Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/224

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2022/0212/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Л.Л.Т- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тулгат овогт Лувсангийн Л.Т-д холбогдох эрүүгийн 22180018000231 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1943 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 79 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, урьд:

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.2-д зааснаар 2 жилийн хугацаатай тэнсэн хянан харгалзсан хэрэг хариуцах чадвартай, Л.Т-

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Л.Т- нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 13 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт байрлах Номин худалдааны төвийн урд байрлах асфалтин зам дээр **-****** улсын дугаартай Т.Приүс-11 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэснийг зөрчиж насанд хүрээгүй хохирогч А.А.З-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Л.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

Эрүүгийн 2218001800231 дугаартай хэргээс:

 

Насанд хүрээгүй хохирогч А.А.З-ын өгсөн: “...би 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 12 цаг өнгөрч байхад гэрээс гараад ХААИС-ийн спорт зааланд Волейболын дугуйландаа явах гээд гарсан. Тэгээд автобусны буудал дээрээс автобусанд суугаад Апьфа тауны харалдаа зам дээр байх автобусны буудал дээр буугаад автобусны араар тойроод зам хөндлөн гарах гээд явж байгаад Дархан Номин худалдааны төв талаас Мангирт чиглэлд явж байсан жижиг суудлын машинд мөргүүлээд газар асфалтан зам дээр унасан. Тэгээд нэг мэдэхэд намайг нэг эрэгтэй тэврээд намайг мөргөсөн машинд суулгаад аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд эмнэлэг дээр ирээд эмч нар намайг үзээд нуруундаа зулгаралттай, баруун хөлийн тавхай хэсгээр бага зэрэг хавдартай байна өнөөдөртөө гэртээ хариад өөрийгөө хянаад хоноорой гэж хэлээд явуулсан. Тэгээд шөнө миний хөл өвдөөд дотор муухайраад байхаар нь маргааш өдөр нь эмнэлэг орж эмч нарт үзүүлээд Гэмтлийн тасагт 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр эмнэлэгт хэвтээв 9 хоног эмчилгээ хийлгээд гарсан. Тухайн үед эмнэлэгт хоёр хоносны дараагаар миний баруун хөлийн тавхай хэсгийг томографикаар харж зураг аваад хөлийн улны шивнүүр ясны битүү хугаралтай байна гэж хэлээд эмчилгээ хийсэн.” /хх 24/,

 

Иргэний нэхэмжлэгч С.А-өгсөн: “...би хүүгийнхээ эмчилгээний зардалд гаргасан хохирлын баримтуудыг хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн. Тухайн эмчилгээний хохирлын баримтад дээр нийт 850.000 төгрөгийн хохирлын төлбөр гарсан ба уг 850.000 төгрөгийг бэлнээр Л.Л.Т-ос бэлнээр гаргуулан авсан.” гэх мэдүүлэг /хх 32/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлт: А.А.З-ын биед баруун хөлийн улны шивнүүр ясны битүү хугарал, тархи доргилт, баруун зулай, дагз хэсгийн хуйхан доорх цус хуралт тогтоогдсон. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. А.А.З-ын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хх 38-39/,

 

Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан 2022 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 40 дугаартай шинжээчийн дүгнэлт:

Тормозны систем нь эд анги, механизмын багц бөгөөд дугуйны эргэлтийг хурдан удаашруулж зогсоох зорилготой юм. Ажлын тормоз нь MNS-4598:2011 стандартын шаардлага үзүүлэлтийг хангаж ажиллаж байх ёстой. Тээврийн хэрэгслийн зогсолтын тормоз нь тээврийн хэрэгслийн хурдаас шууд хамааралтай.

-Toyota Prius 11 Мөнгөлөг өнгийн **-******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо тормозны MNS-4598:2011 стандартыг хангаж оролцсон байна.

-Тухайн тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэлийн бус нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй тул осол үйлдэгдэхэд нөлөөлөх зүйлгүй....” гэх дүгнэлт /хх 45-46/,

 

2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 11 дугаартай шинжээчийн дүгнэлт: “2.1.Л.Л.Т- нь тоёота приус 11 маркийн **-******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. 2.2. /12.3/ Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 2.3.Л.Л.Тын жолоодож явсан **-******** улсын дугаартай тоёота приус 11 маркийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. Осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг дээр дугуйны тоормосны тодорхой тусгагдаагүй байна. 2.4. Осол гарсан үндсэн шалтгаан нь жолооч болон явган зорчигч замын 2 талыг сайн хараагүй. Замын хөдөлгөөний дүрмийн 12,3 заалтыг жолооч зөрчсөн, явган зорчигч 5.6, 5.12а заалтуудыг зөрчсөнөөс осол болсон байна. 2.5.Тухайн замын нөхцөлд явган зорчигч /5.6/ явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу 2 тийш сайн харагдах, хайс хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна. /5.12а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарахыг хориглоно гэсэн дүрмийг баримтална. 2.6. Тухайн замын зохион байгуулалт нөхцөл байдал осол гарахад нөлөөлөөгүй” /хх 58/

 

Шүүгдэгч Л.Л.Тын хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 78/, иргэний үнэмлэхийн хуулбар, жолоочийн үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 81-83/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх 84/ зэрэг бичгийн баримтуудыг судалсан болно.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Л.Л.Т- нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 13 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт байрлах Номин худалдааны төвийн урд байрлах асфалтин зам дээр **-********* улсын дугаартай Т.Приүс-11 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож “Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэх дүрмийг зөрчиж замын хөдөлгөөнд оролцон явахдаа зам хөндлөн гарч байсан насанд хүрээгүй А.А.З-ыг мөргөж баруун хөлийн улны шивнүүр ясны битүү хугарал, тархи доргилт, баруун зулай, дагз хэсгийн хуйхан доорх цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Л.Л.Т- нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас насанд хохирогч А.А.З-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа.” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч А.А.З-ын “...Дархан Номин худалдааны төв талаас Мангирт чиглэлд явж байсан жижиг суудлын машинд мөргүүлээд газар асфалтан зам дээр унасан.” гэх мэдүүлэг /хх 24/,  Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлт: А.А.З-ын биед баруун хөлийн улны шивнүүр ясны битүү хугарал, тархи доргилт, баруун зулай, дагз хэсгийн хуйхан доорх цус хуралт тогтоогдсон.” гэх дүгнэлт /хх 38-39/, 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 11 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” /хх 58/ гэх дүгнэлт зэргээр хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

Зам тээврийн осол гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарна.

 

Иймд шүүгдэгч Л.Л.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Шүүгдэгч Л.Л.Т- нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч,  иргэний нэхэмжлэгч С.А-850000 төгрөгийг төлж барагдуулсан ба цаашид хохирогч гэмтлийн хор уршгийг арилгахад гарсан эмчилгээний зардлаа тухай бүр нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Л.Л.Тын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, улсын яллагчаас оногдуулахаар санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс үүсэх үр дагаврыг ойлгосон зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан журамд харшлаагүй тул прокурорын ялын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Л.Л.Т- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 032********* дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 17*********** дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч Л.Л.Т-д буцаан олгож, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Л.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Л.Тыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Л.Т-д оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлсүгэй.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Л.Т- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй..

 

   5.Шүүгдэгч Л.Л.Т- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

   6.Насанд хүрээгүй хохирогч А.А.З- нь цаашид гарах гэмтлийн хор уршгийг арилгахад гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

   7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 03278431 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 174008 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.Л.Т-д буцаан олгосугай.

 

   8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Л.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Л.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                З.ТӨМӨРХҮҮ