Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/215

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0199/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Мөнхбат,

Улсын яллагч Ч.Болормаа,

Хохирогч Ц.М-ын өмгөөлөгч Б.Содболд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай,

Шүүгдэгч Т.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ш овогт Т-н Г-т холбогдох эрүүгийн 2218000000191 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ш овогт Т-н Г /РД: ................/, 19... оны ... дугаар сарын ....-ны өдөр .... аймгийн ..... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, .......... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., эхнэр ..... хүүхдийн хамт .........., ............. дүүрэг .......... дугаар хороо .......... дугаар байрны .......... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Г нь 20.... оны ..... дүгээр сарын .....-ны орой ......... аймаг, ....... сум 16 дугаар баг ......... хороололын ........дүгээр байр ....... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Ц.М-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, биед нь тархи доргилт, зүүн нүд, өвдгөнд цус хуралт, суганы хажууд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Т.Г-н өгсөн: “...Эхнэр Ц.М-г хоол хийж байхад нь заваан модон дээр хоол хийлээ гэж хэлээд бид хоёр маргалдсан. Тэгээд би ажилдаа явсан юм. Орой ажилаасаа ирэхэд 3 хүүхэд гэртээ байсан. Ээж найзуудтайгаа уулзах гээд гарсан гэж хэлсэн. Тэр орой Ц.М гэртээ ирээгүй. 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүүхдүүдийн хичээл амарч том хүүгээ тэмцээнээс нь тосч авчихаад .... руу эхнэр Ц.М уулзахаар явсан. Ингээд хагас сайн өдрийн өглөө ..... ирээд ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

20.... оны .... дүгээр сарын ....-ны өдрийн "...хаалганы бариул хэсгийн харалдаа хаалгыг ямар нэгэн эд зүйлээр хөшсөн мэт гажиж ором гарсан байв." гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 2-3/,

Хохирогч Ц.М өгсөн: "...20... оны .... дүгээр сарын ....-ны орой би Д эгчийн гэрт хоёр хүүхэдтэй нь хамт байж байтал хаалга балбаж хаалганы цаанаас хаалгаа онгойлго, ална шүү гэх мэтээр харааж байсан. Тэгээд би хоолойгоор нь нөхөр Т.Г байна гэж таньсан. Хаалгыг нь тайлахгүй байж байтал төмрөөр хөшөөд ороод ирсэн юм. Дорцов барьсан гараараа миний духны зүүн хэсэг рүү цохисон. Тэгээд дараа нь 5 давхараас 1 давхар хүртэл үснээс зулгааж буулгасан юм. Т.Г-т цохиулсны улмаас зүүн нүд минь хөхөрч доод хэсэгт нь зулгарсан. үсдүүлсэн учраас үс минь маш их өвдөж байна. Зүүн суга урагдсан." гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/

Хохирогч Ц.Д-н өгсөн: "...Т.Г ирчихсэн хаалга нүдээд байна. Хурдан цагдаа дууд гэж хэлэхээр нь цагдаа дуудаад хүлээж байтал Т.Г машинийхаа араас 2 төмөр гаргаж ирээд буцаад манай гэр рүү орсон. Төд удалгүй хүүхэд уйлж, эмэгтэй хүн хашгираад Т.Г Ц.М үсэдчихсэн хөл нүцгэн чирээд буугаад ирсэн. Би дүүгээ очиж салгаж авахаар оролдоод дийлэхгүй учир хүмүүс гуйж Т.Г-г салгасан. Миний биеийн баруун гарын тохой хэсэгт хөхрөлт үүсэж, баруун хөлний гуя хэсэг бас өшиглүүлж хөхөрсөн байсан. Мөн манай бүргэд хаалгыг хөшиж эвдсэн. Намайг ажилтай байх үед Т.Г ирж хаалга хийж өгсөн байна лээ. Шинээр авсан хаалган дээр хэлэх зүйлгүй." гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 16/

2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн "өнгөтэй төмөр бүргэд хаалга нэг ширхэг 200,000 төгрөг" гэх “Капитал зууч ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 22-23/

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын ....-ны өдрийн ... дугаартай "...Ц.Д биед баруун тохой, гуянд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30/

2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хохирогч Ц.М яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 36/, ..... оны .......дүгээр сарын .....-ны өдрийн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн толгойн тодосгогч бодисгүй компьютер томографийн дүгнэлт /хх-ийн 38/

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын .......-ны өдрийн ..... дугаартай "Ц.М биед тархи доргилт, зүүн нүд, өвдгөнд цус хуралт, суганы хажууд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40/

..... оны ....... дүгээр сарын ......-ны өдрийн "бүргэд хаалга, хөөс, хаалгал суулгалт" гэх бичигтэй зарлагын баримт, гэрэл зураг /хх-ийн 44-46/,

.... оны ........ дүгээр сарын ............ны өдрийн "...51 см урттай лоом, 25х9 см урттай дорцов" зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 48/

Яллагдагч Т.Г өгсөн: "............ оны ......... дүгээр сарын ......-ны өглөө манай том хүү А ......... аймгаас чөлөөт бөхийн тэмцээнд оролцоод буцаж ирсэн юм. Өглөө нь том хүүгээ тосч аваад бага хүүхдүүд болох А, А нарын хамт ....... ............ аймагт ирсэн. .......... аймагт оройн ........ цагийн орчимд ирээд ...... сумын ...... цогцолборын урд талын байранд манай эхнэр Ц.М төрсөн эгчийнхээ гэрт байсан. Байрных нь гадаа очоод гурван хүүхдээ ороод ээжийгээ аваад гараад ир гэж хэлээд оруулсан юм. Тэгсэн чинь манай охин А уйлаад гараад ирсэн. Ээж хаалгаа тайлахгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би дугуйн дорцов, лапатак төмөр хоёр байсныгаа авч ороод эгчийнх нь гэрийн хаалгыг нь хөшиж онгойлгоод орсон. Манай эхнэр Ц эгчийнхээ хоёр хүүхдийн хамт байсан юм. Тэгэхээр нь би Ц.М хандан яагаад хаалга тайлахгүй байгаа юм гэж хэлээд уурандаа духны зүүн талын хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Т.Г нь ..... оны ....... дүгээр сарын ... ны орой ........ аймгийн ...... сумын ...... баг, ........ хорооллын ......... дүгээр байрны ......... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Ц.М гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, биед нь тархи доргилт, зүүн нүд, өвдгөнд цус хуралт, суганы хажууд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд тогтоогдож байна. Шүүгдэгч нь хаалга эвдэж Ц.М зодож чирэн хүчирхийлэл үйлдсэн байдаг. Хаалга эвдсэн субьектив санаа зорилго нь эхнэрээ гаргаж ирэх, хүүхдүүдтэйгээ уулзуулах зорилготой байсан. Иймд хаалга онгойлгохгүй байхаар нь лоом төмөр ашиглаж хаалга онгойлгосон. Шүүгдэгч нь 2017 онд хохирогчийг зодож чихний хэнгэргийг хагалж байсан нь хүндрүүлэх нөхцөл байдал болно. Иймд шүүгдэгч Т.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь нэхэмжилсэн зүйлгүй болохыг дурдаж байна гэв.

Хохирогч Ц.М өмгөөлөгч: Шүүгдэгчийн хувьд хүүхдүүдээ ээжтэй нь уулзуулах гэж ийм үйлдэл гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч асуултад хариулж байгаа байдал, цаад санаа зорилго нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, эхнэрийнхээ биед халдах, хаалга эвдсэн зэрэг үйлдлийг гаргаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Г нь ..... оны ....... дүгээр сарын .......-ны орой ........ аймаг, ..... сум ....... дугаар баг ........ хороололын ...... дүгээр байр ...... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Ц.М хаалгаа тайлж өгсөнгүй, хүүхдүүдтэйгээ уулзсангүй гэх шалтгаанаар зодож, биед нь тархи доргилт, зүүн нүд, өвдгөнд цус хуралт, суганы хажууд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч Т.Г-н хохирогч Ц.М зодож байгаа үйлдэл нь шүүгдэгчийн өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч Т.Г, хохирогч Ц.М нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр давамгайлж бие махбод болон сэтгэл санаа, бэлгийн харилцаа, эдийн засгийн хувьд хохирол учруулж, санаатайгаар доромжлон хүч хэрэглэж байгаа үйлдлийг ойлгох ба шүүгдэгч Т.Г эхнэр Ц.М бие махбодод халдаж гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Т.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.     

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.М эрүүл мэндэд тархи доргилт, зүүн нүд, өвдгөнд цус хуралт, суганы хажууд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгч Т.Г нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Т.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71/-р нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 4 сараар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, ял оногдуулахдаа зорчих эрхийг хязгаарлах бүсийг шүүгдэгчийн ...... дахь гэрийн хаягаас 500 метр гарахгүй байхаар санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь ......... хотоос алслагдсан газар амьдардаг. Дуудлагаар бариа засал хийж орлого олдог.  Мөн 3 хүүхдэдээ тэтгэлэг төлнө. Иймд дээрх нөхцөл байдал үйл баримтыг харгалзан үзээд шүүгдэгчийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч Т.Г гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх боломжийг харгалзан түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын хяналтанд оршин суух газар болох Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг 51 см урттай лоом, 25х9 см урттай 1 ширхэг дорцовыг устгахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Т Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын хяналтанд оршин суух газар болох ........... нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Г нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг 51 см урттай лоом, 25х9 см урттай 1 ширхэг дорцовыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөар болмогц устгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ИХТАМИР