Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/40

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Г аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга А.Энхбаяр,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч М.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Г аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Мын От холбогдох 2217000730046 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Мын О /РД:............../, Г аймгийн С суманд 1999 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ...... Г салбарт засварын монтёр ажилтай, Г аймгийн С сумын 1 дүгээр баг, ......... тоотод оршин суух, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй гэх,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г аймгийн С сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Гранд” рестораны караокены 01 номерийн өрөөнд 2022 оны 04 дүгээр сарын 23-ны оройн 23 цагийн үед М.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний хөлийг хаалганы буланд цохиулах, хүзүү, зүүн хацарт нь гараараа тус бүр нэг удаа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн завжинд шарх, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч М.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр найзтайгаа 2,5 литрийн пиво дөрвийг хувааж уугаад орой нь Гранд ороод 1 давхарт нь суугаад 6 ширхэг лаазтай пиво уусан. Тэгээд Гранд рестораны 2 давхарт ямар зорилгоор гарсан, Этай юунаас болж маргалдсанаа санахгүй байгаа. Хохирогчид учирсан гэмтлүүд миний буруугаас болсон. Өөрөө санахгүй байгаа ч өгсөн мэдүүлгийг уншсан, бас найз хэлсэн болохоор Эыг зодсоноо хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчоос уучлалт гуйсан. Хохирогч хохирол төлбөр гэж яриагүй байж байгаад өчигдөр ээж нь залгаад мөнгө өг гэсэн. Сая аавтай нь ярьсан чинь 1 500 000 төгрөг өг Улаанбаатарт эмчилгээнд явсан зардал гэж хэлсэн. Хохирогчоос баримтаар хохирол төлбөр нэхэмжилбэл төлнө. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокуророос 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулна гэснийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

2. Хохирогч М.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ. “2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 23 цаг өнгөрч байхад би Гранд рестораны 1 номерын өрөөнд найз Б, Э хоёрын хамт дуулсан. Бид нар огт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Гэтэл манай өрөөний хаалгыг нэг танихгүй хүн нээж харж байснаа хаалга хаалгүй нээлттэй үлдээхээр нь би өрөөний хаалгыг хаасан. Төд удалгүй нөгөө хүн дахиж хаалга нээгээд манай өрөөнд орж ирээд Эыг юундаа инээгээд байгаа юм гэхээр нь би ахаа та өрөөнөөс гарчих гэтэл нөгөө ах чи намайг хөөдөг хэн бэ гэж хэлээд миний үснээс зүүн гараараа үсэдсэн. Манай найз Э хүн дуудахаар яваад нэг давхарт байсан зөөгч эмэгтэйг дагуулаад өрөөнд орж ирэх үед нөгөө танихгүй залуу миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохитол зөөгч эмэгтэй нөгөө залууг аваад өрөөнөөс гарсан. Тухайн үед би цагдаад дуудлага өгсөн. Миний уруул зүүн талдаа язарсан, зүүн шилбэ зулгарсан байсан. О миний үснээс зулгаасан үед би өрөөнөөс гарах гэтэл хаалганд намайг шахаад гарахгүй байсан ба тэр үед би хөлөө хаалганы буланд цохиод гэмтээсэн. Цагдаа нар ирээд Грандаас гарч байхад О миний хүзүүний зүүн хэсэгт гараараа нэг удаа алгадсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 32-34 хуудас/

 

3. Гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 22 цагийн үед би найз Э, Э нарын хамт Гранд рестораны караокед 1 цаг дуулахаар нэг номерын өрөөнд ороод 30-40 минут болж байтал гаднаас нэг танихгүй залуу согтуу орж ирээд та нар намайг мэдэх үү, Эыг чи юундаа инээгээд байгаа юм гэх мэтээр агсам тавьсан. Э рестораны ажилтныг дуудахаар гараад явсан, Э нөгөө танихгүй залууг ахаа та манай өрөөнөөс гарчих гэтэл чи намайг эндээс хөөдөг хэн бэ гэж хэлээд Эын үснээс зулгаагаад хана руу шахсан. Э Грандын зөөгч эмэгтэйг дагуулаад өрөөнд ороод иртэл нөгөө залуу Эын зүүн шанаа руу гараараа нэг удаа цохиод үснээс зулгаагаад тавихгүй байсан. Зөөгч эмэгтэй нөгөө залууг би чамайг ахад чинь хэлнэ шүү гэж хэлээд дагуулаад өрөөнөөс аваад гарсан. Цагдаа ирээд бид нарыг Грандаас авч гараад үүдэнд явж байтал Эын хүзүүн тус газарт нөгөө залуу ахиад гараараа 1 удаа цохисон. Эын уруулнаас нь цус гарч байсан. Өөр ил харагдах гэмтэл харагдаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 35-36 хуудас/

 

4. Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Э, Б бид гурав караокены 1 номерын өрөөнд дуулаад 30-40 минут болж байхад гаднаас нэг танихгүй залуу нилээн согтсон байдалтай орж ирээд та нар намайг мэдэх үү гээд агсан тавиад байхаар нь Грандын ажилтныг дуудахаар нэг давхар луу буугаад зөөгч эмэгтэйг дагуулаад өрөө рүүгээ ортол нөгөө залуу Эыг зүүн гараараа үсдээд барьчихсан хаалга руу шахсан байсан. Мөн Эын зүүн шанаа руу гараараа нэг удаа цохисон. Тухайн үед миний дагуулж ирсэн зөөгч эмэгтэй нөгөө залууг би чамайг ахад чинь хэлнэ шүү гэж хэлээд дагуулаад өрөөнөөс аваад гарсан. Цагдаа нар ирээд бид нарыг авч гараад Грандын үүдэн дээр явж байтал Эын хүзүүн тус газарт түүнийг зоддог залуу ахиад гараараа 1 удаа цохисон. Эын уруулнаас нь цус гарч, зүүн хөл нь шалбарсан байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 39-40 хуудас/

 

5. Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 22 цагийн үед манай ресторанд 3 залуу дуулна гээд 1 номерийн өрөөнд орсон. Удалгүй 1 залуу нь өрөөнөөс гарч ирээд эгчээ манай өрөөнд нэг хүн орж ирээд агсам тавиад байна гэхээр нь нөгөө залуутай хамт өрөө рүү ортол О агсам тавиад байгаа бололтой чанга чанга яриад нөгөө залуу руу гараа далайгаад байсан. Би Оыг өрөөнөөс авч гараад одоо харь гээд орсон. О архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ биеэ авч явах чадвартай байсан. Нөгөө 3 залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Намайг караокены өрөөнд орох үед О нөгөө 3 залууг зодсон цохисон зүйл байхгүй. Намайг очихоос өмнө юу болсныг би мэдэхгүй. Оыг өрөөнөөс аваад гарах үед О намайг давуулаад нэг залуу руу гараа савах шиг болсон. Гэхдээ нөгөө 3 залууг цохисон үгүйг нь би мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 41-42 хуудас/

 

6. Шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаар дүгнэлтэнд: “М.Эын биед зүүн завжинд сорви /шарх/, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ.  Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь 5-7 хоног доторх хугацаанд үүссэн байна.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч, Н.Энхцолмон гэжээ. /х.х-ийн 48-49 хуудас/

 

7. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудасны хуулбар /х.х-ийн 4, 22-23 хуудас/

 

8. Г аймгийн С сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, .........-ын Г дэх салбарын тодорхойлолт /х.х-ийн 65-66 хуудас/

 

9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 78 хуудас/

 

10. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт, хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн прокурорын тогтоол /х.х-ийн 87-89 хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

 

НЭГ. Гэм буруугийн талаар:

 

Шүүхээс шүүгдэгч М.О нь 2022 оны 04 дүгээр сарын 23-ны оройн 23 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэн өөрийгөө хянах чадваргүй болсон үедээ Г аймгийн С сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гранд” рестораны караокены 01 номерийн өрөөнд үйлчлүүлж байсан хүмүүст агсам согтуу тавьсны улмаас М.Этай маргалдаж, түүний хөлийг хаалганы буланд цохиулах, хүзүү, зүүн хацарт нь гараараа тус бүр нэг удаа цохих зэргээр бие махбодид нь халдан зодож, эрүүл мэндэд нь зүүн завжинд шарх, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Шүүгдэгч М.Оын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч М.Оын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Оын өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Э, гэрч Ж.Б, Д.Э, Г.Б нарын өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Г аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн шүүгдэгч М.О нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч М.О нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан дагуу хүсэлт гаргасныг прокуророос хангаж, шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч М.О нь гэм буруугийн шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргаж оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөнийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж өөрийгөө удирдах чадваргүй болсон үедээ бусдад агсам согтуу тавьж хэрүүл маргаан үүсгэснээс үүдэлтэй байна.

 

ХОЁР. Шүүгдэгч М.От эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Прокуророос шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөх санал гаргасныг шүүгдэгч М.О нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Оыг анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдлаа.

 

Шүүхээс дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзаж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэлээ.

 

Хохирогч М.Эт учирсан хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар: шүүгдэгч М.О нь хохирогч М.Эт халдсан үйлдлийн улмаас түүний зүүн завжинд шарх, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч М.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн боловч шүүх хуралдаан болохоос өмнө Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан зардалд 1500000 төгрөг нэхэмжилж байгаа болохоо илэрхийлсэн нь шүүхийн мэдэгдэх хуудсанд бичигдсэн тэмдэглэл болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байгаа боловч хохирогч М.Э нь эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байх тул энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч М.О нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Мын Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Оыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.От оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.От оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч М.О нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч М.Э нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

           

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Г аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА