсыг нь танихгүй эрэгтэй хүн аваад явчихсан гээд орж ирсэн. Манай хүү гэрээсээ 19 цаг өнгөрч байхад гараад найзуудтайгаа ... дугаар байрны арын подвалын шатан дээр гар утсаараа тоглож байхад нь үл таних эрэгтэй хүн утсыг зөвшөөрөлгүй аваад явчихсан байсныг хүүгээ хэлэхээр мэдсэн. Би өөрийн гар утсыг бүрэн бүтнээр нь хүлээн авмаар байна. Үнэлгээний хувьд одоогийн ханшаар 500,000-600,000 хооронд үнэлэгдэх байх. ...цагдаагийн байгууллага хурдан шуурхай ажилсан тул би өөрийн эзэмшлийн гар утсыг бүтэн хүлээн авсан. Тийм учраас хохирлын тал дээр ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76-77,80/,

Насанд хүрээгүй гэрч Б.Ч  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 04-р сарын 26-ны өдрийн орой ... дугаар байрны ард талд байдаг нийтийн орон сууцтай подвалын шат дээр найзуудтайгаа суугаад гар утсаараа тоглож байтал подвалын орцноос танихгүй ах гарч ирээд, миний гар утсыг чангааж “утсаар ах нь яриад өгье” гэж хэлээд шууд аваад явчихсан. Би араас нь дагаад утсаа авах гэсэн боловч, үл таних ах надад хандан “цаанаа сууж бай 5 минутын дараа утсыг чинь өгнө” гэж хэлээд утсыг маань өгөлгүй аваад холдоод яваад өгсөн. Би тэр ахыг ирэх болов уу гэж бодоод хүлээгээд байсан боловч ирээгүй. Тэгээд орой гэртээ орохдоо ээждээ болсон явдлын талаар хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84-85/

Нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 86/

Хохирогч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04-р сарын 27-ны өдөр ... байрны гадаа тэргэнцэр дээрээ суугаад байж байтал цэнхэр цагаан цамцтай, хар өмдтэй ... орчим насны бор төрхтэй залуу ирээд гар утсаараа яриулаач гэхээр нь манай хүү Д.Б надад авч өгсөн гар утсаа түүнд өгөхөд шууд аваад яваад өгчихсөн. ...би өөрийн гар утсыг олж авмаар байна. Их гомдолтой байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 236-238/,

Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04-р сарын 26-ны орой гаднаас орж ирээд манайд архи ууж байсан Б гэх хүнд халааснаасаа гарган өгч, үүнийг зарчих мөнгөөр нь хэдүүлээ архи авч ууя гэхэд Б утсыг авч гараад 2 шил архи аваад ороод ирсэн. ...А гаднаас гэрт орж ирээд надад халааснаасаа гар утас гаргаж өгөөд “танд бэлэглэе миний гар утас байгаа юм” гэсэн.  Би А надад өгсөн гар утсыг Б төвийн ... давхарт байдаг гар лангуун дээр очиж, худалдагч эмэгтэйд 20,000 төгрөгөөр зараад мөнгөөр нь архи аваад А хамт уусан. ...би түүний унтаж байсан орыг хураахдаа бор өнгийн гар утасны хавтас, иргэний үнэмлэхний хуулбар, хаан банкны виза карт зэрэг эд зүйлийг олсон. Ингээд А хулгайн юм гэж бодоод гэр лүүгээ оруулахаа больсон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 245-247/,

 Гэрч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай лангуун дээр халамцуу байрын нэг залуу ирж, ягаан өнгийн Samsung galaxy J5 загварын гар утсыг үзүүлээд “ганц шил” юмны мөнгөнд авах уу, 20,000 төгрөг байхад болно” гэхээр нь хулгайн эд зүйл биш биздээ гэхэд “бишээ, таньдаг  хүн маань зараад өгчих гээд намайг явуулсан юм, итгэхгүй бол Ж буудлын баруун талд байдаг ганц гэрт ирээд тодруулж болно” заруулж байгаа хүн нь гэрт үлдсэн юм” гэж хэлэхээр нь итгэж гар утсыг нь 20,000 төгрөгөөр худалдаж авсан. ...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 241-242/,

Шүүгдэгч Э.А нь урьд нь ял шийтгэл эдэлж байсан талаарх тэмдэглэгээ бүхий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /1-р хх-ийн 32-33,148-149/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хх-ийн 89-93/

Хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний 2022 оны 05 сарын 02-ны өдрийн Redmi note8 pro гар утас нь 350,000 төгрөгний үнэлгээтэй гэсэн ... тоот дүгнэлт /1-р хх-ийн 96-99/

Хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний 2022 оны 05 сарын 03-ны өдрийн Samsung Galaxy J5 гар утас нь 150,000 төгрөгний үнэлгээтэй гэсэн ... тоот дүгнэлт /2-р хх-ийн 8-11/

... дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2002 оны 06 сарын 27-ний өдрийн 414 дугаартай албан тоот /2-р хх-ийн 67/

Х аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын  2021 оны 10 сарын 05-ны өдрийн 04/1338 дугаартай албан тоот /2-р хх-ийн 71/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 05 сарын 31-ний өдрийн 4/11434 дугаартай албан тоот /2-р хх-ийн 171/

... дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 сарын 12-ны өдрийн 859 дугаартай шийтгэх тогтолын хуулбар /1-р хх-ийн 163-168/

2022 оны 04-р сарын 30-ны өдрийн “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай” мөрдөгчийн тогтоол, 2022 оны 05-р сарын 02-ны өдрийн Д аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн 13 дугаартай “яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах”,  16 дугаартай “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах”  шүүгчийн захирамж /1-р хх-ийн 108-109, 130-132, 143-145/

Хохирогч С.Ц “хохирол төлбөрийг бэлнээр хүлээн авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тайлбар /2-р хх-ийн 73/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:                                        

Шүүгдэгч Э.А нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө 00 цагийн үед Д аймгийн ... сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” зочид буудлын ... тоот өрөөнд хохирогч С.Ц хамт архи ууж, Д аймгийн ... сум руу хөдөө гэр рүү нь хамт явж туслах малчин хийнэ гэж ярилцаж итгэлийг нь олж авсан, улмаар хохирогчийг унтсаных нь дараа  түүний Redmi 9А загварын гар утас, иргэний үнэмжлэх, ... банкны виза карт зэргийг сэм авч явсан,  

- 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн оройн 19 цаг 30 минутаас 20 цагийн үед Д аймгийн ... сумын ... дугаар байрны ард тоглож байсан Б.Ч эзэмшлийн Redmi Note 8 маркийн гар утсыг “ах нь утсаар ярьчихаад өгье” гэж аваад буцааж өгөөгүй, бусдад худалдсан,

 - 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Д  аймгийн ... байрны гадаа тэргэнцэр дээр сууж байсан Т.Б “утсаар яриулаач” гэж хэлж Самсунг Галакси жи 5 загварын гар утсыг хуурч авсан, бусдад худалдсан үйл баримтууд болжээ.

Шүүгдэгчийн дээрх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “бусдын эд хөрөнгийг хулгайлах”, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “залилах” гэмт хэрэгт холбогдуулан  эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна. Учир нь:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.

Шүүгдэгчийн хохирогч С.Ц өмчлөлд байсан гар утсыг түүний зөвшөөрөлгүй, сэм, нууц байдлаар авсан, хохирогч Г.О өмчлөлийн Редми нөт 8 про загварын гар утас, хохирогч Б өмчлөлийн Самсунг Галакси жи 5 загварын гар утас зэргийг насанд хүрээгүй хүүхэд Б.Ч, Т.Б нарыг хуурч, буцааж өгнө өгсөн итгэл үнэмшлийг төрүүлж, төөрөгдөлд оруулж өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан байгаа үйлдэл нь хуульд зааснаар “нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” байх тул шүүгдэгчийг эдгээр үйлдлийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт тооцсон байгаа нь үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан  хохирогч  С.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-10/,

- хохирогч Г.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 76-77,80/,

- хохирогч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 236-238/,

- гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 245-247/,

- гэрч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 241-242/,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 89-93/,

- Насанд хүрээгүй гэрч Б.Ч  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 84-85/

- 2022 оны 04 сарын 30-ны өдөр хохирогч Г.О Redmi Note 8 pro загварын  гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 68/

- Хохирогч С.Ц  иргэний үнэмлэх, ... банкны  виза карт,  утасны бор өнгийн хавтас зэргийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл  /1-р хх-ийн 5/

- Хохирогч С.Ц хохирлын мөнгө хүлээн авсан тухай тэмдэглэл  зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлах” гэмт хэргийг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “ бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах” гэмт хэргийг  үйлдсэн болох нь нотлогдож байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-д “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх ба шүүгдэгчийн бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж, нууц далд арга хэрэглэж бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлж, худалдан борлуулж, өөрт амар хялбар байдлаар мөнгө олж байгаа байдлаас дүгнэхэд түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх юм.

Мөн прокуророос шүүгдэгчийн 2 удаагийн залилах гэмт хэрэгт тус, тусад нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д “ энэ хуулийн тусгай ангид хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг журамлан яллах дүгнэлт үйлдсэн байгаа боловч энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байна.

Иймд шүүгдэгчийг дээрх гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хохирлын талаар:      

Шүүгдэгч Э.А нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэг бүхий этгээд байна.

Шүүгдэгч нь хохирогч Г.О 350,000 төгрөг, хохирогч Т.Б 150,000 төгрөг, хохирогч С.Ц 413,000 төгрөг, нийт энэ гэмт хэргийн улмаас бусдад 913,000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд хохирогч Г.О, Т.Б нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гар утсаа биет байдлаар хүлээн авсан, хохирогч С.Ц иргэний үнэмлэх, ... банкны виза карт, утасны хавтас зэрэг 63,000 төгрөгийн үнэ бүхий зүйлсийг хүлээлгэн өгсөн, утасны үнийг шүүхийн шатанд хүлээлгэн өгч, хохирлуудыг бүрэн төлж барагдуулсан нь хэрэгт тогтоогдсон байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Э.А нь уг гэмт хэрэгт холбогдохоос өмнө буюу ... дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08-р сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/859 дугаартай шийтгэх тогтоолоор /1-р хх-ийн 163-168/ 2 жил 8 сар 4 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар оногдуулсан 2 жил 8 сар 4 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, түүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Х аймгийн ... нутаг дэвсгэрээс явахыг мөн хугацаагаар хориглох ялаар шийтгүүлж, уг ялыг гэмт хэрэг үйлдэх хүртлээ эдлээгүй болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, ... дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2002 оны 06 сарын 27-ний өдрийн “ ...2021 оны 09 сарын 21-ний өдрийн 1431 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. А нь шүүхээс оргон зайлсан тул хүнгүйгээр гүйцэтгэх хуудсыг Х аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна” гэсэн 414 дугаартай тоот /2-р хх-ийн 67/,

- Х аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын  2021 оны 10 сарын 05-ны өдрийн “... зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ялтан Э.А нь шүүхийн шийдвэрт нэрлэн заасан хаягт оршин суудаггүй болох нь сумын Засаг  даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул танай байгууллагаас ирүүлсэн Э.А холбогдох 1431 дугаартай гүйцэтгэх хуудсыг ялтан этгээдийн хамт ирүүлээгүй тул буцаан хүргүүлэв” гэсэн 04/1338 дугаартай тоот /2-р хх-ийн 71/,

 - ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 05 сарын 31-ний өдрийн “2021 оны 08 сарын 12-ны өдрийн 859 дүгээр шийтгэх тогтоолоор Э.А зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэн гэх гүйцэтгэх баримт бичиг нь тус газрын цахим санд бүртгэлгүй байна “гэсэн 4/11434 дугаартай тоот /2-р хх-ийн 171/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2-т “зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр  болсон үеэс тоолно” гэж заасан байх тул 2021 оны 08 сарын 12-ны өдрийн 859 дугаартай шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс дараагийн гэмт хэрэг үйлдэгдэх хүртэл 186 хоног байх тул энэ хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эдлэх ялаас хасч тооцох үндэслэлтэй гэж дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2-т заасан хуулийн агуулга нь зорчих эрхийг хязгаарлах ял оноглуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд хамаарах ба өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэгч нь энэ хуульд заасны дагуу эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхэлсэний дараа ялтны  ял эдэлсэн хугацааг тоолох зохицуулалт байх тул шүүгдэгчийн эдлэх ялаас 186 хоногийг хасч тооцох үндэслэлгүй юм. Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэгт заасан хорих ялаас тус бүр 1 /нэг/ жилийн хорих ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 6.8 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар нэмж нэгтгэх, мөн энэ тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 6.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан нэмж нэгтгэн хорих ял оногдуулж, биечлэн эдлэх ялыг хугацааг тогтоох нь зүйтэй байна. Шүүгдэгчийг 2022 оны 04-р сарын 30-ны өдөр сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан ба 2022 оны 05-р сарын 02-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар 59 хоног цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний баримт бичиг ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Э.А-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах,

- мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч“ залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Э.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

- мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус, тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Э.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 6.9 дүгээр зүйлийн 1 зааснаар шүүгдэгч Э.А энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр өмнөх ... дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил 8 сар 4 хоногийн хугацаагаар Х аймгийн ... сумын ...-р багийн нутаг дэвсгэрээс явахыг хязгаарлах тухай зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор сольж, нэмж нэгтгэн нийт ялын эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 8 /найм/ сар 4 /дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А оногдуулсан 4 /дөрөв/ жил 8 /найм/ сар 4 /дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Э.А цагдан хоригдсон 59 /тавин ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7.  Шүүгдэгч Э.А нь бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг болон эд мөрийн баримт хураагдан ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус, тус дурдсугай.

8.  Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Э.А урьд авсан цагдан хорих таслан сэргийг арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         А.Ц