| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2022/0059/Э |
| Дугаар | 63 |
| Огноо | 2022-06-28 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Д.Э |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 63
| 2022 06 28 | 2022/ШЦТ/63 | |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж
Нарийн бичгийн дарга М.Х
Улсын яллагч Д.Э
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.С
Шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын харьяат, 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, ээж, 2 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, .. дугаар баг, ... дугаар гудамж,.. тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Х овогт Н.М /РД:ЕЛ88101531/-д холбогдох эрүүгийн 2203001350238 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.М нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 12 цаг 20 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын шилжүүлэн ачих ангийн ачилтын /МЧ-3/ талбай дээр Норд Бенз маркийн 21-03 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон урагш хөдлөх үед тээврийн хэрэгслийн тэвшин дээр байсан чингэлэгтэй ачаа болох хавтан нурж унах үед уг хавтанг налан зогсож байсан Ц.Х-н дээрээс унаж улмаар түүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.М-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 12 цаг 30 минутын үед манай найз над руу яриад МЧ-3-ын хашаанд машин оруулаад вагонд ачаа ачихад ойртуулаад өгөөч гэж гуйхаар нь очсон. Ингээд 21-03 ДГС улсын дугаартай чингэлэг ачсан машиныг ачаа ачих талбай руу ойртуулж тавьсан. Жаахан зайтай тавихгүй бол хаалга нь онгойхооргүй харагдахаар нь 2-3-ын зайтай байрлуулчхаад тэнд байсан өөр нэг машин руу явчхаад буцаад 21-03 машин руугаа явахдаа ачааг вагон руу шилжүүлэн ачихад арай хол зогссон байна даа, машинаа тэгшлээд эргэж ухаръя гэж бодоод машиндаа сууж урагшаа дөнгөж хөдөлтөл ард түс гэх чимээ гарсан. Тэр дор нь машинаа зогсоогоод буугаад очиход хавтан нурчихсан, Х дарагдсан байсан. Намайг буцаад машин руугаа явах үед чингэлгийн хаалга онгойсон байсан. Тэр үед 20-30 метр алхаад чингэлгийн ар талыг харчихсан бол ийм асуудал үүсэхгүй байсан, их харамсаж байгаа. Болгоомжгүйгээр Х-н биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Эмчилгээний зардлыг төлж байгаа, цаашид төлөөд явна, бид байнга холбоотой байгаа. Прокуророос зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулна гэж байна. Би ээж, 2 хүүхдийн хамт амьдардаг, нэг нь миний төрсөн охин, нөгөөх нь манай дүүгийн хүүхэд байгаа юм. Ээж нь надад орхиод явсан, би багаас нь өсгөсөн. Би бусдын тээврийн хэрэгслийг хөлсөөр жолоодож амьжиргаагаа залгуулдаг, одоо хийж байгаа хилийн ажил маань зогсох юм бол ийш тийш явж ажил хийж чадахгүй болно, ийм учраас бага хэмжээний торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “дүү Х маань хавтанд даруулж, тархиндаа гэмтэл авч, хөл нь хугарсан байсан. Ингээд Улаанбаатар хот руу яаралтай явж, гэмтлийн эмнэлэгт очиж мэс засал хийлгэсэн. Одоо хүний ярьж байгаа зүйлийг сайн ойлгохгүй ч утсаар ярьдаг, ойр зуур мессеж бичдэг болсон. Өдрөөс өдөрт бие нь сайжирч байна. М-ын хувьд эмчилгээний зардлын баримт байхгүй ч эмчилгээний зардлыг төлж, байнга холбоотой байж тусалж, дэмжиж байна. Нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй, зорчих эрхийг хязгаарлавал бидэнд тусламж үзүүлж чадахгүй болох вий гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг,
Иргэний хариуцагч Х.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “21-03 ДГС Норд бенз маркийн том оврын тээврийн хэрэгсэл одоогоор миний нэр дээр байдаг. Уул нь би найз О.О-оо зарсан мөнгө нь дутуу байгаа болохоор нэр дээр нь шилжүүлээгүй байсан юм.” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 37/
Гэрч Э.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Х , А р, Х , Ө , Т , О бид нар шилжүүлэн ачих ангийн 3 дугаар талбай дээр ачаа ачихаар очсон юм. Жолооч Н.М нь 21-03 ДГС улсын дугаартай 2 чингэлэг ачсан авто машиныг бид нарын ачих вагоны ойролцоо дөхүүлж ойртуулж орхичхоод өөр машин руугаа түр явсан юм. Тухайн автомашины ард талын чингэлгийн хаалгыг Х, Ө, Х, нар нээгээд харсан чинь хавтан ачсан байсан ар талын хэсэгт нь 15, 16 орчим хавтанг босоогоор нь ачсан байдалтай байсан ба Х,, Х, нар хавтангуудыг түлхээд түшээд нааш нь унагаахгүй гээд түшээд зогсож байсан. Би тухайн үед нь машины ард талын хэсгийн баруун талд нь тэднийг хараад мөн жолооч ирвэл арагшаа ухрах ойртох үед хэлж тусалъя гэж бодоод тэнд зогсож байсан, тэгтэл жолоочийг ирэхийг хараагүй гэнэт машин урагшаа хөдөлсөн. Уг нь бид нар шууд арагшаа ухрах байх гэж төсөөлж бодож байсан урагшаа хөдөлнө гэж огт бодоогүй. Тэгтэл гэнэт машин урагшаа хөдлөх үед хавтан арагшаа саваад Х, Х нар руу ханарах үед нь Хатансайхан цохигдоод хажуу тал руу үсэрсэн. Харин Х болохоор шууд арагшаа үсрээд буух үед нь нөгөө хавтангууд шууд араас нь дараад түүнийг дарж унасан. Тэгээд бид хавтангуудыг өргөөд Х-г гаргаж авах үед ухаан алдсан, мөн нүүр ам нь тэр чигтээ цус болчихсон байсан. Хаанаас нь цус гарсан эсэхийг мэдэхгүй, тэгээд түүнийг шууд л эмнэлэг рүү аваад явсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 42/
Гэрч Т.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Х, Ө, Т, М бид нар хувиараа нэг бригад болж ачаа ачдаг юм. 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр МЧ-3-ийн ачих буулгах талбай дээр очсон жолооч Н.М нь эхлээд нэг машин оруулж ирээд ачааг нээх гэсэн чинь түгжээ нь болохгүй нээгдэхгүй байсан тул машинаа кран руу аваад явсан, тэгээд 21-03 ДГС дугаартай улаан толгойтой, цэнхэр чиргүүлтэй автомашиныг вагоны зүүн талын зам руу бага зэрэг ойртуулаад сайн шахаж зогсолгүй, түр орхичхоод эргээд нөгөө машин руугаа явсан хойгуур нь 21-03 ДГС ачааны чингэлгийг Х, Ө бид 3 нээхэд үүдний хэсэгт хавтан босоогоор байсан. Тэгээд Х бид 2 хавтанг тулаад унагаахгүй гээд машиныг вагоны зам руу ойртохыг хүлээгээд хавтанг нуруугаараа налчхаад зогсож байсан чинь машин гэнэт ухасхийгээд урагшаа хөдөлсөн. Тэгтэл хавтан араас ханараад түлхээд эхлэхээр нь би зүүн урд тал руу, хажуу тал руу үсэрсэн, газар буугаад эргээд харсан чинь Х хавтан доор орчихсон газар уначихсан байсан. Тэгээд бид ухасхийж очоод Тэмүүжин бид 2 хавтанг өргөөд М ах Х-ыг доороос нь татаж авсан, энэ үед Х ямар ч ухаангүй, ам хамраас нь цус гарчихсан, хөл нь хугарчихсан, эргээд буруу хажуу тийшээ гээ харчихсан байсан. Тэгээд цаанаас Очирбат ах гүйж ирээд тэнд явж байсан цагаан өнгийн приус маркийн автомашиныг дуудаж ирээд эмнэлэг рүү аваад явсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 44/
Гэрч У.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Ц.Х, Ө,Х, М бид нар нэг бригад гэж явдаг, ямар нэгэн компанид хамаарал байхгүй, хувиараа ачаа шилжүүлж ачих ажил хийдэг юм. Урьд өдөр 2 вагон ачна гээд ярьсан байсан бөгөөд бид 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр МЧ-ийн ачих буулгах талбай дээр ирээд жолооч нь эхлээд нэг машин оруулж ирээд ачааг нээх гэсэн чинь түгжээ нь гацчихсан байсан. 21-03 ДГС улсын дугаартай автомашиныг вагонд дөхүүлж орхичхоод эргээд нөгөө машин руугаа явсан хойгуур 21-03 ДГС ачааны чингэлгийг Ө, Х, Х нар нээж байсан. Тэгээд Ө, Х, Хн 3 чингэлэг нээхэд хавтан нь наад талдаа хавтгайгаар нь босгоод ачсан байсан. Х, Х 2 хавтанг эвдэхгүй буулгах санаатай түшээд зогсож байсан чинь гэнэт машин урагшаа хөдлөх үед Хатансайхан нь зүүн урд тал руу үсэрсэн, энэ үед Х тэвшин дээрээс доошоо чигээрээ үсрээд газар дөнгөж буутал араас нь хавтангууд нь дараад унасан. Тэгээд бид орилоод хавтан доороос Х-г гаргаж ирэхэд түүний чих, хамар, амнаас цус гарч байсан. Тэр үед жолооч нь кабинаасаа буугаад ирсэн. М нь приус маркийн автомашинтай Замын-Үүд сумын эмнэлэгт хүргэсэн” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 46/
Гэрч Т.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Х , М, Х, Ө, Т, О бид нар шилжүүлэн ачих ангийн 3 дугаар талбай дээр ачаа шилжүүлэн ачихаар очсон юм. Тэгээд эхлээд 21-03 ДГС улсын дугаартай автомашиныг жолооч нь ойртуулж орхичхоод нөгөө машин руугаа явсан. Энэ үед чингэлгийн хаалгыг Х, Ө, Х нар онгойлгосон чинь хавтан ачсан байсан бөгөөд босоогоор нь ачсан байдалтай байсан. Х, Х хоёр тухайн хавтангуудыг наанаас нь шахаж түлхээд, түшээд зогсож байсан. Тэр үед би хэсэг гадаа зогсож байгаад ачих хоосон вагон руу орчхоод гараад ирсэн чинь нөгөө хавтанд Х дарагдчихсан байсан. Тэгээд түүнийг дарагдсан хавтан доороос гаргаж ирээд эмнэлэг рүү аваад явсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 48/
Гэрч Б.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Ц.Х, Тэмүүжин, Х, М бид нар хувиараа нэг бригад болж ачаа ачдаг юм. Ямар нэгэн компани, аж ахуйн нэгж, байгууллагын хамаарал байхгүй, хувиараа ачаа шилжүүлж ачих ажил хийдэг юм. 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр МЧ-3-ийн ачих буулгах талбай дээр ирсэн. Жолооч Н.М нь эхлээд нэг машин оруулж ирээд ачааг нээх гэсэн чинь түгжээ нь болохгүй, нээгдэхгүй байсан тул машинаа кран руу аваад явсан. Тэгээд 21-03 ДГС улсын дугаартай автомашиныг вагонд дөхүүлж орхичхоод эргээд нөгөө машин руугаа явсан хойгуур 21-03 ДГС ачааны чингэлгийг Х, Х бид гурав нээсэн. Тэгээд би жолоочийн араас чингэлэг эргүүлэх гээд явсан. Х , Х хоёр ачааг нь түшээд үлдсэн. Би чингэлэг эргүүлэх ажилтай явж байгаад эргээд ирсэн чинь Х-г ачаанд дарагдсан эмнэлэгт хүргэгдсэн гэж байсан, би болсон асуудлыг хараагүй.” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 50/
Гэрч О.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Осол болсон гэх тухайн өдөр БНХАУ-аас задгай галт тэргэн дээр орж ирсэн контейнертой ачааг МЧ-2 хашаан дотроос том оврын ачааны машин дээр ачин хүлээн авч, МЧ-3-ын хашаа руу зөөж, улмаар Улаанбаатар төмөр замын ачааны битүү галт тэргэнд шилжүүлэн ачиж, Улаанбаатар хот руу хүргүүлэх ажил явагдаж байсан. Контейнерыг краны тусламжтайгаар ачааны автомашин дээр тавиад контейнер доторх барааг хүний хүчээр буулган шилжүүлж, ачих процесс явагддаг. Уг шилжүүлж ачих үйл ажиллагааг би хувиараа цагийн ажил хийдэг хүмүүсийг бүрдүүлж ажиллуулдаг бөгөөд тухайн өдөр миний төрсөн дүү М, Х болон хамт ажиллаж байсан гурван залууг нь сайн танихгүй байна, тэдгээрийн хамт ажиллаж байсан. Ачааг зөөж байсан 21-03 ДГС улсын дугаартай 25 тонны даацтай North Benz маркийн тээврийн хэрэгсэл нь миний найз Баатраагийн нэр дээр бүртгэлтэй байдаг боловч би худалдаад авчихсан ашиглаж байсан. Одоогоор тээврийн хэрэгсэл эзэмшигчийн нэрийг шилжүүлж амжаагүй байгаа. Би тухайн өдөр нийт 10 контейнер ачаа хүлээн авч, 5 ачаа автомашин дээр шилжүүлж ачсан бөгөөд МЧ-2 хашаанаас МЧ-З хашаа руу тээвэрлэхэд тээврийн хэрэгслийн жолооч байхгүй байсан тул зүс мэдэх Мөөнөө гэх залууг “Хөгшиндөө машин бариад МЧ-2 хашаанаас МЧ-3 хашаа руу оруулаад өгөөч, хөлсийг нь өгье” гэхэд Мөөнөө зөвшөөрсөн. Ингээд Мөөнөө 21-03 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ачааг хамгийн түрүүнд хөдөлгөж, Улаанбаатар төмөр замын МЧ-3 хашаа руу орж, ачааны галт тэргэнд шилжүүлэн ачихад тохиромжтой байдлаар тээврийн хэрэгслийг байрлуулах үед нь би хажууд нь байж байгаад тэд нарт хандан “Контейнерынхаа хаалгыг нь онгойлгоод ухрахад нь хавтангаа тулаарай, нурчихна шүү болгоомжтой байгаарай” гэж хэлээд дараагийн тээврийн хэрэгслээ ойртуулах гээд яваад өгсөн. Удалгүй хүмүүс орилолдоод байхаар нь эргээд хартал төрсөн дүү М төрсөн дүү Х-г тэврээд суучихсан, контейнерт байсан модон хавтангууд хажууд нь газарт унасан байдалтай байсан. Юу болсон талаар асуухад машин хөдлөхөд хавтан нь хойшоо нурахдаа Х-г дараад уначихсан гэж байсан. Тэр даруй Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн.” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 55/
Гэрч Н.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Миний хүү Ц.Х эхээс долуулаа, айлын бага хүү, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 3 дугаар баг, Соёмбын 13-14 тоотод аав, ээжийн хамт гурвуулаа амьдардаг, эхнэр хүүхэд байхгүй, биеийн байдал сайн байгаа өдөр ирэх тусам сайжирч байгаа. Миний том хүү О.О-ын эхнэр Т.С нь манай гэр бүлээс ганц бичиг үсэг сайтай болохоор бага хүү Ц.Х-хаа хууль ёсны төлөөлөгчөөр томилуулсан юм. Надад татгалзах зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 62-63/
Гэрч Г.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 12 цагийн орчим цайндаа орох гэж байхад шилжүүлэн ачих ангийн 3 дугаар талбайд ачигч хавтанд даруулсан байна гэж манай диспетчер мэдэгдсэний дагуу 3 дугаар талбай руу явах гэтэл осолдсон ачигчийг “Борхойн Бумба” ХХК-ийн ахлах ажилтан Анхбаяр Замын-Үүд нэгдсэн эмнэлэг рүү авч явсан гэж сонсоод нэгдсэн эмнэлэг рүү очсон. Эмнэлэг дээр очиход Төмөр замын цагдаа болон Борхойн Бумба” ХХК-ийн төлөөлөл ирчихсэн байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 77-78/
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 12-17/
Зам тээврийн осол дээр тогтоосон акт /1-р хх-ийн 18-23/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “1. Ц.Х-н биед дух, зүүн чамархайн ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн дээд хана, зүүн хацрын нум хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны эдийн няцрал, зүүн хажуугийн ховдлын цус хуралт, баруун дунд чөмөгт ясны ил хугарал, цээжний хэнхэрцэг дарагдал, баруун уушгины няцрал, цээжний баруун хөндийн хий хуралдалт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д, 3.1.3-д, 3.1.12-д, 3.1.20-д тус тус зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ” гэсэн №4633 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 95/
Шүүх сэтгэц гэм судлалын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн
“1. Ц.Х нь одоо DS: Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний эмгэг ой тогтоол танин мэдрэхүйн бууралт бүхий сэтгэцийн өвчтэй болно.
2. Ц.Х нь одоо DS: Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний эмгэг ой тогтоол танин мэдрэхүйн бууралт бүхий сэтгэцийн өвчин нь гэмтлийн шалтгаант олдмол эмгэг болно.
3. Ц.Х нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй болно. Сэтгэц: DS Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний эмгэг ой тогтоолт танин мэдрэхүйн бууралт” гэсэн 21 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 126-127/
Шүүгдэгч Н.М ЕЛ88101531 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /1-р хх-ийн 151-152, 155-156/
Шүүгдэгч Н.М нь урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1-р хх-ийн 131/
Хохирогч Ц.Х амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар /1-р хх-ийн 193-221/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.М нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 12 цаг 20 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын шилжүүлэн ачих ангийн ачилтын /МЧ-3/ талбай дээр Норд Бенз маркийн 21-03 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон урагш хөдлөх хөдөлгөөн хийх үед нь тээврийн хэрэгслийн тэвшин дээр байсан чингэлэгтэй ачаа болох хавтан нурахад хохирогч Ц. дарагдаж, улмаар түүний эрүүл мэндэд дух, зүүн чамархайн ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн дээд хана, зүүн хацрын нум хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны эдийн няцрал, зүүн хажуугийн ховдлын цус хуралт, баруун дунд чөмөгт ясны ил хугарал, цээжний хэнхэрцэг дарагдал, баруун уушгины няцрал, цээжний баруун хөндийн хий хуралдалт бүхий гэмтэл учирсан үйл баримт болжээ.
Хохирогч Ц.Х-н эрүүл мэндэд учирсан дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.12, 3.1.20-д тус, тус зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаардаг талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.О нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №4633 дугаартай дүгнэлтийг, Шүүх сэтгэц гэм судлалын мэдрэлийн эмч О.О , илтгэгч эмч Б.Г , комиссын дарга М.Ч г нар нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “хохирогч Ц.Х нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй болно” гэсэн дүгнэлтийг гаргасан байх ба уг дүгнэлттэй шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар танилцсан, энэ талаар ямар нэг маргаан гараагүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримт буюу хэрэг явдал болох үед хамт байсан, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх гэрч О.О , Э.М, Т.Х , У.Т , Т.А , Б.Ө , Г.Ц нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,
-Хохирогч Ц.Х-н биед учирсан гэмтлийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №4633 дугаартай дүгнэлт,
-Хохирогч Ц.Х-н сэтгэц эрүүл мэндэд дүгнэлт гаргасан Шүүх сэтгэц гэм судлалын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр №21 дугаартай дүгнэлт,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 12-17/
-Зам тээврийн осол дээр тогтоосон акт /1-р хх-ийн 18-23/ зэргээс дүгнэхэд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь “хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх бөгөөд хохирогч Ц.Х-н биед учирсан гэмтэл нь шүүгдэгч Н.М- үйлдэлтэй шалтгаант холбоотой байх ба дээрх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт нь шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон нотлох баримтууд байна.
Дээрх нөхцөл байдал, хэрэгт хуульд заасны дагуу авагдсан нэг, нэгнээ нотолсон нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд шүүгдэгч Н.М-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Түүнчлэн улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Н.М-ыг тээврийн хэрэгслийг жолоодох хөдөлгөөн хийх үедээ бусдад хүнд гэмтэл учруулсан байх боловч хэрэг, осол болсон газар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.18-т “ замын зэргэлдээх нутаг дэвсгэр” гэж замын ойролцоох зогсоол, талбай, хашаа, хороолол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага зэрэг тээврийн хэрэгслийн дамжин өнгөрөх хөдөлгөөнд зориулагдаагүй нутаг дэвсгэрийг, Замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор энэ дүрмийн заалт, шаардлагыг мөрдөнө гэж заасан боловч Улаанбаатар Төмөр замын Шилжүүлэн ачих ангийн ачилтын талбай нь ажлын талбар болохынхоо хувьд зөвшөөрснөөс бусад тохиолдолд хэн нэгэн дур мэдэн нэвтрэх, дамжин өнгөрөхөд зориулагдаагүй, мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.5-д “замын хөдөлгөөн” гэж нийтийн хэрэгцээний зам дээр явганаар болон тээврийн хэрэгслээр хүн, ачаа шилжих үйл ажиллагааг” хэлнэ гэж хуульчилсан байгаа боловч энэ гэмт хэрэг нь нийтийн хэрэгцээний зам дээр үйлдэлдээгүй байх тул Эрүүгийн хуульд заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байна.
Иймд Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3-д “... эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч нь хавтан ачсан чингэлгийн хаалгыг нээсэн байхыг харсан, хавтан нурах эрсдэлтэй байсныг урьдчилан мэдэх боломжтой байсан, түүнчлэн тээврийн хэрэгслийн ард хэсгээр тойрч чингэлэгт хүн байгаа эсэхийг харах боломжтой байсан боловч харахгүй, хайхрамжгүй хандаж бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан байгааг болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх юм.
Хохирлын хувьд:
Шүүгдэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн сэргээх эмчилгээний зардлыг төлөх үүрэгтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Сарантуяа нь шүүхийн хэлэлцүүлэгт “хохирогчийн биеийн байдал өдөр ирэх тусам сайжирч байгаа, шүүгдэгч Н.М нь байнгын холбоотой байгаа, эмчилгээний зардлын нотлох баримт байхгүй боловч эмчилгээний зардлыг төлж байгаа, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг эмчлэхэд зарцуулсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, цаашид нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х.овогт Н.М /РД: 1/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х овогт Н.М-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.М-д нэг жилийн хугацаанд оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.М нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД