Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2019/ДШМ/13

 

 

 

 

 

 

 

 

 

Хорих ял эдлэх дэглэмийг хүндрүүлэх

эсэх асуудлыг хэлэлцсэн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Д.Батмөнх,

            хоригдол Б.Ч,

            нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 145 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хоригдол Б.Ч-ын давж заалдах гомдлоор түүнд холбогдох хорих ял эдлэх дэглэм, зэрэглэлийг солих тухай прокурорын дүгнэлттэй материалыг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Х овгийн Б-ын Ч, 1981 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Төв аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Төв аймгийн Борнуур сум, Нарт багийн Шар чулуут гэдэг газар оршин суух бүртгэлтэй, одоо хорих 409 дүгээр ангид хорих ял эдэлж байгаа,

            Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 450 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

            Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 249 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

            Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 5 хоногийн хорих ял шийтгэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Чд энэ тогтоолоор оногдуулсан 3 жил 5 хоногийн хорих ял дээр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 249 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 10 хоногийн хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн нийт 3 жил 6 cap 5 хоног хорих ялаар шийтгүүлсэн;

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 206.2 дахь хэсэгт зааснаар хоригдол Б.Ч-ын эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 10 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Хоригдол Б.Ч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие тус ангид ял эдэлж байхдаа М.Амартүвшинтэй зурагтын асуудлаас болж маргаж байсан. Намайг олны өмнө илтээр дээрэлхэж “ална” гэж айлган сүрдүүлсэн тул өөрийгөө хамгаалан нэг удаа цохисон. Үүний улмаас, зөрчлийн акт бичигдэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэрээр дэглэм, зэрэглэлийг хүндрүүлж, хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

            Миний бие хоригдол М.Амартүвшиний талаар хорих ангийн албан хаагч болон удирдах албаны хүмүүст удаа дараа хэлж, мэдэгдсэн боловч М.Амартүвшин нь дахин ёс зүйгүй үйлдэл гаргасаар ийм байдалд хүртэл хэл амаар доромжилсон.

            Уг асуудал болохоос 5 сарын өмнөөс намайг ийм байдалд орохоор хэмжээний асуудлыг хоригдол М.Амартүвшин нь үүсгэж эхэлсэн.

            Би хорих байгууллагын удирдлагуудын тавьсан шаардлагыг биелүүлж, шоронгоос гарч, эхнэр, хүүхдүүдээ очих чин хүсэлтэй. Гэвч бусдын санаатайгаар ч байж болохоор гэмт үйлдлийн улмаас засаршгүй гэмт хэрэгтэн мэт ойлгогдохоор дэглэм, зэрэглэл хүндрүүлэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Маргаан өдөөж, бусдыг зөрчил үйлдэхэд өдөөн хатгасан идэвхтэй үйлдэл гаргасан байхад намайг яллан хорьж байгаад гомдолтой байгаа тул хэргийг дахин шалгаж, үнэн зөвийг тодруулж өгнө үү.” гэв.

            Прокурор Д.Батмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хоригдол Б.Ч нь хорих ангид ял эдэлж байх хугацаандаа 2 удаагийн сахилгын зөрчил гаргасан. 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн В27 дугаартай тушаал дээр бусад хоригдолтой маргаан үүсгэж, ёс бус үг хэрэглэсэн гэх боловч хоригдол Даваадоржийн биед халдсан үйлдэл гаргасан байдаг.

            Мөн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн В12 дугаартай тушаал дээр хоригдол Амартүвшинтэй маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж өмнө гаргаж байсан зөрчлөө давтан гаргасан гэсэн байдаг. Уг үйлдэлдээ дүгнэлт хийхгүй, хорих ангийн дотоод журмыг зөрчиж, 2 удаагийн үйлдлээр бусдын биед халдсан зөрчилд нь хорих ангийн Арга зүйн зөвлөлөөс хорих ангийн дэглэмийг өөрчлөх тухай саналыг прокурорт гаргасны дагуу дүгнэлт үйлдэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн. Хоригдол Б.Ч-ын гаргасан үйлдлийг үндэслэн дэглэм өөрчилж шийдвэрлүүлэхээр бичсэн прокурорын дүгнэлт болон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 206 дугаар зүйлийн 206.2-т “Хорих ангийн дэглэмийг өөрчлөх асуудлыг энэ хуулийн 224.2-т заасан зөвлөл саналаа прокурорт гаргаж, прокурор үндэслэлтэй гэж үзвэл дүгнэлт үйлдэн шүүхэд хүргүүлэн шийдвэрлүүлэх бөгөөд хорих ангийн зэрэглэлийг өөрчлөх асуудлыг энэ хуулийн 224.2-т заасан зөвлөлийн саналыг үндэслэн прокурор шийдвэрлэнэ.” гэж заажээ. Үүнээс үзвэл хорих ангийн дэглэм өөрчлөх асуудлыг шүүх, зэрэглэл өөрчлөх асуудлыг прокурор шийдвэрлэхээр зохицуулжээ.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 206 дугаар зүйлийн 206.3-т “Хоригдлын ял эдлэх хорих ангийн дэглэм, зэрэглэлийг өөрчлөх болон хорих ангийг солих тухай санал гаргах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Улсын ерөнхий прокурортой хамтран батална.” гэж заасан. Уг журмыг хэрэглэсэн талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй байна.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 206 дугаар зүйлийн 206.8-д “Хоригдол 1 жилийн хугацаанд хоёр, түүнээс дээш удаа сахилгын зөрчил гаргасан, эсхүл сахилгын ноцтой зөрчил гаргасан тохиолдолд зөвлөл нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлээс тусгай зэрэглэлд, хаалттай хорих ангийн энгийн зэрэглэлээс тусгай зэрэглэлд, тусгай зэрэглэлээс тусгай нэгжид зэрэглэл хүндрүүлэн шилжүүлэх саналаа прокурорт гаргаж, прокурор 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.” гэж заасан байна.

            Дээрх хуулийн заалтаас үзэхэд хоригдол Б.Ч нь 1 жилийн дотор 2 удаа гаргасан сахилгын зөрчил нь хорих ангийн дэглэм өөрчлөх биш, зэрэглэл өөрчлөх нөхцөлд хамаарах бөгөөд прокурор хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Иймд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 145 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хоригдол Б.Чд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн материалыг прокурорт буцааж шийдвэрлэлээ.

            Хоригдол Б.Ч-ын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 145 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хоригдол Б.Чд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн материалыг прокурорт буцаасугай.

            2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                                                    Д.МЯГМАРЖАВ

                                    ШҮҮГЧ                                                                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ