Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/38

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч О.О  түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогтын Оад холбогдох эрүүгийн 2217000580036 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 15-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 39 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ........... дугаар баг, ..... гэх газар оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй гэх, Б овогт О-ын О /РД:................/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.О нь 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Сүмбэр сумын 6-р багийн нутаг дэвсэгр Шинэ ус гэх газар иргэн Г.Отай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг түлхэж унагаах, нүүрэн тус газар нь гараараа болон униар цохих зэргээр зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч О.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: О 03 дугаар сарын 30-ны өдөр манайд хүргэн ахыгаа эргэж байгаа гээд очсон. Тухайн үед би гэртээ байгаагүй,  Ц хүргэнтэйгээ байсан. Би Хэнтий аймгийн Дархан сум руу ноолуур өгөх гээд явсан байсан.   Орой 20 цагийн үед ирэхэд О, Ц тэд нар архи уугаад байж байсан. Саахалт айлынхаа хүнтэй явж байсан болохоор гэрт нь хүргэж өгөөд кино үзэж байгаад 23 цагийн үед ирсэн.  О согтуу над руу агсараад хэл амаар доромжлоод байсан, чи энэ ахыгаа аятайхан авч яв. Арчаагүй авч явлаа гээд агсраад байсан. Тэгээд маргаан болоод хацар луу нь нэг удаа, дух руу нь нэг удаа цохисон. Униар шанаа руу цохисон. Дахин ийм зөрчил гаргахгүй. Гэмшиж байна гэв.

2. Хохирогч Г.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “Би 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Өндөршил суманд байрлах уурхайгаас ээлжийн амралтаа аваад Говьсүмбэр аймагт ирсэн. Төрсөн эгч Т намайг хөдөө явж хоночихоод ирье гэж хэлсэн. Тэгээд бид хоёр 18 цаг өнгөрч байхад Сүмбэр сумын 5-р баг Мухар гэх газар хүргэн ах Цынд очсон. Тэднийд очихдоо би дэлгүүрээс 0,75 литрийн Аураг нэртэй архи аваачиж уусан. Тэнд хүргэн ах Ц түүний хүргэн гэх Б гэх залуу нар байсан. Орой 21 цаг өнгөрч байхад хүргэн ахын дүү О эхнэр О хүүхэдтэйгээ, мөн 1 эмэгтэйн хамт дөрвүүлээ ирсэн. О ирэхдээ согтуу байх шиг байсан тэгээд 100 грамм уугаад нөгөө танихгүй эмэгтэйг хүргэж өгнө гээд хүүхдээ үлдээгээд явсан. Шөнө 23 цаг өнгөрч байхад О эхнэрийн хамт ирээд бид жоохон сууж байгаад унтаж амарсан. Шөнө 00 цагт хүргэн ах Ц Отай маргалдаж эхэлсэн би дундуур нь орж салгах санаатай очиход надруу О чи юу юм бэ, янхан минь гэх зэргээр хэл амаар доромжилж духны зүүн хэсэгт 1 удаа цохиод баруун талын хацар хэсэгт 1 удаа цохиж унь бариад миний зүүн талын хацар хэсэгт 1 удаа цохиод намайг хөлөөрөө жийн унагаад унахдаа би гараа эвгүй дарж унасан. Тэгээд манай эгч Т дуудлага өгсөн. Ах Ц, Т эгч бид 3 машиндаа суугаад явах гэтэл О гаднаас цоожлоод шатааж ална гэж хэлээд О машиндаа суугаад яваад өгсөн. Хүргэн ах эгч бид 3 хаалгыг эвдэж гараад машиндаа суугаад Чойрын төврүү ирсэн... Миний хувьд одоо Оад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй  гаргах гомдол санал байхгүй, эмчилгээний мөнгө төгрөг ороогүй...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 19-21 хуудас/

3. Гэрч Г.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...шөнө 00 цагийн үед  О, О 2 хүрч ирээд бид нар бүгдээрээ унтахаар хэвтсэн бөгөөд нөхөр бид 2 гадаа машинд унтдаг болохооор гадаа ор засчихаад Цыг хүлээгээд байж байтал гарч ирэхгүй болохоор нь  Цыг дуудахаар ортол О О 2 маргалдаад О Оийг гичий миниь, янхан минь гэж хараагаад намайг энэ гичийгээ аваад зайл  гэсэн. Ц О 2-г салгахаар О дундуур нь ортол О Оийн куртикнээс татаж газар унагаад нүүр лүү нь гараараа 1 удаа униар цохичихоод гэрээс гарч яваад бид нарыг гаднаас төмөр утсаар түгжээд манай машиныг унаад яваад өгсөн. Төд удалгүй буцаж ирээд  бид нарыг хөөгөөд Оийг гэрийнхээ үүдээр түлхэж унагаасан Тухайн үед О унахдаа гараараа эвгүй дараад унасан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24-25 хуудас/

4. Гэрч Э.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Тэгээд унтахаар хүүхэдтэйгээ орондоо ороод хэвттэл Ц Оад хандаад би маргааш ямаагаа самнаж дуусаад  Чойр орчихоод ирье гэхээр нь  манай нөхөр та тэгвэл ямаагаа самнахаа болиод Чойр луу яваад ир дээ гэтэл О босож ирээд та нарын амьдралыг ямар амьдрал гэдэг юм, та нар шиг амьдрахгүй гэх мэтээр хэл амаар доромжлоод манай нөхөр лүү гутал авч шидсэн тэр гутал манай нөхрийг оноогүй. О агсан тавиад болохгүй байхаар нь О гэрээс гар гээд хөөсөн. Тухайн үед манай хүүхэд уйлаад байхаар нь би хүүхдээ аваад гарч Энхтуяагийнд оччихоод буцаад иртэл Оийн ягаан өнгийн куртик нь урагдчихсан. Мөн зүүн хацар дээр нь шалбарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 32-33 хуудас/

5. Гэрч О.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Манай дүү О нь манай хамгийн бага дүү байгаа юм. Одоо Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6-р баг Цагаан дэл гэх газар эхнэр О болон 1 хүүхдийн хамт амьдардаг. Манай дүү багаасаа ээж аавтайгаа хамт амьдарч байгаад эхнэр аваад 10 гаран жил тусдаа амьдарч байна. Энэ хооронд гэр бүлдээ хэрүүл маргаан үүсгэж архи дарс уусан талаар надад ямар нэг зүйл сонсогдож байгаагүй. Ерөнхийдөө өөрийгөө болгоод л амьдралаа аваад явдаг юм...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 38 хуудас/

6. Шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 81 дугаар дүгнэлтэнд:

Г.Оийн биед зүүн хацар, дух, баруун шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, завьжны дотор талын салстын язарсан шарх, баруун, зүүн бугалганы цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Уг гэмтлүүд нь  “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, Ц.Оюун-Эрдэнэ гэжээ. /х.х-ийн 49-50 хуудас/

7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 82 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар: Шүүгдэгч О.О нь 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр сүмбэр сумын 6-р багийн нутаг дэвсгэр Шинэ ус гэх газар иргэн Г.Отай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг түлхэж унагаах, нүүрэн тус газар нь гараараа болон униар цохих зэргээр зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Иймд шүүгдэгч О.Оын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Оын өгсөн мэдүүлэг, хохирогч Г.О, гэрч Г.Т, Э.О, О.Алтанцэцэг нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 81 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурлаа.

Мөн шүүгдэгч О.О нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч О.О  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн болно.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч, хохирогч нар нь хоорондоо гэр бүлийн асуудлаар ахуйн хүрээнд хэрүүл маргаан үүсгэснээс үүдэлтэй байна.

Шүүгдэгч О.О нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн талаар мэдүүлснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

ХОЁР. Шүүгдэгч О.Оад эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Прокуророос шүүгдэгчийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч О.О нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч О.Оыг анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдлаа.

Шүүхээс дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж улсын яллагчаас гаргасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах саналыг хүлээн авч 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэлээ.

Эрүүгийн 2217000580036 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 197 см урттай улбар шар өнгийн гэрийн содон унь 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна. Хохирогч Г.О нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

Шүүгдэгч О.О нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Очирын Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оыг  600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оад оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оад торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч О.О нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 197 см урттай улбар шар өнгийн гэрийн содон унь 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Оад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ