Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/41

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Н.Нэргүй,

шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Мгийн Бд холбогдох эрүүгийн 2217000630035 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Д овогт Мгийн Б /РД:УЗ.../, УБ хотод 19 оны .. дүгээр сарын ..ы өдөр төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ах, дүү нарын хамт УБ хот, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, ............ дугаар байрны .......... тоотод оршин суух хаягтай, Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа, урьд 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 973 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн гэх,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б нь Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байгаад 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр тус ангийн үйлдвэрлэлийн хэсэгт гөлөм оёх ажлыг хийх үедээ хоригдол М.Ганбаартай маргалдан улмаар түүн рүү цаасны хутга авч шидэн эрүүл мэндэд нь баруун гарын сарвууны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гөлөм оёх бүх явцыг буюу оёдол, шивээс хаана оёдол хийх гэх мэт бүх зүйлийг Г хариуцдаг. Би 3 сар Гын доор ажиллаж байгаа. 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр өглөө хорих ангийн үйлдвэрлэлийн хэсэгт эрт орж ирээд гөлөмний нэг гуяыг нь дуусаж шалгуулахад шулуунаар нь дуусга гээд шулуунаар оёж байсан. Тэгсэн шулаад, бөөрөнхийлөөд оё гэсэн. Би тэгшхэн оёсон, 3 зураас байдгийг хөндлөн оёх ёстой байсныг шулж оё гээд тэрнээс болж Гтай маргалдсан. Эхлээд муудалцаад зүгээр зууралдаад салсан. Буцаж суугаад хэрэлдэж байхдаа өөрийгөө хянаж чадахгүй Бын ширээн дээр байсан арьсыг зүсэж авдаг цаасны хутгыг Г луу шидсэн. Харуул хамгаалалтын ажилтан бид хоёрыг маргалдаж байх үед байгаагүй. Гтай хувийн таарамжгүй харилцаа, өс хонзонгийн асуудал байхгүй. Би 2020 оны 08 дугаар сард корона туссан. Тархи, нугасны өвчтэй болсон байсан. Эмч намайг өөрийгөө хянах чадвар багассан гэж хэлсэн. Би тухайн үед өөрийгөө хянасан бол ингэж шүүх хуралд оролцохгүй байсан гэж бодож байна. Гын гарт зүсэгдсэн шарх миний үйлдлээс болсон. Миний буруу. Г намайг дарамталсан зүйл байхгүй гэв.

 

2. Хохирогч М.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 11 цагийн орчимд гөлөм оёх ажилд хоригдол Н, Б, М, Г, Б бид нар байсан. Б гөлөм буруу оёод миний хажууд тавьсан байхаар нь би миний хөгшин шулаад оёод өг гэж хэлэхэд Б их дургүйцэнгүй ядаргаатай гэж хэлээд буцаагаад оёсон гөлөм өө авсан. Тэр үед нь би чи ямар миний юмыг хийж байгаа биш дээ гэхэд Б нь би ямар чамаас хоног авах биш гээд ширээн дээрээ гөлөм оёхдоо ашиглаж байсан улбар шар өнгийн цаасны хутгыг баруун гараараа аваад над руу шидсэн. Цаасны хутга намайг Б зүг рүү хараад зогсож байх үед миний баруун гарын сарвууны хойд хэсэгт оносон. Их хүчтэй цохих шиг болоод гараа харахад зүссэн байсан. Би хорих ангийн сувилагчид үзүүлээд аймгийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Цаасны хутгаар гөлөм оёж гөлмийг өөлдөг байсан. Б цаасны хутга шидсэнээс өөр халдсан цохьсон зүйл байхгүй, Би Бийн биед халдсан цохьсон зүйл байхгүй. Өмнө нь муудалцаж маргалдсан зүйл байхгүй. Надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23-27 хуудас/

 

3. Гэрч Ш.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр би гөлөм оёх ажил хийж байсан. Би буруу хараад суусан байсан учраас сайн анзаараагүй. Ямартай ч Б, Г нар маргалдах шиг болж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 28-30 хуудас/

 

4. Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Гөлөм оёх ажил хийж байхад Г, Б нар нь бага зэрэг маргалдаад байх шиг байсан. Би өөрийн ажил хийж байсан учраас өөр зүйлийг сайн анзаараагүй. Б Г луу өөр нэгэн зүйл шидсэн талаар би анзаараагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 32-33 хуудас/

 

5. Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 03 дугаар сарын 10-ны 11 цагийн орчимд Б, Г, Г, Н, М бид нар гөлөм оёх ажил гүйцэтгэж байсан. Тэр үед Б, Г нар нь гөлөм оёх асуудлаас болоод маргалдаж эхэлсэн. Б гөлөмөө буруу оёод янзалж байсан. Тэр хоёр маргалдаж байгаад Б нь очоод зуураад ямар нэгэн зодоон болоогүй салцгаасан. Дахин маргалдаад Б Г луу ажил хийж байсан улбар шар өнгийн цаасны хутгыг аваад шидтэл Гын баруун гарын сарвууны ар хэсэгт оноод  гараас нь цус гарч эхэлсэн. Г нь -ийг цохисон зодсон зүйл байхгүй. Тухайн цаасны хутга нь ажилд ашигладаг багаж” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 34-37 хуудас/

 

6. Гэрч Ч.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Гөлөм оёх ажил хийж байх үед Б, Г хоёр нь гөлөмний оёдлоос болоод маргалдсан. Тэр маргааныг салгаад ажлаа хийгээд байж байх үед Гын гарнаас цус гарчихсан байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 38-39 хуудас/

 

7. Шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 86 дугаар дүгнэлтэд: М.Гын биед баруун гарын сарвууны шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь 14-21 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэмтлүүд байна.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэжээ. /х.х-ийн 51-52 хуудас/

 

8. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 11-14 хуудас/

 

9. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолууд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /х.х-ийн 17-20 хуудас/

 

10. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан баримтууд, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ял тооцооны тодорхойлолт, шийтгэх тогтоолын хуулбарууд, /х.х-ийн 67-75, 79, 84, 85-124 хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

 

НЭГ. Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.Б нь 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 11 цагийн орчимд Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангийн үйлдвэрлэлийн хэсэгт гөлөм оёх ажлыг гүйцэтгэж байх үедээ хоригдол М.Г-гтай маргалдан цаасны хутга авч шидэн бие махбодид нь баруун гарын сарвууны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

 

Шүүгдэгч М.Б дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч М.Б нь дээрх гэмт хэргийг гэм буруутай болох нь хохирогч М.Г, гэрч С.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 86 дугаар дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

 

Мөн шүүгдэгч М.Б нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон, шүүгдэгч нь гэм буруугийн шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргаж оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнийг тус тус дурдлаа.

 

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч нь хорих ангид гөлөм оёх ажил гүйцэтгэх явцдаа хохирогчтой үл ойлголцон, хэрүүл маргаан үүсгэснээс үүдэлтэй байна.

 

ХОЁР. Шүүгдэгч М.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа улсын яллагч Э.Нэргүйгээс шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан,

шүүгдэгч М.Б нь ямар нэгэн санал хүсэлт байхгүй гэсэн болно.

 

Шүүгдэгч М.Бд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хуульд заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч М.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг хорих ял эдлэж байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг тус тус харгалзан улсын яллагчаас санал болгосон 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулж үндэслэлтэй гэж үзлээ.

 

Мөн ялын тооцооны тодорхойлолтоор 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар шүүгдэгч М.Б эдлээгүй үйлдсэн хорих ялын хугацааг 1 сар 13 хоног гэж тогтоосон ба түүнд 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хүртэл хугацаанд 20 хоногийн хорих ял эдлэсэн байх тул Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 973 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн хорих ялын хугацаа нь 23 хоног гэж үзэх нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч М.Бд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 973 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 23 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон нийт 90 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялын хэмжээг 113 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.Б 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 06 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл 21 хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцохоор тогтоолоо.

 

Хохирогч М.Гт учирсан хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар: шүүгдэгч М.Б хохирогч М.Гт халдсан үйлдлийн улмаас бие махбодид баруун гарын сарвууны шарх бүхий хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч М.Г нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэнийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж тогтоолоо.

 

Шүүгдэгч М.Б нь бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогч эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 12.5 см урттай, улбар шар өнгийн бариултай цаасны хутгыг устгаж, “2217000630035 эд мөрийн баримт” гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн CD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт Мгийн Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Бд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 973 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 23 /хорин гурав/ хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон нийт 90 /ер/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялын хэмжээг 113 /нэг зуун арван гурав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан 113 /нэг зуун арван гурав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б цагдан хоригдсон 21 /хорин нэг/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Шүүгдэгч М.Б нь бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 12.5 см урттай, улбар шар өнгийн бариултай цаасны хутгыг устгаж, “2217000630035 эд мөрийн баримт” гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн CD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БАТТУЛГА