Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 58

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 19.. онд  Б аймгийн Б суманд  төрсөн, ... настай, эмэгтэй, дээд  боловсролтой,  эрх зүйч  мэргэжилтэй, ам бүл 4,  хүүхдүүдийн хамт  Багануур дүүргийн х дүгээр  хороо, хх дүгээр байрны хх тоотод  оршин суух,  О овогт Д-ийн Н-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1985 онд Б аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой,  нийгмийн  ажилтан мэргэжилтэй,  Б аймгийн А сумын .. дугаар баг .. дугаар гудамж .. тоотод оршин суух, Л овогт  Ч-ын Ж-т холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12   сарын  22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Н, хариуцагч Ч.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Н.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:  Н.Д миний бие 2013 онд Ч.Ж-тай  танилцан улмаар бидний хамтран амьдрах хугацаанд 20.. оны 0.. сарын 0..-нд хүү Ж.Э, 20.. оны ... сарын ...-нд охин Ж.Э нар төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид  хамтран амьдрах боломжгүй, тус тусын амьдралтай болсон тул хүү Ж.Э, охин Ж.Э нарт Ч.Ж-аас хүүхдийн тэтгэлгийг гаргуулж өгнө үү. Бидний дунд дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаан байхгүй. 2013 оноос хамт амьдарч эхэлсэн боловч яг өөрийн гэсэн гэр орон байхгүй, хоёр биенийхээрээ амьдарч байсан, Ж хотод ажил хийж байсан болохоор гэртээ байхаасаа байхгүй нь их байдаг, би 2 хүүхэдтэйгээ ихэнх цагийг өнгөрүүлсэн, Ж нь өмнөх эхнэрээсээ гэрлэлтээ салгаагүй учраас гэрлэлтээ батлуулаагүй, гэрлэлт батлуулах талаар огт ярилцаж байгаагүй, хүүүхдүүд одоо 4 настай, бага нь 2 нас хүрч байгаа. Бид нар  2015 онд  Багануур дүүрэгт албан ёсоор шилжиж ирсэн, нөхөр ирээгүй. Зан харилцааны таарамжгүй харилцааны улмаас тус тусдаа амьдраад 1 жил гаран болж байгаа тиймээс хүүхдүүддээ тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, манай 2 хүүхэд ойрхон төрсөн бага хүүхэд аавыгаа мэдэхгүй, Ж эрхэлсэн тодорхой ажилгүй хувь хүний төлөвшил, хүүхэд асрах, хайрлах, анхаарал халамж тавих боломж байхгүй, хүүхдийнхээ төлөө хүүхдээ авья гэж хэлж байна гэж бодохгүй байна, хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэсэндээ л ингэж хэлж байна, хүүхдээ  аавтайгаа байг гэж зөндөө орхиж үзсэн, хүүхдээ дагуулаад архи уугаад хамгийн сүүлд цагдаагийн байгууллага дээрээс хүүхдээ очиж авсан, ийм шалтгааны улмаас хүүхдээ өгөхгүй, одоохондоо ажилгүй байгаа ч гэсэн ажилд орохоор ярьчихсан байгаа, 2 хүүхдээ салгамааргүй байна, манай хүү аав цагдаа дээр байгаа гээд ярьдаг, эднийд очоод ирэхээрээ сонин сонин үг хэллэг сураад ирдэг. Ж одоо өөр хүүхэнтэй болсон, тэр хүүхэн нь над руу  хүүхдээ ав гэж утасдаж байсан,  хүүгээ  дагуулаад согтуу машин бариад явдаг, хүүхэд харж чадахгүй, хүүхдээ харж байсан удаа ч байхгүй, намайг байнга дарамталж хүчирхийлэлд байлгадаг байсан,  өнөөдөр хүүхдүүд өмсөх хувцасгүй шахуу л байна, энэ хүний ярьж байгаа бүгд худал, жирэмсэн байхад хүртэл айхтар зоддог байсан, цагдаад баримтууд нь байгаа, өөрөө  байнга архи уудаг, гэр бүлээс гадуур явдалтай, хүүхдээ боддог юм шиг худал ярьж байна, хүүхдүүддээ хайртай юм бол бага охин өнөөдөр аавыгаа мэдэхгүй өсөхгүй шүү дээ гэв.

Хариуцагч Ж шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тэтгэлгийг төлнө, буцаад эвлэрэх боломж байхгүй. 2016 оны эхээр тусдаа амьдарч эхэлсэн, тусдаа амьдарч эхэлснээс хойш бага хүүхэд төрсөн, хүүхдүүдтэйгээ харилцаатай байя гэхээр надад боломж олгодоггүй, харилцаатай байх шаардлагагүй гэдэг, хоёулаа өмнө нь амьдралтай байсан, Н айлд амьдардаг болохоор том хүүхдээ өөр дээрээ авъя гэж бодож байсан, манай аав ээж дээр байдаг байсан, хүүхдүүдтэйгээ 2 сарын өмнөөс холбоогүй байгаа. Н хүүхдүүдийг зоддог, буруу харьцдаг хүүхдүүдийг зөв хүмүүжүүлнэ гэдэгт итгэхгүй байна, тиймээс хүүгээ өөр дээрээ авмаар байна. Н шүүгчийн өмнө худлаа ярьж байна, ажилд орчихсон юм гэсэн, ажилд ороогүй гэж худал ярьж байна, надад хүүгээ жаахан эрхлүүлдэг тал бий, хүүхдээ өгөхгүй гээд байгаа нь энэ хүний зан харилцааны хувьд боломжгүй гээд байгаа юм, төрөхөөсөө 2 сарын өмнө архи уугаад бараар  хэсээд ирэхгүй алга болоод байсан, би хүүтэйгээ зүй бус харьцдаг тал байхгүй, Н хүүхэдтэй их ширүүн харьцдаг, гадуур яваад ирсэн уураараа хүүхэдтэйгээ харьцдаг учраас миний хүүхэдтэй ч гэсэн тэгж харьцах байх л гэж бодож байна гэв.

Шүүх хэрэгт авагдсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг уншиж судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Н.Д нь хариуцагч  Ч.Ж-т  холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Н.Д, хариуцагч Ч.Ж нар нь 2010 оноос хамтран амьдарч, хамтран амьдрах хугацаандаа  2014 оны 06 сарын 04-ний өдөр хүү Ж.Э, 2016 оны 03 сарын 28-нд  охин Ж.Э нарыг тус тус  төрүүлэн улмаар одоог хүртэл эрүүл саруул, эхийн гар дээр өсөн бойжиж  байгаа болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл бойжиж байгаа талаарх өрхийн эмнэлгийн эмчийн тодорхойлолт, зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байгаа бөгөөд зохигчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2016 оноос тус тусдаа амьдрах болсон байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт ”хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”,   38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38.3 дахь хэсэгт “эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно“ гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Ч.Ж-аас тэтгэлэг гаргуулж хүү Ж.Э, охин Ж.Э нарыг  тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсгүүдэд зааснаар эцэг эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд  тэгш эрх эдэлж , адил үүрэг хүлээх учраас нэхэмжлэгч Н-гийн зүгээс хариуцагчийг уг үүргээ биелүүлэх, хүүхэдтэйгээ дуртай үедээ  уулзахыг хориглох, саад учруулах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Ч.Ж-аас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд  50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх болохыг хариуцагч  Ч.Ж-т  анхааруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 62.466 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн амьжиргааны баталгаажих доод түвшин 198.600 төгрөгөөр тооцож, нэг жилийн хугацаанд 2  хүүхдэд төлвөл зохих тэтгэлэг 2.383.200 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 66.297 төгрөгийг гаргуулж  62.466  төгрөгийг нэхэмжлэгчид , 3.831 төгрөгийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2014 оны 06 сарын 04-нд төрсөн хүү Ж.Э, 2016 оны 03 сарын 28-нд төрсөн охин Ж.Э нарыг  11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг тус тус тогтоон эцэг Л овогт  Ч.Ж-аас сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.466  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 62.466 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, 3.831 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    П.ЦЭЦЭГДУЛАМ