Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/43

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга А.Энхбаяр,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч С.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Н-н Г-д холбогдох эрүүгийн 2217000440032 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1973 оны 06 дугаар сарын 01-нд Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эх баригч, бага эмч мэргэжилтэй, Г ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдүүдийн хамт Г аймгийн С сумын  дугаар баг, Ц .......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх И овогт Н-н Г /РД:.........../,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Н.Г нь 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 22 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх, баривчлах байрны эмчээр ажиллаж албан үүргээ гүйцэтгэх явцдаа баривчлах байранд баривчлах шийтгэл эдэлж байсан иргэн Д.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “тайлбар тавилаа, угаасан шалан дээгүүр явсан” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж биед баруун талын завжинд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Г-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2217000440032 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Н.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

2. Хохирогч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2021 оны 10 дугаар сарын 10-ны орой 22 цаг өнгөрч байхад Н.Г эмч намайг цохисон. Тэгээд толгой, уруулаас цус гараад эмнэлэг дуудаад өгөөч гэхэд баривчлах байр луу оруулсан. Ингээд 00 цагийн орчимд би баривчлах байрандаа байж байгаад ухаан алдсан. Тэгээд таталт өгсөн юм шиг байна лээ. Г эмч надад тариа хийсэн. Удалгүй нэгдсэн эмнэлгээс эмч ирсэн.

...Би угаалгын өрөөний үүдэнд зогсож байсан. Тэгсэн Н.Г эмч миний уруул руу цохисон. Би уг цохилтоос болж хойшоо хана мөргөж, савж унасан. Тэгээд миний хүзүү өвдөх болсон. Тухайн үед би компьютер томографын шинжилгээ хийлгээгүй. Одоо толгойгоороо доош тонгойхоор хүзүү лүү хатгаж өвдөөд байдаг.

...Н.Г хэлэхдээ “эр хүн шиг тохиръё. Эмчилгээний зардал өгье. Дарга мэдчихээд албаны шалгалт хийх гээд байна. Ороод учрыг нь тайлбарлаад өгөөч” гэж хэлэхээр нь би дэд дарга Ганболдтой нь уулзаад гомдол, саналгүй гэж хэлсэн. Үүнээс хойш 20 орчим хоногийн дараа Н.Г манай гэрийн гадаа ирээд надад 200 000 төгрөг өгсөн. Би тухайн үед гэртээ ганцаараа байсан. Н.Г эхнэртэйгээ цуг явж байсан... гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 103-104 дүгээр хуудас),

 

3. Гэрч Б.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хэргийн яллагдагч Д.Б-ыг цагдан хорих байранд хүлээн авч түүний биед үзлэг хийсэн. Үзлэг хийхэд Д.Б нь ямар нэгэн зовиргүй, артерийн даралт 140/100, пульс 76, халуун 36.2 градустай, биед ил харагдах шинэ гэмтэл шарх гэмтэл үгүй, баруун суганы хэсэг хурц зүйлээр үүсгэж эдгэсэн хуучин сорвитой, баруун өвдөг тохой шалбарч эдгэсэн, баруун хэвлийн доод хэсэгт цөсний хагалгаанд орж эдгэсэн сорвитой, булчирхайн сүрьеэтэй, хараа муу гэж байсан, өөрөөр хэлбэл цагдан хорих байранд гэмтэл шархгүй хэвийн хүлээж авсан... гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 109 дүгээр хуудас),

 

            4. Гэрч Д.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

            2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад би хүлээн авахад дуудагдаж иргэн Д.Б-ын биед үзлэг хийсэн. Үзлэг хийхэд Д.Б-ын хүзүүний нугалмын ар хэсэгт 2-3 дугаар нугалмын хэсэгт тэмтрэхэд эмзэглэлтэй, уруулын дотор талын баруун хэсэгт 2-3 см язарч урагдсан шархтай байсан урьдчилсан байдлаар хүзүүний 2-р нугалмын хугарал, баруун завжны язарч урагдсан шарх гэсэн онош тавьж шарханд оёдол тавьж цаашид толгой, хүзүүний томограф хийлгэх шаардлагатай гэсэн.

...Тухайн үед Д.Б-ын хүзүүний хөдөлгөөн хязгаарлагдсанаас бусдаар биеийн байдал дундаж байсан, уг гэмтэл шархыг ямар байдлаар авсан талаар тодруулахад бусдад зодуулсан гэж байсан... гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 111-112 дугаар хуудас),

 

            5. Гэрч Б.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

            2021 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 00 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх байранд хүн таталт өгөөд байна гэсэн дуудлагаар би очсон. Намайг очиход Д-н Б гэх хүн босож явж чадахгүй, цагдаа билүү эмчийн суудаг өрөөний шалан дээр нөжирсөн цус тогтсон, өөрөө босож явж чадахгүй байдалтай байсан. Ингээд би анхан шатны үзлэг хийхэд Д.Б нь хүзүүгээ хөдөлгөж чадахгүй, баруун завж дотор талдаа зүсэгдсэн шархтай, түүнээс нь цус гарсан байсан. Амин үзүүлэлтүүд нь тогтвортой, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би үзлэг хийсэн талаар Яаралтай тусламжийн хуудсанд бичиж тэмдэглэж, Д.Б-ын шархыг цэгцэлж, оёдол хийх, өөрөө босож чадахгүй, хүзүүгээ хөдөлгөж чадахгүй байсан болохоор жижүүр эмчид үзүүлэх зорилгоор нэгдсэн эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг рүү авч явах үед эмч Г хамт явсан. Эмнэлэг дээр ирээд жижүүр эмч хэн гарч байсан талаар сайн санахгүй байна. Яаралтай тусламжийн хуудасны хавсралтад жижүүр эмч тэмдэглэгээ хийх ёстой, энэ хуудас миний харж байгаа материалд байхгүй байна. Д.Б-ын биед учирсан гэмтлийг мэс заслын эмч Н-т үзүүлсэн байна. Түүний биеийн завж хэсэгт үүссэн гэмтэлд Н эмч оёдол тавьсан. Тэгээд Д.Б-ыг яаралтай тусламжийн ажиглалтын өрөөнд ажиглаж хонуулаад өглөө нь Улаанбаатар хот руу томографын зураг авхуулах шаардлагатай гэж хэлээд цагдаа нарт хүлээлгэж өгсөн.

...Тухайн үед Д.Б-аас дээрх гэмтлүүдийг хэн учруулсан талаар тодруулахад цагдаа нар намайг зодсон гэж хэлж байсан... гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 114-115 дугаар хуудас),

 

            6. Гэрч Ш.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

            2021 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Шөнө 00 цагийн орчим Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд хүн татаж унаад байна гэх дуудлага хүлээж авсан. Энэ өдөр яаралтай тусламжийн эмчээр А эмч ажиллаж байсан талаар сайн санахгүй байна. Би бол дуудлагад очоогүй. Б.А эмч дуудлагад явж ирэхдээ манай эмнэлэгт сувилагчаар ажилладаг Тунгалаг гэх хүний төрсөн дүү Д.Б-ыг авч ирсэн. Б ирэхдээ ямар ч хөдөлгөөн хийх боломжгүй байдалтай ирсэн. Мөн түүний баруун талын завж хэсэг дотор талдаа язарсан байсан болохоор Н эмч оёдол тавьсан. Хэдэн оёдол тавьсан талаар яаралтай тусламжийн тэмдэглэлд бичээгүй болохоор би сайн санахгүй байна.

...Манай аймгийн цагдаагийн газрын хүмүүс ирсэн байсан. Яг хэн, хэн гэх цагдаа ирсэн талаар одоо сайн санахгүй байна. Ямар ч байсан цагдаагийн эрүүлжүүлэх байрны эмч Г ирсэн байсан... гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 117 дугаар хуудас),

 

7. Гэрч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би энэ асуудал яг 10 дугаар сарын хэдний өдөр болсон талаар бол тодорхой санахгүй байна. Ямар ч байсан баривчлагдсан хүмүүсийг амарч байхад Д.Б амрах байрны гадна талд жижүүр цагдаа болон эмчтэй маргалдаж, хэрэлдээд байсан. Жижүүрийн цагдаа Д.Б-ыг амрах цагтаа амраагүй байна, амар гээд байсан. Д.Б өөдөөс нь хэрэлдээд байсан. Удалгүй Д.Б эргэж амралтын өрөөнд орж ирээд цагдаад зодуулсан, миний бие өвдөөд байна гэж хэлсэн. Удалгүй түргэний эмч нар ирээд Д.Б-ыг эмнэлэг рүү аваад явсан. Маргааш өглөө нь намайг сэрэхэд Д.Б баривчлах байранд ирсэн байсан... гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 119-120 дугаар хуудас),

 

8. Гэрч Г.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн нэлээн орой нар шингэсэн байсан би баривчлах байрны өрөөндөө байж байтал эрүүлжүүлэх, баривчлах байрны коридорт хүмүүс маргалдаад байсан төд удалгүй Г эмч өрөөнд орж ирээд гараад жагс гэсэн өрөөнд байсан хүмүүс бүгд гараад жагссан чинь Г эмч гарч ирээд яах гээд байгаа юм гээд уурлаад доромжилсон үг хэллэг хэлээд байсан, ингээд 5-10 минутын дараа өрөө лүү оруулсан тэгсэн Д.Б-ын амнаас нь цус гарсан байдалтай өрөөндөө байж байсан, өдөр бүр цэвэрлэгээ хийх зорилготой /нивал/ 2 хүнийг гаргадаг тухайн өдөр би нэг залуутай цуг нивалаар ажилласан тэгээд бусад хүмүүсийг баривчлах байранд нь оруулаад бид хоёрыг үлдээсэн. Тэгсэн Д.Б намайг Г зодсон гэж байсан ба бие өвдөөд байна, эмнэлэг дууд гэж хэлэхээр нь би Г-д Д.Б-ын бие өвдөөд байна гэнээ гэж хэлэхэд за гэж байсан тэгсэн төд удалгүй Д.Б таталт өгөөд ухаан алдсан тэгсэн Г эмч цагдаагийн хамт ирээд Д.Б-т анхан шатны тусламж үзүүлэхээр өрөөндөө аваачсан би хажууд нь байсан Г эмч тариа хийсэн, Д.Б цусаар бөөлжөөд байсан нэг их удаагүй эмнэлгээс эмч ирээд Д.Б-ыг үзээд эмнэлэг рүү аваад явсан.

...Г эмч зодсон гэж байсан, таталт өгч байхдаа цусаар бөөлжөөд байсан, гаднаас харахад уруул нь цус нөж болсон харагдаад байсан өөр хаана ямар гэмтэлтэй байсныг би анзаараагүй... гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 123-124 дүгээр хуудас),

 

9. Гэрч Д.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2021 оны 10 дугаар сарын 10-ны орой 22 цаг дөхсөн байсан байхаа бид нар амрах дөхсөн байсан 22 цагт амардаг юм, тухайн өдөр эмчээр Н.Г, цагдаагаар Т нар ажиллаж байсан ингээд тухайн үед баривчилгаанд байсан Г.Б гэх залуу бид 2 тухайн өдрийн ээлжтэй байсан /нявал/ гэтэл гэнэт Н.Г эмч чанга чанга дуугараад байсан, тэгээд Д.Б удалгүй өрөөнд орж ирсэн хамар, амнаас цус гарсан байдалтай, Н.Г эмч цагдаа Тийг дуудаад баривчилгааны хүмүүсийг бүгдийг нь гаргаад жагсаа гээд бид нарыг гаргаад жагсаасан тэгээд бид нарыг давраад байгаарай гэх мэтээр загнаж байгаад ээлжтэй байсан. Г.Б бид хоёрыг ороод тэр цус нөжийг цэвэрлэ гэсэн. Г.Б бид 2 баривчилгааны өрөөний шалан дээр Д.Бын амнаас гарч гоожуулсан цусыг цэвэрлэсэн, баривчилгааны хүмүүс унтаж амарсан, харин Д.Б дотор задарлаа эмч дуудаад өгөөч гэхээр нь Г.Б бид 2 Н.Г эмчид хэлэхээр тоохгүй байсан удалгүй Д.Б таталт өгөөд ухаан алдсан, тэгтэл Н.Г эмч, цагдаа Т нар тусламж үзүүлээд Н.Г эмч тариа хийж эмнэлэгт мэдэгдсэн, эмнэлгээс түргэн тусламж ирээд Д.Б-ыг аваад явсан.

...Д.Б-ыг өрөөнд орж ирэхэд нь харахад амнаас нь цус гарсан байдалтай байсан бөгөөд тухайн үед цагдаа Т бид нартай цуг байсан, эмч Н.Г түүнийг зодсон талаар Д.Б ярьж байсан, тэгээд цагдаа нар хүн зоддог, хүн алдаг гэх мэтээр хэлж уурлаад байсан, мөн эмч дуудаад өг дотор задарлаа гээд байсан, тэгэхээр нь Н.Г эмчид хэлсэн чинь нэг их тоохгүй байсан тэгээд таталт өгсний дараа нь Н.Г эмч ирсэн.

...Д.Б-ын амнаас цус гараад байсан бөгөөд би шалан дээр дуссан цусыг нь цэвэрлэсэн, нэлээн цус гарсан байсан. ...Тухайн үед угаалтуурыг баривчилгаанд байсан И гэх залуу цэвэрлэж байсан тэгсэн хажуугаас нь Д.Б ах орж ирээд шүдээ угаасан юм байна лээ тэгээд үүнээс болж И Д.Б нар хоорондоо маргалдсан, тэгсэн Н.Г эмч маргалдлаа гэж уурлаад Д.Б Н.Г эмчтэй маргалдаад үүнээс болж Н.Г эмч түүнийг цохисон, би хараагүй боловч тухайн үед сонсож байж байсан, нүүр лүү бол цохих нь цохисон байхаа нэлээн цус гарсан... гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 126-127 дугаар хуудас),

 

10. Гэрч Б.И мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн орой 22 цагийн үед би эрүүлжүүлэх, баривчлах байрны шалыг угааж байсан тэгсэн надтай цуг баривчлах шийтгэл эдэлж байсан Д.Б угаалтуурт шүд, нүүр гараа угаасан угаалтуурын доор нь тосдог хувин алга, наана чинь ус асгараад байна гэж би хэлснээс болж бид 2 маргалдсан тэгсэн тухайн өдөр ажилтай байсан эрүүлжүүлэх, баривчлах байрны эмч Н.Г өрөөнөөс гарч ирээд юу болоод байгааг асуухаар нь би тайлбарласан чинь Н.Г эмч Д.Б-т цэвэрлэгээ хийж байхад яах гээд байгаа юм бэ гэсэн чинь Д.Б өөдөөс нь тайлбар тавиад тэр 2 маргалдсан, би шалаа цэвэрлэж дуусаад өрөөндөө орсон тэр 2 коридорт маргалдаад үлдсэн, удалгүй Д.Б баривчилгааны өрөөнд орж ирсэн түүний амнаас цус гарсан байсан, тэгсэн Н.Г эмч бүх хүмүүсийг гаргаж жагсаагаад "цагийн юмыг цагт нь хийж бай, цэвэрлэгээ хийсэн бол хувин саваа байрлуулж бай битгий хоорондоо маргалдаад бай” гэж хэлээд өрөөндөө орж амарцгаа гэж хэлсэн. Ингээд өрөөндөө амарсан удалгүй Д.Б-ыг Н.Г эмч өрөөнөөс гаргаад эмнэлэг дуудаж үзүүлсэн.

...Д.Б Н.Г-тэй маргалдаж байгаад амнаас нь цус гарсан байдалтай өрөөнд орж ирсэн, цохиж зодсоныг нь би хараагүй, угаасаа маргааш нь Д.Быг Н.Г эмч зодсон гэдэг яриа гарсан... гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 146-147 дугаар хуудас),

 

11. Гэрч Т.Ө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2021 оны 10 дугаар сард жолоодох эрхгүйгээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж 15 хоногийн хугацаатай Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх, баривчлах байранд баривчлах шийтгэл эдэлсэн. Д.Б гэх ах байсан би сайн таньж мэдэхгүй гэхдээ тийм хүн цуг баривчилгаанд байсан.

Эрүүлжүүлэх, баривчлах байрны эмчээр 2 эмч ажилладаг байсан Н.Г, нөгөөдөх нь арай залуу эмч байсан нэрийг нь санахгүй байна, харин цагдаагаар тухайн өдөр Т гэх залуу ажиллаж байсан.

2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 21-ээс 22 цагийн үед эрүүлжүүлэх, баривчлах байрны угаалтуурын тэнд Н.Г эмч Б нар маргалдаад байсан би өрөөндөө ороод байж байтал пид пад гэх чимээ гараад нэгнийгээ цохих шиг болсон, тэгээд Н.Г эмч намайг дуудаад энэ Д.Б-ыг оруулаад цоожил гэж хэлсэн. Тэгэхээр нь очтол Бын уруул хавдаад цус гарсан байсан би баривчилгааны өрөө лүү түүнийг оруулсан бөгөөд бусад баривчилгааны хүмүүс амрахаар орондоо орсон байсан ингээд баривчилгааны өрөөг цоожилсон намайг Д.Б-ыг хараад байж байгаач гээд суулгасан Д.Б ширээний хажууд суугаад амнаас нь цус гоожоод эмч дуудаад өгөөч гэхээр нь би Н.Г эмчид очоод Д.Бын цус нь тогтохгүй байна, бие нь өвдөөд байна гэнээ гэж хэлтэл Н.Г эмч за яах вэ сайн хараад байж бай гэж хэлсэн тэгэхээр нь би эргээд очтол Д.Б сууж байсан сандлаасаа унаад 4 мөч таталт өгсөн байсан тэгэхээр нь дахиад Н.Г эмчид хэлтэл наашаа өрөөнд оруулаад ир гэсэн би хэнтэй билээ дээ нэгэнтэй нь Д.Б-ыг өргөөд эмчийн өрөөнд оруулсан эмч үзэж байгаад нэг тариа хийсэн тухайн үед Д.Бын амнаас цус гараад тогтохгүй байсан. Ингээд Н.Г эмч аймгийн нэгдсэн эмнэлэгт мэдэгдээд түргэн тусламж ирээд Д.Б-ыг аваад явсан.

...Тухайн үед Н.Г эмч цохисон гэж өөрөө хэлж байсан тэгээд би түргэн тусламж ирэхэд нь дамнуургаар зөөж машинд суулгаад эмнэлэгт хүргэхэд нь цуг байсан, маргааш өглөө нь Д.Б-ыг эмнэлгээс ирэхээр нь за гайгүй ах юу болов гэсэн чинь уруулдаа оёдол тавиулсан, толгойг угаалтуур мөргүүлсэн хүзүүгээ хөдөлгөж болдоггүй гээд хязгаарлагч зүүсэн байсан. Тухайн орой Д.Б-ын уруулаас цус гарсан, толгой нь халцарсан байсан.

...Тиймээ Д.Б-ыг би хараад сууж байсан түүнд аманд шүдний сойз нь байгаагүй, шүдний сойз нь угаалтуурын тэнд газар унасан байсан шүү дээ... гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 149-150 дугаар хуудас),

 

12. Гэрч Д.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 21-22 цагийн үед Д.Б эрүүлжүүлэх, баривчлах байрны угаалтуурын өрөөнд шүдээ угаахдаа доор нь тосдог хувин байхгүй байхад угааж ус асгалаа гээд тухайн үед баривчилгаанд байсан Б.И-тай маргалдсан. Ингээд Н.Г эмч ямар шалтгаанаар хэрүүл маргаан гаргаад байгаа талаар асууж Д.Б-тай маргалдсан. Тэгээд удалгүй Д.Б өрөөнд орж ирэхдээ уруул нь язарсан, амнаас нь цус гарсан байдалтай баривчилгааны өрөөнд орж ирсэн. Тухайн үедээ цагдаа намайг зодсон гээд уурлаад байсан. Тэгээд бие нь өвдөөд байна гээд Н.Г эмч түргэн тусламж дуудаж өгөөд эмнэлэг явсан... гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 152-153 дугаар хуудас),

 

13. Гэрч Б.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2021 оны 10 дугаар сарын 10-ны орой 21 цагийн үед байхаа баривчлах байранд баривчлах шийтгэл эдэлж байгаа иргэд амрах гэж байсан, эмч Н.Г бид 2 өрөөндөө цагдаагийн байгууллагын нэгдсэн системийн АСАП сангийн мэдээлэлтэй танилцаад байж байсан. Тэгтэл угаалгын өрөөний орчимд баривчлагдсан байсан этгээдүүд хоорондоо маргалдаад байсан. Н.Г эмч юу болоод байгаа юм гээд очсон төд удалгүй Д.Б “цагдаа намайг зодлоо, надаар битгий оролдоорой” гэх мэтээр чанга орилоод байсан. Би гайхаад очтол Д.Б коридорт зогсож байхаар нь өрөөнд нь оруулсан, эмч Н.Г бид 2 хяналтын камераар харахад Д.Б унтахгүй ширээний хажууд суугаад шалан дээр цустай шүлсээ хаяад байсан. Тэгэхээр нь эмч Н.Г бид 2 өрөөнөөс гаргаад эмчийн өрөөнд оруулаад Н.Г эмч даралтыг нь үзсэн чинь ихэссэн байсан бөгөөд Д.Б хэлэхдээ “би татах гээд байна” гээд гар хөл нь чангараад байсан. Эмч Н.Г таталтын эсрэг тариа хийгээд нэгдсэн эмнэлэгт мэдэгдэж түргэн тусламж дуудсан. Түргэн тусламж ирж үзээд эмнэлэг рүү авч явна даралт ихэссэн байна, буйланд нь гэсэн байхаа оёдол тавина гэсэн. Цохиж зодсон асуудлыг би хараагүй, намайг эмчийн өрөөнөөс гарахад Д.Б коридорт байсан... гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 157-158 дугаар хуудас),

 

14. Гэрч Л.Л мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2021 оны 10 дугаар сарын 10-ны орой 22 цагийн үед юу болсон талаар мэдээгүй, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн өглөө илтгэх хуудас бичиж байх үед Д.Б нь баривчлах байранд бусдад зодуулсан асуудлын талаар мөн надад мэдэгдээгүй, цагдаагийн хэлтсийн рапортоос гарч ирээд эрүүлжүүлэх, баривчлах байрны эмч Н.Г надад хандан “баривчлах байранд шийтгэл эдэлж байсан иргэн Д.Б нь даралт ихсэж эмнэлэгт хүргэгдсэн” талаар хэлсэн. Одоо хаана байгаа талаар асуухад “эмнэлэгт байгаа” гэсэн. Ингээд явах гэтэл машин байгаагүй учир эрүүгийн мөрдөгч З-н машинтай эмнэлэг явсан. Очиход Д.Б хүлээлгийн өрөөнд байсан бөгөөд түүнтэй уулзаад юу болсон талаар асуухад “шүдээ угааж байгаад, хүнтэй маргалдаад даралт ихэссэн байна” гэж хэлсэн. Тухайн үед нэгдсэн эмнэлгийн эмч Н орж ирээд энэ хүний биеийн байдал хэвийн болсон аваад явж болно гэж хэлэхээр нь Д.Б-ыг аваад ажил дээр ирээд Н.Г эмчид хүлээлгэн өгсөн.

...Д.Б-ын биед ил харагдах шарх гэмтэл байгаагүй харин уруулд нь оёдол тавьсан талаар Н эмч хэлж байсан бөгөөд Д.Б-аас асуухад тодорхой зүйл хэлэхгүй байсан, харин эмч Н хэлэхдээ цагдаагийн алба хаагч зодсон талаар өчигдөр орой Д.Б хэлж байсан гэсэн. Би энэ талаар Н.Г эмчээс асуухад шүдний сойзтой байсан тэрүүгээр өөрийгөө гэмтээсэн юм байгаа биз гэж хэлсэн. Д.Б өөрөө тодорхой зүйл ярихгүй байсан мөн надад албаны шалгалт хийх чиглэл өгөөгүй учраас албаны шалгалт хийгээгүй... гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 160-161 дүгээр хуудас),

 

15. Гэрч А.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2021 оны 10 дугаар сарын 10-ны орой 22 цагийн үед байхаа эрүүлжүүлэх, баривчлах байрны эмч Н.Г-тэй холбогдож нөхцөл байдлын талаар тодруулахад нөхцөл байдал тайван талаар мэдэгдсэн, Д.Б эмнэлэгт хүргэгдсэн талаар 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн өглөө цагдаагийн хэлтсийн рапорт орохоос өмнө Д.Б-ыг эмнэлэгт хүргэгдсэн талаар мэдэгдсэн бөгөөд ямар шалтгаанаар хүргэгдсэн талаар асуухад даралт ихэссэн гэж хэлсэн... гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 163 дугаар хуудас),

 

16. Гэрч Б.З мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн өглөө цагдаагийн хэлтсийн рапортын дараа дэд хурандаа Л.Л эмнэлэг орчихоод ирье гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд цуг явсан. Ингээд эмнэлэг дээр очтол Д.Б-ын эмнэлгийн хүлээлгийн өрөөнд сууж байсан, дэд хурандаа Л.Л Н эмчтэй уулзаад Д.Б-ыг аваад гарсан. Бид 3 цагдаагийн хэлтэс дээр очоод дэд хурандаа Л.Л Д.Б-ыг дагуулаад аваад явсан. Бид тэр хоёроос салаад өрөөндөө очсон... гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 165 дугаар хуудас),

 

17. Гэрч А.П мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 1997 онд Говьсүмбэр аймагт очиж Н.Г-тэй танилцсан, ингээд 1997 оноос хойш өнөөдрийг хүртэлх 25 жилийн хугацаанд 3 хүүхэдтэй болсон. Н.Г нь Увс аймгийн Өлгий суманд төрсөн, тэндээ цэцэрлэгт, сургуульд суралцаж байгаад 1988 онд Говьсүмбэр аймагт шилжиж ирж тус аймгийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийг төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн, 1995-1998 онд Анагаах ухааны дунд сургуульд суралцаж эх баригч бага эмчийн мэргэжил эзэмшсэн. 1998-2005 онд Эх нялхсын эрүүл мэндийн төвд эх баригч бага эмчээр, 2006 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэст ажиллаж байна. Зан байдлын хувьд бусадтай нийтэч, хөгжилтэй, төлөв даруу зантай, өмнө нь ийм хэрэг төвөгт холбогдож байгаагүй, урлаг, спорт, олон нийтийн ажилд идэвх санаачилгатай оролцдог... гэх мэдүүлэг, (1 дүгээр хх-ийн 170 дугаар хуудас),

 

18. Гэрч О.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Би бол Дугаржавын Б гэдэг хүнийг багаасаа танина. Тэр намайг баривчлах байранд байхад түүнийг байсан эсэхийг сайн санахгүй байна. Түүнээс хоорондоо бид хоёр ямар ч харилцаа холбоо байхгүй.

...Тухайн үед намайг баривчлах байранд байхад тэнд ажиллаж байсан эмч, цагдаа нарын нэр усыг сайн санахгүй байна. Царай зүсийг нь харвал санаанд орох байх. ...Тухайн үед би яг баривчлах байрнаас суллагдах хугацаа дөхчихсөн, нэг хоног л үлдсэн байсан. Тэр үед би баривчилгааны өрөөндөө байхад Д.Б-ын орилж, хашхирах чимээ сонсогдож байсан. Би тэр үед тэр хүнийг яг эрүүлжүүлэх, саатуулах байрны аль өрөөнд байгааг мэдээгүй. Дуу хоолойгоор нь бол би таньсан. Чухам юунаас болж яагаад бархирч “болиоч ээ” гэх мэтээр орилоод байсныг санахгүй байна. ...Ямар ч байсан Д.Б толгойноос нь цус гарсан байдалтай баривчилгааны өрөөнд орж ирж байсан санагдаж байна. Би тухайн өдөр тэр хүнтэй дуугараагүй боловч хажуунаас нь харсан. Маргааш өглөө нь би хугацаа дуусаж суллагдаад явчихсан юм. ...Д.Б-ын амнаас нь мөн толгойноос нь бага зэрэг цус гарчихсан байдалтай байсан. Би түүнийг өрөөнд орж ирэхэд нь ажиглаж харсан. ...Яг одоо энэ асуудлыг бодоод байхад тухайн үед баривчлах байрны эмч Г гэх хүн ажилтай байсан. Тэр үед Д.Б жижүүрийн өрөөнөөс зодуулчихсан, цус нөждөө хутгалдсан орж ирээд “намайг Г эмч намайг зодчихлоо, эмнэлэг дуудаж өгөөч” гэж байсан санагдаж байна... гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 235-237 дугаар хуудас),

 

19. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 3182 дугаартай дүгнэлтэд:

- Д.Б-ын биед баруун завжинд шарх гэмтэл учирчээ.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэжээ. (1 дүгээр хх-ийн 174-176 дугаар хуудас),

 

20. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 247 дугаартай дүгнэлтэд:

- Д.Б-ын хүзүүний 2 дугаар нугаламд хугарал үгүй байна.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэжээ. (1 дүгээр хх-ийн 182-184 дүгээр хуудас),

 

21. Шинжээч эмч Т.Чимэд-Очир мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Дээрх гэмтэл нь өөрөө шүдний сойзоор шүдээ угаах, сойзыг амандаа хийх зэрэг үйлдлийн улмаас учрах боломжгүй бөгөөд бусдын гараар цохих үед үүсгэгдэх боломжтой.

...Хүний биед үүссэн шарх гэмтэл нь арьс, салстын бүрэн бүтэн байдлыг бүрэн эвдэж үүний улмаас эрүүл мэндийг 4 долоо хоног хүртэл хугацаанд сарниулдаг учир Д.Б-ын биед учирсан баруун талын завжны шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа юм. Дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн материалд Д.Б-ын баруун талын завьжинд учирсан шарх нь зайлшгүй эмнэлгийн тусламж, мэс ажилбар буюу тухайн шарханд оёдол тавьж эмчилсэн талаар дурдсан байсан... гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 186 дугаар хуудас),

 

22. Шүүгдэгч Н.Г-ийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, (1 дүгээр хх-ийн 201 дүгээр хуудас),

 

23. Шүүгдэгч Н.Г-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, (1 дүгээр хх-ийн 199 дүгээр хуудас),

 

24. Шүүгдэгч Н.Г-ийн 2021 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 222-224 дүгээр хуудас),

 

25. Шүүгдэгч Н.Г-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хх-ийн 225 дугаар хуудас),

 

26. Шүүгдэгч Н.Гийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа (1 дүгээр хх-ийн 226 дугаар хуудас),

 

27. Шүүгдэгч Н.Г-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1 дүгээр хх-ийн 227 дугаар хуудас) зэрэг болно.

 

НЭГ. Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Н.Г нь 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 22 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх, баривчлах байрны эмчээр ажиллаж албан үүргээ гүйцэтгэх явцдаа баривчлах байранд баривчлах шийтгэл эдэлж байсан иргэн Д.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “тайлбар тавилаа, угаасан шалан дээгүүр явсан” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж биед баруун талын завжинд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Б, гэрч Д.Н, Б.А, Ш.А, Д.М, Б.И, Д.О нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Н.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Н.Г-ийн өмгөөлөгч С.Ганбат гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Н.Г нь эрүүлжүүлэх, баривчлах байранд баривчлагдаж ирсэн иргэн Д.Б-тай 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тавьсан шаардлагыг эсэргүүцсэний улмаас маргалдаж Д.Б-ын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, зүйлчлэл дээр маргахгүй байгаа...” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд шүүхээс шүүгдэгч Н.Г-д холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Г нь 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 22 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх, баривчлах байрны эмчээр ажиллаж албан үүргээ гүйцэтгэх явцдаа баривчлах байранд баривчлах шийтгэл эдэлж байсан хохирогч Д.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “тайлбар тавилаа, угаасан шалан дээгүүр явсан” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа биед баруун талын завжинд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

 

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Н.Г нь хохирогч Д.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний эрүүл мэндэд баруун талын завжинд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Шүүгдэгч Н.Г нь хохирогч Д.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Д.Бын мэдүүлэг, гэрч Б.Х, Д.Н, Б.А, Ш.А, Ц.Б, Г.Б, Д.М, Б.И, Т.Ө, Д.О, Б.Т, Л.Л, А.Б, Б.З, А.П, О.Н нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 3182 дугаартай дүгнэлт, Шинжээч эмч Т.Чимэд-Очирын мэдүүлэг, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Г нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна. Уг гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нь шүүгдэгч Н.Г нь хохирогч Д.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу угаасан шалан дээгүүр явсан, тайлбар тавилаа гэх шалтгаанаас уг гэмт хэрэг гарсан байна гэж шүүхээс дүгнэлээ.

Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Н.Г-ийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Иймд шүүгдэгч Н.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч Д.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Н.Г-ийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

 

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч Н.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд уг зүйл ангид зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 650 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Н.Г-ийн өмгөөлөгч С.Ганбат нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч Н.Г нь хувийн байдлын тухайд урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, зөрчлийн хэрэгт холбогдож байгаагүй. Энэ байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээ болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялын 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү” гэх дүгнэлт тус тус гаргасан байна.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Н.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна. Харин шүүгдэгч Н.Г-ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Иймд шүүгдэгч Н.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирч байна гэж шүүхээс үзлээ. 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч Н.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдлаа.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч И овогт Н-н Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Н.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Н.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           

            5. Шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болтол шүүгдэгч Н.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ЭНХМАНДАХ