Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/45

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга А.Энхбаяр,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Б-н А-д холбогдох эрүүгийн 2217000000043 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 06-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг Найрамдал хотхоны ........... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Б-н А /РД: .............../

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.А нь согтуугаар 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт Гранд рестораны өмнөх засмал зам дээр иргэн М.М-тай маргалдан түүний нүүрэн тус газар нь гараараа цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун дээд 3-р шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

2. Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар  мэдүүлэхдээ:

2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Гранд нэртэй бааранд 22 цаг өнгөрч байхад ганцаараа очсон. Намайг очиход бааранд миний таньдаг хүмүүс байсан. Бааранд 4-5 лааз пиво уугаад бүжиглэсэн. Бүжиглэж байгаад гадаа тамхи татаад зогсож байтал DJ хийдэг гэх залуу зогсож байхаар нь түүнд 2 хоногийн өмнө бид нартай явж байсан охин чамтай юу хийж яваа юм гэхэд манай эхнэр ш дээ гэж надад хэлсэн. Тэгээд би буцаад бааранд ороод бүжиглэж байхад баар хаах цаг боллоо гээд баарнаас гарч ирэхэд М гэх залуу Кроун маркийн цагаан өнгийн машинаа унаад хөдлөөд явж байхаар нь амдаж очоод Грандын урд талын засмал зам дээр зогсоогоод хөөш чи согтуу машин барьж яаж байгаа юм гэхэд би юу ч уугаагүй, ажилтай байсан гэж хэлсэн. Тэгээд түүний машины хажууд машиных нь хаалгыг онгойлгоод явган сууж байхад тэр надад танай Чойр жалга юм гэхээр нь би түүнд нутаг орны нэр доромжлоод байгаарай гэж хэлээд баруун гараараа нүүрэнд нэг удаа цохисон. Тэр уурлаад миний нүүрэнд хөлөөрөө жийгээд буугаад ирсэн. Машинаас буугаад ирэхээр нь толгойн арын хэсэг буюу дагзанд гараараа нэг удаа цохиход газар зам дээр унасан. Дээшээ өндийгөөд босох гэхээр нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Яг хаана өшиглөснөө санахгүй байна. М-г зодож хөнгөн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хохиролын мөнгөнд 600 000 төгрөг өгсөн. Үүний 100 000 төгрөгийг бэлнээр, 500 000 төгрөгөнд Iphone X маркийн гар утсыг өгсөн...гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/

3. Хохирогч М.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр би Гранд нэртэй ресторанд DJ-р буюу хөгжимчинөөр ажилд орсон. Би ажилдаа 20 цагт ирсэн бөгөөд тус ресторанд тоглолттой байсан. Тэр тоглолтыг эхнэр найзтайгаа хамт үзсэн. Тоглолт дуусаад ресторан хаагаад 2 цаг болж байхад би гарсан. Гадаа гараад тамхи татаад зогсож байхад танихгүй биерхүү залуу ирээд уржигдар бид нартай архи уусан охинтой чи юу хийж яваа юм гэхээр нь энэ эмэгтэй манай эхнэр байгаа юм гэж хэлчихээд эхнэрийг дотроос гараад ирэхээр нь дагуулаад машиндаа суугаад цаашаа яваад засмал зам дээр эхнэрийн найз Г-г хүлээгээд байж байтал нөгөө биерхүү залуу ирээд машины жолооч талын хаалгыг онгойлгоод чи ер нь яагаад байгаан пизда минь гэхээр нь яагаа ч үгүй, яасан бэ Чойр таалагдахгүй байна гэж хэлэхэд нутаг доромжилдог хэн бэ, танай авгай чинь миний дүүгийн боовыг хөхдөг ш дээ гэж хэлээд намайг машины жолооны хүрдний ард сууж байхад шууд гараараа миний эрүүнд нэг удаа цохисон. Тэгэхээр нь би цээж рүү нь баруун хөлөөрөө жийгээд машинаас буухад тэр миний толгойны арын хэсэг буюу дагзанд гараараа нэг удаа хүчтэй цохиод би газарт зам дээр унаад дээшээ өндийгөөд босох гэтэл А гэх залуу миний нүүр рүү өшиглөсөн. Мөн нуруу, гэдэс, гуя, толгойны хэсэг рүү тус бүр нэг удаа өшиглөсөн. Тэгээд манай эхнэрийн найз цагдаад дуудлага өгчихлөө гэж хэлэхэд А болон хамт явж байсан залуус цаашаа явсан. А олон залуучуудтай хамт явж байсан. Хамт явсан залуус намайг зодоогүй. А л намайг зодсон. Ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би А-тэй уулзаж учраа олсон... гэсэн мэдүүлэг /х.х-ийн 6 хуудас/

Эмчилгээний болон бусад зардалд 600 000 төгрөгийн хохирол учирсан. Намайг зодсон А дээрх хохиролыг бүгдийг нь төлж барагдуулсан. Тэр надад бэлнээр 100 000 төгрөг, Iphone X маркийн гар утсыг 500 000 төгрөгөнд бодож өгсөн. Миний хувьд хохиролоо барагдуулж авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 хуудас/

4. Гэрч Т.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр найз Э, Б нарын хамт Гранд нэртэй бааранд амьд хөгжмийн тоглолт ирсэн гэхээр нь 23 цаг өнгөрч байхад очсон. Очиход бар дүүрэн хүнтэй байсан бөгөөд бид хэд бүжиглэсэн. Э бид 2 нэг нэг пиво авч уусан. Бүжиглээд байж байтал М гаднаас орж ирээд надад явъя гэхээр нь за гээд баарнаас гарсан. Барнаас гарахад М А гэх миний  таньдаг залуу руу заагаад манай эхнэр Эын талаар муухай зүйл хэллээ гэхээр нь би А-тай очиж уулзаад Э-ын нөхөр нь энэ хүн байгаа юм, чи эхнэрийнх нь талаар  юу яриад байгаа юм бэ гэхэд эхнэр нь гэдгийг нь мэдээгүй, юм бодолгүй тоглоомоор хэлсэн гэсэн. Тэгэхээр нь балай юм уу хаашаа гэж хэлээд М-г аваад бид 4 Мгийн машинд суугаад хөдлөөд явахад бид нарыг барны урд талын засмал дээр гар өргөж зогсоосон. Тэгэхэд М машинаа зогсоогоод хаалгаа онгойлгоод А-тай юм яриад зогсоод байсан. Машины хөгжим чанга байсан болохоор юу ярьсныг сонсоогүй. А гэнэт Мг жолооний хүрдний ард сууж байхад гараараа цохиод авсан. М зөрүүлээд цээж рүү жийгээд тэгээд машинаас буугаад очиход А түүнийг газарт унагаагаад зодоод байсан. Намайг буугаад очиход газар хэвтүүлчисэн нүүр рүү өшиглөөд байсан. М архи дарс уугаагүй, эрүүл саруул байсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 хуудас/

5. Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр манай нөхөр Гранд нэртэй бааранд ажилд орсон. Уг баранд тоглолт ирсэн гэхээр нь би найз Б, Н нарын хамт Гранд нэртэй баранд 23 цаг өнгөрч байхад очсон. Баранд ороод бүжиглэж байхад манай нөхөр М гараад явж байгаа харагдахаар нь араас нь гараад очтол том биерхүү танихгүй залуутай юм яриад зогсож байсан. Тэгээд нөхөр дээрээ очоод хоёулаа оръя гэхэд түүний хажууд байсан бүдийн залуу намайг хэл амаар доромжлоод энэ охин чинь манай дүүгийн боовыг хөхдөг ш дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи одоо юу яриад байгаа юм бэ, би чамайг танихгүй, энэ хүн чинь миний нөхөр ш дээ гэхэд М уурлаад баар руу буцаад орсон. Тэгээд би нөхрийнхөө араас ороход 2 найзыгаа аваад бид 4 М-гийн машинд суугаад хөдлөөд явтал баарны үүдэнд намайг хэл амаар доромжилсон бүдүүн залуу зам дээр гар өргөж зогсоогоод манай нөхөртэй юм ярьж зогсож байгаад гэнэт нүүр рүү нь гараараа цохиод авсан. Манай нөхөр уурлаад цээж рүү жийгээд машинаасаа буухад буусан хойно нь тэр газар унагаагаад зодоод байсан. Машинаас буугаад очих хооронд яг яаж зодсоныг хараагүй. Ямар ч байсан М-г машиных нь урд атиралдуулаад хэвтүүлчихсэн байж байсан. Тэгээд бид нар буугаад салгасан. Машинаас буугаад зам дээр хэвтэж байхад М-гийн нүүр лүү А гэх бүдүүн залуу өшиглөж байсан. А олон залуучуудтай явж байсан, хамт явсан залуус түүнийг зодоогүй, А М-г зодсон....гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/

6. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр найз Э, Н нарын хамт Улаанбаатар хотоос тоглолт ирсэн гэхээр нь Гранд нэртэй бааранд 23 цаг өнгөрч байхад очсон. Очоод бүжиглэж байгаад харих гээд бид нар баарнаас гарцгаасан. Манай найз Эын нөхөр М тус бааранд DJ-р тэр өдөр ажилд орсон байсан бөгөөд бид нар хамтдаа 2 цаг болох гэж байхад гарцгаасан. Бааранд бол би юу ч уугаагүй, очихоос өмнө бага зэргийн пиво уусан. Гараад Н, Э, М бид 4 М-гийн машинд суугаад хөдлөөд засмал зам ороод явж байтал бааранд байсан. А гэж дуудаад байсан бүдүүн залуу бид нарыг зам дээр гар өргөж зогсоосон. Тэгэхэд М машинаа зогсоогоод хаалгаа нээгээд А гэх залуутай юм яриад зогсож байсан. Миний сонсож ойлгосноор бол А гэх залуу нь Мг-ийн эхнэр Эыг олон хүмүүсийн өмнө хэл амаар доромжлоод нөхөрт нь эвгүй сэтгэгдэл төрүүлсэн. Тэгээд М түүнтэй ярьж байхдаа танай Чойр надад таалагдахгүй байна гэж хэлэхэд яахаараа чи нутаг орны нэр муулдаг юм гэж хэлээд нүүр рүү баруун гараараа нэг удаа цохиход М хөлөөрөө А-г цээжинд нь жийгээд машинаас буугаад зодоод байсан. Тэр үед яаж зодсоныг хараагүй. Ямар ч байсан буугаад очиход М-г машиных нь урд атиралдуулаад хэвтүүлчихсэн байж байсан. Тэгээд бид нар буугаад салгасан. А гэх залуу олон залуучуудтай хамт явж байсан. Хамт явсан залуус нь түүнийг зодоогүй. А М-г зодсон...гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/

7. Шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 107 дугаар дүгнэлтэнд:

М.М-гийн биед баруун дээд 3-р шүдний эмтрэл, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Баруун дээд 3-р шүдний эмтрэл гэмтэл нь  “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн тохойд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /х.х-ийн 20 хуудас/

8. Шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 106 дугаар дүгнэлтэнд:

Б.А-гийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /х.х-ийн 24 хуудас/

9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 38 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар: Шүүхээс Б.А нь согтуугаар 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт Гранд рестораны өмнөх засмал зам дээр иргэн М.М-тай маргалдан түүний нүүрэн тус газар нь гараараа цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун дээд 3-р шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Иймд шүүгдэгч Б.А-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүгдэгч Б.А-гийн өгсөн мэдүүлэг, хохирогч М.М, гэрч Т.Н, Б.Б, Б.Э нарын мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 107 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.

Мөн шүүгдэгч Б.А нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн болно.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэн хэрүүл маргаан үүсгэснээс үүдэлтэй байна.

Шүүгдэгч Б.А нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн талаар мэдүүлснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

ХОЁР. Шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Прокуророос шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч Б.А нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.А-гийн өмгөөлөгч Б.Батчимэг нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч Б.А нь хувийн байдлын тухайд урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, зөрчлийн хэрэгт холбогдож байгаагүй. Энэ байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялын 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү” гэх дүгнэлт тус тус гаргасан байна.

Шүүгдэгч Б.А-д ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгчийн хувийн байдал, өөрийгөө хянах чадваргүй үедээ хохирогчид халдаж гэмтэл учруулсан байдал зэргийг тус тус харгалзаж улсын яллагчаас гаргасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг хүлээн авч шийдвэрлэлээ.Эрүүгийн 2217000000043 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдлаа.

Хохирогч М.М нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Б овогт Б-н А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ