Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/80

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бямбадорж

         Улсын яллагч А.Оргилбаяр

         Шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч Б.Одбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Сд холбогдох 2216000290087 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 24-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, ... төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Цээл сум Бүрэнжаргал багт малчин, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг,  ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай, Номч Дорлигийн Д.С гэв.

Шүүгдэгч Д.С нь 2021 оны 12 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Бугат сумын Гаханч багийн нутаг “Шар сайр” гэх нэртэй газарт иргэн Ч.Оын эзэмшлийн “Nord benz” маркийн авто машинаас 2 ширхэг аккумлятор, 200 литр дизель түлш, түлхүүр багаж, лапатка зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.637.500 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

           Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Д.С нь 2021 оны 12 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Бугат сумын Гаханч багийн нутаг “Шар сайр” гэх нэртэй газарт иргэн Ч.Оын эзэмшлийн “Nord benz” маркийн авто машинаас 2 ширхэг аккумлятор, 200 литр дизель түлш, түлхүүр багаж, лапатка зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.637.500 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь хүний өмчлөх эрхэд халдаж, эд хөрөнгөд хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

           Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Д.С гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Д.Сгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “...Тухайн өдөр гэртээ байж байсан чинь манай найз хамт идшинд  явчихаад ирье гэсэн. Тэгээд манай найз минь бас нэг найзыгаа авч идэш хийхэд хүч хэрэгтэй гээд бид гурав хойшоогоо гараад машиндаа түлшээ авчихаад хоёроос гурван шил архи авсан. Сумаас хойшоогоо гарч яваад нөгөө хоёр маань архиа уусан  намайг  жолоо барьж явж байгаа гээд надад архи уулгаагүй. Нөгөө архиа ууж дуусаад хамт явсан хоёр хүн маань тасраад уначихсан. Тэгээд шөнө болоод нөгөө хоёрыг татаад нөгөө айл чинь хаана байгаа юм бэ гэсэн чинь тэр хоёр сэрээгүй. Тэгээд би нөгөө айлыг нь хайгаад, тэр уулан дотор 70-80 километр газар дэмий тэнэсэн. Тэр айлыг нь бүр сүүлдээ олохоо байгаад буцаад зам руугаа оръё гээд явж байсан чинь  зам дээр нэг том машин зогсож байсан. Тэгээд хажуугаар нь уруудаад 500 метр явж байсан чинь машины түлш дуусаад унтарчихсан. Тэгээд нөгөө хоёртоо хандаад машины түлш дуусчихлаа гээд хэлсэн чинь тэр хоёр босохгүй байсан юм. Тэгээд нөгөө том машин байгаа газар руу би нэг гэрэл бариад алхсан. Очоод хүн байвал гуйгаад түлш авъя гэсэн үүднээс. Тэгээд очтол хүн нь байхгүй байсан. Хэсэг хугацаанд хүнийг нь ирэх юм болов уу? гээд харсан чинь хүн нь ирээгүй. Тэгээд би тэр машины банкийг нь онгойлгож байгаад нэг шар канистраар түлш авсан. Тэр түлшийг авчираад машиндаа хийгээд татуулсан чинь машин асахгүй байсан. Тэгээд дараад байсан чинь миний машины Аккумлятор  нь суусан. Тэгэхээр нь буцаж яваад нөгөө машинаас аккумляторыг нь аваад ирсэн. Тэр аккумляторыг тавиад машинаа дарсан чинь бас хүчрэхгүй байсан юм. Тэгээд цуг явсан хоёр хүнээ хөлдөөж алахгүйн тулд тэр хоёр аккумляторыг аваад тэр чигээрээ сумын төв явсан юм. ... Авсан юмаа өгсөн чинь авахгүй байсан. Тэгээд 1,850,000 төгрөг төлсөн. Тэр машинаас 200 литр түлш авсан. Өөрөө ч мэдэхгүй их муухай зүйл болчихлоо. Би хийсэн үйлдэлдээ үнэхээр их харамсаж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй... гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч Ч.Оын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “..2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 41-10 ГАА улсын дугаартай “Норд бенз” маркийн том машинтай явж байгаад миний машин эвдэрч “Шар сайр” гэх газарт машинаа орхиод уурхай руу сэлбэгэнд явсан. Тэгээд уурхай дээр хоноод маргааш орой нь 19 цагийн үед сэлбэгээ аваад машин дээрээ ирэхэд 2 ширхэг аккумлятор, банкны тагийг хөшөөд дизель түлш авсан байсан. Мөн миний түлхүүр багажнаас авсан байсан. Түлшнээс 200 орчим литр түлш алга болсон. Илжгэн чих дугуйн дорцоов миний машинд байгаагүй. Эдгээр зүйлийг ашиглаж аккумляторыг авсан. Банкны тагийг онгойлгосон гэж бодож байна.. Одоо надад гомдол саннал байхгүй... гэсэн мэдүүлэг /ХХ31, 33, 35/,

Гэрч Б.А-ны мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Алтайн-Хүдэрийн жолооч нар манайд ирээд танай машины аккумляторыг авч яваад, банкийг нь хөшсөн байна гэж хэлсэн. Тэгээд би Очир руу яриад чи аккумлятораа далд хийсэн юм уу гэхэд далд хийгээгүй суурин дээрээ байгаа гэж хэлсэн. Тэгээд би Палам ахтай очиж үзэхэд 2 аккумляторыг нь аваад явсан. Банкны түгжээг эвдэж түлш авсан бололтой байсан. Тухайн газар дан дугуйтай машины мөр байсан. Мөн илжгэн чих, дугуйн дорцоов орхисон байсан... гэсэн мэдүүлэг /ХХ43-44/,

Гэрч Б.Мын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Д.С машинтайгаа ирээд Б.М, Д.С бид 3 Цогоо гэх залуугаас 2 тооны бог мал авахаар явсан. Сумаас гарахаасаа өмнө дэлгүүр орж 3 шил архи авсан. Нэг мэдсэн замдаа машин дотроо тасарсан. Маргааш өглөө нь Д.Стэй уулзахад бөөн уур байсан. Машин тэрэг замдаа эвдэрсэн. Хүний машинаас түлш, аккумлятор хулгайлсан талаар хэлсэн... гэсэн мэдүүлэг /ХХ51/,

Гэрч Б.Мын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б.М найзтайгаа сум дээр жаахан ууж байсан. Тэгээд Б.М хүнээс мал авна. Хамт идшинд явкя гэж хэлсэн.Тэгээд Д.С машинтайгаа ирээд Б.М, Д.С бид 3 явахаар болсон. Сумаас гарахаасаа өмнө дэлгүүр орж 3 шил архи авсан. Нэг мэдсэн машин дотроо тасарсан байсан. Маргааш өглөө нь Д.Стэй уулзахад бөөн уур байсан. Машин тэрэг замдаа эвдэрсэн. Осгож үхэх шахсан. Хүний машинаас түлш, аккумлятор хулгайлсан талаар хэлсэн... гэсэн мэдүүлэг /ХХ53/,

Гэрч М.Г-ний мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Би 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Бугат сум хариуцсан хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Э.Одбаатарын хамт хулгайлах гэмт хэрэг гарсан гэсэн дуудлагын дагуу Аптай болон Бугат сумын нутаг дэвсгэрээр сэжигтэй тээврийн хэрэгсэл болон хүнийг хайж эрэн сурвалжилж ажиллаж явсан. Маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр намайг Цээл сум дээр очоод байж байхад Одбаатар ах залгаад танай сумын Д.С гээд хүн хулгай хийсэн байж болзошгүй байна, явсан маршрутыг нь тогтоогоод очоод шалгаадах гэсэн. Би Д.Сгийн гэрт очтол машин нь хашаандаа байсан. Д.Сг дуудаад хаагуур явсан талаар асуутал 2021.12.24-25-ний өдрүүдээр Мийгаа, Б.М 2-той малд яваад ирсэн гэж байсан. Д.С нь өөрөө алтанд явдаг, алтанд явахдаа илжгэн чих багаж ашигладаг юм. Би илжгэн чих багаж чинь байна уу гэхэд машинд нь байгаагүй. Машиныг нь шалгатал багажинд нь 25 литрийн савлагаатай шар сав байсан. Өөр эд зүйл байгаагүй. Тэгээд Д.Стэй ярилцаж байтал машинаас эд зүйл хулгайлсан гэж үнэнээ хэлсэн.  Дугуйн дорцоов,  илжгэн чих 2-оороо тухайн машины аккумляторыг хөшсөн гэж хэлж байсан... ” гэсэн мэдүүлэг /ХХ80/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч Д.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр, шүүдэгч Д.Сг 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

    Шүүхээс шүүгдэгч Д.С-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Номч овогт Д.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр, шүүдэгч Д.Сг 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Сд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жилийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй болон гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг шүүгдэгч Д.Сд танилцуулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн багаж болох дорцов 1 ширхэг, илжгэн чих 1 ширхэг зэргийг устгасугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА