Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 221/2022/0724/З |
Дугаар | 221/МА2023/0643 |
Огноо | 2023-10-19 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2023/0643
С.Г-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч С.Г
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч С.Г
Хариуцагч Оюуны өмчийн газар
Гуравдагч этгээд Н.С
Нэхэмжлэлийн шаардлага: Оюуны өмчийн газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/**, 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/** дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2023/0634 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч С.Г
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э
Хариуцагч Оюуны өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа
Хэргийн индекс: 128/2022/0724/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Г нь Оюуны өмчийн газрын даргад холбогдуулж Оюуны өмчийн газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/**, 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/** дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2023/0634 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасныг баримтлан Оюуны өмчийн газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/**, 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/** дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэгч С.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч С.Г миний бие Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байсан бөгөөд Оюуны өмчийн газрын дарга Г.Э үндэслэлгүйгээр шахалт үзүүлж, зүй бус нөлөөлөл үзүүлж Төрийн жинхэнэ албан хаагч намайг эрхэлж байсан албан тушаалаас үндэслэлгүйгээр шилжүүлсэн.
Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно гэж заасан.
Намайг Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн хэлтсийн даргын албан тушаалаас Соёл, урлагийн газарт хэлтсийн даргаар шилжүүлэн томилохдоо хуульд заасан Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож гэх үндэслэлээр шилжүүлсэн.
Тус Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож гэх үндэслэлийг хэрхэн ойлгох талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дүгээр тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам-ын 2.1-т Төрийн жинхэнэ албан хаагчийг албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцон төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. Төрийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсон тухай баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна. гэж заасан
Гэвч Оюуны өмчийн газрын даргаас, Соёл урлагийн газарт шилжүүлсэн бөгөөд надтай тохиролцож, харилцан тохиролцсон тухайгаа бичгээр үйлдэж баталгаажуулсан зүйл байхгүй байхад анхан шатны шүүх ... өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх ........
хэсгийн өөртэй нь тохиролцож гэснийг зөрчсөн гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул гомдолтой байна.
Түүнчлэн Төрийн жинхэнэ албан хаагч миний бие урьд эрхэлж байсан Зохиогчийн эрхийн хэлтсийн дарга (одоо газар болсон)-ын албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор маргаж байхад анхан шатны шүүх ... Зохиогчийн эрхийн газрын даргын албан тушаалыг сул орон тоо гэж үзэж сонгон шалгаруулалт зарласан шийдвэртэй маргаагүй тул уг сонгон шалгаруулалтад иргэн орж, тэнцэн, нэр дэвшүүлснээр томилсон шийдвэр буюу Оюуны өмчийн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/** дугаар тушаал нэхэмжлэгчийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй гэж хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн.
Тодруулбал нэхэмжлэгч миний бие өөрийн урьд ажиллаж байсан албан тушаалдаа эгүүлэн тогтоолгохоор маргаж байхад сонгон шалгаруулалтад ороогүй гэж намайг буруутгаж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2023/0634 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэв
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Г-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хууль тогтоомжийн холбогдох зүйл заалтыг үндэслэлгүй тайлбарлан, нотлох баримтыг буруу үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч С.Г нь Оюуны өмчийн газарт Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байгаад тус газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/09 дүгээр тушаалаар Зохиогчийн эрхийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байжээ.
3. Соёл, урлагийн газрын дарга 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Оюуны өмчийн газрын даргад хандан Зохиогчийн эрхийн газрын дарга С.Г-ийг Соёл урлагийн газрын Захиргааны хэлтсийн даргаар шилжүүлэн ажиллуулах талаар санал авахаар 29 дүгээр албан бичгийг хүргүүлсэн байх бөгөөд Оюуны өмчийн газрын дарга 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1/154 дүгээр албан бичгээр зөвшөөрсөн хариу өгч, улмаар маргаан бүхий Оюуны өмчийн газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/** дугаар Шилжүүлэн ажиллуулах тухай тушаалаар Зохиогчийн эрхийн хэлтсийн даргаас С.Г-ийг Соёл урлагийн газрын мэдэлд шилжүүлсэн байна.
4. Соёл урлагийн газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/13 дугаар тушаалаар С.Г-ийг тус газрын Захиргааны хэлтсийн даргын албан тушаалд томилсон байх бөгөөд тэрээр дээрх шилжүүлэн ажиллуулах шийдвэрийг эс зөвшөөрч, Төрийн албаны зөвлөлд хандан хууль бусаар шилжүүлсэн томилсон тухай гомдол гаргасныг хянан үзэж, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 01/1454 дугаар албан бичгээр төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэн ажиллуулах нөхцөл бүрдсэн, шилжүүлэн ажиллуулах талаар төрийн албан хаагчтай тохиролцсон, хүлээн зөвшөөрсөн болох нь тогтоогдож байна хэмээн хариу өгчээ.
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.Г нь 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Оюуны өмчийн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/** дугаар Зохиогчийн эрхийн газрын даргын албан тушаалд Н.Сг томилсон тушаалыг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
6. Нэхэмжлэгч С.Г-ийн надтай тохиролцож, харилцан тохиролцсон тухайгаа бичгээр үйлдэж баталгаажуулсан зүйл байхгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
7. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно, 44.7-д (Энэ хэсгийн дугаарт 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан.) Төрийн жинхэнэ албан хаагчийн өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална. гэж тус тус заасан.
8. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дүгээр тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам-ын Хоёр дахь хэсгийн 2.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцон төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. Төрийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсон тухай баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна. гэж зохицуулжээ.
9. Дээрх хууль тогтоомжийн зохицуулалтаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагчийг маргаан бүхий тушаалаар Соёл, урлагийн газар шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэхдээ С.Гтой тохиролцож, энэ тухай баримт үйлдэн баталгаажуулах шаардлагатай байсан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр түүнтэй тохиролцсон баримт байхгүй болох нь нотлогдож байна.
10. Өөрөөр хэлбэл С.Г нь шилжин ажиллах тухай зөвшөөрлөө илэрхийлэн бичгээр гарган өгч, энэ талаар баримтжуулаагүй байхад хариуцагч Оюуны өмчийн газрын дарга Г.Э нь маргаан бүхий тушаалыг гаргаж, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам-ын Хоёр дахь хэсгийн 2.1-д тус тус заасныг зөрчиж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.
11. Анхан шатны шүүх ... албан тушаалд томилогдох хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ Соёл урлагийн газрын эрх бүхий албан тушаалтнаар эрх нээлгэх замаар Авлигатай тэмцэх газарт цахимаар урьдчилан гаргасан болохоо түүнчлэн албан бичгийг удирдлагадаа өөрийн биеэр авчирч өгсөн үйл баримт болсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлгүй дүгнэлтийг хийж, Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
12. Түүнчлэн Оюуны өмчийн газрын захиргаа, удирдлагын хэлтсийн Эрх, зүй, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн А.Бүжлхамыг Соёл урлагийн газраас 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр мөн шилжүүлэн ажиллуулах санал хүргүүлж байсан бөгөөд А.Бүжлхам нь шилжин ажиллах хүсэлтээ бичгээр гарган өгч байсан баримт хэрэгт авагдсан байгааг дурдах нь зүйтэй байна.
13. Иймд Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчимд нийцээгүй, нэхэмжлэгч С.Г-ийн тухайн албан тушаалыг эрхлэх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, хариуцагч Оюуны өмчийн газрын дарга түүнтэй тохиролцоогүй, зөвшөөрөл аваагүй байхдаа шилжүүлэн ажиллуулах шийдвэр гаргасан нь хууль бус байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
14. Нэхэмжлэгч С.Г-ийн гаргасан ... урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд:
14.1 Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны А/185 дугаар тушаалаар Оюуны өмчийн газрын зохион байгуулалт, орон тоо, албан тушаалын ангилал зэрэглэлийг шинэчлэн баталсантай холбоотойгоор Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн хэлтэс нь Зохиогчийн эрхийн газар болж өөрчлөгдөн, мөн сайдын 2023 оны А/27 дугаар тушаалаар Оюуны өмчийн газрын орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн баталсан.
14.2 Нэхэмжлэгчийг шилжүүлэн ажиллуулсан нь хууль зөрчсөн, түүнийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож байгаатай холбоотой уг албан тушаалын сул орон тоо хууль ёсны дагуу гарсан гэж үзэхгүй ба Оюуны өмчийн газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/** дугаар тушаалаар гуравдагч этгээд Н.Сг Зохиогчийн эрхийн газрын даргаар томилон .............
ажиллуулж байгаа нь хууль бус тул тухайн албан тушаалыг эрхлэх харилцаа дуусгавар болох бөгөөд 2023 оны Б/** дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
14.3 Мөн нэхэмжлэгч нь Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Салбарын хяналтын газрын даргын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад тэнцэж, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/92 дугаар тушаалаар томилогдон ажиллаж байх тул нэхэмжлэгч С.Г-ийг урьд эрхэлж байсан албан тушаал буюу Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2-т Ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсны улмаас түүний цалин хөлсний хэмжээ буурсан бол түүнд өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно. гэж тус тус заасны дагуу С.Г-ийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх (төрийн сангаас олгосон цалин хөлстэй давхцуулахгүй) олговрыг зохих журмаар тооцон гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.3, 44 дүгээр зүйлийн 44.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2-т тус тус заасныг баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2023/0634 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Оюуны өмчийн газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/** дугаар Шилжүүлэн ажиллуулах тухай, 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/** тушаалыг тус тус хүчингүй болгож, Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн газрын даргын албан тушаалд С.Г-ийг эгүүлэн томилж, өмнө авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй /төрийн сангаас олгосон цалин хөлстэй давхцуулахгүй/ тэнцэх олговрыг зохих журмаар тооцон гаргуулж нэхэмжлэгчид олгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагч Оюуны өмчийн газрын даргад дуулгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан С.Г-ийн нэхэмжлэл болон давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүр 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Гт олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА