Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Данзангийн Сарантуяа |
Хэргийн индекс | 164/2022/0080/Э |
Дугаар | 2022/ШЦТ/81 |
Огноо | 2022-06-27 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | А.Оргилбаяр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бямбадорж
Улсын яллагч А.Оргилбаяр
Шүүгдэгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч О.Ад холбогдох 2216000000100 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, ...-ний өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Улаанбаатар хотод барилгын ажил эрхэлдэг, Говь-Алтай аймаг Баян-Шанд 2-2 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлтэй, ....регистрийн дугаартай, Жалайр овогтой О.А гэв.
Шүүгдэгч О.А нь согтуурсан үедээ 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 22 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант, 3 дугаар багийн 6-36 тоот хашааны үүдэнд хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Д.Сыг “...надад томорлоо...” хэмээн нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “үүдэн дээд шүдний булгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч О.А гэм буруутай болох нь:
Шүүгдэгч О.Аы шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “...Би 2022 оны 05 сарын 10-нд хамт архи ууж байсан Д.Сыг цохиж шүдийг нь хугалсан. Шүдийг нь хийлгүүлээд өгье. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тийм учраас надад хөнгөн ял, шийтгэл оногдуулж өгнө үү?” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч Д.С шүүх хуралдаанд мэдүүлсэн “...бид хоёр тэр өдөр хамт архи уусан юм. Тэгээд хашааны хаалгаар гарч явж байхдаа ямар ч үгийн сөхөөгүй намайг шууд цохисон юм. Бид хоёр нэгнийгээ сайн танихгүй. Хамт танилцаад архи ууж байгаад ийм зүйл болсон. Би шүдээ хийлгэчих юм бол гомдол санал байхгүй. Гол нь манай ээж намайг явж шүдээ хийлгэж ир гэсэн. Ховд аймгийн барилгын ажил эхэлсэн намайг шүдээ хийлгэчхээд ажилдаа яв гээд байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч Д.Сын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Тэгээд би унтаж байгаад эргээд сэрсэн чинь намайг зодсон О.А гэдэг залуу дахиад архи задалчихсан уугаад сууж байсан. Тэр архийг О.А бид 2 хувааж ууж дуусгаад тэр Ганзориг гэдэг айлаас гаръя гэж О.А гэдэг залуу хэлээд би дагаад гараад явсан. Тэгээд Ганзориг ахын хашааны үүдэнд ирээд О.А нь ямар нэгэн юм хэлэхгүй миний нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж авсан юм. Тэгээд би Цагдаагийн газарт дуудлага дуудаж өгсөн....” гэсэн мэдүүлэг /ХХ38/,
Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Жаргалант 6-36 тоотод Д.Соос миний шүдийг хүн цохьчихлоо гэх дуудлага мэдээллийн дагуу очиход Д.С нь охины О.А цуг архи ууж байгаад миний шүдийг цохиод унагасан гээд ам нь цус болсон, унасан шүдээ гартаа барьчихсан, Охины Амартүвшин нь би цохисон хариуцлагаа хүлээнэ гэж хэлж байсан. Тэгээд О.А, Д.С нарьг эрүүлжүүлэх саатуулах байранд авчирч Охины О.Аыг драгер үлээлгэхэд согтолт 2,33 хувьтай, Д.С нь 2,25 хувь согтолттой байсан тул эрүүлжүүлэх саатуулах байрны жижүүрт хүлээлгэж өгсөн... ” гэсэн мэдүүлэг /ХХ40/
Шинжээч эмчийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 146 дугаартай “...1. Д.Сын биед үүдэн дээд шүдний булгаралт, буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /ХХ47/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Хохирогч Д.С нь “Би шүдээ хийлгэчих юм бол гомдол санал байхгүй” гэж шүүх хуралдаанд мэдүүлж байх ба шүд хийлгэхэд гарах зардал тодорхойгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйгээр нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч О.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч О.Аыг 300 цагийн хугацаагаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч О.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч О.Ад ял оногдуулахдаа хохирогч Д.С мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй гэж мэдүүлж байсан болон шүүгдэгч хохирогчийн шүдийг хийлгэж өгөхөө илэрхийлсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч О.А нь уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй болно.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жалайр овогт Охины О.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аыг 240 (хоёр зуун дөчин) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ад оногдуулсан 240 (хоёр зуун дөчин) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өдөрт 8 (найм)-аас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 8 (найм) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Ад танилцуулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.С нь шүд хийлгэсэн хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА