Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2017/02322

 

Н.Л нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/02824 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.Л нэхэмжлэлтэй

Хариуцагч: Н.С холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 29 101 950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Н.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:  Н.С  2015 оны 11 сарын 11-ний өдөр 18 000 000 төгрөгийг 1 сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Барьцаанд Н.С өмчлөлийн Баянзүрх дүүргийн 27-р хороо 21-р хороолол /18082/ Баянхошууны гудамж 23а байрны 93 тоот 26,9м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч гэрээний хугацаанд алданги хүү төлж зээлийн гэрээний хугацаа сунгах хүсэлт тавьсан тул талууд тохиролцож 2016 оны 01 сарын 06-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, 2015 оны 12 сарын 1-ны өдрөөс 2016 оны 01 сарын 25-ны өдөр хүртэл сунгасан. Н.Сарнай зээлийн эхний сарын хүү 1 800 000 төгрөг төлсөн, үндсэн зээлээс төлөөгүй, 2016 оны 6 сарын үед 2 000 000 төгрөг төлсөнийг  алданги гэж  үзэж байна.  Иймд  Н.Сарнайгаас үндсэн зээл 18 000 000 төгрөг, хүү 1 800 000 төгрөг, алданги 9 000 000 төгрөг, тэмдэгтийн хураамж 301 950 төгрөг, нийт 29 101 950 төгрөгийг гаргуулах, зээлдэгч нь төлбөрийг төлөхгүй нөхцөлд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар  шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Н.С болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Халзангийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Талуудын хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдан 18 000 000 төгрөгийг авсан боловч түүнийгээ Намуун гэх  хүнд өгсөн байдаг. Хариуцагч Н.Сарнай нь сарын хүү 1 800 000 төгрөг мөн 2 000 000 төгрөг, нийт 3 800 000 төгрөг төлсөн. Н.Сарнай нь энэ мөнгийг  аваагүй Намуун авсан тул төлөхгүй гэдэг шүүх хуулийн дагуу шийдэх байх гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Н.С 26,700,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Л олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,100,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Баянзүрх дүүргийн 27-р хороо 21-р хороолол 18082 Баянхошуу гудамж 23-А-93 тоотод байрлах 26,9 мкв талбайтай 1 өрөө орон сууц болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Н.С давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Н.Л авсан 18 000 000 төгрөгөөс 13 000 000 төгрөгийг нь Б.Намуун гэгч авсан ба Б.Намуун нь  3 удаагийн үйлдлээр Лхагвасүрэнгийн данс руу 6 000 000 төгрөг шилжүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй  тул хянаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт найруулга зүйн алдаа, хуулийн бичвэрт тавигдах хууль зүйн техникийг алдагдуулсан алдаа гаргасан байх тул зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Н.Л нь хариуцагч Н.С холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28 800 000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “..,зээлийн мөнгөн хөрөнгийг өөрийнхөө өмчлөлд шилжүүлэн авсан боловч цааш дамжуулан Б.Намуунд өгсөн тул төлөх үндэслэлгүй” гэж маргажээ.

 

Зохигчид 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж Н.Л нь Н.С  өмчлөлд 18 000 000 төгрөгийг шилжүүлсэн, зээлдэгч нь 1 сарын хугацаатай, 10 хувийн хүү төлөхөөр, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцож, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Н.С өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201044192 дугаартай Баянзүрх дүүргийн 27-р хороо 21-р хороолол 18082 Баянхошуу гудамж 23-А-93 тоот 26,9 мкв талбайтай орон сууцыг барьцаалж харилцан тохиролцож талууд гарын үсгээ зурсан. Зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх-ийн 3-5/

 

Зохигчид 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл гэрээний хугацааг бичгээр сунгаж, өмнөх сарын хүүгийн төлбөр болох 1 800 000 төгрөг төлөгдөн дуусгавар болж, үндсэн зээл 18 000 000 төгрөг хэвээр үлдсэн, гэрээний нөхцөл өмнөх гэрээнийхтэй адил байна гэж талууд тохиролцсон. /хх-ийн 6/ Хариуцагч нь зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээнд маргаагүй болно.

 

Зээлдэгч Н.С нь гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бөгөөд 2016 оны 6 дугаар сард төлсөн гэх 2 000 000 төгрөгийг хугацаа хэтрүүлэн төлжээ. Зохигчид төлсөн мөнгөний хэмжээ, зээл, хүү, анзын хэмжээнд маргаагүй.

 

Харин хариуцагч зээлээс 13 000 000 төгрөгийг Б.Намуун авсан бөгөөд 3 удаагийн үйлдлээр 6 000 000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй байх бөгөөд өөрийн тайлбар, татгалзалын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Хариуцагч нь зээлийг ашигласан гэх Б.Намуунаас шаардлага гаргах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.  

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 26 700 000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 281 дүгээр “зүйлийн”  гэх үгийг орхигдуулсан, “нэхэмжлэлийн шаардлагыг” хэрэгсэхгүй болгохоор зааж  найруулгын алдаа гаргасан, тогтоох хэсгийн 4 дэх заалтад “шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохоор” зааж хуулийг буруу тайлбарласан байгааг зөвтгөн өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт заасан шийдвэр “хүчинтэй” болох, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасан шийдвэр “хүчин төгөлдөр” болох нь 2 өөр агуулга, үр дагавартай ойлголт юм.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нийт үнийн дүнд улсын тэмдэгтийн хураамж 301 950        төгрөгийг оруулан тооцсон байсныг тэмдэглэх нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/02824 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “281 дүгээр” гэсний дараа “зүйлийн” гэж, “2 100 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг” гэснийг “2 100 000 төгрөгт холбогдох хэсгийг” гэж, 4 дэх заалтын “хуулийн хүчин төгөлдөр” гэснийг “хүчинтэй” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.С давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291 450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                                                       Г.ДАВААДОРЖ

                                                                                               Ш.ОЮУНХАНД