Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 113/ШШ2021/0004

 

Хариуцагч прокурорын дүгнэлтийг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганзориг би Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Аварзэдийн дүгнэлттэй, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч А.Батболдод холбогдох Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0134278 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий дүгнэлт (гомдол)-ээр захиргааны хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... торгуулийн арга хэмжээ авахдаа Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр... торгоно гэсэн заалтыг баримталж хэргийн материал бүрдүүлсэн боловч шийтгэлийн хуудсанд хуулийн заалтыг бичихдээ Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэж хуулийн заалтыг буруу хэрэглэсэн, огноог бичихдээ 02 дугаар сарын 07-ны өдрийг 01 дүгээр сарын 07-ны өдөр гэж андуурч бичсэн алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байна.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0134278 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож зөрчлийг арилгуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-д Захиргааны хэргийн шүүх ... прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Аварзэдийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 113/ШЗ2021/0017 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Аварзэдийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0134278 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч А.Батболд хүлээн зөвшөөрснөө 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр бичгээр шүүхэд гаргаж, илэрхийлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ..., Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан.

Иймд Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Аварзэдийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын улсын хяналтын байцаагч А.Батболд хүлээн зөвшөөрснөө шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Аварзэдийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 0134278 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын улсын хяналтын байцаагч А.Батболд хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу Говьсүмбэр аймгийн Прокурорын газар нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ