Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/73

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа,

улсын яллагч Ц.Батзаяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа,

шүүгдэгч Г.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Х-д холбогдох 2216000000103 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Т овогтой Г-н Х.

Холбогдсон хэргийн талаар: 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 11-ээс 12 цагийн хооронд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах Гэр бүл, хүүхэд залуучуудын ордонд зохион байгуулагдсан “Малчин, тариаланчдын чуулганд” оролцож байхдаа тус байгууллагын 1 дүгээр давхрын хувцасны өлгүүрт байсан хохирогч Б.Т-н куртикний халааснаас түүний эзэмшлийн samsung А51 загварын, хохирогч Н.Б-н эзэмшлийн samsung J5 загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 700,000 (долоон зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан шүүгдэгч Г.Х-н үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Г.Х-н шүүх хуралдаанд өгсөн “... Хурал орж байгаад цайны цаг болоод бүгд гарч, цайнд явсан. Цай уугаад зогсож байхад миний ард талд байсан өлгүүрт гар утас дугарч би тэр гар утсыг аваад цүнхэндээ хийчихсэн ... гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна ... Ийм үйлдэл хийсэндээ би гэмшиж байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Говь-Алтай аймаг Есөнбулаг сум Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт малчин, тариаланчдын сургалтыг зохион байгуулж байгаад 11 цагийн цайны завсарлагаанаар сургалтад оролцож байгаа хүмүүст цай аягалж өгөх шаардлага гараад өөрийн Samsung-А51 маркийн гар утас болон хамт ажилладаг Н.Б-н Samsung-J5 маркийн гар утастай хамт өлгүүрт байсан хар өнгийн куртикний халаасанд хийгээд орхисон. Тухайн үед сургалтад оролцож байсан хүмүүст цай өгч байгаад 11 цаг 50 минутын үед хамт ажилладаг Х очоод үзтэл тухайн 2 гар утас байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 29 дүгээр  тал/, 

Хохирогч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Говь-Алтай аймаг Есөнбулаг сум Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт малчин, тариаланчдын сургалтыг зохион байгуулж байгаад 11 цагийн цайны завсарлагаанаар сургалтад оролцож байгаа хүмүүст цай аягалж өгөх шаардлага гараад өөрийн Samsung-J5 маркийн гар утас болон хамт ажилладаг Б.Т-н Samsung-А51 маркийн гар утастай хамт өлгүүрт байсан хар өнгийн куртикний халаасанд хийгээд орхисон. Тухайн үед сургалтад оролцож байсан хүмүүст цай өгч байгаад 11 цаг 50 минутын үед хамт ажилладаг Х очоод үзтэл тухайн 2 гар утас байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 24 дүгээр  тал/,

Гэрч Э.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын сүүлээр Говь-Алтай аймаг руу малчдын зөвлөгөөнд сумаас нийт 10-аад эмэгтэйчүүдийн хамт явсан юм. Тэгээд аймаг дээр сургалтад сууж байгаад цай уугаад ороод ирсэн юм. Тэгээд миний хажууд Хишигмаа сууж байсан юм. Тэгээд нэг утас дуугарахаар нь утсаа аваач хө гэхэд хүүхэд залгаад байгаа юм фэйсбүүк ордог утсаа хө, хүүхэд залгаад байгаа юм гэж хэлсэн. Тэгээд ажиглаад хартал цүнхэн дотроо утсаа салгаад байсан утсыг нь хальт харахад улаан артай утас байсан, утасны маркийг бол мэдэхгүй байсан юм. Тэгээд хоолонд орох гээд завсарлаад явахад хүүхдээ хөхүүлээд ирнэ гээд яваад алга болсон. Энэ хооронд утас алга боллоо гэж яригдаад, болохоо байсан юм. Тэгээд буцаж ирэхдээ Хцүнхээ үлдээгээд ирсэн байсан. Иймд би Х-г утас хулгайлсан гэж мэдсэн юм ... Цай уух үеэр куртикний халааснаас авсан юм шиг байна билээ. Утсаа унтрааж чадахгүй байнга салгаад байсан. Өөрийнхөө утсыг өмнөө барьчихсан хэр нь, ардаа цүнхээ хийчихээд дотор нь утсаа салгаад байсан. Тэгээд би сэжиглэсэн юм...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/,

Ашид билгүүн ХХК-н 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ТХҮ-921/2560 дугаартай хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 48-50 дугаар тал/,

Хохирогч Н.Б-н эзэмшлийн Samsung-J5 загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дугаар тал/,

Хохирогч Б.Т-н эзэмшлийн Samsung-А51 загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дугаар тал/,

Шүүгдэгч Г.Х-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-9 дүгээр тал/,

Шүүгдэгч Г.Х-с 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч нарын эзэмшлийн Samsung-J5, Samsung-А51 загварын гар утаснуудыг хурааж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-13 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Х нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 11-ээс 12 цагийн хооронд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах Гэр бүл, хүүхэд залуучуудын ордонд зохион байгуулагдсан “Малчин, тариаланчдын чуулганд” оролцож байхдаа тус байгууллагын 1 дүгээр давхрын хувцасны өлгүүрт байсан хохирогч Б.Т-н куртикний халааснаас түүний эзэмшлийн “samsung А51” загварын, хохирогч Н.Б-н эзэмшлийн “samsung J5” загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь шүүгдэгч Г.Х-н хэргээ хүлээн мэдүүлсэн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Б., Н.Б, гэрч Э.М нарын харилцан зөрүүгүй мэдүүлгүүд, шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хохирогч нарын эзэмшлийн гар утаснуудыг шүүгдэгчээс хураан авсан тэмдэглэл, тэдгээр гар утаснуудад үзлэг хийсэн тэмдэглэл, Ашид билгүүн ХХК-н 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ТХҮ-921/2560 дугаартай хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.

Шүүгдэгчийн үйлдэл нь хохирогч Б.Т-н өлгүүрт байсан гадуур хувцасны халааснаас Б.Т, Н.Б нарын эзэмшлийн гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Г.Х-г уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 86 дугаар тал/, Samsung-J5, Samsung-А51 загварын гар утаснуудыг эзэмшигч нарт нь хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 17-18 дугаар тал/, хохирогч Б.Т, Н.Б нарын хэргийн материалтай танилцаад “... гомдол саналгүй...” гэх агуулга бүхий хүсэлт /хавтаст хэргийн 90, 92 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Х-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгчтэй тохиролцсон прокурорын санал зэрэг хүчин зүйлүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Г.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах арга хэмжээ авах тухай зохицуулалт бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад заасныг мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан агуулгаар ойлгож хэрэглэвэл зохино. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл болон 7.1 дүгээр зүйлүүдэд заасан “...тэнсэж, албадлагын арга хэмжээ авах...” зохицуулалт нь ямар нэгэн салаа утгагүйгээр ял оногдуулахгүйгээр буюу шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд энэ гэмт хэрэгт нь дахин ял оногдуулах тухай зохицуулалт бөгөөд ямар нэгэн байдлаар ял оногдуулаад түүнийг тэнсэх тухай агуулга тусгагдаагүй байгаа тул 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүнийг тэнсэх тухай прокурорын санал хууль зүйн хувьд үндэслэлгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Т  овогтой Г-н Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Х-д мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр  1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-д тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулж болохыг шүүгдэгч Г.Х-д сануулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.   

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА