Шүүх | Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
Хэргийн индекс | 170/2022/0115/Э |
Дугаар | 2022/ШЦТ/121 |
Огноо | 2022-06-24 |
Зүйл хэсэг | 11.1, |
Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж
Нарийн бичгийн дарга М.Баярмэнд
Улсын яллагч Б.*******
Шүүгдэгч Ж.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.*******ад холбогдох 2223000000088 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Завхан аймаг ******* суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* 4 дүгээр багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай ******* овогт *******гийн ******* /РД:*******/
Шүүгдэгч Ж.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт иргэн С.*******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, зодолдож улмаар түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Түүний холбогдсон эрүүгийн хэрэг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Ж.******* нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт иргэн С.*******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас зодсон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгчид зодуулсан талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогч С.ийн “...2022 оны 03 дугаар сарын 18-ны орой ганцаараа 0.5 литр хэмжээтэй архи уучхаад сумын төв рүү эхнэр хүүхдээ авах гээд явж байхад замд манай сумын гэх залуу тааралдсан. ...гэрийнхээ хашаан дотор нэг хүнд зодуулаад толгой руугаа өшиглүүлээд байх шиг байсан гэхдээ ямар хүнд зодуулаад байгаагаа мэдэхгүй, ямар ч байсан нэг хүн намайг өшиглөөд зодоод байсан. Би тухайн үед маш их согтолттой байсан. Би одоогийн байдлаар өөрөөсөө мөнгө гаргаагүй. Эмчилгээний зардлыг ******* төлж байгаа. ...тухайн үед хэн хэн нь согтуу байсан. Бид хоёр нэг айлын хүргэчүүд байгаа юмаа.. Надад түүнд гомдоод байх ямар нэгэн шалтгаан байхгүй. Харин энэ хүнд хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна...” гэсэн мэдүүлгээр,
Энэ талаар мэдүүлсэн гэрч Ж.гийн “...Тэгээд би нөхрөө “маргааш ажилтай одоо унтаж амар” гэж хэлсэн чинь манай нөхөр “чи унтаад амраад байж бай” гэж хэлээд буцаад гараад явчихсан. Тэгээд би унтаад өгсөн. Тэгсэн чинь ойролцоогоор шөнө 05-09 цагийн үед манай эгч ын нөхөр ******* ах манай нөхрийг дагуулаад манай гэрт орж ирсэн. Тэгээд би босож ирээд гэрэл асаатал манай нөхрийн зүүн нүд нь хавдчихсан, өмсөж явсан дээл нь шороо болчихсон орж ирсэн. Тэгээд би нөхрөөсөө “наад нүд энэ тэр чинь яачихсан юм” гэж асуух үед манай нөхөр надад юм хэлээгүй. Харин ******* ах надад “би ийг гэр лүүгээ ор гэж хэлсэн чинь, намайг цохчихсон, тэгэхээр нь би зөрүүлээд цохчихлоо” гэж надад хэлсэн. ...өглөө би 09 цагийн үед босоод цайгаа чанаад боорцог энэ тэр хайраад байж байсан. Тэгээд нөхрийгөө сэрээх гэтэл сэрэхгүй байхаар нь архийг нь гарахаар сэрээе гэж бодоод сэрээгээгүй. Тэгээд манай нөхөр тэр өдөр өдөржин ганц нэг ханиалгаад, хурхираад унтаад байсан. Тэгээд би гэрийнхээ ойр зуурын ажлыг хийсээр байгаад орой 17 цагийн үед нөхрийгөө сэрээх гэтэл сэрэхгүй байсан. Тэгэхээр нь утсаар ээж рүүгээ залгаад ******* өглөөнөөс хойш сэрэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд манай ээж, аав, хадам ээж, хадам ах тэр 4 ирсэн. Тэгээд ирээд сэрэхгүй болохоор нь түргэн дуудсан чинь түргэний эмч ирээд “ухаан алдаад удчихсан хүн байна” гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг рүү авч явсан. Надад ******* ах хэлэхдээ “манай нөхөр ийг гэрийнхээ гадаа ирчхээд гэртээ орохгүй гээд байхаар нь өргөөд оруулах гэтэл намайг цохичихсон. Тэгэхээр нь би зөрүүлээд цохчихлоо” гэж хэлсэн. Тухайн асуудал манай хашаан дотор болсон юм шиг байсан...” гэсэн мэдүүлгээр
Гэрч Ж.ын “...Маргааш нь манай дүү над руу 15 цагийн орчим залгаад “С.******* сэрэхгүй байна, ******* ахыг ороод ир гээд хэлээд өгөөч” гэхээр нь би нөхөр *******ад хэлэхэд манай нөхөр түрүүлээд ганцаараа явсан би араас нь очсон. Намайг очиход С.******* газарт ор зассан байдалтай хурхираад унтаад байсан. Тэгээд бид нар түүнийг нэрээр нь дуудаад, татаад байсан боловч сэрэхгүй хурхираад унтаад байхаар нь эмнэлэгт дуудлага өгөөд эмч нар ирж үзээд “даралт харвасан байж магадгүй эсвэл хүнд зодуулсан ч байж магадгүй” гэж хэлээд эмнэлэг рүү авч яваад ******* сумын эмч нар аймгийн төвөөс эмч дуудсан ба ирсэн эмч нар нь маргааш өглөө нь түүнийг аймаг руу аваад явсан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Ж.ийн “...баз С.******* жаахан тэнхээрхээд түүнийг үзүүлэх гээд ирсэн” гэж хэлсэн өөр зүйл яриагүй. Дараа нь өөрөө “С.******* бид хоёр маргалдаад түүнийг ганц, хоёр удаа цохисон” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч С.ийн “...2022 оны 03 дугаар сарын 19-ний орой сумын төвөөр явж байхад ээж над руу залгаад С.*******эгийн гэрт хүрээд ир гэхээр нь дүү С.ийн гэрт очиход гэрийнхэн хойморт газарт С.******* нь унтаж байгаа бололтой хурхираад байсан. ...Тэгээд сонин байхаар нь багийн эмчид дуудлага өгтөл багийн эмч их эмчтэйгээ хамт ирж үзээд “тархиндаа гэмтэл авсан юм шиг байна, яаралтай эмнэлэг авч явах хэрэгтэй” гээд эмч нар өөрсдийнхөө машинаар аваад явсан. Сумын эмнэлэг дээр очиход эмч нар нь аймгийн нэгдсэн эмнэлэг рүү хэлтэл эмч нар ирж үзээд аймаг руу авч явахгүй бол болохгүй гээд маргааш нь аваад явсан. ..Ж.******* нь “2022 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө найз нь танай дүү С.ийг хашаан дотор нь зодчихсон. Яаж зодсон бэ? гэхэд банзаар цохисон, гараараа цохисон, өшиглөсөн гэж л хэлсэн...” гэсэн мэдүүлгээр, насанд хүрээгүй гэрч Э., гэрч Ж.гийн мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч Д.гийн “...Хохирогч С.******* нь тухайн хугацаанд Эрүүл мэндийн даатгалын цахим системд бүртгэгдсэнээр манай Эрүүл мэндийн даатгалын сангаас Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт 4 удаа, ******* сумын эрүүл мэндийн төвөөс 1 удаагийн буюу нийт 5 удаагийн эмчилгээ үйлчилгээ авахдаа 5.892.700 төгрөгний үйлчилгээ авсан байна. Тухайн Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан нийт 5.892.700 төгрөгний хохирлыг бүрэн дүүрэн нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлгээр,
Ж.*******ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 18-ны шөнө ...цагийг нь мэдэхгүй байна шөнө дунд баз С.******* согтуу хөдөөнөөс “/Дааган дэл/ орж ирлээ” гээд ганцаараа орж ирсэн. Тэгээд бие биендээ цэргийн баярын мэнд хүргээд би нэрийг нь мэдэхгүй 0.75 литрийн хэмжээтэй архи задлаад хоёулаа хувааж уусан. Манай гэрийнхэн унтаж байсан бид хоёр ууж байсан архиа дуусгасан. Тэгтэл С.******* “хоёулаа манайд оръё” гээд манай гэрээс шөнө хэдэн цагт гэдгийг нь мэдэхгүй байна гараад С.ийн хашаанд орсон. Тэгтэл байшингийнхаа үүдэн дээр дөхөж ирээд “би гэр рүүгээ орохгүй” гээд довжоон дээрээ суучихаар хоёр суганаас нь өргөөд “ор” гэхэд “орохгүй” гээд тийчлээд байхаар нь түүнийг түр орхиод нойл руу яваад бие засчихаад буцаад түүн дээр очиход С.******* босоод зогсчихсон хөл үрдэг модны банзнаас ховхлоод барьчихсан байхдаа миний нуруун дундуур нэг, мөр рүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь би түүнийг “яаж байгаа пизда вэ” гэж хэлтэл дахиад цохих гэхээр нь зүүн талын шанаа орчимд нь гараараа нэг удаа цохисон. Тэгтэл С.******* хажуу талаараа газарт унаад доошоо тонгойсон байхаар нь толгойны орой хэсэг рүү 1-2 удаа өшиглөсөн. Үүний дараагаар түүнийг баруун гараараа сугадаж босгоод гэр рүү нь оруулж өгсөн. ...эхнэр нь “та хоёр ороод ирэв үү” гэхээр нь “намайг зүгээр байхад цохиод авахаар нь би 2-3 удаа цохисон” гэж түүний эхнэрт нь хэлээд гарч яваад гэртээ хариад унтсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогджээ.
Шүүгдэгч Ж.*******ын үйлдлийн улмаас хохирогч С.ийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч П.гийн гаргасан 2022 оны 04 дугаар сарын 01-ний өдрийн 000000169 дугаартай “...1.С.ийн биед зулай чамархай ясны хугарал, хатуу хальсан дээрх цус хуралт, баруун чамархайн хэсгийн хуйхан доорх цус хуралт, тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт хавдар, баруун, зүүн бугалганы гадна дээд хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. 3.Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан буюу 2022 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5.С.ийн биед зулай чамархай ясны хугарал, хатуу хальсан дээрх цус хуралт, баруун чамархайн хэсгийн хуйхан доорх цус хуралт, тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт хавдар, баруун, зүүн бугалганы гадна дээд хэсэгт цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.******* нь хохирогчийг зодсон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл зориуд учруулжээ.
Шүүгдэгч Ж.******* нь хохирогч С.ийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг шууд санаатай зодсон үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.
Иймд Ж.*******ыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар “хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд хохирогчид төлөх төлбөрөө төлсөн байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “...гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад...” нөхөн гаргуулахаар заасан ба иргэний нэхэмжлэгч хохирогчийн Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээнд гарсан 5.892.700 төгрөгийн зардлыг нэхэмжилжээ.
Гэвч хэрэгт хавсарган ирүүлсэн иргэний нэхэмжлэлийн үнийн дүн зөрүүтэй, хохирогчийн эмчилгээнд зарцуулсан эсэх нь тодорхойгүй нэхэмжлэлийн талаар тодорхой тооцоог гаргах боломжгүй байна. Иймд иргэний нэхэмжлэгч нэхэмжлэлээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ж.*******ыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Шүүгдэгч Ж.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгч Ж.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирлоо нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, ...цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заажээ.
Иймд шүүгдэгч Ж.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмчилгээний бодит зардлыг төлсөн, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5x40 см хэмжээтэй хавтгай нарийн модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.*******ыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 10000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн сар бүр /277.777/ төгрөгөөр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.******* нь 10000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шүүгдэгч Ж.******* өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5x40 см хэмжээтэй хавтгай нарийн модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Шүүгдэгч Ж.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч нь зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА