Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/44

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Энхбаяр,

улсын яллагч Ш.Батсүх,

хохирогч Б.З,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д овогт Бгийн Мод холбогдох 2217000640047 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Д овогт Бгийн М /РД:ЕА/, Д аймгийн С суманд 1996 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, вагон үзэгч засварчин мэргэжилтэй, УБТЗ-ын Вагон ашиглалтын депогийн харъяа ..... ажилтай, Г аймгийн Ш сумын 2 дугаар баг, 21 дүгээр зөрлөг ........ тоотод оршин суух, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй гэх,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 18-ны шөнө 22 цагаас 23 цагийн хооронд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Халуун тогоо” рестораны үүдний хэсэгт иргэн Б.Зтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний хамар, нүүр, зүүн нүд хэсэг рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн этмойд хөндийн шингэн хуралдалт, зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн зовхины цус хурал, зүүн нүдний алимны салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дөрвүүлээ 0,75 литрийн 2 шил архи, 0,5 литрийн 1 шил архи уусан. Тухайн үйл явдал халуун тогоо рестораны үүдэнд З бид хоёрын хооронд болсон маргаан болон миний олон үгнээс болсон. Би архи уухаараа жаахан тавьтаргүй зантай гэдгээ мэддэг. Намайг салгах гэж байхад нь зодох гэж байна гэж бодоод Зг цохисон. Хүмүүс ирээд салгахад ахиад нэг цохисон. Би гараараа 2 удаа цохисон. Шилээр Зг цохиогүй. Тухайн үед согтуу байсан болохоор болсон зүйлийг сайн санахгүй байгаа. Згийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид одоогийн байдлаар 2 550 000 төгрөг төлсөн. Нэхэмжилсэн мөнгөнөөс 1 300 000 төгрөг үлдсэн байгаа. Энэ мөнгийг ээлжийн амралтаа аваад өгнө. Би дахиж ингэж архи хэтрүүлэн хэрэглэхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокуророос 550 000 төгрөгөөр торгох ял оногдуулна гэснийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос уучлалт гуйж байна гэв.

 

2. Хохирогч Б.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр манай эхнэр болон найзынхаа хамт халуун тогоонд пиво уугаад сууж байтал Т 2 найзтайгаа орж ирээд хажуу талын ширээнд суусан. Т бид хоёр гарч тамхилаад юм ярьж байхад М, Н дөрвүүлээ зогсож байгаад М ирээд хэрүүл өдөөд байхаар нь та нартай юм яриагүй, бид хоёр хоорондоо юм ярьж байна гэж хэлсэн. Манай эхнэр Б дотроос гарч ирээд та боль гээд намайг түрүүлээд аваад орсон. 00 ороод гараад ирэхэд үүдэнд Тийг буланд шахсан байхаар нь боль гэхэд М намайг цохисон. Тэгээд хамраас гарсан цусаа угаагаад гараад иртэл хүмүүс бужигналдаад хэрүүл маргаан хийж байхаар салгаад байж байтал ахиж 1 удаа цохисон. Хэн цохисныг би мэдээгүй. Хүмүүсийн хэлснээр Мыг цохисон гэж ойлгосон. Нүд рүү цохиод хөмсөгний доор 2 сэтэрч, цус гоожоод нүд таглагдсан. Би өөрийнхөө эмчилгээнд зарцуулсан мөнгөө тооцож бичсэнээрээ нэхэмжилнэ. Өнөөдрийн байдлаар 2 550 000 төгрөг авсан. Үлдсэн 1 328 288 төгрөгийг нэхэмжилнэ. Одоо миний биеийн байдал гайгүй. Нүдний хараанд нөлөөлсөн зүйл байхгүй. 6 сарын дараа сорви эдгэдэг гэсэн. Эдгэсний дараа лазер эмчилгээнд орно. Цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжлэхгүй гэв.

 

3. Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 21 цаг 10 минутын орчимд нөхөр З болон нөхөртэй хамт ажилладаг Д, Д нарын хамт Халуун тогоо рестораны пабд ороод 1 литрийн 1 шил виски, лаазтай пиво 6 ширхэг, 6 ширхэг ундаа, хоолнууд захиалаад суусан. Бид хэдийг сууж байхад нөхрийн ажлын Т, 2 танихгүй залуутай орж ирээд хаалганы хажуугийн ширээнд суусан. Би бүжиглэж байгаад нэг харсан чинь манай нөхөр хамт ажилладаг Т 2 байхгүй болохоор нь хамт явсан хэдээсээ асуухад тамхи татна гээд гараад явсан гэхээр нь араас нь гарахад З, Т хоёр тамхи татаад үүдний зүүн хэсэгт зогсож байсан. Баруун хэсэгт нь хар подволктой биерхүү залуу, нүдний шилтэй жижиг залуу 2 байсан бөгөөд тэр 2 манай нөхөр, Т хоёртой хэрэлдээд байсан. Тэр хоёр залуу дөхөөд ирэхээр нь та 2 яагаад байгаа юм гэхэд Н намайг сайн уу эгч гээд эгчтэй юм ярихгүй гэж хэлээд холдоод явсан. Би нөхрөө аваад дотогш нь оруулахад М Т рүү зодох гэж дайраад байхаар нь би очиж салгатал нүдний шилтэй залуу миний баруун гарыг бариад тавихгүй байсан. Манай нөхөр дотроос хараад гарч ирээд чи эмэгтэй хүний гарыг тавиач гэж хэлэхэд М З руу дайраад нүүрэнд хамарны хэсэгт нь гараараа цохисон. Тэгээд Згийн хамарнаас цус гарахаар нь цэвэрлэхээр 2 давхарын 00-руу орж, цусыг нь цэвэрлээд доошоо буцаад буугаад ирэхэд Д Д нартай нөгөө залуучууд маргалдчихсан шатны доор зогсож байгаад гарцгаасан бөгөөд З тэр хэдийг болиулах гээд араас нь гарсан. Хүмүүс хоорондоо маргалдаад байсан бөгөөд М цагаан өнгийн жийпнээс гарч ирээд Згийн зүүн нүдний орчимд хүрэн өнгийн шилээр цохичихоод буцаад машиндаа ороод хаалгаа түгжсэн. Пивоны хагархай шилээр цохисон байх гэж бодож байна. Н З руу агсраад дайрснаас, зодож цохисон зүйл байхгүй. Манай нөхөр Мод зодуулснаас болж хамар болон зүүн нүд нь гэмтсэн. Зүүн нүдний хөмсөг, зовхи сэтэрч оёдол тавиулсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 11-13 хуудас/

 

4. Гэрч С.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 03 дугаар сарын 18-ны орой Улаанбаатар хотоос 22 цагийн үед манай хоёр найз ирэхээр нь ТБ центрт хоол идэхээр орсон. Би Згийн сууж байсан ширээн дээр нь очиж 1 аяга виски өгөхөөр нь уугаад Зтай хамт тамхи татахаар гараад халуун тогооны үүдэнд нь тамхи татаад дота тоглоом яриад зогсож байтал Н, М хоёр бид хоёрын яриан дундуур орж ирээд та хоёр ийм юм ярьдаг хэн бэ гээд хэрүүл өдөж эхэлсэн. Б гарч ирээд юу болоод байгаа юм гэж хэлэхэд Н Бг таниад мэндэлсэн. Б Зг дотогш оруулаад намайг оруулах гэхэд М зуураад оруулахгүй байсан. Б намайг тавиулах гээд голоор ороход М түүний гарыг нь бариад тавихгүй байсан. Би хүчээр тавиулаад дотогш ороход араас дагаж орж ирээд халуун тогооны үүдний таамбар хэсэгт намайг зуурахад З дотроос гарч ирээд намайг салгах гэж байхад Зг Н, М хоёрын хэн нэг нь цохисон. Түүний хамраас нь цус гараад байсан. Би яг хэн цохисныг нь хараагүй, дараа нь асуухад Мыг цохисон гэж хэлж байсан. Би үүдний хэсэгт тэр хоёртой ганцаараа үлдсэн бөгөөд араас нь манай Д ирсэн. Тэр үед Н, М хоёртой хамт явж байсан ах нар нь хоёр давхараас буугаад ирсэн. Д бид хоёрыг чирч гаргах гээд байсан бөгөөд би гарахгүй гэж чаргууцалдаж байгаад үлдсэн. Би буцаад паб руу ороод хэсэг хугацааны дараа гарах гээд үүд рүү явж байтал З зүүн нүдээ цохиулчихсан зүүн хөмсөг нь сэтэрчихсэн орж ирсэн. Тэгээд 00 орж цусаа угаагаад гадаа гараад би Бгаас хэн цохисон юм гэхэд нүдний шилтэй, хантаазтай залуу Мыг пивоны хагархай шилээр цохиод цагаан машин руу орсон гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 14-15 хуудас/

 

5. Гэрч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Мын хамт гадаа тамхи татаад зогсож байтал З гэх залуу өөр нэг залуугийн хамт гадаа тамхи татаад тоглоомны талаар яриад зогсож байсан. Би З болон нөгөө 2 залуутай тухайн тоглоомных нь талаар ярилцаж байхад М Згийн нөгөөх залуутай маргалдаж байгаад Халуун тогооны рестораны үүдэнд ороход тухайн хоёр залуутай дахин маргаан өдөөд маргалдаж эхлээд салаад би гадаа гараад зогсож байх үед М гарч ирээд машинд ороод суусан. Араас нь З гэх залуу нүд нь улайгаад цус гарчихсан гараад ирсэн. Тэр үед Зн эхнэр гэх эмэгтэй Мыг нөхрийг нь цохисон гэсэн. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас зарим зүйлсийг сайн санахгүй байна. Тамхи татаж байх үед Згийн биед ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх харагдаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 18-21 хуудас/

 

6. Гэрч Г.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Эрдэнэзаяа, Н, А, М бид 5 цэргийн баяр тэмдэглэхээр ТБ центрын караокед цаг аваад дуулаад надаас бусад нь архи уууцгаасан. М, Н хоёр тамхи татахаар гараад 20 минутын хугацаа өнгөрсөн боловч орж ирэхгүй болохоор нь бид 3 гараад очиход Н, М 2 нэг давхарт үүдний хэсэгт хэсэг залуустай маргалдсан бужигналдаад байж байсан. Яг зодолдсон юм бол байхгүй чанга чанга хэрэлдээд нэг нэг рүүгээ агсраад байсан. Н, М нарыг тэр хүмүүсээс салгаад холдуулсан бөгөөд гадагш нь гаргацгаасан. Бид хэдийг гарч ирэхээс өмнө зодоон болоод З гэх залууг М цохисон гэж ярьцгааж байсан. Гадаа гараад бас л хоорондоо хэрэлдээд нэг нэг рүүгээ агсраад дийлдэхгүй байсан бөгөөд би эрүүл байсан болохоор хүмүүсийг тар гэж хэлээд явж байтал З гэх залуугийн нүд нь тэсэрчихсэн цус гарсан язарчихсан байсан. Яг хэнд юугаар цохиулсныг хараагүй. М нь Нын машинд ороод хаалгаа түгжээд тавихгүй байсан. Нүд рүү нь юмаар цохиод машиндаа ороод гарч ирэхгүй байна гээд Згийн эхнэр нь ярьж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22-23 хуудас/

 

7. Шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 5131 дүгээр дүгнэлтэнд: “Б.Зн биед зүүн ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн этмойд хөндийн шингэн хуралдалт, зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн зовхины цус хуралт, зүүн нүдний алимын салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих механизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч, Н.Энхцолмон гэжээ. /х.х-ийн 30-31 хуудас/

 

8. Солонго нүдний эмнэлгийн үзлэгийн хуудас, “Ай ти мед” дүрс оношилгооны төвийн эмчийн дүгнэлт, хохирогчийн эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой хохирлын зардлын баримтууд /х.х-ийн 33-36, 65-69 хуудас/

 

9. УБТЗ-ын Чойр Техник үйлчилгээний газрын даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /х.х-ийн 56-58 хуудас/

 

10. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 50 хуудас/

 

11. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт, хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн прокурорын тогтоол /х.х-ийн 80-82 хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

 

НЭГ. Гэм буруугийн талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Б.М нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны шөнө 22 цагаас 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Халуун тогоо” рестораны үүдний хэсэгт Б.Зтай хэрүүл маргаан үүсгэн маргалдаж, улмаар түүний нүүрний зүүн хэсэгт 2 удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн этмойд хөндийн шингэн хуралдалт, зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн зовхины цус хуралт, зүүн нүдний алимын салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Шүүгдэгч Б.Мын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Мын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М, хохирогч Б.З нарын өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Б, С.Т, Г.Н, Г.А нарын өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 5131 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн шүүгдэгч Б.М нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан дагуу хүсэлт гаргасныг прокуророос хангаж, шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Б.М нь гэм буруугийн шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргаж оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөнийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж өөрийгөө удирдах чадваргүй болсон үедээ бусдыг өдөөн хатгаж, хэрүүл маргаан үүсгэснээс үүдэлтэй байна.

 

ХОЁР. Шүүгдэгч Б.Мод эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Б.Мыг анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдлаа.

 

Прокуророос шүүгдэгчийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх санал гаргасныг шүүгдэгч Б.М нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан үзэж улсын яллагчын 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах саналыг хүлээн авч, түүний цалин орлогын хэмжээ болон үлдэгдэл хохирлыг нөхөн төлөх боломжит хугацаа олгох үүднээс 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэлээ.

 

Хохирогч Б.Зд учирсан хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар: шүүгдэгч Б.Мын хохирогч Б.Зг 2 удаа нүүрэн тус газарт цохисон үйлдлийн улмаас түүний бие махбодид зүүн ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн этмойд хөндийн шингэн хуралдалт, зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн зовхины цус хуралт, зүүн нүдний алимын салстад цус харвалт бүхий хөнгөн гэмтэл учирсан байна.

Хохирогч Б.З нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ нийт 3 879 288 төгрөгийн хохирлоос шүүгдэгч Б.М нь 2 550 000 төгрөгийг төлж барагдуулсан учир үлдэгдэл 1 329 288 төгрөгийг нэхэмжилж байна, цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжлэхгүй гэснийг харгалзан хохирогчоос хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгч Б.Моос 1 329 288 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Зд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч Б.М нь Улаанбаатар төмөр замын Вагон ашиглалтын депогийн харъяа Чойр техник үйлчилгээний газарт вагон үзэгч засварчин ажилтай болох нь байгууллагын тодорхойлолт болон шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Б.М 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа аваад амралтын мөнгөнөөсөө үлдэгдэл 1 329 288 төгрөгийг хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт Бгийн Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мод оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мод оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Моос 1 329 288 /нэг сая гурван зуун хорин есөн мянга хоёр зуун наян найман мянга/ төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 40 дүгээр байрны 7 тоотод оршин суух хохирогч Б.Зд олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

           

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА