Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/61

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж

 

Нарийн бичгийн дарга М.Х

Улсын яллагч Б.Б

Шүүгдэгч Ч.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

 

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат, 1971 оны 03 сарын 16-ны өдөр төрсөн, 51 настай, эмэгтэй,  яс үндэс халх, дээд боловсролтой, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 2, нөхрийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сум .. дүгээр баг, ... дугаар хэсэг, .... тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Е овогт Ч.Ө РД: /-д холбогдох эрүүгийн 2120000570069 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Ө  нь 2021 оны 04 дүгээр сард Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн боомтоор олон улсын тээвэр хийх тээврийн хэрэгслийг дараалалгүйгээр хилээр нэвтрүүлж өгнө гэж иргэн Ч.А , Ч.Ц  нарыг хуурч, 2 машин гаргаж өгье гэж 12,000,000 төгрөг шилжүүлчих гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Хаан банкны 5374392653 дугаарын дансаар 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 12,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Ө  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Надад ямар нэг машиныг хилээр нэвтрүүлэх эрх хэмжээ байхгүй. Барс зах дээр ажилладаг манай үеэлийн  эхнэрээс Замын-Үүд суманд таньдаг хүн хар байна гэхээр нь миний утсыг өгсөн юм билээ. Би А , Ц нарыг танихгүй. Амараа гэх хүн яриад  урдаас ачаа бараа орж ирэхгүй байна, машин тэрэг гаргаад өгөөч гэж ярьсан, 2-3 өдөр яриад байхаар нь би хүнээс асууя гэж хэлсэн юм. Миний хувьд Замын-Үүд суманд олон жил ажиллаж амьдарсных нүүрний буян бас байна. Ингээд эхний машиныг нь өөрийнхөө машины оронд оруулаад гаргасан. Миний данс руу 12,000,000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл жолооч нь ээлж дарааллаараа орсон гэж хэлээд түүнээс болж мөнгө төгрөгөө авна гэсэн. Би энэ хүнээс авсан мөнгөнийхөө 8,000,000 төгрөгийг Мөнхзул гэж хүн рүү шилжүүлсэн. Хүнд тусалъя гэж ярьснаараа би буруутаж байгаа юм. Буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож байгаа. А , Ц  нарт 6,000,000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 6,000,000 төгрөгийг 7 сараас эхлэн сар бүрийн 20 гэхэд 1,000,000 төгрөгөөр төлж барагдуулна гэж тохирсон байгаа” гэсэн мэдүүлэг

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03/

2021 оны 04 сарын 20-ны өдөр  Ч.Ө   ХААН банк дахь 53....тоот данс руу  2 удаагийн гүйлгээгээр  тус бүр 6,000,000 төгрөг нийт 12,000,000 төгрөгийг “ amara” гэж шилжүүлсэн  ХААН банкны  депозит дансны  дэлгэрэнгүй хуулга  /хх-ийн 33/

                      

Ч , Чимэдийн Ц нарын ХААН банк дахь  5015003351 тоот данснаас 5374392653 тоот данс  руу 2021 оны 04 сарын 20-ны өдөр нийт 12,000,000 төгрөг шилжүүлсэн ХААН банкны депозит  дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 48/

 

-Хохирогч Ч.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би хүнсний ногоо, жимс жимсгэнийн импортын худалдаа, хадгалах борлуулалтын бизнес хийдэг. 2021 оны 04 дүгээр сард БНХАУ-аас ачаагаа оруулж чадахгүй бөглөрөл үүссэн үед ачаагаа оруулах арга хайж байх үед манай Барс зах дээр хамт ажилладаг нэг хүн над руу яриад чи ачаагаа оруулж чадсан уу, ачаа оруулдаг хүн байна. Чи утсыг нь авах уу гэсэн. Ингээд надад 99119446 гэсэн дугаар надад өгсөн түүгээр нь залгахад нэг эмэгтэй аваад машиныг ямар ч асуудалгүй оочиргүй найдвартай урагш нь гаргана гэж хэлсэн. Тэгээд харилцан тохиролцоод нэг машиныг 6,000,000 төгрөгөөр гаргахаар болсон. Гэсэн ч удалгүй 2 машин гаргаад өгье чи надад 12,000,000 төгрөг нэг мөсөн шилжүүлчих гээд өөрийнхөө 5374392653 тоот Ч.Ө  гэсэн дансыг надад өгсөн. Би тэр дансаар нь 12,000,000 төгрөгийг 2 хуваан түүнд шилжүүлэн өгсөн. Миний машиныг оочир дугааргүй Эрээн рүү гаргаж өгнө гэсэн боловч одоохон гэсээр 14 хоног орчим болоод тэр хооронд манай машин өөрийнхөө оочроор хэний ч туслалцаагүйгээр орчихсон. Тэгээд нөгөө эмэгтэйгээс өгсөн мөнгөө авъя гэхэд чиний хоёр машиныг би оруулсан гэж хэлээд надад мөнгө буцаан өгөөгүй. Би аргаа бараад нэг машины мөнгийг ч гэсэн хамаагүй буцаагаад өгчих өө гэж хэлээд мөн л өгөөгүй. Ингээд л цагдаад гомдол гаргасан. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 136-137/

-Хохирогч Ч.Ц  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “50150003351 тоот дансыг би төрсөн дүү  Амаржаргалын хамтаар эзэмшдэг. Би БНХАУ-аас бараа бүтээгдэхүүн аваад Монгол Улс руу оруулж ирээд би хувиараа авто машин оруулж ирдэг ажилтай юм. Би барс захад үйл ажиллагаа явуулдаг хүмүүсээс Замын-Үүдээр авто машин оруулдаг таньдаг хүн байна уу? гээд асуусан чинь надаа Өлзийтогтохын 99119446 дугаарыг надаа өгсөн. Би барс зах дээр надаа дугаар өгсөн хүний нэрийг санахгүй байна. Ингээд би 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Өлзийтогтох гэдэг хүнтэй миний төрсөн дүү Амаржаргал энэ утсаар яриад 2 автомашин оруулаад өгөөч гэж хэлсэн чинь нэг авто машиныг 6.000.000 төгрөгөөр тооцоод нийт 12.000.000 төгрөг болно гэж хэлсэн байсан. Ингээд дүү Амаржаргал 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Өлзийтогтох гэдэг хүний 5374392653 тоот дансруу 12.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хэлсэн 2 авто машинаа оруулах гэтэл ороогүй. Харин оочирлож байсан манай 2 авто машин өөрсдөө оочроороо яваад орсон. Тэгээд манай жолооч Банзрагч дүү Амаржаргал руу залгаад та бид нарыг оочиргүй оруулна гэж хүнд 12.000.000 төгрөг өгсөн мөнгө буцааж аваарай, бид нар өөрсдөө яваад орсон шүү гэж хэлэхээр нь Амаржаргал Өлзийтогтохтой утсаар яриад өгсөн мөнгө буцааж авъя, өөрсдөө оочроороо орсон гэж хэлсэн чинь, таны өгсөн мөнгийг би 94492929 гэдэг дугаартай хүнд өгсөн. Одоо надаа ямар ч хамаагүй та нар энэ дугаарын хүнтэй яриарай танай машиныг бид нар оруулсан гэж хэлэхээр нь юу яриад байгаа юм бэ? Одоо тийм юм байхгүй. Та нарыг дахиж Замын-Үүдэд машин явуулахыг чинь харна гэх мэтээр утсаар айлгаад байсан..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 129-131/

Гэрч Д.Б  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тухайн үед буюу өнгөрсөн 4 дүгээр сард “Астелла Увс” ХХК-иас 2 тээврийн хэрэгсэл БНХАУ-ын Эрээн хот руу ногоонд гарахаар болсон ба Цэцэгсүрэн тухайн үед надад утсаар хэлэхдээ “Дараалалд байгаа 2 тээврийн хэрэгслийг дараалал харгалзахгүйгээр гаргаж магадгүй шүү” гэж надад хэлсэн. Тухайн үед Волво маркийн 62-77 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, нөгөө тээврийн хэрэгслийн улсын дугаарыг нь санахгүй байна, бас л Волво маркийн тээврийн хэрэгсэл байсан. Тэгээд Цэцэгсүрэн над руу 2 өдөр тухайн 2 тээврийн хэрэгслийг дараалал харгалзахгүйгээр гаргасан уу гэж асууж байсан ба уг 2 тээврийн хэрэгсэл оочир дарааллын дагуу Цэцэгсүрэнг ярьснаас хойш 3 хоногийн дараа гарсан. Тэгэхэд Цэцэгсүрэн нь надтай дахин утсаар яриад дараалал харгалзахгүй оруулсан юм биш үү гэж надаас асуухаар нь би түүнд хандан дараалал харгалзахгүй оруулаагүй, дарааллын дагуу орсон гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/

-Гэрч Л.М  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилээр 2021 оны 04 дүгээр сард өдөр бүр ногооны 15 тээврийн хэрэгсэл тусдаа оочир дарааллын дагуу Хилээр гарч байсан үе байгаа юм. 2021 оны 04 дүгээр сард Цэцэгсүрэнгийн дүү Амаржаргалын билүү, компанийх нь билүү Волво маркийн 62-77 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ногоо ачих гээд оочир дарааллын дагуу зогсож байгаад зохих дарааллын дагуу гарсан. Тэгэхэд Цэцэгсүрэн нь надаас дарааллын дагуу гарсан юм уу, аль эсхүл дараалал харгалзахгүй гарсан юм уу гэхэд би түүнд хандан дарааллын дагуу гарсан гэж хэлсэн. Мөн удалгүй Цэцэгсүрэнгийн ногоонд явдаг Волво маркийн 71-41 серийг нь санахгүй байна/ улсын дугаартай тээврийн хэрэгсэл оочирлож байхад Цэцэгсүрэн над руу яриад нэг хүнд тус тээврийн хэрэгслийн түлхүүрийг нь өгчих гэхэд би цонхоороо шидэж өгсөн ба 2-3 хоног хаана тус тээврийн хэрэгслийг байлгасан нь мэдэгдэхгүй байж байгаад буцаагаад оочирлож байсан газар нь тавьсан байсан. Тэгээд дээрх тээврийн хэрэгсэл оочир дарааллын дагуу гарах гээд байсан боловч машины түлхүүр байхгүй байсан учир тэр хүнтэй нь утсаар холбогдож байгаад түлхүүрээ авахаар болоход нэг эмэгтэй ирж машины түлхүүрийг нь өгсөн. Ерөнхийдөө бол тухайн 2 тээврийн хэрэгсэл оочир дарааллын дагуу зогсож байгаад хилээр гарсан ба дараалал харгалзахгүй хилээр нэвтэрсэн асуудал байхгүй. Тухайн үед Цэцэгсүрэн надад хэлэхдээ 6,0 сая төгрөг өгсөн гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/

-Гэрч С.М  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би Өлзийтогтох гэх хүнээс тухайн үед өөрийн дүү Мөнхтөгөлдөрийн дансаар 8,0 сая төгрөгийн өрөө авсан юм. Өлзийтогтох эгч манай Төгөлдөр /94492929/ гэх найзад урьд өмнө 2 сая төгрөгийн өртэй байсан ба мөнгөө өгсөн. Өлзийтогтох эгч бид хоёр 2020 оны 7 дугаар сард Дорноговь аймгийн Даланжаргалан суманд газар шорооны ажил хийж түүнийгээ баяжуулах үйлдвэрт өгсөн ба тухайн 800 тонн шорооноос ашиг олоод Адъяа гэх хүнээс зээлсэн 20,0 сая төгрөгийг Адъяа гэх хүнд өгөөрэй гэж Өлзийтогтох эгчид хэлж байсан. Цаад баяжуулах үйлдвэрээс 100 гаруй сая төгрөг авах ёстой байснаас нөгөө үйлдвэр нь 20,0 сая төгрөг өгсөн гэж Өлзийтогтох эгч надад хэлсэн. Би урьд өмнө Адъяагаас 20,0 сая төгрөг зээлсэн байсан ба Өлзийтогтох эгчээс би дүүдээ 6,0 сая өгтчихөөрэй гэж хэлсэн. Тэгээд Төгөлдөрийн 2,0 сая өөрийн 6,0 сая нийт 8,0 сая төгрөг Өлзийтогтох эгчээс авсан ба ямар учраас машин гэх гүйлгээний утгаар хийсэн болохыг мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/

-Гэрч Л.Оюунсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Иргэн Ч.Өлзийтогтох, С.Мөнхзул гэх хүмүүсийг танихгүй. Анх 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын хил нээгдэж 20 тээврийн хэрэгсэл БНХАУ-руу гарахаар болсон. Мөн 2021 оны 04 дүгээр сард хил нээгдэх болсон тул чөлөөт бүсийн хашааны гадна байсан тээврийн хэрэгслүүдийг ирсэн дарааллаар нь Хилийн цэргийн 0108 дугаар анги, Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулдаг тээврийн холбоодууд дарааллын дагуу бүртгэн авч баталгаажуулдаг байсан. АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбар чөлөөт бүс рүү тээврийн хэрэгслүүд ороход нь хяналт тавьж ажиллаж байсан. Тэрнээс биш ямар нэг иргэн хүн дараалал харгалзахгүй тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэх боломжгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 151/

Шүүгдэгч Ч.Ө  “эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах” гэсэн хуудас  / хх-ийн 176-177/ 

 

Шүүгдэгч Ч.Ө  /РД: / регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 185/

 

Шүүгдэгч Ч.Ө  5374392653 тоот данснаас 5015306888 тоот данс руу 6,000,000 төгрөг шилжүүлсэн тухай депозит дансны хуулга /хх-ийн 190/

 

            Хохирогч Ч.Ц  шүүхэд өгсөн “ Миний бие нь Чойжамцын  Өлзийтогтохоос 12,000,000 төгрөг авах ёстойгоос 2021 оны 01 сарын 20-нд 5015306888 дансаар 6,000,000 төгрөг авч, одоо үлдэгдэл  төлбөрөө 2022 оны 07 сарын 01-нээс эхлэн  сар бүр 20-ны дотор 1,000,000 төгрөгөөр авч байхаар тохиролцов” гэсэн тодорхойлолт  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:

 

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд шүүгдэгч Ч.Ө  нь  2021 оны 04 дүгээр сард Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн боомтоор БНХАУлс руу нэвтрэх олон улсын тээвэр хийх 2 тээврийн хэрэгслийг дараалалгүйгээр хилээр нэвтрүүлж өгнө гэж иргэн Ч.А , Ч.Ц  нарыг хуурч, Хаан банкны 5374392653 дугаарын дансаар 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нийт 2 удаагийн гүйлгээгээр тус бүр 6,000,000 төгрөгийг хохирогч Ч.Ц , Ч.А  нараас шилжүүлэн авсан үйл баримт болжээ.

 

Тухайн үед буюу шүүгдэгч Ч.Ө , хохирогч Ч.А , Ч.Ц  нарын хооронд улсын хилээр тээврийн хэрэгслийг дараалалгүй нэвтрүүлэх талаар ярилцан тохирч байхад Монгол Улсад Ковид-19 өвчин тархсантай холбоотойгоор тээврийн хэрэгслийг хязгаартайгаар боомтоор нэвтрүүлэх, тээврийн хэрэгслүүдийг ирсэн дарааллын дагуу бүртгэх, түүнд  хяналт тавих ажлыг Хилийн 0108 дугаар анги, Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд дэх салбар, Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулдаг тээврийн холбоо хариуцан явуулж байсан, эдгээр хяналтгүйгээр хилээр тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжгүй бодит нөхцөл байдал үйлчилж байсан талаар гэрч Л.Оюунсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн /хх-ийн 151/ байна.

 

Гэтэл шүүгдэгч Ч.Ө  нь  өөрөө  тээврийн хэрэгслийг дараалалгүй улсын хилээр нэвтрүүлэх эрх бүхий этгээд биш байхаас гадна дээрх үүссэн нөхцөл байдлыг өөр хэлбэрээр буюу бусдаас мөнгө авч дарааллын урдуур тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэх боломжтой мэт ойлгуулан хохирогч нараас 12,000,000 төгрөгийг буюу бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан байгааг үүссэн бодит нөхцөл байдлыг нуух замаар төөрөгдүүлсэн гэж үзэх юм.

 

Түүнчлэн бусдын өмчлөл, эзэмшилд байгаа хөрөнгө гэж Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасан “ аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө” гэх бөгөөд шүүгдэгчийн хувьд хохирогч нарын өмчлөлд байсан мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан байгаа нь дээрх хуулийн зохицуулалт байгаа хөрөнгөд хамаарах юм.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар  бусдыг төрөгдөлд оруулж, өмчлөгчийн  эд хөрөнгийг  шилжүүлэх авч, залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Ө-ын дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ч.А  /хх-ийн 136-137/, Ч.Цэцэгсүрэн /хх-ийн 129-131/ нарын шүүгдэгч Ч.Ө-той тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх талаар хэрхэн яаж тохирсон, мөнгө шилжүүлсэн тухайгаа мэдүүлсэн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,

-гэрч Л.О , Д.Б , Л.М  нарын тухайн үед хилээр  тээврийн хэрэгсэл хэрхэн нэвтэрсэн, аль байгууллага хяналт тавьж байсан, дараалалгүйгээр тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжгүй байсан талаар мэдүүлсэн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,

-2021 оны 04 сарын 20-ны өдөр  Ч.Ө-ын  ХААН банк дахь 5374392653 тоот данс руу  2 удаагийн гүйлгээгээр  тус бүр 6,000,000 төгрөг нийт 12,000,000 төгрөгийг “amara” гэж шилжүүлсэн  ХААН банкны депозит дансны  дэлгэрэнгүй хуулга  /хх-ийн 33/

-Ч.А, Ч.Ц  нарын ХААН банк дахь  5015003351 тоот данснаас 5374392653 тоот данс  руу 2021 оны 04 сарын 20-ны өдөр нийт 12,000,000 төгрөг шилжүүлсэн ХААН банкны депозит  дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 48/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирлын хувьд:      

Шүүгдэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр хохирогч Ч.Ц , Ч.А  нарт 6,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 6,000,000 төгрөгийг 2022 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүрийн 20-ны дотор 1,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцсон  зэрэг нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ц.Ц-ийн шүүхэд өгсөн “ Миний бие нь Ч. Ө-оос 12,000,000 төгрөг авах ёстойгоос 2021 оны 01 сарын 20-нд 5015306888 дансаар 6,000,000 төгрөг авч, одоо үлдэгдэл  төлбөрөө 2022 оны 07 сарын 01-нээс эхлэн  сар бүр 20-ны дотор 1,000,000 төгрөгөөр авч байхаар тохиролцов” гэсэн тодорхойлолт  зэргээр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгчээс 6,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Ц , Ч.А  нарт олгох нь зүйтэй байна.

                                                                                                    

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

 

Шүүгдэгч нь хохирогч нарт учирсан 12,000,000 төгрөгөөс 6,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх 6,000,000 төгрөгийг тодорхой хугацаанд нөхөн  төлөхөө илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй байна.

 

Түүнчлэн шүүгдэгч Ш.Ө-ын үйлдэл нь 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн  24 цааг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан  гэмт хэрэг байна.

 

Иймд Өршөөл Үзүүлэх Тухай 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан журмын дагуу нэг жилийн хугацаагаар тэнссэн хугацааг  өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Ө нь хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Е овогт Ч.Ө   /РД: /-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан зааснаар бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч  залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч. Ө-д хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Ч.Ө  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар шүүгдэгч Ч.Ө-д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нэг жилийн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Ч.Ө-с 6,000,000 /зургаан сая/ төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Ц н, Ч.А  нарт  олгосугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ө-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                       

 

                                                                                                                            

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.ЦЭРЭНХАНД