| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 187/2019/0149/Э |
| Дугаар | 2019/ДШМ/542 |
| Огноо | 2019-06-04 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ш.Алтанцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2019/ДШМ/542
Т.Тт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ш.Алтанцэцэг,
хохирогч нарын өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо,
шүүгдэгч Т.Тийн өмгөөлөгч Б.Булгантамир,
нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Тийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1710011810439 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ч овгийн Т-ийн Т, 1975 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Хөдөө аж ахуйн их сургуулийн гэрээт багш ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 51-6 тоотод түр оршин суух бүртгэлтэй,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 167 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 cap хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 602 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 15 хоногийн хорих ялыг тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан;
Шүүгдэгч Т.Т нь 2016 оны 10 дугаар сарын 29-нөөс 2017 оны 8 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Шинэ зам хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв"-ийн тэргүүнээр ажиллаж байхдаа “БНХАУ-ын засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр сургаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, П.Б, Б.С, М.Ө, Ц.С, Б.Б, Г.М, Ж.Б, С.О нарын 8 хүүхдийн эцэг, эхээс тус бүр 1.200 ам.доллар, 1.400.000 төгрөг, нийт 33.795.054 төгрөгийг,
2017 оны 9 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёлын ордонд иргэн С.Доржпүрэвд “Австрали улсын сургалтын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нийт 5 удаагийн үйлдлээр 8.750.000 төгрөгийг,
Хан-Уул дүүргийн Соёлын төвийн дарга О.Ааас “...3 хоногийн хугацаатай 5.000.000 төгрөг зээлээч, 1 дэх өдөр Баянгол дүүргийн халамжийн хэлтсээс сургалт хийсэн төлбөр орж ирэхээр буцаагаад өгье. ..." гэж итгүүлэн, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 5.000.000 төгрөгийг тус тус залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Т.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Тийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Тийн эдлэх 1 жил 6 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3, 64 дүгээр зүйлийн 64.1.5, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар Баянтөрийн Батсүндэр, Баянтөрийн Бат-Ундрах , Баттөрийн Батчингис нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохтой холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-ээс 2.240.454 төгрөгийг хохирогч С.О-д, 4.337.600 төгрөгийг Б.Ц-д, 2.756.000 төгрөгийг Б.Хорлоод, 4.213.000 төгрөгийг Б.Б-д, 3.350.000 төгрөгийг Д.П-д, 3.775.600 төгрөгийг М.Нэргүйд, 4.586.000 төгрөгийг Г.Б-д, 3.597.000 төгрөгийг С.С-д, 5.950.000 төгрөгийг С.Д-т, 3.500.000 төгрөгийг О.А-т тус тус гаргуулан олгох, хохирогч нар гэм хор, хор уршигтай холбоотой шууд бусаар гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Т давж заалдах гомдолдоо: “...Энэ хэрэгт гэрч Батсайхан анхнаасаа өөрийн дотно найз байцаагч Рэнцэнд хувийн чанартай өргөдөл өгсөн бөгөөд өргөдлийг бүртгэлгүй 2 сар явж, сүрдүүлэх хэлбэрээр шахалт үзүүлснээр эхэлсэн байгаа. Батсайханы ажилладаг Хан-Уул дүүргийн Соёлын төвд манай контор байрлан ажилладаг байхад ...эдгээр хохирогч гэх эцэг, эхчүүдийг замаас нь угтан авч “наад тэтгэлэг чинь худлаа, та нар надтай хамт цагдаад ханд. ...” хэмээн өдөөн турхирч, ухуулан төөрөгдөлд оруулж, олуулаа нийлж цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасныг Рэнцэн өөр дээрээ цохуулан авсан байдаг. Хохирогч нарыг цуглуулж байхдаа удаа дараа “...Би танил ихтэй хүн, Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга Хурандаа Батбаяр миний ах, чи хэнтэй харьцаж байгаагаа ойлгохгүй байна, чамайг шоронд хатааж чадна. ...” гэх мэтээр сүрдүүлж байсан тул энэ талаар ахлах мөрдөн байцаагч Энх-Мөрөнд 3 удаа уламжилж, байцаагч Рэнцэнд сануулга өгүүлж байсан. Үүнийг миний өмгөөлөгч Булгантамир гэрчилнэ. Байцаагч “...Цаашид ийм байдал гаргахгүй. ...” гэсэн тул бид байцаагчаа солих хүсэлт гаргаагүй. Гэхдээ энэ нь буруу байжээ.
...О.А нь надад зээлсэн гэх 5.000.000 төгрөгөө өгөхдөө барьцаанд нь миний хүүхдүүдийн аавын нэр дээр байдаг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авсан бөгөөд хөндлөнгийн этгээдэд дамжуулан өгч ашиглуулсан байдаг. Тиймээс би үлдсэн 3.500.000 төгрөгийг өгөхдөө өөрийнхөө гэрчилгээгээр сольж авна гэсэн боловч боломжгүй гэсэн тул төлбөрийг барагдуулаагүй. Хавтас хэрэгт энэ талаар тодорхой дурдаагүй бөгөөд байцаагч, прокурор нар хамтран хадгалж байсан нь хачирхалтай санагдаж байгааг зориуд дурдаж байна. Яллах дүгнэлт танилцуулсны дараа өдөр нь байцаагч Рэнцэн прокуророосоо асууж байгаад 1 жил гаруй хугацааны дараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг надад буцааж өгсөн. Батсайхан, Доржпүрэв нар манай байгууллагын /30 гаруй насны эмэгтэй/ багшид 1.500.000-3.000.000 төгрөгийг гарын үсэг бүхий баримтгүйгээр үлдээсэн мэтээр гүтгэж, мэдүүлсэн байдаг. ...Манайд ийм багш ажиллаж байгаагүйн дээр манай ажилчдад ямар ч мөнгө үлдээгээгүй болохыг Энхмаа байцаагч миний хэрэг дээр түр ажиллаж байхдаа шалган тогтоосон байдаг. ...Үүнийг ...хэрэгт холбогдолгүй гэж үзсэн байдаг.
...Анхан шатны шүүх хурал болох хүртэлх 2 жилийн хугацаанд миний өгсөн нотлох баримтуудыг хавтас хэрэгт хавсаргаагүй ба нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзсэн. ...Шүүгчийн “Яагаад нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа вэ” гэсэн асуултад прокурор “...Англи, Хятад хэл дээр байсан. ...” гэжээ. ...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орчуулгын төвөөр орчуулуулж, зардлыг нь гаргуулж, нотлох баримтуудыг бүрдүүлж болох байсан гэж би ойлгож байгаа. Байцаагч, прокурор нар хэргийн үнэн зөвийг олохыг хүсээгүй. ...Тиймээс энэ хэрэгт анхнаасаа хэт нэг талыг барьсан шинжтэй байна.
...М, Ө, Б, С, С, Б нарын хүсэлт гаргасан оюутнуудаас өнөөдрийн байдлаар Мөнхдолгион 100 хувийн тэтгэлэгтэй амжилттай суралцаж байгаа. ...Б, С, С, Б нар хэлний бэлтгэл болон оюутны байрны төлбөрийн хөнгөлөлттэй суралцаж байсан боловч тэдний эцэг эх, оюутнууд хувийн зардлаар суралцсан гэж мэдүүлсэн байдаг. Нэгэнт миний өгсөн баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй юм бол хөнгөлөлттэй зардлаар суралцсан оюутнууд өөрсдийн зардлаар сурсан гэдгээ нотлох баримтаар гаргаж өгөх боломжтой. Гэвч өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй. ...Мөнхдолгион, Сийлэгмаа нар миний болон Алтанжолоогийн оролцоогүйгээр тэтгэлгээр сурч байгаагаа нотлох ёстой гэж би удаа дараа шаардаж ирсэн, өнөөдөр ч гэсэн шаардаж байна.
...М нь манай сургалтын төвд дагалдан багшаар ажиллаж, С, Ө, Б нарт Хятад хэлний бэлтгэл хичээлийг заадаг байсан бөгөөд тэдний шалгалтад тэнцээгүй асуудлыг тэр хариуцах ёстой.
Урилга захиалах, хүргэж өгөх ажлыг Алтанжолоо хариуцаж байсан тул түүнд дансаар болон бэлнээр мөнгө өгч байсан баримтыг үндэслэн түүнийг шалгах ёстой байсан. Түүнчлэн, М, С нар Хятад хэлээр сайн ярьдаг давуу талаа ашиглан, бидний бизнесийн хамтрагчтай далдуур мөнгө санхүү болон хамтран ажиллах талаар холбогдож байсныг С-ийн дансны хуулгаар нотлох боломжтой. ...Энэ хэрэг бизнесийн салбарт хэрхэн бохироор өрсөлдөж, танил тал муутай энгийн иргэдийг хэрхэн гүжир гүтгэлгээр тулган яллаж болдог болохыг харуулсан бодит жишээ боллоо. ...Мөн өмгөөлөгчөөрөө дамжуулан миний ах дүү нараас мөнгө нэмж төлөхийг шаардаж байгаа нь хэтэрхий ёс зүйгүй, хэрээс хэтэрч байна.
Иймд хохирогч нарын өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо гэх ёс зүйгүй өмгөөлөгчийг болон байцаагч Ш.Рэнцэн, прокурор Ш.Алтанцэцэг нарыг холбогдох дээд шатны байгууллагад нь шалгуулахаар гомдол гаргаж байна. ...Надад холбоотой энэ хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү. Өөрийн оролцоотой бүхий л зүйлээ ухамсарлан ойлгож, гэм буруутай хэсэгтээ хохирогч нараас албан ёсоор уучлалт гуйж, эвлэрснийг минь харгалзан үзэж, надтай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Булгантамир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч О.Аын хохирол 3.500.000 төгрөгөөс бусад хохирогч нарын хохирол төлбөр болох 35.074.600 төгрөгийг төлж барагдуулсан талаарх баримтыг эх хувиар нь тус шүүх хуралдаанд гарган өгч байна. Миний бие үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн зүгээс яллагдагчийг шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж заасны дагуу шалгах чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.
Алтанжолоо гэх этгээдийг хамтран оролцсон эсэх асуудлыг шалгуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Учир нь, Т.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгөхдөө Алтанжолоо гэх хүнтэй хамтарсан талаараа мэдүүлдэг. Хятад улс руу Алтанжолоотой хамт явсан гэх агуулгатай мэдүүлгийг 8 хохирогч, 8 гэрчүүд өгсөн. Бодит байдлыг нуух замаар “Шинэ зам хүүхэд хөгжлийн төвд Алтанжолоо хамт ажиллаж байсан эсэх талаар байцаагаагүй. Анхан шатны шүүх ач холбогдолтой нөхцөл байдлыг харилцан зөрүүтэй байгаа нотлох баримтыг авахдаа үгүйсгэж байгаа нөхцөл байдлыг заагаагүй.
2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Пүрэвсүрэн гэх хүн “Миний хүү Т.Тээр зуучлуулан Хятад улс руу тэтгэлгээр сурахаар явсан” гэж гэрчээр мэдүүлэг өгсөн. Үүнээс үзэхэд Т.Тээр зуучлуулан тэтгэлгээр сурсан талаарх нотлох баримтыг үнэлээгүй гэж үзэхээр байна. 1 дүгээр хавтас хэргийн 108-110, 116-122, 161-164 дүгээр хуудсанд Хятад бичгээр бичсэн тодорхойлолт байгаа. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын сургуулиудад албан бичиг бичсэн байх бөгөөд эдгээр албан бичгийг орчуулаагүй, эд мөрийн баримтаар тооцоогүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед Т.Т болон өмгөөлөгчийн зүгээс эд мөрийн баримтаар тооцуулах тухай хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүлээж аваагүй нь хэргийг тал бүрээс нь нотлох баримтыг цуглуулаагүй гэж үзэж байна.
Хорлоо гэх хүнээс хохирогчоор мэдүүлэг авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 зүйлд хохирогчийн статусыг заасан ба Хорлоо нь уг хэрэгт ямар ч хамааралгүй. Баянжаргал гэх хүнээс мөнгө авсан байдаг боловч уг хэрэгт хохирогчоор тогтоогоогүй. Гэтэл анхан шатны шүүхийн гэм буруугийн хурал дээр Баянжаргал үг хэлж байсан. Шүүхийн шийтгэх тогтоолд Хорлоо гэх хүнийг иргэний нэхэмжлэгчийг хохирогч болгож бичигдсэн.
Мөн яллах дүгнэлтэд Сарааг хохирогчоор тогтоосон боловч шүүхийн шийтгэх тогтоолд түүний эцэг Б буюу гэрчээр мэдүүлэг өгсөн хүнд хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн асуудал байгаа. Хохирол төлбөрийн хувьд анхан шатны шүүх зөрүүтэй тооцсон. Яллах дүгнэлтэд дурдсанаар Д-д 7.250.000 төгрөг төлөх байснаас 2.800.000 төгрөгийг төлсөн. Үүнээс 4.450.000 төгрөг төлөхөөр заасан байтал шийтгэх тогтоолоор 5.950.000 төгрөгийг төлүүлэхээр буюу 1.500.000 төгрөгийн зөрүүтэй шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүх “зохиомол байдлыг бий болгож бодит байдлыг нуух замаар” гэж дүгнэсэн. Бүгд Найрамдах Хятад Ард улсын Засгийн газрын тэтгэлэг ямар журмаар явагддаг эсэх, жил бүр нийтэд ил зарлагддаг эсэхийг тодруулаагүй. Мөн хохирогч болох 8 хүүхэд Бүгд Найрамдах Хятад Ард улсын Элчин сайдын яаманд материал бүрдүүлэн өгсөн, бүртгэлээс хасагдсан эсэх талаар ямар ч ажиллагаа хийгдээгүй. Мөн анхан шатны шүүх дүгнэхдээ “Хүүхэд гэр бүл хөгжлийн төв нь зуучлах эрхгүй” гэж дүгнэсэн. Хэрэв ийнхүү дүгнэж байгаа бол холбогдох байгууллагаас тодруулах шаардлагатай. Гэвч энэ талаар ямар ч баримт байхгүй.
Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дараах зүйлсийг анхаарч үзэхийг хүсч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зохицуулсан. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дээд, доод интервалыг тайлбарласан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулахаар байгаа. Үүнээс үзэхэд өмнө нь дурдсан ялын хоёр интервалд бол хоёуланд нь байхгүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх нөхцөл байдал байгаа.” гэв.
Хохирогч нарын өмгөөлөгч Х.Цэцэгхорол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Тийн нөхөр нь Хүрэлбаатар өмгөөлөгчтэй хамтран ажиллаж, нийт 10 хохирогчоос миний үйлчлүүлэгч 9 хохирогчийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан ба тус хохирогч нар шүүх хуралдаанд суухгүй гэдгээ илэрхийлсэн байгаа.
Т.Т нь “би энэ гэмт хэргийг үйлдээгүй, цагаатгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байна. Шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралдаан дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлөх хугацаа авч, энэ хугацаандаа хохирогч С-ийн эцэгт 500.000 төгрөгийг төлөөд бусад хохирогч нарын хохирлыг төлөөгүй байсан. Өмгөөлөгч нь мөн шүүгдэгчийн байр суурийг дэмжиж оролцож байсан.
О.А-ын хувьд анхнаасаа анхан шатны шүүх хуралдаан дээр өмгөөлөгч авахгүй гэсэн байр суурьтай байсан. Хоёр хоногийн өмнө надтай ярихдаа “миний 3.500.000 төгрөгийг гаргаж өгвөл ямар нэгэн санал байхгүй” гэж хэлсэн.
Т.Т-ээр зуучлуулсан 9 хохирогчоос нэг нь ч сургуульд сураагүй. Ц, С нарын хүүхдүүдийн хувьд нэгэнт Хятад улсад очсон гэдэг утгаараа өөрсдийн зардлаар сурсан байдаг. Харин бусад хүүхдүүд нь буцаж ирсэн байгаа. Гэмт хэргийн тухайд эдгээр хүмүүст маш их чирэгдэл учруулсан байгаа.” гэв.
Прокурор Ш.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Т.Т нь 2016 оны 10 дугаар сарын 29-нөөс 2017 оны 8 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд П.Б, Б.С, М.Ө, Ц.С, Б.Б, Г.М, Ж.Б, С.О нарын 8 хүүхдийг “БНХАУ-ын засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр сургаж өгнө” гэж, 2017 оны 9 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд иргэн С.Доржпүрэвийг “Австрали улсын сургалтын виз гаргаж өгнө” гэж, О.Аыг “Баянгол дүүргийн халамжийн хэлтсээс сургалт хийсэн төлбөр орж ирэхээр буцаагаад өгье" гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн нь хавтас хэрэгт авагдсан зохих журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон.
Мөн шүүгдэгч талаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад цагаатгах талын нотлох баримтыг шалгуулах тухай хүсэлт гаргаж байгаагүй ба хэрвээ мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрх нь зөрчигдсөн гэж үзвэл гомдол гаргах эрх нь нээлттэй байгаа. Ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй болохыг хавтас хэрэгт авагдсан баримтуудаас харж болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх хуралдааны тэмдэглэл нь нотлох баримтын ач холбогдолтой болохыг заасан. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч, гэрч, хохирогч нар бүгд оролцсон ба Т.Т нь гэм буруугаа 100 хувь хүлээн зөвшөөрч, хохирогч нараас уучлалтай гуйсан. Хохирогч нарын хүүхдүүдээс Т.Тийн 100 хувийн тэтгэлэгт хамруулж өгнө гэх амлалтын хүрээнд сургуульд сурсан нэг ч хүүхэд байхгүй. Зөвхөн сургалтын төвийн нэрээр халхавчилан бодит байдлыг нуух замаар буюу өөрөө сургуульд тэтгэлгээр суралцуулах эрх хэмжээтэй этгээд биш мөртлөө бусдад итгэл төрүүлэн хохирогч нараас их хэмжээний мөнгө авч, хохирол учруулсан нь нотлогдон тогтоогдсон. Т.Т нь болоогүй зүйлийг болсон мэтээр ярьдаг болох нь шүүх хуралдааны тэмдэглэл болон давж заалдах гомдлоос нь харагддаг.
Мөрдөн байцаагч Рэнцэнг Цагдаагийн газрын Мөрдөн байцаах алба, намайг Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Ёс зүйн хороогоор шалгуулсан.
Алтанжолоо гэх хүнийг шалгах тухай асуудлын хувьд мэдүүлэг өгч байгаа этгээд нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгч, нотолж чадахгүй байгаа учраас түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтын ач холбогдолгүй гэж үзсэн.
Т.Т нь “би энэ хүнийг тэтгэлгээр явуулсан” гэж Пүрэвсүрэн гэх хүнийг дагуулан ирж, мэдүүлэг өгүүлсэн байдаг. Уг ашиг сонирхлын зөрчилтэй хүний мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм буруугүйг 100 хувь нотлох баримт биш юм. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан.” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Т нь 2016 оны 10 дугаар сарын 29-нөөс 2017 оны 8 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Шинэ зам, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв"-ийн тэргүүнээр ажиллаж байхдаа “БНХАУ-ын засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр сургаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, П.Б, Б.С, М.Ө, Ц.С, Б.Б, Г.М, Ж.Б, С.О нарын 8 хүүхдийн эцэг, эхээс тус бүр 1.200 ам.доллар, 1.400.000 төгрөг, нийт 33.795.054 төгрөгийг,
2017 оны 9 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёлын ордонд иргэн С.Д-д “Австрали улсын сургалтын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нийт 5 удаагийн үйлдлээр 8.750.000 төгрөгийг,
Хан-Уул дүүргийн Соёлын төвийн дарга О.А-аас “...3 хоногийн хугацаатай 5.000.000 төгрөг зээлээч, 1 дэх өдөр Баянгол дүүргийн халамжийн хэлтсээс сургалт хийсэн төлбөр орж ирэхээр буцаагаад өгье. ..." гэж итгүүлэн, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 5.000.000 төгрөгийг тус тус залилан авсан болох нь:
Хохирогч С.О /хх 16/, Б.Цэцэг-Оюун /хх 26, 71/, М.Н /хх 32, 153/, Б.Х /хх 36/, Б.Батзаяа /хх 48/, Д.П /хх 57, 78, 157/, С.Д /хх 213, 218/, О.А /хх 220/, С.С /2хх 63/, Г.Бх /хх 81/, гэрч П.Б /хх 74/, Б.С /2хх 58/, С.Б /хх 223, 226, 227/ нарын мэдүүлгүүд,
Хаан банкны дансны хуулга /хх 19, 52-55, 84-88, 92-93, 135-150/, төлбөрийн баримтууд /хх 28-31, 65-68, 173, 2хх 1-6/, гэрээ /хх 44, 60, 112, 128, 169, 2хх 31-48/, итгэмжлэл /хх 154/, суралцуулах тухай танилцуулга /хх 123/, мэдэгдэл /хх 130/, тэтгэлэг, тусгай тэтгэлгийн талаар зар /хх 131/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Т.Тийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Т.Т нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нийт 47.545.054 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Тийг 1 жил 6 сар хорих ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Т.Тийн үйлдсэн гэмт хэргийн улмаас нийт 47.545.054 төгрөгийн хохирол учирсан, түүнчлэн олон хүнд хохирол учруулсан, урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан зэрэг нөхцөл байдалд тохирчээ.
Шүүгдэгч Т.Т “...Өөрийн оролцоотой бүхий л зүйлээ ухамсарлан ойлгож, гэм буруутай хэсэгтээ хохирогч нараас албан ёсоор уучлалт гуйж, эвлэрснийг минь харгалзан үзэж, надтай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь, хохирогч С.О-ын “...2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр зуучлалын гэрээ хийж, 200 ам.доллар өгсөн. 6 сард урилга ирээд 9 сард явна, үлдэгдэл мөнгөө шилжүүл гэсэн тул 2,350,000 төгрөгийг Т.Тийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. ...Хөх хотод очоод байж бай гэсэн боловч сургуульд оруулаагүй. ...” /хх 16/,
Б.Ц-ы “...2016 оны 10 дугаар сард 477.600 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 700,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 950.000, 810.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 1.400.000 төгрөг шилжүүлсэн. Бид нар хүүхдүүдээ өөрсдийн зардлаар сургуульд явуулсан. ...” /хх 26, 71/,
М.Н-н “...Сургалтын төв дээр Т.Т-т 200 ам.долларыг буюу 500.000 төгрөгийг манай охин өгсөн. ...Билет захиалах гэж байна гээд 1.400.000 төгрөгийг бид нараас авсан. ... Сургууль нь хүлээж аваагүй тул өөрсдийн зардлаар сургуульд сургасан. ...” /хх 32, 153/,
Б.Х-ийн “...2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 200 ам.доллар буюу 496.000 төгрөгийг бэр Баяржаргал нь авсан. ...3 дугаар сарын 31-ний өдөр 2.000.000 төгрөг шилжүүлсэн. 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Хөх хотод очсон байх ёстой гэж хэлсэн боловч сургуульд сураагүй. ...” /хх 36/,
Б.Б-ийн “...Бэр эгч Баяржаргал нь Т.Т гэдэг хүнийг тэтгэлэгт зуучилж өгдөг гэж танилцуулсан. Тансагчимэг ... гэрээ хийсэн. Бүртгэлийн хураамж 200 ам.долларыг дансаар шижлүүлсэн. 8 дугаар сард “урилга ирсэн, үлдэгдэл 1000 ам.долларыг тушаа” гэсний дагуу 8 дугаар сарын 8-ны өдөр 2.455.000 төгрөгийг шилжүүлсэн. Онгоцны билет, замын зардлын захиалга өгнө 1.400.000 төгрөг шилжүүлж өг гэсний дагуу мөнгийг шилжүүлсэн. ...Т.Т нь цаашаа явах зардлаа Алтанжолоод өгөөгүй байсан тул бид өөрсдийн зардлаар явсан. Сургуульд очиход мөнгөө төлвөл суралцаж болно гэсэн ба Т.Т мөнгө шилжүүлээгүй байсан. ...” /хх 48/,
Д.П-ийн “...Хүү Б-ыг сургахаар гэрээ байгуулж, бүртгэлийн мөнгө 500.000 төгрөг өгсөн ба “1000 ам.доллар шилжүүл” гэхээр нь 2.500.000 төгрөг шилжүүлсэн. “Байрны төлбөр, номын сангийн барьцааны төлбөрт 1.400.000 төгрөг шилжүүл” гэж хэлэхээр нь шилжүүлсэн. ...” /хх 57, 78, 157/,
О.А-ын “...5.000.000 төгрөг зээлээч гэхээр нь дансаар шилжүүлсэн. 2018 оны 4 дүгээр сард миний данс руу Т.Тээс 1.500.000 төгрөг хийсэн байсан. ...” /хх 220/,
С.Д-ийн “...Австрали улс явах бол материалаа 500 ам.доллартай өг гэсэн. 1.250.000 төгрөгийг өдөр өнжүүлэхийн багшид нь өгсөн. ...“10.000.000 төгрөг хэрэгтэй, тэтгэлгээс хоцрох гээд байна” гэхээр нь “2.000.000 төгрөг байна” гэхэд шилжүүлчих гэсэн. Эхнэрийн дансанд байсан 1.500.000 төгрөгийг нэмж шилжүүлсэн. Дараа нь дэлгүүрийн орлого 1.000.000 төгрөгийг, мөн 1.500.000 төгрөг өгсөн. Нийт 5.750.000 төгрөгийг өгсөн. ...2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 2.500.000 төгрөг, 4 дүгээр сарын 30-ны өдөр 300.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. ...” /1хх 213, 218/,
Б.-ийн “...Т.Т нь “...Манайх 12 дахь жилдээ хүүхэд БНХАУ руу 100 хувийн тэтгэлгээр явуулж байгаа. ...” гэж хэлсэн. ...Тэтгэлэг авах хураамж нь 3.636.000 төгрөг болно гэсний дагуу би зөвшөөрч урьдчилгаанд 1.212.000 төгрөгийг дансаар нь шилжүүлж өгсөн. ...Гэртээ байж байхад “...Урилга захиалах хэрэгтэй байна мөнгө шилжүүл. ...” гэсний дагуу 2.424.000 төгрөгийг Т.Тийн данс руу шилжүүлсэн. ...Дараа нь байрны мөнгө гэж 850.000 төгрөг шилжүүлсэн. ...Нийт 5.036.000 төгрөг ... шилжүүлсэн. ...” /2хх 58-61/,
С.С-ийн “...Охин М-ы бичиг баримтыг 1.200 ам.долларын хамт өгсөн. Мөнгө өгсөн баримт үйлдэж, гэрээ байгуулсан. Өөрсдийн зардлаар хэлний бэлтгэлд сургасан. ...” /2хх 63/,
Г.Б-ын “...Охин С-г сургахаар болоод 7 дугаар сарын 18-ны өдөр 3.636.000 төгрөгийг ... 2 хувааж шилжүүлсэн. Алтанжолоо гэж хүн авч явсан. Т.Т мөнгө шилжүүлээгүй тул өөрсдийн зардлаар явсан. ...” /хх 81/,
гэрч П.Б-ын “...Бүртгэлийн хураамж болох 500.000 төгрөгийг өгсөн. Сургалтад нь 4 удаа суусан. Аав үлдсэн 2.500.000 төгрөгийг өгсөн. 9 дүгээр сарын эхээр 1.400.000 төгрөг авсан. ...Алтанжолоо гэж хүн авч явах болсон бөгөөд сураагүй. ...” /хх 74/,
С.Б-ы “...10.000.000 төгрөг өгөх юм бол ахын чинь бүх бичиг баримтыг бүрдүүлээд Австрали улс руу явуулж өгнө гэж тохиролцсон. Би 6.500.000 төгрөг өгсөн. ...” /хх 223, 226-227/ гэх мэдүүлгүүд,
Хаан банкны дансны хуулга /хх 19, 52-55, 84-88, 92-93, 135-150/, төлбөрийн баримтууд /хх 28-31, 65-68, 173, 2хх 1-6/, гэрээ /хх 44, 60, 112, 128, 169, 2хх 31-48/, итгэмжлэл /хх 154/, суралцуулах тухай танилцуулга /хх 123/, мэдэгдэл /хх 130/, тэтгэлэг, тусгай тэтгэлгийн талаар зар /хх 131/ хэрэгт авагджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хохирогч, гэрч нарын гэрээ байгуулсан, мөнгө өгсөн, сургуульд сураагүй талаарх мэдүүлгүүд нь хоорондоо харилцан зөрүүгүй байх бөгөөд шүүгдэгч Т.Т нь 2016 оны 10 дугаар сарын 29-нөөс 2017 оны 8 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд П.Б, Б.С, М.Ө, Ц.С, Б.Б, Г.М, Ж.Б, С.О нарын 8 хүүхдийн эцэг, эхээс нийт 33.795.054 төгрөгийг, 2017 оны 9 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд иргэн С.Д-ээс нийт 5 удаагийн үйлдлээр 8.750.000 төгрөгийг, О.Ааас 5.000.000 төгрөгийг тус тус залилан авч, нийт 47.545.054 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Энэ үйл баримт нь Т.Тийн “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр сургана, Австрали улсын сургалтын виз гаргана, Баянгол дүүргийн халамжийн хэлтсээс сургалт хийсэн төлбөр орж ирэхээр буцаагаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл болжээ.
Иймд шүүгдэгч Т.Тийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Тийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ