| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2018/00468/И |
| Дугаар | 00812 |
| Огноо | 2018-04-04 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 00812
2018 оны 04 сарын 04 өдөр Дугаар 183/ШШ2018/00812 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С ББСБ ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Г /РД: /-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 3,062,039 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатархүү, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Баатархүү шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Б.Г нь 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сар шинэ интернэшнл ББСБ ХХК-иас 1 000 000 төгрөгийн зээлийг авсан. Зээлийн гэрээний хугацаандаа нийтдээ үндсэн зээл нь 372 283 төгрөг, үндсэн хүү нь 174 540 төгрөг, нийтдээ 546 824 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш бид удаа дараа шаардлага тавихад зээлийнхээ төлбөрийг төлөөгүй. Манайх үндсэн зээлийн 327 716 төгрөг, үндсэн хүү нь 2 058 697 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 375 625 төгрөгийг, нийтдээ 3 062 039 төгрөгийг хариуцагч Б.Гоос гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Одоо нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, 2 200 000 төгрөг төлүүлж болохыг дэмжиж байна” гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх Сар шинэ интернэшнл ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч үндсэн зээл 627,716 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 2,058,697 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 375,625 төгрөг нийт 3,062,039 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч хариу тайлбар ирүүлээгүй байна.
Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2014.01.27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 12 сарын хугацаатай, сарын эхний 6 сар 3,25 хувийн хүүтэй, дараагийн 5 сар 4,25 хувийн хүүтэй, сүүлийн 1 сар 8,5 хувийн хүүтэй, 1,000,000 төгрөгийг зээлдэгч Б.Гид шилжүүлж хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд хэтрүүлсэн хугацаан дахь сарын хүүг үндсэн зээлийн үлдэгдлийн 8,5 хувиар бодож зээл бүрэн төлөгдөх хүртэл тооцож төлөхөөр тохиролцсон байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргийг хүлээх ба мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй байх тул үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй болно.
Хариуцагч Б.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсэх талаар хариу тайлбар ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2,200,000 төгрөг гаргуулахыг хүссэн тул зээлдэгч Б.Гоос 2,200,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр хариуцагчаас 50 149 төгрөгийг гаргуулж Сар шинэ интернэшнл ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 942 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдэв.
Хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар Б.Гоос зээлийн гэрээний үүрэгт 2,200,000 төгрөг гаргуулж Сар шинэ интернэшнл ББСБ ХХК /РД:2693925/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 862,039 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Гоос 50 149 төгрөгийг гаргуулж Сар шинэ интернэшнл ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2017.12.18-ны өдөр төлсөн 63,942 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ