Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 00846

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 06 өдөр                   Дугаар 183/ШШ2018/00846                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х /РД: /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: , Хан-Уул дүүргийн ГБХЗХХ /РД:/-т холбогдох,

ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Дугармаа, хариуцагчийн өмгөөлөгч Т.Цэен-Ойдов, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Отгончимэг нар оролцов.     

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:  

 

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Дугармаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Л.Хүрэлхэд нь Хан-Уул дүүргийн Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст ажиллаж байгаад, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/01 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халагдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсанаар түүнийг Хүүхдийн  шуурхай үйлчилгээ, сургалт сурталчилгаа хамгаалал хариуцсан мэргэжилтэний ажилд эгүүлэн тогтоосон. Энэ шийдвэрийг давах болон хяналтын шатны шүүх хэвээр үлдээсэн байдаг. Л.Хыг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн Хүүхэд хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтнээр томилж, үндсэн цалинг нь ТҮ6-5 шатлалаар 563 430 төгрөгөөр цалинжуулахаар Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн Б/07 дугаар тушаал хэрэгт авагдсан. 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс хойш 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж үзэж байна. Үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бол ажил олгогч тухайн ажилтныг урьд нь эрхэлж байсан  ажил албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй, түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно. Ажилгүй байсан бүх хугацааг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 6 сар, 15 хоногийн олговор шаардах үндэслэлтэй. Иймд Нийгэм хамгааллын Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тогтоох журамд ажилгүй байсан хугацааны байсан хугацааны олговор тооцохдоо хамгийн сүүлд бүтэн ажилласан 3 сарын цалингийн дунджаар тооцож гаргана.  Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Л.Хын дундаж цалин хөлсийг 926 790 төгрөгөөр тогтоосон тул 6 сараар үржүүлэхэд 5 560 764 төгрөг, 15 хоногийн    631 905 мөнгийг нэмж нийтдээ 6 192 669 төгрөгийг  нэхэмжилж байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон олговроо өнөөдрийг хүртэл авч чадаагүй байгаа, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгээгүй учраас өвдөхөд эмнэлгээс төлбөртэй үйлчилгээ авч хохирсоор байна. Иймд Л.Хын хөдөлмөрлөх эрх ашиг, нийгмийн даатгалын шимтгэл төлөх энэхүү эрхийн асуудлыг ноцтой зөрчиж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулах, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр даатгалын шимтгэл төлөх үүрэгтэйг шүүхийн шийдвэрт тусгуулах хүсэлтэй байна” гэв.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч Т.Цэен-Ойдов шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ажилгүй байсан хугацааг 6 сар 15 хоногоор тооцсон, харин хариуцагчийн зүгээс 2017.06.28-ны өдрөөс 2018.01.19-ний өдрийг нийтдээ  ажлын 136 хоног гэж үзсэн. Нэхэмжлэгч талаас цалин хөлстэй холбоотой маргааныг анх удаа гаргаж шүүх хэлэлцэж байгаа учраас шинээр нотлох баримт бүрдүүлж өгсөн. Нийгэм хамгаалал, Хөдөлмөрийн сайдын тушаалаар батлагдсан журмын 4 дүгээр зүйлд зааснаар ажилтанд олгож байгаа бүх төрлийн /тэтгэмжүүд, нөхөн олговор, хөнгөлөлтийн орлого, унаа, түлш, байр хоолны үнийг хөнгөлөлт ажилтны цалин хөлсийн хөнгөлөлтөд оруулахгүй,  2016 оны 12 дугаар сард Л.Хад 202 835 төгрөгийн  тэтгэмжийг эмчилгээнд зориулж өгсөн.  2016 оны 11 дүгээр сарын цалингаас унаа хоолны мөнгийг хасахад 845 145 төгрөг, 12 дугаар сарынх 690 202 төгрөг, 2018 оны 1 дүгээр сард 811 202 төгрөгийн дундаж цалин хөлсийг бодоход 741 850 төгрөг гарсан. Үүнийг 136 хоногоор тооцоход  4 585 920 төгрөгийг шаардах үндэслэлтэй байна” гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх Л.Хын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

           Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэсээс   2017.06.28-ны өдрөөс 2018.01.19-нийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор  6,487,558 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт дээрх хугацааны нөхөн бичилт хийлгэхийг нэхэмжлэгч хүссэн, хариуцагч тал Л.Хын нэхэмжлэлийн шаардлагыг эрх зүйн үндэслэлгүй гэжээ.

 

          Л.Хын нэхэмжлэлийн доод хэсэгт /жич: 2017.01.27-ны өдөр ажлаас халагдаж анхан шатны шүүхэд хандсан, 2017.01.27-ноос 2018.01.19-нийг хүртэлх хугацааны 11,121,528 төгрөгийг гаргуулах/-ыг хүссэн боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг зөвтгөсөн болно.

Хэргийн баримтаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь хэсэгт зааснаар Л.Хыг Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн /хуучнаар/ Хүүхдийн  шуурхай үйлчилгээ, сургалт сурталчилгаа хамгаалал хариуцсан мэргэжилтэний ажилд эгүүлэн тогтоосон тус шүүхийн 2017.06.28-ны өдрийн 01538 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

           Дээрх шүүхийн шийдвэрийг хариуцагчийн гомдлоор хянасан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.08.28-ны өдрийн 1940 дугаар магадлал, Дээд шүүхийн 2017.12.21-ний өдрийн 01681 дугаар тогтоолоор хэвээр үлдээжээ.

 

           Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй болно.

 

            Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын 2018.01.19-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар Л.Хыг Хүүхэд хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэний ажилд эгүүлэн томилсон байдлаас үзэхэд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байсан байна.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж зааснаар 2017.06.28-ны өдрөөс 2018.01.19-нийг хүртэлх  ажилгүй байсан хугацааны  дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг Л.Х   нэхэмжлэх эрхтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй тул      Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.28-ны өдрийн 01538 дугаар шийдвэрээр тогтоосон Л.Хын сарын цалингийн дундажыг  926,794 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

           Нэхэмжлэгч 2017.06.28-ны өдрөөс 2018.01.19-нийг хүртэл 6 сар 15 хоног  ажилгүй байсан тул Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”, тус шүүхийн 2017.06.28-ны өдрийн 01538 дугаар шийдвэрийг үндэслэн 6,192,669 төгрөг /926,794 х 6 сар 15 хоног/-ийг  хариуцагчаас гаргуулж,  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар  Л.Хын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэйг  хариуцагч Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст даалгах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэсээс 6,192,669 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Хад олгож, үлдэх 294,889 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн 2017.06.28-ны өдрөөс 2018.01.19-нийг хүртэлх  ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг нөхөн хийхийг хариуцагчид даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж,  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 114,033 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай. 

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

  

 

                            ДАРГАЛАГЧ                                            Д.ЭНХЦЭЦЭГ