| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2022/0063/Э |
| Дугаар | 65 |
| Огноо | 2022-06-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.С |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 65
| 2022 06 29 | 2022/ШЦТ/65 |
| |
|
|
|
| |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж
Нарийн бичгийн дарга М.Х
Улсын яллагч Л.С
Шүүгдэгч М.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Өргөн сумын харьяат, 1978 оны 04 сарын 19-ний өдөр төрсөн, 44 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Өргөн сумын дүгээр баг, Найрамдлын тоотод оршин суух, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд шийтгүүлж байгаагүй, М.овогт М.З /РД: /-д холбогдох эрүүгийн 2220000000082 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.З нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 3 дугаар баг, Улаангуу гэх газарт явж байхдаа бэлчээрт иргэн У.О маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.З шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тэр өглөө манайх нүүхээсээ өмнө 10 цагийн үед айлуудыг нийлсэн малаа аваарай гэж хэлэхээр Жаргалсайханыд очиход хүн байхгүй байсан, тэгээд Мартбаярынд ороход Отгонтөгс, түүний нөхөр гээд хүмүүс архи уусан, согтуу байцгаасан болохоор юм ярилгүй гарч яваад өөрийн чадах хэмжээнд айлуудын малыг ялгаж хашиж орхичхоод явсан. Өдөр 16 цагийн орчимд малаа туугаад явж байтал Отгонтөгс халамцуу байдалтай, машинтай ирээд манай мал замд чинь байгаа гэхээр нь бид нүдтэй хүмүүс, нийлүүлэхгүй явчихна гэтэл миний шанаа руу алгадчихаар нь нүүрийг нь маажсан, үсэдсэн, уг чирч сүйд болоогүй. Тэгээд цааш явтал Отгонтөгс малын хажууд ирээд сигналдаад мал үргээгээд байхаар нь би бууж очоод чи яагаад байгаа юм бэ гэхэд машин дотроосоо хөлөөрөө тийрэх гээд хөлөө хөдөлгөөд байхаар нь хөлнөөс татсан, тэр үед нь өмднийх дотор гар орж маажигдсан. Тэр үед охин Номуунбаясгалан хажууд байсан. Би тэндээс хөдлөөд 100 метр орчим явахад Отгонтөгс охиныг алгадсан, тэгэхээр би очоод бас нүүрийг маажсан. Отгонтөгсийн биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Би уг нь нэг айлын бэрүүд, ойр зуур асуудлаас болж надад жаахан дургүйхэн болсон юм болов уу, сайн мэдэхгүй байна. Отгонтөгс надаас хохирол нэхэмжлээгүй. Отгонтөгсийн эмнэлэгт үзүүлсэн 53,000 төгрөгийг төрийн байгууллага нэхэмжилсэн байгааг би төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журмыг цагдаа, прокурор тайлбарлаж өгсөн болохоор ойлгосон. 450,000 төгрөгийг торгуулийн шийтгэлийг оногдуулж өгнө үү ” гэсэн мэдүүлэг
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/
Хохирогч У.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 05 дугаар сарын 06-нд манай гэрт манай нөхрийн найз М ирж хоносон байсныг нөхөр М хамтаар гэрт нь хүргэж өгөх санаатай манай нөхрийн эзэмшлийн 96-61 ӨМЭ улсын дугаартай Прадо маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явж байтал тус сумын 3-р багийн иргэн Жн буюу Ж мотоциклтойгоо явж байсан. Би зогсоод уулзахад Ж хэлэхдээ Б нүүж байна. Манай хонь тэдний хоньтой нийлээд хэдэн хонь үлдсэн байна тэгтэл З хонио шүүлгүүлэхгүй туугаад байна гэсэн. ...Тэгэхээр нь би З-н араас нь очоод манай хонь танай явах замд байгаа шүү гэж хэлсэн чинь З мэдэж байна гээд шууд яваад өгсөн. Тэгэхээр нь би араас нь ахиад очоод манай 2 хургатай хонь байж магадгүй гэж хэлхийн завдалгүй миний өөдөөс хэл амаар доромжлоод байхаар нь би З алгадсан. Тэгтэл З миний нүүрийг маажиж үсдэж унагаагаад бударгана дундуур чирээд миний нурууг маажсан. Тухайн үед Ж буюу Ж бид хоёрыг салгасан. Тэгээд З яваад өгсөн. Тухайн үед манай нөхөр хөл дээрээ тогтож чадахгүй согтуу байсан. Тэгэхээр нь би нөхрөө тэр газар нь үлдээгээд хонио тууж явсан З охин Б хандаж би хонио ялгаж авмаар байна гэж хэлтэл миний өөдөөс та манай малын толгойг эргүүлдэг хэн бэ гэж хэлэхээр нь би охин Бг нэг удаа алгадсан чинь З ахиж ирээд намайг машинаас үсдэж унагаагаад миний өмдний шуумгийн дотор гараа чихэж хийж байгаад миний баруун хөлийн шилбэ маажсан. Тэгээд миний зүүн гарыг мушгисан. Тухайн үед манай охин Г намайг хамгаалаад миний нуруун дээр гараад миний ээжийг битгий л дээ гэсэн чинь миний охиныг хажуу тийш нь түлхээд намайг маажаад байсан. Тухайн үед З охин Б намайг 3 удаа шилбүүрдсэн чинь шилбүүрийн хуй буюу үзүүр нь миний охин Гэ нурууг нь цохисон байсан. Тэгтэл манай нөхөр М ирээд миний хань боль малын бэлчээр дээр битгий хэрүүл хий гээд миний дээрээс дараад хэвтсэн чинь З миний хажуугаар өнгөрөхдөө хохино хохино нөхрөөрөө зодуулж байхдаа таарсан юм гээд явсан. Тэгээд би сумын төвд ирж эмнэлэгт үзүүлчхээд мал эзгүй байсан болохоор нь буцаад гэр лүүгээ явсан. Миний маажуулсан сорви үлдсэн. Уг сорви нь хорсож өвдөөд байна. Миний зүгээс гомдолтой байна. Надад өөр санал, хүсэлт байхгүй гэв...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8/,
Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2022 оны 05 дугаар сарын 06-нд би найз М хамт архи уугаад нэлээд согтсон байсан болохоор яг болсон зүйлийн талаар сайн мэдэхгүй байна. Иргэн З манай эхнэрийг зодоод маажсан байсныг орой гэртээ ирээд мэдсэн. “гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/
Гэрч З.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2022 оны 05 дугаар сарын 06-нд би өөрийн охин З, түүний охин Н, Г, Б нарын хамтаар 17 цагийн орчим манай охин З малыг тууж байсан. Тэгтэл М,О нар машинтайгаа ирж зогсоод О нь яах гээд Бн хонийг тууж байгаа юм гээд байсан. Тэгэхээр нь чамд ямар хамаатай юм би өөрийнхөө юмыг аваад явж байна гэсэн чинь манай хонь зам дээр чинь байгаа шүү гэж хэлнхэд нь бид олуулаа яваа хүний хонь туухгүй гэж хэлсэн чинь О, З шууд шанаадсан. Тэгхээр нь З машинаасаа буугаад О нүүрийг нь маажсан. Тэгээд хөдлөөд явж байсан чинь нөхөртэйгөө муудаад үлдсэн. Тэгээд явж байтал манай туугаад явж байсан малыг О нь машинаараа эргүүлээд зогссон. Тэгээд З машинаас бууж очоод чи яах гээд хонь эргүүлээд байгаа юм бэ, бид эртхэн дөхмөөр байна гээд тэр хоёр хоорондоо ноцолдсон. Тэгээд М гүйж ирээд тэр хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25/
Гэрч Т.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...О машинаа уначихсан, нөхөр М, М нар ирэж байсан. Тухайн үед М нэлээд согтуу арын суудал дээр суусан, М халамцуухан байсан. О эрүүл согтууг нь анзаараагүй юм байна. Тэгээд нөхөр бид хоёр малаа салгаад байж байтал нэг мэдсэн Хо буюу З, О доороо хийсэн үснээс нь зулгаагаад дарсан байсан. Тэгээд би салгах санаатай очих гэтэл Ж салгасан. Тэгээд Б бид хоёр салгаж авсан ямаагаа аваад гэрлүүгээ явсан..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/
Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б малын захад манай ишигтэй нэг ямаа явж байхаар нь тасалж аваад байж байтал Отгонтөгс машинаа уначихсан, нөхөр Мөнх-Эрдэнэ, Мартбаяр нар ирэж байсан. Тухайн үед Мартбаяр нэлээд согтуу арын суудал дээр суусан, Мөнх-Эрдэнэ халамцуухан байсан. О бас жаахан халамцуу байсан байх. Тэгээд эхнэр бид хоёр малаа салгаад байж байтал нэг мэдсэн Х буюу З О-г доороо хийсэн үснээс нь зулгаагаад дарсан байсан. Тэгээд би салгах санаатай очих гэтэл Ж салгасан. Тэгээд Б бид хоёр салгаж авсан ямаагаа аваад гэрлүүгээ явсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/
Насанд хүрээгүй гэрч М.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай ээжийг З эгч аймар зодоод, маажаад байсан. Тэгээд би ээжийг зодох оо боль гэсэн чинь З эгчийн охин Б намайг шилбүүрдсэн. Тэгээд З эгч ээж бид хоёрыг хажуугаас өшиглөсөн чинь миний баруун хавирганы доод хэсэгт өшиглөсөн байсан. Орой нь өвдөж байгаад зүгээр болсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37/
Насанд хүрээгүй гэрч Г.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Тэр өдәр 16 цагийн орчим Би малаа туугаад явж байсан чинь Ж ах ирээд хонио хориод өгчих ах нь малаа шүүе гэсэн. А эгч бас араас нь ирээд малаа шүүсэн. Малаа шүүж байтал удалгүй манай ээж З ирсэн. Ээж ирээд 2-3 цаг малаа хашсан. Орой болж байсан тул манай ээж өглөө ирээд шүүгээд үзчих гээд явах гэж байхад. О эгч хүрээд ирсэн зам дээр чинь манай хонь байгаа шүү гэчхээд ээжийг шанаадчихсан. Тэр хоёр муудалцаж байгаад ээж яваад өгсөн. Тэгээд О эгч араас нь очоод энэ хүмүүс малаа шүүх гээд байгаа юм биш үү шүүлгээч гээд О эгч манай ээжтэй зодолдож эхэлсэн. Тэр хоёрыг Ж ах М ах хоёр салгасан. Ээж хонь туугаад явж байтал О эгч охин Г машинаа унаад манай малыг үргээгээд сигналдаад байсан. Тэр үед ээж хүрч ирээд ахиад зодолдсон. Ээж О эгчийг маажиж харагдсан. Би Хонины захад явж байтал О эгч намайг байж бай чи гэсэн би зогсоход О эгч намайг алгадчихаад яваад өгсөн. Тэгээд намайг алгадахыг харчхаад ээж ирээд ахиад зодоон болсон. Тэгээд удалгүй салцгаасан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “. 1.У.О биед нуруу, цээж, нүүр, хүзүү хэсэгт зулгаралтууд, хоёр өвдөг, шилбээр зулгаралтууд, хуйх, зүүн гар орчмоор зөөлөн эдийн гэмтлүүд тогтоогдлоо. .. “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно”гэсэн 04/149 тоот дүгнэлт /хх-ийн 48-49/
Шүүгдэгч М.З нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 80/
Шүүгдэгч М.З ЕЦ регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагаа, Дорноговь аймгийн Өргөн сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 76, 82/
Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 06 сары21-ны өдрийн “ У.О авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал 57,000 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулах чиглэлээр төрийг төлөөлөгч прокурор томилж оролцуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий 19/13 тоот албан бичиг /хх-ийн 84/
Иргэний нэхэмжлэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Хохирогч У.О нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нэгдсэн эмнэлгийн төвөөс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 57,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч М.З- гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 89-91/
Шүүгдэгч М.З Прокурорын газарт гаргасан “Миний бие М.З нь 5.6 өдөр Ц.О малын бэлчээр дээр муудалцаж зодсоны улмаас түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна аа. О бид хоёр нэг айлын бэр байгаа юмаа. О надаас хохирол нэхэмжлээгүй болно. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 98/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.З 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр нүүдэл хийж, малаа тууж Дорноговь аймгийн Өргөн сумын 3 дугаар баг, Улаангуу гэх газарт явах үед нь хохирогч У.О нь “ айлын мал ялгаж орхисонгүй, манай мал замд чинь байгаа туугаад явах вий” гэх зэргээр маргаан үүсгэж, улмаар шүүгдэгч М.З нүүрэн тус газарт алгадах үед нь тэрээр хохирогч У.О нүүр, хөл хэсгийг маажих, үснээс нь зулгаах, чирэх зэргээр зодож, түүний биед нуруу, цээж, нүүр, хүзүү хэсэгт зулгаралтууд, хоёр өвдөг, шилбээр зулгаралтууд, хуйх, зүүн гар орчмоор зөөлөн эдийн гэмтлүүд учруулсан үйл баримт болжээ.
Хохирогч У.О эрүүл мэндэд учирсан дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг талаар Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад П.Г нь 2022 оны 06 сарын 03-ны өдөр 04/149 тоот дүгнэлтийг гаргасан байх ба уг дүгнэлттэй шүүгдэгч, хохирогч нар танилцсан, энэ талаар ямар нэг маргаан гараагүй байна.
Дээрх үйл баримтаас үзэхэд шүүгдэгч М.З үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч У.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, тухайн хэрэг болох үед болсон явдлыг гэрчлэн мэдүүлсэн гэрч Б.М, З.Ж, Т.А, М.Б, насанд хүрээгүй гэрч М.Г, Г.Номуунбаясгалан нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хохирогч У.О эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоосон 2022 оны 06 сарын 03-ны өдөр 04/149 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь уг гэмт хэргийн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Түүнчлэн уг гэмт хэргийг үйлдэгдэхэд хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь: Хохирогч У.О, шүүгдэгч М.З нарын хооронд мал ахуйн талаар яриа болж байх үед хохирогч нь шүүгдэгчийг алгадсаны улмаас шүүгдэгч түүний эсрэг үйлдэл хийснээр хохирогчийн биед гэмтэл учруулсан нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар тогтоогдож байна.
Хохирлын хувьд:
Шүүгдэгч нь хуульд зааснаар энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй этгээд бөгөөд хохирогч У.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдолтой гэж мэдүүлэх боловч хохирол нэхэмжлээгүй, энэ гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндийг эмчлэхэд зарцуулсан эмчилгээний талаар баримт шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Харин шүүгдэгч нь хохирогч У.О эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан төлбөр болох 57,000 төгрөгийг эрүүл мэндийн байгууллагад нөхөн төлөхөө шүүх хуралдааны явцад илэрхийлсэн болно.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 57,000 төгрөгийг шүүгдэгч М.З гаргуулж, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст /Төрийн сан банк дахь 10090020080 тоот данс/ олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн хохирогчийн хуль бус зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зүйлийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.З нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М овогт М.З /РД: /-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Мовогт М.З /-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч М.З нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч М.З-с 57,000 төгрөгийг гаргуулж, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст /Төрийн сан банк дахь 10090020080 тоот/ олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч М.З нь 450,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.З урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД