Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатаржавын Ихтамир |
Хэргийн индекс | 166/2022/0203/Э |
Дугаар | 2022/ШЦТ/225 |
Огноо | 2022-06-13 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/225
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0203/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Мөнхбат,
Улсын яллагч Б.Доржханд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарангуа,
Шүүгдэгч Р.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар С овогт Р Б-д холбогдох эрүүгийн 2218000000238 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, С овогт Р-н Б /РД: ......../, 19.... оны .... дүгээр сарын .....-ны өдөр .......... аймгийн ......... суманд төрсөн, ......... настай, эрэгтэй, дээд боловсролтой, .......... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .........., .......... хүүхдүүдийн хамт ......... аймаг, ........... сум, ...........дугаар баг .............. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд нь шүүгдэгч Р.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эхнэр Э.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Р.Б өгсөн: ...улсын яллагчтай 1,000,000 төгрөгийг 5 сарын хугацаанд хувааж төлөхөөр тохиролцсон... гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
2022 оны .... дугаар сарын .....-ны өдрийн "...шаргал өнгийн модон хийцтэй Гитар хөгжимд үзлэг хийхэд уг хөгжимний ард талын хавтас наалтаараа салсан байдалтай байх ба өөр ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй." гэх эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-17-19/,
2022 оны .... дугаар сарын .....-ны өдрийн Р.Б гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-24/,
Хохирогч Э.Б өгсөн: ...Р.Б 7 хоногийн хоёр өдөр нь архи уудаг. Архи уусан үедээ намайг хий хоосон хардаж хэл үгээр доромжилж, зоддог. Мөн эрүүлдээ ч уг асуудлыг гаргадаг. Гэр бүл болсон цагаасаа хойш хичнээн удаа зодуулж хэл үгээр доромжлуулсан гэдгээ одоо ч сайн санахгүй байна. Байнга л ийм асуудал гаргадаг. Р.Б зодуулснаас болж биедээ олон удаа бэртэл гэмтэл авч байсан. 2022 оны .... дугаар сарын ....-ны өдөр .... сум ....... дугаар баг ......... тоотод Р.Б дэлгүүртээ ажиллаж байхад гаднаас орж ирсэн хүнтэй хардаж дэлгүүрийн камергүй өрөөнд оруулж зодож цохисон. Р.Б-тай эвлэрсэн надад одоо ямар нэгэн санал гомдол болон нэхэмжлэх зүйл байхгүй." гэх мэдүүлэг /хх-ийн 27-30/,
Гэрч Ш.Э өгсөн: ...Р.Б архи их уудаг. Архи уусан үедээ ч, эрүүлдээ ч гэр бүлээс гадуур харилцаатай болж, Э.Б хий хоосон харддаж зоддог. 2022 оны ..... дугаар сарын ....-ны өдөр дэлгүүрийнхээ камергүй өрөөнд хардсаны улмаас зодож цохисон байсан. 2022 оны .... дугаар сарын .......-ны өдөр мөн адил хардсаны улмаас дэлгүүрийнхээ камергүй өрөөнд зодсоны улмаас миний охины хоёр нүд хавдаж хөхөрсөн, мөн уруулын дээд хэсэгт зулгарч шархалсан, толгойны дээд орой хэсэгт хавдаж өвчилсөн." гэх мэдүүлэг /хх-ийн 32/,
Гэрч Ш.Э өгсөн: ...Р.Б хааяа нэг архи уудаг. Архи уухаараа эхнэр Э.Б зодож цохиод байдаг. 2004 онд манайхыг хөдөө зуслан дээр байхад хүүхдээ тэврээд ирж байсан. Тухайн үед яасан талаар асуухад Р.Б зодож цохисон гэж байсан. Мөн 2013 онд мөн л хүүхдээ тэврээд ирж байсан. Энэ үйлдэл нилээд хэдэн удаа давтагдаж байгаа. Манайд ирэхдээ биедээ гэмтэл бэртэлтэй ирж байсан. 2015 онд мөн л адил манайд ирж байсан. 2018 онд Р.Б архи ууж гэртээ агсам согтуу тавьж гар хүрсэн байсан. 2020 онд Э.Б бид хоёр Улаанбаатар хотод ...... ХХК-ийн шинэ жилд орчихоод ирэхэд мөн л цохиж зодсон байсан. Тухайн үед би Э.Б өөрөө гэртээ авчирч байсан. Сүүлд болсон асуудлыг би эгч Э-с сонссон. Ямар учраас цохиж зодож хардаад байдагийг би мэдэхгүй..." гэх мэдүүлэг /хх-33/,
Гэрч Р.Х өгсөн: "...миний ах Р.Б нь төлөв даруу зантай. Хамт амьдардаггүй болохоор архи дарс уудаг талаар сайн мэдэхгүй байна. Р.Б, Э.Б нар нь урд өмнө нь хааяа нэг гэр бүлийн хүрээнд маргалдаж тухайн үедээ эхнэр Э.Б нь хүүхдүүдээ аваад өөрийн гэр рүүгээ явж байсан. 2022 оны .... дугаар сарын ......, 2022 оны ...... дугаар сарын .........-ны өдөр болсон асуудлыг би сайн мэдэхгүй байна." гэх мэдүүлэг /хх-ийн 36/
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын ......-ний өдрийн ........ дугаартай А.Б-н биед тархи доргилт, нүүр, зүүн хөлийн шилбэ, зүүн бугалганы, зүүн дал орчимд, дагзны хуйханд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Э.Б биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Р.Б нь эхнэр А.Б 2022 оны .... дугаар сарын ....-ны өдөр ........... аймгийн ........ сумын .......дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн ажлуулдаг Б.... нэртэй хүнсний дэлгүүр дотор гитар хөгжмөөр зүүн гар руу нь цохьсон, 2022 оны ....... дугаар сарын ..........-ны өдөр мөн дэлгүүр дотроо гараараа нүүрэн тус газар нь цохих, газарт унагаан дээрээс нь дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүр, зүүн хөлийн шилбэ, зүүн бугалгад, зүүн дал орчим, дагзны хуйханд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.
Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч Р.Б үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч Р.Б, хохирогч Э.Б нар нь эхнэр нөхөр буюу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь гэрлэлтийн гэрчилгээ, гэрч, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр давамгайлж бие махбод болон сэтгэл санаа, бэлгийн харилцаа, эдийн засгийн хувьд хохирол учруулж, санаатайгаар доромжлон хүч хэрэглэж байгаа үйлдлийг ойлгох ба шүүгдэгч Р.Б эхнэр Э.Б бие махбодод халдаж гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Э.Б “...Гомдол саналгүй...” гэх мэдүүлэг, хүсэлт зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа ба прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Р.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, улсын яллагчтай тохиролцсон эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцээгүй болно.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч Р.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58/-аар нотлогдож байна.
Улсын яллагчаас шүүгдэгчийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч Р.Б нь хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Р.Б хувийн байдал, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Р-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Р.Б-д оногдуулсан 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 200,000 /хоёр зуу мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Р.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР