Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2023/0657

 

 “Б од ХХК” ХХК болон

    “Б” ХХК-ийн түншлэл нарын

     нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн  

   Шүүх бүрэлдэхүүн:

   Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

   Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

   Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

   Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б

   Хэргийн оролцогчид:

   Нэхэмжлэгч “Б од ХХК” ХХК болон “Б” ХХК-ийн

  түншлэл

   Хариуцагч  Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

   Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 03/**** дугаар “Гомдол хянасан тухай” хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах тухай

   Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2023/0652 дугаар шийдвэр

   Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б

   Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

   Хэргийн индекс: 128/2023/0486/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. “Б од ХХК” ХХК болон “Б” ХХК-ийн түншлэл нар нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулж “Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 03/**** дугаар “Гомдол хянасан тухай” хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2023/0652 дугаар шийдвэрээр: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 55.3 дахь хэсэг, 55.3.1, 55.3.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б од ХХК” ХХК болон “Б” ХХК-ийн түншлэлээс гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэн байна.

 3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярсайхан “...  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2023/0652 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн зүгээс бүхэлд нь эс зөвшөөрч байна.

1.        Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна.”, 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна”, 43.8-д “Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй”, 46 дугаар зүйлийн 46.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно.” гэж заасан.

Дээрх хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг маргаан бүхий захиргааны акт болох “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Гомдол хянасан тухай" 03/**** тоот албан бичиг”-ийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу гардуулж, танилцуулсан талаар маргасан.

Гэтэл анхан шатны шүүхээс талуудын маргаж буй уг үндэслэлийг тодруулахаар нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлж байгаагүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь захиргааны актыг мэдэгдсэн цаг хугацааны талаар нотлох үүргээ биелүүлээгүй гэдэгтэй шүүхийн хэлэлцүүлгийн явцад маргаагүй болно.

Хариуцагч захиргааны байгууллага /албан тушаалтан/-ын маргаан бүхий захиргааны актыг мэдэгдээгүй буруутай эс үйлдэл /эс үйлдэхүй/-ээс шалтгаалж нэхэмжлэгчээс хуульд заасан хугацаанд зөрчигдсөн, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд мэдүүлэх эрх[1] нь хангагдаагүй ба шүүх манай гаргасан нэхэмжлэлийг хоёр удаа хүлээн авахаас татгалзсаны улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч өнөөдрийг хүргэсэн.

Нөгөөтэйгүүр анхан шатны шүүхээс маргаан бүхий захиргааны актыг тендерийн хүчинтэй байх хугацаанд гарсан гэдэгтэй маргадаггүй, энэ талаараа ч шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгтээ дүгнэсэн атлаа хэрэгжиж дууссан буюу үйлчлэл нь дуусгавар болсон захиргааны актыг шүүхээс хүчингүй болгох боломжгүй гэж үзсэнд нь нэхэмжлэгчийн зүгээс гомдолтой байна.

Захиргааны ерөнхий хуулийн 97 дугаар зүйлийн 97.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж байгаа эсэх, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа эсэх, эвлэрэх хүсэлтэй байгаа эсэхийг шүүх хуралдаан даргалагч асууж тодруулна” гэж заасан бөгөөд хэрэв шүүх маргаан бүхий захиргааны актыг хэрэгжиж дууссан, үйлчлэл нь дуусгавар болсон гэж үзэж буй энэ тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах өөрчлөх боломжтой талаар асууж лавлан энэ талаарх баримтыг цуглуулах бүрэн боломжтой байсан.

2. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 03/**** тоот албан бичгийн 5, 6 дахь заалтын агуулгаас үзэхэд зөвлөсөн шинжийн талаар тусгасан гэдэгтэй хэргийн оролцогчдын хэн алины зүгээс маргаагүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэр гаргана" 55.3.1-д “энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх” гэж заасан байна.

Хариуцагчийн зүгээс Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 03/**** тоот албан бичгийн 5, 6 дахь заалтад заасан зөвлөмжийн шинжтэй асуудлуудыг шүүхийн хэлэлцүүлэгт бүрэн тайлбарлаж маргаагүй ба Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.3.1-д заасан аль үндэслэлээр захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа талаар маргаан бүхий захиргааны актад дурдаагүй болно.

Үүнээс үзэхэд хариуцагчийн зүгээс захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

  3. Тендерийн захиалагчаас ТШЗ 17.2.5-д заасан агуулгыг тусган оруулах болсон гол шалтгаан нь тендерт оролцогч аж ахуй нэгж, байгууллагуудын санхүүгийн чадавхыг нотлох зорилготой байсан ба энэ талаарх баримтыг манай компаниас хангалттай сайн гарган өгсөн.

Түүнчлэн тендерийн баримт бичигт түншлэлээр орж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын бүрдүүлбэл зохих баримтуудыг тус тусад нь ялган заагласаар байтал шүүх маргаж буй энэ асуудлын талаар зөвтгөн дүгнээгүй байж, захиргааны байгууллагын гаргасан шийдвэрийг хаацайлан хамгаалж буйг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2023/0652 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Б од ХХК” ХХК болон “Б” ХХК-ийн түншлэлийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт бичиглэлийн өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч “Б од ХХК” ХХК болон “Б” ХХК-ийн түншлэл 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202201163 дугаартай “Үйлдвэрлэл технологийн паркийн ус хангамж, ариутгах татуургын системийг барьж байгуулах ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцжээ.

2.1 Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 03/7738, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 03/7766, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 03/7818 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгүүдээр тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянаад тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ДҮ-134-12/4883,  ДҮ-134-12/4889, ДҮ-134-12/488944 дүгээр шийдвэрүүдийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /Цаашид Хуулийн гэх/ 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасны дагуу тус тус хүчингүй болгож, 55.3.3-т заасны дагуу тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн байна.

2.2. Тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ТБ-134-12/5367 дугаар гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг “... “Б-с” ХХК болон “Ц” ХХК-ийн түншлэлээс гаргасан гомдолд дурдсан захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “Б од ХХК” ХХК болон “Б” ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичигт заасан шаардлага хангаагүй байхад шалгаруулсан захиалагчийн шийдвэрийг хянан үзэхийг хүссэн...тухай” гомдол гаргасныг Сангийн яам хянан үзээд Хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдэж, Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12  дугаар сарын 14-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 03/**** дугаар албан бичгийг “Э” ТӨҮГ-т хүргүүлжээ.

2.3 Улмаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Үйлдвэрлэл технологийн паркийн ус хангамж, ариутгах татуургын системийг барьж байгуулах ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дахин хуралдаж, “Б од ХХК” ХХК болон “Б” ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж дүгнэн, гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэдий ч “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ГЁ-134-12/5869 дугаар албан бичгээр “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендерт оролцогч өөрийн тендерийн хүчинтэй байх хугацааг 30-аас доошгүй хоног байхаар тендерт заана” мөн Хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасныг тус тус үндэслэн тендерийн хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй талаар нэхэмжлэгч компанид мэдэгдсэн байна.

3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ... энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ. Шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан тохиолдолд хүлээн авахаас татгалзана.”, 55.3-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ... гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараахь шийдвэр гаргана.”, 55.3.1-т “энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх”, 55.3.3-т “зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах” гэж тут тус заажээ.

4. Тендерт оролцогчоос захиалагчийн шийдвэрт гаргасан гомдлыг Сангийн яам хянан үзэж, хуульд нийцээгүй захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгох, тендер шалгаруулалтыг дахин явуулахыг шаардах зэрэг чиг үүргийг хууль тогтоомжоор зохицуулсныг хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга зөрчөөгүй, хуульд нийцэж байгаа, уг шийдвэрийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

5. Маргаан бүхий хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын шийдвэрийн 4 дэх хэсэгт “...“Б од ХХК” ХХК болон “Б” ХХК тендертээ 2022 оны 09 дүгээр сарын 30-ны 22/375 тоот албан бичгээр ХААН банк болон Худалдаа хөгжлийн банкны дансуудыг 2019 оноос хойш ашиглаагүй талаар мэдэгдсэн бөгөөд зөвхөн Хас банкны 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 47/1144 дугаартай хугацаа хэтэрсэн аливаа өр төлбөргүй тухай тодорхойлолтыг ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.2.5-т “Харилцагч банк тус бүрээс хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өргүй талаарх тодорхойлолтыг ирүүлнэ. Дээрх тодорхойлолтыг тендер зарлагдсан өдрөөс хойш авсан байна.” гэсэн шаардлагыг хангаагүй байна.” гэжээ.

6. Тендерийн үнэлгээний хорооны тэмдэглэл, “Б од ХХК” ХХК болон “Б” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичиг /зөөврийн диск/ зэргээс үзвэл Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.2.5-д заасан шаардлагыг хангаагүй болох нь нотлогдож байх бөгөөд энэ талаарх хариуцагчийн шийдвэр зөв талаар анхан шатны шүүх мөн дүгнэсэн байна.

7. Түүнчлэн “Б-с” ХХК болон “Ц” ХХК-ийн түншлэлээс гаргасан гомдолд үндэслэлтэй дүгнэлт өгч, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар хариуцагч гомдлыг хүлээн авч 14 хоногт багтаан хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.9-д зааснаас үзвэл Түншлэлийн гишүүд нь нэмэлт шаардлагыг хангасан байх ёстой бөгөөд ТШЗ 17.2.5-д заасан банкны өр зээлгүй талаарх шаардлага түншлэлд хамаарахгүй гэж үзэхгүй юм.      

8. “Хариуцагч гаргасан шийдвэрээ мэдэгдэх ажиллагаа хийгээгүй, энэ тухай шүүх дүгнээгүй” гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын тухайд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар захиалагч буюу гэрээ байгуулах эрх олгосон “Э” ТӨҮГ-ын шийдвэрийг хүчингүй болгож, үүний дагуу 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Үнэлгээний хороо дээр дурдсанаар дахин хуралдсан, тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд зааснаар тендерт оролцогчдод шийдвэрээ мэдэгдээгүй үндэслээр шүүх тухайн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

9. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Б-с” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гуравдагч этгээдээр татагдан, хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын шийдвэрийг олж мэдсэнээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг хянан шийдвэрлээд гарсан шийдвэрийг тендерт оролцогч бүрт мэдэгдэхийг тухайлан үүрэг болгож захицуулаагүй, хариуцагчийн итгэмждэгдсэн төлөөлөгч нар мэдэгдсэн талаар маргаагүй байна. 

Иймд Захиргааны ерөнхий хуульд зааснаар хариуцагч тухайн шийдвэрээ нэхэмжлэгч компанид мэдэгдээгүй үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлгүй, тендерийн хүчинтэй байх хугацаа нэгэнт дуусгавар болсон, тухайн актын улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжгүй нь тогтоогдсон байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

10. Харин анхан шатны шүүх шийдвэртээ “... гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж ямар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаагаа тодорхой бичээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т зааснаар  бичиглэлийн зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.                   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2023/0652 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 55.3, 55.3.1, 55.3.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б од ХХК” ХХК болон “Б” ХХК-ийн түншлэлийн гаргасан “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 03/**** дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан “Б од ХХК” ХХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                           ШҮҮГЧ                                          З.ГАНЗОРИГ

                           ШҮҮГЧ                                          Н.ДОЛГОРСҮРЭН

                        ШҮҮГЧ                                           Ц.САЙХАНТУЯА