Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/39

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан,

улсын яллагч Ш.Батсүх,

хохирогч Д.О,

шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О-д овогт Э-н Б-д холбогдох 2217000030031 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 26-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын ........ дугаар баг, Мааньзавын .... тоотод оршин суух, /Д аймгийн С сумын дугаар баг, Х  дугаар гудамж тоотод оршин суух бүртгэлтэй/ урьд

- Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сарын хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 8 сарын хугацаагаар хойшлуулсан,

- Сум дундын 8 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,

- Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 65а дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг багтааж нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 65а дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт хорих ялын хэмжээг 6 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ХМШЗ/46 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хорих ялаас хугацааны өмнө суллаж, эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 8 хоногийн хорих ялтай тэнцүү хугацаагаар хяналт тогтоосон,

- Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 8 сар 22 хоногийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 8 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож байсан гэх О-д овогт Э-н Б /РД:.............../,

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Э.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, 117 дугаар байрны 7 тоотод байх иргэн Д.О-ын гэрийн цонхыг түлхэж онгойлгон орж, улмаар гар утас засварын үйл ажиллагаа явуулдаг байр луу хаалганы доод хэсгийг эвдэн дотогш нэвтэрч 21 нэр төрлийн гар утас хулгайлж 4 055 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2217000030031 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  1. Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

2. Хохирогч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2021 оны 11 дүгээр сарын 26-наас 11 дүгээр сарын 28-ны хооронд Дархан луу гэр бүлээрээ яваад ирсэн. Манай эхнэрийн эгчийнх нь тэнд байдаг. Тэндээ 2 хоног амарчихаад шөнө 1 цаг 40 минутын үед Чойрт гэртээ ирээд эхнэр түрүүлээд хаалгаа нээж ороод хүүе байж байгаарай гэхээр нь гадаа байж байгаад гэртээ ортол учиргүй өөдөөс салхи сийгэж байсан. Гэтэл эхнэр жижиг өрөөний цонх онгорхой байна, хаалга чинь эвдэрсэн байна гэж хэлсэн. Тэгээд би хараад цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд шинжилгээ, үзлэг хийгээд явсан. Ерөнхийдөө цонх онгорхой, хаалга эвдэрхий, лангуун дээр босгоод тавьсан байсан утаснууд байхгүй, манайх чөлөөтэй байдаг болохоор хамаг юм нь ил байдаг. Тухайн үед юу юу алдагдсаныг мэдээгүй, миний санаж байгаагаар лангуун дээр байсан зарах утаснууд байхгүй байсан. Тухайн үед 4 ширхэг утсыг нь тодорхой санаж байсан. Бусад утаснуудыг нь сайн санахгүй байсан учраас 1 утсыг ойролцоогоор 80 000-100 000 төгрөгөөр аваад засвар хийснээ тооцоолоод 2 000 000 төгрөгөөр үнэлсэн байсан чинь үнэлгээний компаниар үнэлүүлнэ гээд 4 055 000 төгрөгөөр үнэлсэн. Энэ үнэлгээтэй санал нэг байгаа. Хаалга эвдэрсэн тухайд би 1991 оноос хойш Чойрт 31 жил амьдарч байна. Энэ амьдарч байх хугацаандаа хаалга цонх эвдлээд манайд хулгай орж ирж байсан тохиолдол байхгүй, энэ анхны удаа.  Залуу хүн байж тав арван цаас олохдоо гол нь биш, зөв хөдөлмөрлөөд амьдарвал амьдрал өөрөө баялаг. Боломжууд маш их байгаа, энэ зүйлээ таслан зогсоож болдоггүй юм уу, өөрөө өөртөө дүгнэлт хийгээд ирээдүйгээ арай өөрөөр харж болдоггүй юм уу. Гомдол санал нэхэмжлэх зүйлийн хувьд гар утас үнэлгээний мөнгийг яаралтай гаргуулах саналтай байна гэв.

3. Шүүгдэгч Э.Б мөрдөн байцаалтын шатан яллагдагчаар мэдүүлэхдээ:

Би Говьсүмбэр аймгийн төв дээр Бынд буюу ХБ 24-8 тоотод өмнөх оны өвлөөс эхлэн Б-тай цуг амьдарч байсан. Хэрэг гардаг өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Б-ын гэрээс нь 20 цагийн үед нилээн согтуу гарч яваад хөлдүү 12 байрны утас засварын залгаа байх айлын цонхийг ертөнцийн зүгээр баруун тийш харсан мөрөөр түлхэж нээгээд тухайн айл руу орсон. Тус айлын цонх гэрэлгүй болохоор нь би эзэнгүй байна гэж бодсон. Тэгээд жижиг өрөөнийх нь нарийн үүдээр дамжиж утас засварын модон хаалгатай өрөө рүү нь очсон юм. Өрөөний модон хаалганы доод талын дөрвөлжин хэсгийг нь хөлөөрөө өшиглөтөл цаашаагаа унаад өгсөн ба хаалганы доод талд үүссэн зайгаар би утас засварын өрөө рүү тонгойж орсон. Уг утас засварын өрөө нь шилэн лангуутай байсан бөгөөд өрөөний хаалганы баруун талд байх шилэн лангуун дээрээс нийт 20 гаран утас аваад халаасандаа хийгээд орж ирсэн цонхоороо буцаад гарсан. Тухайн үед архи уучихсан нилээн согтуу байсан болохоор зарим нэг юмыг санахгүй байна. Тэгээд хулгай хийсэн айлаасаа 20 гаран утсыг авч гараад /20 гаран утасны марк, өнгө, содон шинж тэмдгийг санахгүй байна/ хот явдаг таксины зогсоол орж тэндээсээ нэг жижиг тэргэнд суугаад Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод багцаагаар 23 цагийн үед очиж Макс худалдааны төв дээр буугаад тэндээсээ такси барьж Сансар хавьд буусан. Тэгээд гудамжинд явж байсан хүнд хулгайлсан утаснуудаа нийтэд нь 100 000 төгрөгөөр зарсан. Тухайн 100 000 төгрөгөөр архи согтууруулах ундааны зүйл аваад дуусгасан. Утас зарсан гэх хүнээ би одоо харвал танихгүй. Утас зарахдаа мөнгө надад бэлнээр өгсөн... гэх мэдүүлэг (хх-ийн 117-120 дугаар хуудас),

 

4. Хохирогч Д.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Би 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө гэр бүлээрээ Дархан-Уул аймаг руу яваад 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 02 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Хувийн байрны 117-7 тоотод байрлах гэртээ ирсэн. Гэртээ иртэл гэрийн жижиг өрөөний цонх гар утас засварын үйл ажиллагаа явуулдаг өрөөний хаалга доогуураа эвдэрсэн байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай гэрт хулгай орсны улмаас гар утас засварын хэсгээс лангуун дотор байсан цагаан өнгийн сэлфи камер ажиллахгүй I phone-XR, Samsung A-50, Samsung A-20, I phone-6 хоёр ширхэг, нийт 20 орчим гар утас хулгайд алдсан. Алдагдсан гар утасны  заримынх нь загварыг санахгүй байна. Хулгайд алдсан гэх цагаан өнгийн сэлфи камер ажиллахгүй I phone-XR 700 000 төгрөг, Samsung A-50 400 000 төгрөг, Samsung A-20 200 000 төгрөг, I phone-6 хоёр ширхэг нийлүүлээд 300 000 төгрөгөөр үнэлж байна. Санахгүй байгаа үлдэгдэл утаснуудаа базаад 1 500 000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Би хулгайд алдсан эд зүйлээ олж авмаар байна. Мөн гар утас засвар руу ордог дотор модон хаалга эвдэрсэн ба хаалга засуулна. Үнийг нь мэдэхгүй байна... гэх мэдүүлэг (хх-ийн 22, 25, 28, 30 дугаар хуудас),

 

5. Гэрч Л.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын статистекийн хэлтэст ажилладаг. Мөн Сүмбэр сумын үнэлгээний комиссын гишүүн. 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Цагдаагийн хэлтээс гар утаснуудад үнэлгээ хийлгэх шинжээч томилсон тогтоол ирсэн. Тухайн үнэлгээ дотор марк загвар тодорхойгүй 15 ширхэг гар утсыг 1 500 000 төгрөгөөр үнэлж ирүүлсэн. Тэгээд манай үнэлгээний комисс ярилцаад андройд үйлдлийн системтэй гар утас хамгийн доод тал нь 100 000-200 000 төгрөгийн хооронд байгаа гэж үзээд 1 утасыг нь 100 000 төгрөгөөр бодоод 15 гар утсыг базаад 1 500 000 төгрөгөөр үнэлсэн. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын дэргэдэх үнэлгээний комисс нь үнэлгээ хийх зөвшөөрөлтэй... гэх мэдүүлэг (хх-ийн 41 дүгээр хуудас),

 

6. Гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шөнийн 3-4 цагийн үед гэж санаж байна. Гэртээ буюу Сүмбэр сумын 2 дугаар баг 117-7 тоотод ирээд гэртээ ортол манай жижиг өрөөний цонх нээлттэй, мөн манай нөхөр О-ын утас засварын өрөөний хаалганы доод талын модыг цааш түлхээд цөмөлчихсөн байсан. Тэгэхээр нь гадны хүн манай гэрт орсон байгааг мэдээд ямар нэгэн зүйлд хүрэлгүй шууд цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар гэрт ирэх үед ямар эд зүйл алдагдсан эсэхийг шалгатал манай гэрт байсан эд зүйл бүрэн бүтэн, харин манай нөхөр О-ын утас засварын өрөөнд байсан гар утаснууд нь шилэн лангуун дотроосоо алдагдсан байсан. Би 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нөхөр 2 хүүхдийн хамт Дарханд очоод 2 хоночихоод буцаад ирсэн юм. Манай гэрийхнийг гэртээ байхгүй байх үед манайхаар орж гардаг хүн байхгүй. Би нөхрийнхөө ажлын өрөөгөөр орж гараад байдаггүй болохоор яг ямар утас алга болсныг сайн мэдэхгүй байна. Гэхдээ гар утас алдагдсан гэх лангуун дээр ямар ч байсан 20 гаруй утаснууд байдаг байсан ба шинэ утаснуудаа сэйфиндээ хийчихсэн байсан. Харин засвартай утаснуудаа лангуун дээрээ гаргаад тавьчихсан байсан талаар О надад хэлсэн... гэх мэдүүлэг (хх-ийн 43 дугаар хуудас),

 

7. Гэрч Г.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Э.Б нь надтай цуг манай гэрт буюу Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг ХБ 24-8 тоотод ойролцоогоор 2021 оны 11 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 09-ний хооронд амьдарч байсан. Гэхдээ сайн санахгүй байна. Б манай гэрт амьдарч байхдаа цэнхэр биеийн тамирын цамц, хар өнгийн савхи, цэнхэр өнгийн женсен өмд, хар өнгийн биеийн тамирын өмд, хар өнгийн ягаан үдээстэй Nike брэндийн пүүз өмсдөг байсан. Б-н өмсдөг байсан пүүзийг 12 сарын эхээр гэж санаж байна. Манайд цагдаа нар үзлэг хийгээд хурааж авсан. /эд мөрийн баримтаар хурааж авсан Э.Б 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өмсөж байсан гэх пүүзийг Б-т харуулахад энэ Б өмсдөг байсан пүүз мөн гэж танив/

2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Б 19 цагийн үед гэж санаж байна. Харанхуй болчихсон байхад манай гэрээс нилээн согтуу гараад явсан юм. Тэгээд манай гэрт ирж хоноогүй ба буцаад 2 хоногийн дараа хотоос ирлээ гэж надад хэлж байсан. Өөр зүйл надад хэлээгүй...

Э.Б нь Дорноговь аймгийн Сайншанд сум 8 дугаар баг Мааньзав 1-101 тоот төрсөн эхийн хамт амьдардаг. Одоо Хорих 425 дугаар ангид ял эдэлж байгаа. Зан байдлын хувьд даруухан, дуу цөөтэй, тусч залуу байгаа юм... гэх мэдүүлэг (хх-ийн 45 дугаар хуудас),

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 125 дугаартай шинжээчийн дүгнэлтэд

- Шинжилгээнд ирүүлсэн №1 дугаарын 5 ширхэг, №2 дугаарын 3 ширхэг, №3 дугаарын 3 ширхэг, №4 дугаарын 1 ширхэг, №5 дугаарын 1 ширхэг гарын мөрнүүд адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.

- Шинжилгээнд тэнцсэн 13 ширхэг гарын мөр, Э-ийн Б /РД:.........../-ийн гарын хээний дардас гарын хээний нэгдсэн сангийн папилон системд бүртгэгдсэн гарын мөрүүд болон санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын хээний дардастай тохирохгүй байна. Дүгнэлт гаргасан ахлах шинжээч, цагдаагийн хошууч Э.Нарантунгалаг гэжээ. (хх-ийн 80-81 дүгээр хуудас),

 

9. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 009/001 дугаартай шинжээчийн дүгнэлтэд

- Хэргийн газрын үзлэгээр гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан гутлын мөр Зураг №10 нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

- Э.Б-с хурааж авсан гэх гутлын мөр нь гэрэл зургийн үзүүлэлтийн 3 дахь хуудасны 1 дүгээр нүүрэнд 9х12см хэмжээтэй 3 гэрэл зураг байх ба түүний дээд хэсэгт Зураг №10. Гултын мөр-1. гэсэн тайлбартай, газрын хөрсөн дээр үүсгэгдсэн гутлын мөртэй хэмжээ, ерөнхий болон хувийн шинж тэмдгүүдээрээ тохирч байна. Онцлог шинж тэмдгүүдийг гэрэл зургаас үзнэ үү.

- Шинээр нөхцөл байдал илэрсэнгүй. Дүгнэлт гаргасан: шинжээч, цагдаагийн дэслэгч Э.Билгүүн гэжээ. (хх-ийн 92-97 дугаар хуудас),

 

10. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 6-17 дугаар хуудас),

 

11. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 53-54 дүгээр хуудас),

 

12. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 86 дугаартай комиссын дүгнэлт (хх-ийн 56 дугаар хуудас),

 

13. Сүмбэр сумын Үнэлгээний комиссын хурлын тэмдэглэл (хх-ийн 57 дугаар хуудас),

 

14. Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ТХҮ-921/2785 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 65-71 дүгээр хуудас),

 

15. Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ТХҮ-922/3449 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 100-103 дугаар хуудас),

 

16. Яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 121-125 дугаар хуудас),

 

17. Шүүгдэгч Э.Б-н эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 138 дугаар хуудас),

- Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 192-198 дугаар хуудас),

- Сум дундын 8 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 200-202 дугаар хуудас),

- Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 65а дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 149-163 дугаар хуудас),

 - Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 183-191 дүгээр хуудас),

- Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 141-145 дугаар хуудас) зэрэг болно.

 

НЭГ. Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, 117 дугаар байрны 7 тоотод байх иргэн Д.О-ын гэрийн цонхыг түлхэж онгойлгон орж, улмаар гар утас засварын үйл ажиллагаа явуулдаг байр луу хаалганы доод хэсгийг эвдэн дотогш нэвтэрч 21 нэр төрлийн гар утас хулгайлж 4055000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргажээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгчид холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, 117 дугаар байрны 7 тоотод байх хохирогч Д.О-н гэрийн цонхыг түлхэж онгойлгон орж, улмаар гар утас засварын үйл ажиллагаа явуулдаг байр луу хаалганы доод хэсгийг эвдэн дотогш нэвтэрч 21 нэр төрлийн гар утас хулгайлж 4 055 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Учир нь энэ төрлийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч авсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Түүнчлэн шүүгдэгч Э.Б нь хохирогч Д.О-н гэр болон ажлын байранд хууль бусаар нэвтэрч 4 055 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Д.О-н мэдүүлэг, гэрч Б.М, Г.Б нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлтүүд, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгээр нотлогдон тогтоогдож байна.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Э.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Б нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Э.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.О-д 21 ширхэг гар утас буюу 4 055 000 /дөрвөн сая тавин таван мянга/ төгрөг, мөн өрөөний хаалга эвдэрсэн төлбөр болох 90 000 /ерэн мянга/ төгрөг, нийт 4 145 000 /дөрвөн сая нэг зуун дөчин таван мянга/ төгрөгийн хохирол учирсан боловч шүүгдэгч Э.Б нь хохиролоо төлж барагдуулаагүй байна.

Тиймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Бэс 4 145 000 /дөрвөн сая нэг зуун дөчин таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.О-д олгох нь зүйтэй байна.

 

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч Э.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сар 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 5 жил 9 сар 22 хоногийн хорих ялаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Э.Б эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. надад хөнгөн ял оноож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Э.Б-н үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч О-д овгийн Э-н Б-г 2 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Б-д Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 04 /дөрөв/ жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 03 /гурав/ жил 06 /зургаа/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 05 /тав/ жил 07 /долоо/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан 05 /тав/ жил 07 /долоо/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-н цагдан хоригдсон 25 /хорин тав/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Э.Б-д холбогдох хэрэгт иргэний баримт бичиг ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Nike” брейндийн гутлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Б-д буцаан олгохыг Говьсүмбэр аймгийн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О-д овгийн Э-н Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч О-д овгийн Э-н Б-г 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Б-д Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 03 /гурав/ жил 06 /зургаа/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 5 /тав/ жил 7 /долоо/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д оногдуулсан 5 /тав/ жил 7 /долоо/ сар 22 /хорин хоёр/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-н цагдан хоригдсон 25 /хорин тав/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Шүүгдэгч Э.Бд холбогдох хэрэгт иргэний баримт бичиг ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-с 4 145 000 /дөрвөн сая нэг зуун дөчин таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.О-д олгосугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Nike” брейндийн гутлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Б-д буцаан олгохыг Говьсүмбэр аймгийн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

   9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

   10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ЭНХМАНДАХ