Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2016/0553

 

 “******* хас” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Г.Билгүүн, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Нарангэрэл, Н.Хишигжаргал нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 394 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “******* хас” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг Г.Билгүүн илтгэснээр хянан

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.2, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 38 дугаар зүйлийн 38.2, 38.3-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар захирамжийн “Эс Жи Би Юу” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо “Төв вокзал”-ын баруун талд орших 13775.1 м.кв газрыг “******* хас” ХХК-ийн эзэмшилд олгохыг даалгах “******* хас” ХХК-ийн захирал О.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “******* хас” ХХК-ийн төлөөлөгч О.******* давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 394 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хууль буруу хэрэглэн тайлбарласан, нотлох баримтыг дутуу үнэлсэн, ЗХХШТХ-ийг зөрчсөн гэдэг үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

  1. Шүүх хуралдааны явцад талууд уг маргаан бүхий газрыг Улаанбатар төмөр зам нийгэмлэг /УБТЗН/-ийн газар мөн эсэх талаар маргалдаж, мөн энэ асуудлаар иргэний шүүхэд маргаж байгаа талаар мэтгэлзэж, нэхэмжлэгч тал тухайн этгээдтэй байгуулсан гэрээний улмаас газар эзэмших эрхийн талаар төөрөлдсөн хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж байхад шүүх анхаарч үзээгүй. ЗХХШТХ-ийн 21-р зүйлд заагдсанаар УБТЗН-ийг гуравдагч этгээдээр татаж байсан.
  2. Гуравдагч этгээд нь ГТХ-д заагдсан журмыг зөрчин маргаан бүхий ГТХ-ийн 33.1.2 дахь хэсгийг зөрчин газрыг дуудлага худалдаанд оролцолгүйгээр авсан байхад шүүх хуулийг буруу тайлбарлан нотлох баримтуудын шалтгаант холбоог тодруулаагүй. Гуравдагч этгээдийн эзэмшилд байх газар нь Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарах газар байхад дүүргийн Засаг дарга иргэнд олгосон. Мөн иргэнээс хуулийн этгээдэд нэр шилжүүлэх хүсэлтээр шилжихдээ Нийслэлийн Засаг даргын захирамж болон агуулгын хувьд нэгмөр өөрчлөгдсөн байхад шүүх энэ талаар баримт бүрдүүлэх үүргээ биелүүгээгүй. ГТХ-ийн 40.1.6 дахь хэсгийг мөн зөрчсөн байхад анхаарч үзээгүй.

ИХ-ийн 104, 105 дахь заалт болон газар эзэмших хүсэлт гаргах эрхийн тухайд шүүх хууль буруу тайлбарласан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 394 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтуудыг дутуу бүрдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бүхий болж чадаагүй байна.  

“******* хас” ХХК-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар захирамжийн “Эс Жи Би Юу” ХХК-д холбогдох газрын 1000 м.кв хэсгийг хүчингүй болгож, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Төв вокзал”-ын баруун талд орших 13775.7 м.кв газрыг “******* хас” ХХК-ийн эзэмшилд олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Дээрх нэхэмжлэлийг шүүхэд гаргахад анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 407 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 90 дүгээр тогтоолоор “... нэхэмжлэгч газрын дуудлага худалдаанд давуу эрхээ эдлэн оролцох боломжоор хангаагүй гэх үндэслэлээр маргаж, “Эс Жи Би Юу” ХХК-д уг газрыг олгосон шийдвэрийг хүчингүй болгуулахаар хандсан байна. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5, 34.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэв” гэж дүгнэн дээрх захирамжийг хүчингүй болгосон.

Гэтэл анхан шатны шүүх “Эс Жи Би Юу” ХХК-д газар эзэмших эрхээ шилжүүлсэн Я.Сайнболд нь хэзээ, ямар үндэслэлээр уг газрыг эзэмших эрхийг олж авсан, Засаг дарга түүнд газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан журмыг баримталсан эсэхийг тодруулан шалгаагүй төдийгүй, анх Я.Сайнболдод газар эзэмших эрх олгосон гэх Засаг даргын 2004 оны захирамж хэрэгт авагдаагүй байна.

Нөгөөтэйгүүр Нийслэлийн Өмчийн харилцааны газраас “******* Хас” ХХК-ийн захирал О.*******д 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 5/8501 тоот албан бичгээр өгсөн хариунд “...Танай хүсэлт гаргасан байршил нь Монгол, Оросын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрээр Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт ашиглуулсан газартай давхцаж байна...” гэж дурдсан тэрчлэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь “******* Хас” ХХК-д дээрх уг газрыг гэрээний үндсэн дээр ашиглуулж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байхад Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй, тус нийгэмлэг нь уг газрыг эзэмших эрхээ улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулсан эсэх, баталгаажуулахаар хандсан эсэх талаар нотлох баримт цуглуулаагүй байна.

Түүнчлэн Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан “Төмөр замын зурвас газар”, 3.1.13-д заасан “Төмөр замын аюулгүйн бүс”-д дээрх маргаан бүхий газрууд нь хамаарч байгаа эсэхийг тогтоох зайлшгүй шаардлагатай юм.

Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 394 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                                Б.МӨНХТУЯА

          ШҮҮГЧ                                                                                     Д.БАТБААТАР

         ШҮҮГЧ                                                                                      Г.БИЛГҮҮН