Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 221/2023/0002/З |
Дугаар | 221/МА2023/0652 |
Огноо | 2023-10-26 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2023/0652
“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, Б.Б
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Ж” ХХК
Хариуцагч Х аймгийн Д сумын Засаг дарга
Гуравдагч этгээд “Х” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: Х аймгийн Д сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/** дугаар захирамжийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 127/ШШ2023/0027 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Л
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э
Хэргийн индекс:127/2023/0002/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ж” ХХК нь Х аймгийн Д сумын засаг дарга Ж.Э-д холбогдуулан “Х аймгийн Д сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/** дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 127/ШШ2023/0027 дугаар шийдвэрээр: “3ахиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.4, 46 дугаар зүйлийн 46.1, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 60 дугаар зүйлийн 60.1.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.23 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х аймгийн Д сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/** дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, Б.Б нар давж заалдах гомдол гаргасан. Үүнд:
1. “... Маргаан бүхий актаар иргэний эрх зүйн маргааныг зохицуулсан тул хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухайд: Манай компани 2007 оноос уурхай дээр барилгын ажил эхлүүлж 2010 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 9 дугаар “Уурхай болон уулын үйлдвэрийг ашиглалтад хүлээн авах улсын комиссын акт”-аар төмрийн хүдрийн ил уурхай, хөрсний овоолго, баяжуулах үйлдвэр, ахуйн барилга байгууламж зэрэг одоо давхацсан гэх эд хөрөнгүүдийг улсын комисст хүлээлгэн өгсөн. Ингэснээр тэдгээр үл хөдлөх хөрөнгө нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.” гэж заасны дагуу манай компанийн өмч болсон. Мөн бид тухайн үед хянан баталгааны дагуу илүү гаргасан газрыг эзэмших, ашиглах хүсэлтийг холбогдох төрийн байгууллагад гаргасан /2хх-15 талд/. Төрийн байгууллагаас хиргисүүр бүхий, соёлын өвийн газрыг бусдад эзэмшүүлж, ашиглуулахгүй гэсэн боловч 2016 онд манай өмчийн барилгыг дайруулан М ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Ийнхүү 2016 оноос “М” ХХК-тай харилцан тохиролцож, аливаа маргаангүйгээр 2021 он хүртэл 2 тал хэвийн үйл ажиллагаагаа явуулж байснаас үзвэл манай компани тус газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглаж байсан нь тогтоогдож байна. Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Газар эзэмшигч, ашиглагч болон уг газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахаар шаардаж буй этгээдийн хооронд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх үүснэ. Тухайн газрыг эзэмших, ашиглах эрх өөр этгээдэд шилжихэд газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах бусдын эрх хадгалагдана.” гэж заасны дагуу манай компанид газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх үүссэн, энэ нь “Х” ХХК-д газар шилжсэн ч хадгалагдан үлдэхээр хуульчилсан байна.
Мөн Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д “Газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахтай холбогдон үүссэн маргааныг энэ хуулийн 60.1.4-т заасны дагуу шийдвэрлэнэ.”, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-т “бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах талаар болон газартай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүх”-ээр шийдвэрлүүлэхээр, 1хх-182 талд авагдсан 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтны даалгавар” гэх албан бичиг, 1 хх-191 талд авагдсан 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01/947 дугаар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын албан бичгүүдээр тус асуудал нь Иргэний хууль, Газрын тухай хуулийн дагуу шийдвэрлэх харилцаа болохыг дурджээ.
Иймд Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-т заасан иргэний шүүхийн харьяаллын асуудлыг зохицуулан хариуцагчаас захиргааны акт гаргасан нь хууль бус байна.
Гэтэл анхан шатны шүүхээс Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасныг үндэслэсэн хэргийг шийдвэрлэхдээ маргаан бүхий актын зохицуулсан харилцаа нь яагаад иргэний эрх зүйн харилцаа биш болох, яагаад нийтийн эрх зүйн харилцаа болох талаар нэг ч дурдаагүй, “Үндэслэх” хэсэгт тус асуудлаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй учир тус шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй болно.
2. Маргаан бүхий актыг Газрын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.2-т заасныг үндэслэн гаргасан нь хууль бус тухайд: Иргэний эрх зүйн харилцааг зохицуулсан нь маргаан бүхий актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-г үндэслэн нь хууль бус бөгөөд Газрын тухай хуулиар цагдаагийн байгууллагад олгогдсон үүргийг Дархан сумын Засаг дарга өмнөөс нь хэрэгжүүлэхээр аливаа байдлаар шийдвэр гаргаж буй нь үндэслэлгүй. Маргаан бүхий акт нь цагдаагийн байгууллага Газрын тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлж буй шийдвэр биш тул Газрын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.2-д заасныг үндэслэн Засаг даргаас захиргааны акт гаргасан нь захиргааны актын эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн байх материаллаг эрх зүйн шаардлагыг хангаагүй байна. Цаашлаад хуульд заасан урьдчилсан нөхцөл болох цагдаагийн байгууллагаас Газрын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-т заасан үүргээ хэрэгжүүлэх талаар хариуцагчаас аливаа шийдвэр гаргаагүй зэрэг нь тус маргаан бүхий актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүхээс тус асуудлаар шийдвэрт аливаа байдлаар дүгнэлт хийгээгүй хэдий ч нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
3.Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны тухайд: Маргаан бүхий актыг гаргахаас өмнө сонсох ажиллагааг, гаргасны дараах мэдэгдэх ажиллагааг огт хийгээгүй учир формаль эрх зүйн шаардлагыг хангаагүй тус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
а) Сонсох ажиллагаа явуулаагүй тухайд: Гэтэл хариуцагчаас сонсох ажиллагаа хийсэн талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн асуусан асуултад сонсох ажиллагаа хийгээгүй болохоо нотлон хариулсан зэргээр сонсох ажиллагааг огт хийгээгүй нөхцөл байдал тогтоогдсон. Хуульд заасан сонсох ажиллагааг явуулаагүй тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү.
b) Захиргааны актын мэдэгдэх ажиллагааг хийгээгүй тухайд: Шүүхээс хариуцагчийн хариу тайлбарт үндэслэн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.4, тус хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т заасны дагуу захиргааны актыг хуульд заасан журмын дагуу, албан ёсоор гардуулсныг мэдэгдсэнд тооцно гэж дүгнэснийг хууль бус гэж үзэж байна. Учир нь тус хуулийн заалтуудаар маргаан бүхий актыг хуульд заасан журмын дагуу “Ж” ХХК-д гардуулсан байх, маргаан бүхий актыг гардан авлаа гэж хаяглагдсан этгээд гарын үсэг зурсан байх зэрэг урьдчилсан нөхцөлийг хангаагүй байтал тус хуулийн заалтад нийцсэн хариу тайлбар ирүүлсэн гэж үзсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий гарсан байх шаардлагад нийцээгүй. Шүүх маргаан бүхий актын сонсох, мэдэгдэх ажиллагааг хэрхэн явуулсан талаар нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх ёстой байхад Засаг даргын гаргасан захиргааны актыг Мэргэжлийн хяналтын байгууллагын албан даалгавартай танилцсантай адилтгаж, хариуцагчийн тайлбар хуульд нийцсэн зэргээр дүгнэлт хийсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.
Мөн маргаан бүхий актыг үндэслэсэн Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн газрын хяналтын улсын байцаагч Б.Д-ийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн албан даалгавар гэх албан бичиг огтоос байхгүй агуулга тодорхойгүй хэлбэрийн шаардлага хангаагүй байдаг. Хэрвээ 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн албан даалгавар гэж үзвэл тус газартай холбоотой маргааныг Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-т зааснаар хянан шийдвэрлүүлнэ үү гэсэн байдаг.
Иймд “Үндэслэх” хэсэгтээ хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн болохоо тусгаагүй Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 127/ШШ2023/0027 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдааны талаар
1.Хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон гомдол гаргах эрхийг хангаагүй нь хууль бус тухайд: 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Нотлох баримт шүүхийн журмаар гаргуулах, Шинжээч томилуулах тухай” хүсэлтүүдийг гарган шүүхээс шинжээчид тавьсан асуултын хүрээнд Ашиг малтмал газрын тосны газраас тодруулга авахаар болсон хэдий ч 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 127/Ш32023/0080 дугаартай шүүгчийн захирамжийг 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гардан авахад тус асуудлыг огт тусгаагүй байдаг. Иймд бид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-т заасныг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, тус хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д тус тус заасныг үндэслэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд Хэнтий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 127/Ш32023/0080 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан хэдий ч анхан шатны шүүхээс бидэнд тус гомдлыг буцаасан албан бичиг ирүүлж нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон гомдол гаргах эрхийг ноцтой зөрчсөн, анхан шатны шүүгч өөрийн эрх хэмжээнд үл хамаарах асуудлаар албан бичиг гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон. Мөн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаан дээр Х аймгийн Д сумын ЗДТГ-аас гаргуулах нотлох баримтыг хариуцагчийн “...манайд эдгээр нь байхгүй” гэсэн тайлбар, үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзсан нь үндэслэлгүй байсан.
2.Гуравдагч этгээдээс бие даасан шаардлага гаргасан эсэх ойлгомжгүй нөхцөл байдлын тухайд: Хавтас хэрэгт бие даасан шаардлага гэсэн гарчигтай 2 агуулга бүхий гуравдагч этгээдийн баримт бичиг байсан хэдий ч үүнийг агуулгын болон хэлбэрийн шаардлагын хувьд шүүхэд гаргасан бие даасан шаардлага /нэхэмжлэл/ гэж үзэхээргүй байсан тул нэхэмжлэгчийн зүгээс бие даасан шаардлага гараагүй гэж үзэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан.
Иймд нэхэмжлэгчийн зүгээс гуравдагч этгээд бие даасан шаардлага гаргаагүй гэж үзэж байхад шүүгч шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, зохигчдоос тайлбар авсан. Ийнхүү шүүхийн шийдвэрийн 23 дугаар талд гуравдагч этгээдээс “Бие даасан шаардлага" гаргажээ., “Гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан бие даасан шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр хариуцагч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт танилцуулж тэдгээрээс тайлбар авч, шүүх тухайн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй" гэсэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг зөрчсөн. Учир нь хавтас хэрэгт авагдсан баримтаар “Ж” ХХК-аас 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан нэг нэхэмжлэл, 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн үйл баримт тогтоогдоно. Бие даасан шаардлагын хувьд шүүх 7 хоногийн дотор хүлээн авах ёстой, хүлээн авсан бол зохигчдод гардуулах зэргээр аливаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах ёстой, гуравдагч этгээдээс ч шүүхийн тус эс үйлдэхүйд холбогдох гомдол гаргаагүй, анхнаасаа тус бие даасан шаардлага нь хуульд заасан бүрдүүлбэр, хэлбэрийг хангаагүй, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй зэрэг байхад шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн.
3.Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд: 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүхээс хүлээн авч хэргийн оролцогчдоос тайлбар авсан байдаг. Шүүхийн шийдвэрийн 22 талын 4 дүгээр цогцолборт “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарт шүүх хуралдаан дээр танилцуулаад, хариу тайлбарыг авч шүүхээс нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай хамааралгүй, тухайн маргааныг шийдвэрлэсний дараа нэхэмжлэгч нь энэ талаарх гомдлоо харьяалах шатны шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн” гэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.2-т заасныг тус тус зөрчсөн шүүхээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хуульд заагаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан, ийнхүү татгалзсан шийдвэрийг 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гардан авсан бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т заасныг зөрчсөн.
4.Хэргийн материалтай танилцаагүй тухайд: Нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Улаанбаатар хотод ажил үүргээ хэрэгжүүлдэг бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 08:43 минутад туслахтай утсаар холбогдоход шүүгчийн захирамжаар шаардсан Ашигт малтмал газрын тосны газрын нотлох баримт нь хэрэгт ирээгүй байсан тул цахим оролцогчийн хүсэлт гарган цахимаар хуралд оролцсон. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө 30 гаруй хуудас нотлох баримт шүүхэд очсон бөгөөд шүүхээс нэхэмжлэгчийн хэргийн материалтай танилцах эрхийг зөрчин, шинээр ирсэн нотлох баримттай танилцах боломжит хугацаа олгоогүй гэж үзэж байна. Тус баримтыг шүүх хуралдаан үргэлжилж байхад 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 16:07 минутад .............[email protected] хаягаар ирүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нь хэргийн материалд шинээр ирсэн нотлох баримттай танилцах зайлшгүй шаардлагатай бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хэргийг эцэслэн шийдвэрлэхэд нэхэмжлэгчийн шаардсан, шүүгчийн захирамжид дурдсан нотлох баримт мөн эсэх зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чухал ач холбогдолтой байдаг учраас шинээр ирсэн нотлох баримтыг хурлын дундуур танилцуулан нотлох баримт шинжлэн судлахад хэлэлцүүлсэн нь хууль бус байна.
Мөн шүүхийн шийдвэрт дурдсан СD бичлэгийг нотлох баримтаар бэхжүүлээгүй, хохирлын үнэлгээний “Мөнгөн марал” ХХК нь хуулийн дагуу тусгай зөвшөөрөлтэй эсэх нь хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хуулиар олгогдсон чиг үүрэгтэй эс хамаарах үндэслэлээр, Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон журмыг зөрчин, иргэний эрх зүйн харилцааг зохицуулж “Ж” ХХК-ийн эрх, хууль ёсны эрх ашгийг зөрчсөн Х аймгийн Д сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/** тоот захирамжийг хүчингүй болгож, дээр дурдсан захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийг арилгуулахаар гомдол гаргаж байна.
Иймд Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 127/ШШ2023/0027 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х аймгийн Д сумын Засаг даргад холбогдох, Х аймгийн Д сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/** дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас “Ж” ХХК-д 2007 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 67*** дугаартай, Х аймгийн Д сумын *** нэртэй газарт 59 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгож, Уурхайн болон уулын үйлдвэрийг ашиглалтад хүлээн авах улсын комиссын 2010 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн ** дугаартай актаар Дөрвөлжингийн төмрийн хүдрийн ил уурхай, хүдэр баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэхийг зөвшөөрчээ.
3. Нэхэмжлэгч “Ж” ХХК нь Х аймгийн Д сумын Засаг дарга Ж.Э-д 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “Газар эзэмших хугацаа сунгуулах тухай хүсэлт гаргаж, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/** дугаар захирамжаар Х аймгийн Д сумын Засаг дарга, Дархан сумын нутаг дэвсгэрт ашиглалтын М\/- 006**** лицензтэй үйл ажиллагаа явуулж байгаа “Ж” ХХК-ийн /5002****/ төмрийн хүдэр олборлох 57 га газрыг 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэсэн байна.
4. Ашигт малтмалын газраас “М” ХХК-д 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн XV-019**** дугаартай, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Дархан сумын **** нэртэй газарт 2338.53 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож, Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн **** дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийг “Х” ХХК-д шилжүүлжээ.
5. Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №003***** дугаар шийтгэлийн хуудсаар “...Х аймгийн Д сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Ж” ХХК нь “Х” ХХК-ийн хайгуулын лицензтэй талбайд зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.10, 10 дугаар зүйлийн 10.1-т заасныг үндэслэн “Ж” ХХК-ийг 5000 нэгж буюу 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
6. Улмаар Х аймгийн Д сумын Засаг дарга 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/** дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.12 дахь заалтууд болон Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Д-ийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн албан даалгаврыг үндэслэн Хэнтий аймгийн Дархан нутаг дэвсгэрт “Ж” ХХК нь газрыг зохих зөвшөөрөлгүйгээр ашиглаж хаягдлын овоолго үүсгэж пүү, харуулын байр, албан өрөө, ажилчдын байр барьсан болох нь тогтоогдсон байх тул 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо “шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсэгтээ захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн болохоо тусгаагүй” гэснийг хүлээн авах нь зүйтэй байна.
8. Маргаан бүхий Х аймгийн Д сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/** дугаар захирамжаар Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-ийг зөвшөөрөлгүй газар ашиглаж байгаа нь тогтоогдсон үндэслэлээр газар чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид хэрхэн нийцэж байгаа, нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл болох эрх хэмжээгүй этгээд газар чөлөөлөх шийдвэр гаргасан эсэх зэргээр актын хууль зүйн үндэслэлд анхан шатны шүүхийн шийдвэрээр дүгнэлт өгөөгүй нь үндэслэлгүй болжээ.
8.1 Хариуцагч Х аймгийн Д сумын Засаг даргын захирамжийн үндэслэлд дүгнэлт өгөөгүй хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт ... захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасантай нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, маргаан бүхий акт үндэслэлтэй эсэхэд анхан шатны шүүхийн тайлбарлаагүй үндэслэлийг давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх замаар хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй юм.
9. Гуравдагч этгээд “Х” ХХК нь 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 22 дугаартай албан бичгээр “... “Ж” ХХК нь Газрын тухай хуулийн 40, 44 дүгээр зүйлүүдэд заасныг ноцтой зөрчсөн байх тул Х аймгийн Д сумын Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Газар ашиглуулах гэрээг сунгах тухай” А/** дугаартай захирамжийг хүчингүй болгуулах”, “...Х аймгийн Д сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Газар чөлөөлүүлэх тухай” А/** дугаар захирамжийн хэрэгжилтийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 15 хоногийн дотор сайн дураараа биелүүлээгүй байх тул Х аймгийн Д сумын Засаг даргын 2022 оны А/** дугаар захирамжийн хэрэгжилтийг шүүхийн журмаар албадан гүйцэтгүүлэх” тухай бие даасан шаардлагыг гаргасан байна.
9.1 Анхан шатны шүүхээс “...Гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан бие даасан шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр хариуцагч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт танилцуулж тэдгээрээс тайлбар авч, шүүх тухайн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.” хэмээн шүүхийн шийдвэрт /Үндэслэх хэсгийн 2 дахь хэсэг/ дурдсан боловч нэхэмжлэгч талд бие даасан шаардлагыг гардуулаагүй, ямар үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан тухай дүгнэлт хийгээгүй, шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт бичигдээгүй зэрэг нь тухайн бие даасан шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан гэж үзэхээр байна.
10. “Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзахдаа холбогдох хуулийн заалтыг зөрчсөн, шинээр ирсэн нотлох баримттай танилцах боломжит хугацаа олгоогүй, шүүх хуралдааны явцад цахим шуудангаар хүлээн авч танилцсан” гэх давж заалдах гомдлын тухайд: Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батчимэгээс нэхэмжлэлийн шаардлагаа “...Бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. “Ж” ХХК нь 2010 оноос хойш 2022 оныг хүртэлх хугацаанд бидний тооцоолсноос 320.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна. Бид нараас илүү нэхэмжилж авсан учир энэхүү төлбөрийг гаргуулъя” гэж нэмэгдүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүх шүүхийн шийдвэртээ “... нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарт шүүх хуралдаан дээр танилцуулаад, хариу тайлбарыг авч шүүхээс нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай хамааралгүй, бичгээр ирүүлээгүй, тухайн маргааныг шийдвэрлэсний дараа нэхэмжлэгч нь энэ талаарх гомдлоо харьяалах шатны шүүхээр шийдвэрлүүлэх” гэх дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн гэжээ.
10.1 Хуульд заасан ямар үндэслэлээр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь тодорхойгүй, шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт тусгаагүй, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шийдвэрлээгүй нь үндэслэлгүй байна.
10.2 Нөгөө талаас нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхтэй боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлд заасан хугацааны дотор шүүх хэргийг хянан шийдвэрлэх тул хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам сахих, шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх зэргээр үүргээ хэрэгжүүлэн оролцох шаардлагатайг анхаарвал зохино.
11. Ашигт малтмал, газрын тосны газраас 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 11/**** дугаар албан бичгээр ирүүлсэн нотлох баримтыг шүүх 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, үүнийг нэхэмжлэгчид танилцуулсан баримт тэмдэглэгээ хэрэгт аваагдаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, тэмдэглэл, хуулбар хийх, тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох” гэж заасан эрхээ эдлэх боломжоор хангаагүй байна.
12. “Шинжээч томилуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхээр хангаагүй” гэх давж заалдах гомдлын тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасан шүүгчийн захирамжид гомдол гаргахаар зохицуулсан бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 127/ШЗ2023/0080 дугаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар дурдаж, албан бичгээр гомдлыг буцаасан нь хууль зөрчөөгүй байх тул энэ талаар гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримттай холбогдуулан маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд тайлбар дүгнэлт өгөх, гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг шийдвэрлээгүй бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнийг зөвтгөх замаар хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 127/ШШ2023/0027 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА