Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
Хэргийн индекс | 166/2022/0210/Э |
Дугаар | 2022/ШЦТ/223 |
Огноо | 2022-06-10 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:166/2022/0210/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,
Улсын яллагч Б.Доржханд,
Шүүгдэгч Г.Г.С- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.С-д холбогдох эрүүгийн 2218000000249 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Авто засварчин, токарчин мэргэжилтэй, Г.С-
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Г.С- нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 17 цаг 30 минутын орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Дархан захын урд талын “Сод Монгол” шатахуун түгээх станцын дэргэд хохирогч Б.Б.Б-тэй түлхэж унагаан, нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Г.С- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Маргах зүйлгүй.” гэв.
Эрүүгийн 2218000000249 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Г.Г.С-гийн өгсөн: “...Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл урдаас урсгал сөрөөд ирэхээр нь 2-3 удаа дуут дохиогоо ажиллуулаад гараараа зааж цаана чинь зогсоол байна гэж заахад тэр машин хойшоо ухраад зогсоолд машинаа байрлуулахдаа машиныхаа буферийг мөргөсөн... Тэгэхэд уг машины жолооч машинаасаа бууж ирээд “муу пизда чинь гөлөг чинь” гээд намайг хэл амаар доромжпоод миний машины урд зогсоод явуулахгүй байсан... Тэгэхээр нь би машинаасаа буугаад Б.Б- гэх хүнтэй барилцаж аваад Б.Б- ч бас надаас зуураад бид хоёр давхралдаад газар унасан юм. Тэгэхэд мөнгө хураагч Б- ирээд салгаад би дахиад ороод суухад Б.Б- дахиж араас хүрч ирээд миний машины шил рүү гараараа цохихоор нь би дахиад машинаасаа буугаад Б.Б-тэй заамдалцаж барьцалдаж авсан.” гэх мэдүүлэг /хх 27/,
Хохирогч Б.Б.Б-гийн өгсөн: “...захын дэргэд байдаг “Сод Монгол” шатахуун түгээх станцын хажууд талын нэг урсгалтай замаар Дархан зах руу орсон юм. Тэгээд хашаа руу ороод машинаа байрлуулж байтал нэг урсгалтай замаар нэг машин хурдтай гэрлээ анивчуулаад сигнал дараад ирсэн... Нөгөө залуу машинаасаа бууж ирээд тэгээд бид хоёр заамдалцаад зогссон. Тэгээд нөгөө залуу надтай барилцаж зогсож байгаад намайг өргөөд газар шидсэн юм... Намайг заамдаад бооход нь би тэр залуугийн шанаа хэсэг рүү нэг удаа цохисон, тэрний дараа тухайн залуу миний нүүр ам руу 2-3 удаа цохисон, хамгийн сүүлд уруул руу нэг удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх 7/,
Гэрч Д.С- өгсөн: “...Манай нөхөр Б.Б- машинаасаа буугаад очоод цонх руу нь цохисон. Тэгсэн чинь л тэр залуу бууж ирээд л барилцаад авсан... Тэгээд л заамдалцаад ноцолдоод байсан... Эхлээд шууд бие биеэ заамдсан. Тэгээд 00-н харалдаа зогсож байхдаа хэд хэдэн удаа газар унагаасан. Уруулын дээд хэсэг нь сэтэрсэн байсан, 4 оёдол тавиулсан.” гэх мэдүүлэг /хх 13/,
Гэрч Л.Б- өгсөн: “...дуудлагын дагуу Дархан зах руу орох гээд 'Сод Монгол” шатахуун түгээх станц, “Монос” эмийн сан хоёрын дундуур замаар зах орох гэхэд манай машины урдаас нэг машин ухарсан тэгэхэд жолооч Г.С- 2 удаа дуут дохиогоо дугаргахад уг машины жолооч сандарсан уу яасан зогсоол руу орохдоо машиныхаа урд фуберийг замын хашлага мөргөөд хагалчих шиг болсон, тэр уурандаа уг машины жолооч манай машин руу ирээд жолооч Г.С-д хандаж... уурласан. Тэгэхэд Г.С- машинаасаа буугаад тэр жолоочтой маргалдаж байгаад хоорондоо барилцаад авахаар нь би машинаас буугаад салгасан, Г.С- бид 2 буцаад машиндаа суухад нөгөө машины жолооч хүрч ирээд манай машины шилийг хүчтэй цохисон, тэгэхэд Г.С- уурандаа машинаасаа буугаад тэр хоёр дахиад барилцаад авахаар нь хамгаалагч бид хоёр банкны мөнгөтэй явж байсан болохоор тэр хоёрыг орхиод АТМ рүү явсан юм.” гэх мэдүүлэг /хх 15/,
Гэрч Л.А- өгсөн: “...Тэгэхэд манай жолооч Г.С- машинаасаа буугаад тэр жолоочтой маргалдаж байгаад хоорондоо барилцаж аваад Г.С- нөгөө залуугаа түлхэж унагаагаад тэр хоёр давхралдаад газар унасан юм. Тэгэхэд нь Баянмөнх ах машинаас буугаад тэр хоёрыг салгаад, Г.С-, Б- ах хоёр буцаад машиндаа суухад нөгөө машины жолооч нь дахиж хүрч ирээд манай машины шилийг хүчтэй цохисон. Тэгэхэд Г.С- уурандаа машинаасаа буугаад тэр хоёр дахиад барилцаад авахаар нь Б- ах бид хоёр банкны мөнгөтэй явж байсан болохоор тэр хоёрыг орхиод шууд АТМ рүү явсан юм.” гэх мэдүүлэг /хх 17/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 520 дугаартай шинжээчийн дүгнэлт:
-Б.Б.Б-гийн биед дээд уруулд язарсан шарх, баруун тохойнд цус хуралт тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
-Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.
-Б.Б.Б-гийн биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх 30-31/,
Шүүгдэгч Г.Г.С-гийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суух хаягийн лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 42-47/, мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар /хх 50-51/, С.Буянтогтох, С.Боорчи нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх 52-53/ зэрэг бичгийн баримтуудыг судалсан болно.
Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Г.Г.С- нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 17 цаг 30 минутын орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Дархан захын урд талын “Сод Монгол” шатахуун түгээх станцын дэргэд хохирогч Б.Б.Б-тэй тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж эрүүл мэндэд нь дээд уруулд язарсан шарх, баруун тохойнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогджээ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Г.С- нь хохирогч Б.Б.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогчийн “...Намайг заамдаад бооход нь би тэр залуугийн шанаа хэсэг рүү нэг удаа цохисон, тэрний дараа тухайн залуу миний нүүр ам руу 2-3 удаа цохисон, хамгийн сүүлд уруул руу нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх 7/, гэрч Д.С- “...Эхлээд шууд бие биеэ заамдсан. Тэгээд 00-н харалдаа зогсож байхдаа хэд хэдэн удаа газар унагаасан. Уруулын дээд хэсэг нь сэтэрсэн байсан, 4 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх 13/, гэрч Л.Б- “...Г.С- бид 2 буцаад машиндаа суухад нөгөө машины жолооч хүрч ирээд манай машины шилийг хүчтэй цохисон, тэгэхэд Г.С- уурандаа машинаасаа буугаад тэр хоёр дахиад барилцаад авахаар нь хамгаалагч бид хоёр банкны мөнгөтэй явж байсан болохоор тэр хоёрыг орхиод АТМ рүү явсан юм” гэх мэдүүлэг /хх 15/, гэрч Л.А-н “...нөгөө машины жолооч нь дахиж хүрч ирээд манай машины шилийг хүчтэй цохисон. Тэгэхэд Г.С- уурандаа машинаасаа буугаад тэр хоёр дахиад барилцаад авахаар нь Баянмөнх ах бид хоёр банкны мөнгөтэй явж байсан болохоор тэр хоёрыг орхиод шууд АТМ рүү явсан юм.” гэх мэдүүлэг, шүүгдэгч Г.Г.С-гийн шүүхийн хэлэлцүүлэгт хүргээ хүлээн мэдүүлсэн “...Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Маргах зүйлгүй.” гэх мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 520 дугаартай дугаартай шинжээчийн “Б.Б.Б-гийн биед дээд уруулд язарсан шарх, баруун тохойнд цус хуралт тогтоогдлоо...” гэх дүгнэлт зэргээр хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Г.Г.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Б.Б.Б- нь “..одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх тайлбар /хх 65/ өгсөн байх тул шүүгдэгч Г.Г.С-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Г.Г.С- шүүхийн хэлэлцүүлэгт өөрийгөө өмгөөлж хэлсэн үгэндээ “Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэх тайлбар гаргасан, улсын яллагчаас шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ялын саналыг хүлээн авч шүүгдэгч Г.Г.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд нийцнэ.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Г.С- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г.С-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г.С-д оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г.С- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Г.Г.С- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Г.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ