Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 70

 

            Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярмагнай,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

            Шүүгдэгч:П.Баянзул,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Салдангууд овгийн Пүрэвийн Баянзулд холбогдох 201620000237 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9-р баг 09-03 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОЖ79081117, Салдангууд овгийн Пүрэвийн Баянзул.

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч П.Баянзул нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас Улаангом сумын 9-р багийн нутаг дэвсгэрт өөрийн төрсөн аав Ж.Пүрэвийг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

            1. Хохирогч Ж.Пүрэвийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр оройхон гэртээ хоол идээд сууж байтал манай бага хүү Баянзул манайд согтуу орж ирээд “Ааваа би архи уучихлаа” гэж хэлэхээр нь миний дургүй хүрээд “Сайн сайн” гэж хэлсэн. Тэгтэл Баянзул “Би 10 сая төгрөгөөр автобус худалдаж авах гэж байна. Та надад 3 сая төгрөг өг” гэж хэлэхээр нь би “надад бэлэн 3 сая төгрөг байхгүй” гэж хэлэхэд Баянзул уурлаж “Харамч пизда” гэж хэлээд агсам тавьж эхэлсэн. Тэгээд манай эхнэр Хорлоо Баянзулд хоол хийж өгөхөд Баянзул аягатай хоолыг нь байшингийн хана руу шидчихээд тогоотой хоолыг мөн авч шидсэн. Тэгэхээр нь би босоод гарч бие засах гээд гэрийнхээ хаалга руу явж байтал Баянзул миний баруун талын мөрнөөс татаад намайг эргүүлээд түлхчихсэн. Тэр үед би зүүн талын хавиргаараа газарт буюу байшингийн плитан шалан дээр унаж бэртсэн. Тэгж байтал манай ач хүү Батхүү гаднаас орж ирээд Баянзулыг аваад гарсан. Удалгүй цагдаа нар ирж Баянзулыг авч явсан. Маргааш нь буюу 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Баянзул ирж надаас уучлалт гуйгаад тэр өдөртөө Тариалан сумаас бариач авч ирж миний хөлийг бариулсан. Түүнээс хойш Баянзул намайг 2 сар орчим асарч сувилж байгаад хот явчихсан юм. Баянзул миний баруун талын мөрнөөс татаж түлхэж унагаасан бөгөөд өөр ямар нэгэн байдлаар зодож, цохиогүй. Баянзул намайг түлхэж унагаасанаас болж миний хөл зүүн талын ташаа хэсгээрээ хугарсан. Би одоо болтол гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаа. Тухайн өдөр Баянзул нилээн их согтуу байсан. Миний хүү Баянзул намайг гэмтээсэндээ уучлал гуйж намайг асарч сувилж байгаа тул надад ямар нэгэн санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/,

            2. Гэрч Д.Оюундэлгэрийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 17 цагийн үед гэртээ байж байтал над руу хадам ээж Хорлоо залгаж “Хадам аавыг чинь Баянзул зодоод гэмтээчихлээ, босохгүй байна, эмч  дуудаж үзүүлье” гэж хэлсэн тул би түргэн тусламж дуудчихаад гэрээсээ гарч хадам аавын гэрт очсон. Хадам аав гэртээ юм түшээд зогсож байсан бөгөөд надад “Миний хөл гишгэж болохгүй байна” гэж хэлсэн. Удалгүй түргэн тусламж ирээд хадам аавыг үзэж түргэний машиндаа суулгаад эмнэлэг рүү аваад явсан. Эмнэлэгт очоод рентген зураг авахуулахад хадам аав Пүрэвийн зүүн талын хөл нь шүүж хэсгээрээ хугарчихсан байсан бөгөөд мэс заслын эмч Батсүх хадам аавыг “Яаралтай Улаанбаатар хотруу явж эмчилгээ хийлгэ” гэж хэлсэн боловч хадам аав “Би хот руу явахгүй” гэж хэлээд яваагүй, гэрээрээ эмчилгээ хийлгэсэн юм. Одоо ч гэсэн эмчилгээгээ хийлгэсээр байгаа. Би зодоон болж байхад байгаагүй бөгөөд Баянзул хадам аавыг юунаас болж, ямар шалтгааны улмаас зодсон гэдгийг нь мэдэхгүй байна. Баянзул маргааш нь хадам ааваас уучлал гуйж, тэр хоёр хоорондоо эвлэрээд хадам аавыг асарч байсан. Мөн хадам аав Баянзул гомдол, саналгүй байсан тул цагдаагийн байгууллагад шалгуулах шаардлагагүй гэж үзээд цагдаад хэлээгүй байсан юм. Баянзул хувиараа хөдөлмөр эрхэлж, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг юм. Баянзул нь ааш зан сайтай, ажил хөдөлмөрт сайн, даруу төлөв зантай, амьдарлын төлөө гэсэн зүтгэлтэй, архи, согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг, хэрэглэсэн үедээ агсам, согтуу тавьдаггүй, урьд өмнө нь ямар нэгэн ял шийтгэл эдэлж байгаагүй, ар гэр, ах дүү нартаа халамжтай, машин техникт сонирхолтой, найз нөхөд олонтой, тэднийхээ дунд нэр хүнд сайтай хүн юм. Баянзулд ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй, эрүүл мэндийн хувьд эрүүл хүн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 16, 24-р тал/,

            3. Гэрч Г.Хорлоогийн мөрдөн байцаалтад өгсөн “2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр би гэртээ нөхөр Пүрэв, зээ охин Нандин-Эрдэнэ /9 настай/, зээ хүү Энхбаяр /11 настай/ нарын хамт байж байтал манай хүү Баянзул гаднаас согтуу орж ирээд “Би архи уучихлаа ааваа” гэж хэлсэн. Тэгтэл нөхөр Пүрэв “Сайн сайн” гэж хэлээд уурласан бөгөөд Баянзул аавдаа “Би автобус авах гэж байна. Та надад 3 сая төгрөг өг” гэхэд Пүрэв “Надад тийм мөнгө байхгүй” гэж хэлэхэд хүү Баянзул уурлаж агсам тавьж эхэлсэн. Тэр үед би Баянзулд гурилтай шөл аяганд хийгээд өгтөл хоолыг байшингийн хана руу шидэж асгасан. Мөн тогоотой хоол авч шидээд асгачихсан. Тэгээд манай гэрт байдаг жижиг ширээг над руу авч шидэхэд нь уг ширээ миний хөлийг хальт оносон юм. Тэгж байтал нөхөр Пүрэв бие засахаар гэрээс гарах гээд хаалганы хажууд явж байтал Баянзул нөхөр Пүрэвийн зүүн талын мөрнөөс нь татаж эргүүлээд түлхчихсэн. Тэр үед нөхөр Пүрэв хаалганы наана унаж хөлөө бэртээсэн тул би өөрийн бэр Оюундэлгэр лүү утсаар залгаж болсон явдлын талаар хэлж “Цагдаа дуудаж өг” гэж хэлсэн. Удалгүй байж байтал цагдаа нар ирээд Баянзулыг аваад явчихсан. Мөн бэр Оюундэлгэр түргэн тусламж дуудсан бөгөөд түргэн тусламж ирж нөхөр Пүрэвийг аваад явсан. Эмнэлэгт очоод үзүүлэхэд Пүрэвийн зүүн талын сүүж нь хугарчихсан байна гэсэн. Маргааш өдөр нь гэртээ байж байтал хүү Баянзул манайд ирээд Пүрэв бид хоёроос уучлал гуйсан. Тэгээд тэр өдөртөө Тариалан сум руу явж бариач авч ирээд Пүрэвийн хөлийг бариулсан. Тэр өдрөөс хойш Баянзул 2 сар орчим хугацаанд Пүрэвийг эргэж тойрч, асарч байгаад явсан. Баянзул урьд өмнө нь ийм байдал гаргаж, агсам согтуу тавьж байгаагүй. Би хүү Баянзулд ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Баянзул одоо аавыгаа асарч, сувилж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19-р тал/,

            4. Гэрч Б.Батхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өөрийн авга ах Баянзулын гэрт байж байтал 16.00 цагийн үед Баянзул ах өөрийнхөө 2 найзтай ирсэн. Тэр гурав 2 шил архи хувааж ууцгаасан бөгөөд би тэднийхээс гараад гадуур явж байгаад 17.00 цагийн үед Баянзул ахын гэрт очиход Баянзул ах гэртээ байгаагүй. Тэгээд би Баянзул ахын гэрээс гараад ар талынх нь хашаанд байдаг өвөө Пүрэвийн гэрт ороход тэднийд Баянзул ах согтуу агсам тавьж байсан. Тэгэхээр нь би Баянзул ахыг дагуулаад гэрлүү нь оруулчихаад буцаад өвөөгийндөө иртэл манай өвөө Пүрэв гэмтчихсэн байсан. Тэгээд байж байтал бэр эгч Оюундэлгэр ирээд түргэн тусламж дуудсан бөгөөд удалгүй түргэн тусламж ирэхэд би Оюундэлгэр эгч, өвөө хоёртой хамт түргэн тусламжийн машинд суугаад эмнэлэг дээр очиж өвөө Пүрэвийг үзүүлэхэд “Зүүн талынх нь хөл шүүж хэсгээрээ хугарчихсан байна” гэсэн. Тэгээд би юу болсон талаар өвөөгөөс асуухад “Баянзул намайг түлхчихсэн юм. Тэгээд би газарт унаад бэртчихлээ” гэж хэлсэн. Маргааш нь буюу 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр би хичээлдээ явчихаад гэртээ ирэхэд өвөө Пүрэвийн гэрт Баянзул ах ирчихсэн байсан бөгөөд Баянзул ах өвөөгөөс уучлалт гуйсан байсан. Тэгээд Баянзул ах Тариалан сумруу явж Цэвэгжав гэх бариачийг авч ирж өвөөгийн хөлийг нь бариулсан. Тэр өдрөөс хойш Баянзул ах хааяа хааяа ирж өвөөг эргэж тойрч байснаа 2016 оны 06 дугаар сарын сүүл үеэс хойш өвөөгийнд ирээгүй юм. Би өвөө Пүрэвийн гэрт 2016 оны 05 дугаар сараас хойш амьдарч байгаа юм. Тэр өдөр Баянзул ах нилээн согтуу байсан. Баянзул ах эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд даруухан, ааш зан сайтай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам, согтуу тавиад байдаггүй, даруухан, эхнэр, хүүхэддээ халамжтай хүн юм. Одоогийн байдлаар хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд ажилсаг, гэртээ ажилгүй зүгээр сууж чаддаггүй хүн юм. Эд хөрөнгийн хувьд гэвэл монгол гэр, 4 тал хашаа, микроавтобус маркийн автомашинтай” гэх мэдүүлэг /хх-ийн 20, 25-р тал/,

            5. Гэрч Б.Цэвэгжавын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр намайг гэртээ байж байтал манайд Баянзул гэх залуу саарал өнгийн микроавтобус маркийн машинтай ирсэн. Тэгээд надад “Манай аавын хөл нь гэмтчихлээ. Та очоод бариад өгөөч” гэж гуйхаар нь би зөвшөөрч Баянзултай хамт 14 цагийн үед Тариалан сумаас гарч 14.40 цагийн үед Улаангомд ирсэн. Тэгээд намайг аавынхаа гэрт дагуулж очиход Баянзулын аав Пүрэв гэх хүн “Хөл хугарчихлаа” гэж хэлээд орон дээр хэвтэж байсан. Би Пүрэвийн хөлийг үзэхэд тэр хүний шүүжний яс нь хугарчихсан юм шиг байхаар нь хөлийг нь барьж өгсөн. Тухайн үед Баянзул надад аавыгаа цохиж, зодсон талаар ямар нэгэн зүйл хэлээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/,

6. Гэрч П.Баяр-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “Баянзул нь миний төрсөн дүү юм. Бид эцэг, эхээс 6-уулаа бөгөөд Баянзул хамгийн бага нь юм. Баянзул эхнэр, 3 хүүхдийн хамт хувиараа хөдөлмөр эрхэлж амьдардаг юм. Баянзул нь ааш зан сайтай, архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг, хэрэглэсэн үедээ агсам тавиад байдаггүй, урьд өмнө нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй хүн юм. Хөдөлмөрч, амьдарлын төлөө гэсэн зүтгэлтэй, жолооч мэргэжилтэй бөгөөд эд хөрөнгийн хувьд 6 ханатай Монгол гэр, микроавтобус маркийн машинтай юм” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/,

7. Монгол улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 480 тоот шинжээчийн дүгнэлтэд: “Үзүүлэгч Ж.Пүрэвийн биед гэмтэл учирсан байна. Зүүн дунд чөмөгний битүү хугарал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй. Зөвхөн дунд чөмөгний хугарал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно. Дүгнэлтийн 4 дэх хэсэгт бичигдсэн байгаа. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт удаан хугацаагаар нөлөөлнө” гэжээ,

           8. Увс аймгийн Улаангом сумын 9-р багийн засаг дарга Д.Бадамнямбуугийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гаргасан 1422 тоот Тодорхойлолт /хх-ийн 45-р тал/,

           9. Шүүгдэгч П.Баянзулын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-р тал/,

           10. Шүүгдэгч П.Баянзулын согтуурал шалгасан магадлагаа , 1,74%-ийн согтолттой байсан /хх-ийн 50-р тал/,  

           11. Хохирогч Ж.Пүрэвийн гомдол тэмцэл, цаашид нэхэмжлэх хохирол, санал гомдолгүй талаархи тодорхойлолт /хх-ийн 54-р тал/,

           12. Хохирогч Ж.Пүрэвийн амбулаториор эмчлүүлэгчийн карт /хх-ийн 55-59-р тал/,

           13. Шүүгдэгч П.Баянзулын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр архи уучихаад өөрийн аав Пүрэвийн гэрт очсон бөгөөд тухайн үед би их согтсон байсан тул цааш нь юу болсоныг мэдээгүй. Маргааш өглөө нь буюу 2016 оны 05 дугаар сарын 13-ны өглөө 05 цагийн үед Увс аймаг дахь Цагдаагийн газрын саатуулах байранд сэрсэн. Тэгээд би саатуулах байрнаас 09.00 цагт гараад гэртээ очиход манай эхнэр Нарантуяа надад “Чи өчигдөр архи ууж ирээд аавыг гэмтээчихсэн байна” гэж хэлэхээр нь аавын гэрт очиход аав Пүрэвийн зүүн талын хөл нь гэмтчихсэн байсан. Тэгээд би ааваасаа уучлалт гуйгаад тэр өдөртөө Тариалан сум руу явж Цэвэгжав гэх бариачийг авч ирж аавын хөлийг нь бариулсан. Тэр өдрөөс хойш би аавыг эргэж тойрч асарч байгаад 2016 оны 05-р сарын сүүлчээр Улаанбаатар хот руу хувийн ажлаар яваад 2016 оны 06-р сарын 10-ны өдөр Улаангом суманд буцаж ирсэн. Тэгээд аавыгаа асарч байгаад 2016 оны 06-р сарын 18-ны өдөр Улаанбаатар хот руу гэр бүлийнхэнтэйгээ хамт яваад тэндээ түр оршин сууж амьдарч байгаа. Би тэр өдөр өөрийн найз Ням-Очир, түүний найз гэх залуутай гурвуулаа “Ерөөл” нэртэй 0,5 л-ийн архи 2 шилийг хувааж уучихаад согтуу байхдаа аавыгаа зодож гэмтээчихсэн байсан бөгөөд тухайн үед юу болсон талаар санахгүй байна. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн аав Пүрэвд агсам согтуу тавьж, биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан явдалдаа харамсаж байна. Би аавдаа учирсан хохирлыг барагдуулж, аавынхаа эмчилгээ сувилагаанд нь тусалж байгаа. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

          Шүүгдэгч П.Баянзулын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Ер нь өнгөрсөн жилээс хойш аав ээж, ах дүү бидний хооронд таарамжгүй харилцаа бий болсон. Учир нь миний төрсөн ахын хүү хэрэгт холбогдож шүүхээр хорих ял шийтгүүлсэн бөгөөд тэр хэргийн талаар эхнэр бид 2-ыг  цагдаад мэдэгдсэнээс болж хүүхдээ шоронд явуулсан гээд аав ээж ах дүү нар эхнэр бид 2-т дургүй байгаа, ер нь надад их дургүй болсон, тэр өдөр би аавынд согтуу орохдоо надад автобус авахад тусалж мөнгө өгөөч гэж хэлэхэд аав надад мөнгө байхгүй гэж хэлснээс болж би уурлаж ийм хэрэгт холбогдсон .Манай аав тэтгэврийн мөнгөнөөсөө хадгаламжид хийдэг учир тэр мөнгөнөөсөө надад өгөх болов уу гэж бодоод асуусан. Хөгшин настай аавыгаа гэмтээсэндээ маш их харамсаж байна. Манай эхнэр хүүхдүүд хотод айлын хашаанд түр амьдарч байгаа, эхнэр жирэмсэн, миний амьдрал хүнд хэцүү байгааг харж үзэхийг хүсэж байна. Аавын биеийн байдал сайжирсан, өөрөө босож явж байгаа, гэхдээ энэ намар тархиндаа харвалт өгсөн учир ярихдаа тааруухан байгаа. Би одоо аавыгаа асарч байгаа, мөн хот уруу эхнэр хүүхэд рүүгээ яаралтай явах шаардлагатай байгаа.Энэ байдлуудыг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна” гэж мэдүүлэг, 

 Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч П.Баянзул нь согтуугаар 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр  Улаангом сумын 9-р багийн нутаг дэвсгэрт өөрийн эцэг Ж.Пүрэвийг түлхэж унагаан бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ж.Пүрэв, гэрч Д.Оюундэлгэр, Г.Хорлоо, Б.Батхүү нарын мэдүүлэг, Монгол улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 480 тоот шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч П.Баянзулын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч П.Баянзул нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өөрийн эцэг  Ж.Пүрэвийн гэрт согтуу очиж,  өөрөө автобус худалдан авах гэж байгаа, мөнгө хэрэгтэй байгаа талаар ярьж, түүнийг  мөнгө өгөхийг хүсэхэд эцэг нь “Мөнгө байхгүй” гэж хариулсанд уурлаж бухимдан  түүнийг барьж аваад түлхэж унагаан бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд эцэг хүүгийн нэгнээ үл ойлгосон, таарамжгүй харилцаанаас гэмт хэрэг гарсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Баянзулын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Пүрэвийн биед учирсан зүүн дунд чөмөгний битүү хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон  байх тул шүүгдэгч П.Баянзулыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.              

            Хохирогч Ж.Пүрэв нь мөрдөн байцаалтад “Хүү Баянзул надаас уучлал гуйж, надад учирсан хохирлыг барагдуулж, намайг асарч сувилж байгаа. Надад нэхэмжлэх хохирол, санал гомдол байхгүй” гэж мэдүүлсэн, мөн гомдолгүй талаар хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч П.Баянзулаас гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.

           Шүүгдэгч П.Баянзул нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн болон эд  мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

           Шүүгдэгч П.Баянзул нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх үндэслэл боловч анх удаа хүндэвтэр ангиллын гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруугаа ухамсарлаж гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар төлж барагдуулсан зэрэг хуулинд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг  харгалзан үзэж, түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 294-296, 297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

            1. Шүүгдэгч Салдангууд овгийн Пүрэвийн Баянзулыг бусдын  бие махбодид   хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч П.Баянзулд 1 жил 6 сар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч П.Баянзулд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.  

            4. Шүүгдэгч П.Баянзул нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн болон  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг баримтлан шүүгдэгч П.Баянзулд оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавих үүргийг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч П.Баянзулд өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.  

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН