Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 63

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 19... онд Багануур дүүрэгт  төрсөн, ... настай, эмэгтэй, дээд  боловсролтой,  эрх зүйч   мэргэжилтэй, ам бүл 4,  дүү нар, хүүхдийн хамт  Багануур дүүргийн .... дүгээр  хороо, Б-ийн ... дугаар гудамжны ...  тоотод  оршин суух, “С.М” группэд түгээгч ажилтай  Б овогт Э-ийн Х-ын   нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 19.. онд Х аймгийн М суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Багануур дүүрэг, .. дугаар хороо, Б ХК-д “Э” хамгаалалтын албанд ажилладаг, Х аймгийн М сумын .. дугаар баг, Х тосгонд оршин суух бүртгэлтэй боловч, Улаанбаатар хот, Ч дүүрэг, Х .. дүгээр хороо, Ж-ын ...-... тоотод түр оршин суух,  Б овогт Б-ийн Э-д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах  тухай нэхэмжлэлийг 20.. оны ... дугаар  сарын ..-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Х, хариуцагч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Э.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Э.Х би Б.Э-тэй 2012 оноос үерхэж эхлээд 2014-2016 онд хамтран амьдарч байсан. Бидний дундаас  хүү Э-ийн Ж  20.. оны ... сарын ..-ны өдөр төрсөн. Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй. Б.Э нь тусдаа амьдардаг болсноос хойш хүүтэйгээ уулзаагүй. Хүүгээ тоодоггүй, асарч хамгаалдаггүй, эдийн засгийн тусламж болон хайр халамж үзүүлдэггүй. 2016 онд маргалдсанаас болоод тусдаа амьдрах болсон, эгчтэй нь нэг удаа уулзаад дуудаж хүүтэйгээ уулзуулсан. Хүүгээ уулзуулах гээд утсаар ярихаар уурладаг, энэ хүн одоо эхнэр хүүхэдтэй болсон, тиймээс хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна, хүүхдээ уулзуулах гээд хэд хэдэн удаа эгчийнд нь очиж хоносон ажилтай, завгүй гээд ирдэггүй, хүүхэд одоо 4 настай аавыгаа мэддэг, надаас салаад 1 сар болоод өөр хүнтэй суусан, тэр хүүхэн нь 12 сард хүүхэд гаргасан, би өнөөдрийг хүртэл энэ хүнийг хүлээгээд амьдарч байна, хүүхэдтэйгээ нэг удаа ч гэсэн хайртай гээд ярьж болдоггүй юм  болов уу гэж боддог гэв.

Хариуцагч Б.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Х-ай 2012 оноос эхлэн үерхэж эхэлсэн, гэр бүлийн маргаанаас болоод салсан, эргэж амьдрах боломж байхгүй,  хүүхэддээ тэтгэлэг төлнө, энэ хүний ч гэсэн буруу байгаа ах дүү нар нь анх суусан цагаас салгана гэдэг байсан, суугаад жил гаран болоод дарамталж эхэлсэн, гэрийнхэн нь бид хоёрын амьдралд байнга оролцдог байсан ганц миний буруугаас болоод салаагүй, бид хоёр эдний 2 дүү, 2 ахтай нь хамт амьдардаг байсан, энэ өөрөө хүүхэдтэй маань уулзуулдаггүй, утсаар хааяа ярихаар урдаас хэрүүл хийгээд байдаг, би энэ хүнийг 2 дугаар курсэд байхаас нь үерхэж эхэлсэн, миний 2 эгч тэтгэж тусалдаг байсан, хоёулаа харилцан тохиролцоё гэсэн чинь эвлэрэхгүй байгаа, би энэ ажилд түр хугацаагаар ажиллаж байгаа болохоор сар болгон  тэтгэлэг төлөх боломжгүй, гэр бүлийн маргаантай хүнийг ажиллуулахгүй гээд байгаа, манай албан байгууллага руу мэдэгдэл очоод намайг шүүхэд дуудагдаад байгаа гэдгийг дарга мэдсэн гэв.

                                   ҮНДЭСЛЭХнь:

          Нэхэмжлэгч Э.Х нь хариуцагч Б.Э-д  холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Э.Х, хариуцагч Б.Э-т нар нь 2012 оноос хамтран амьдарч, хамтран амьдрах хугацаандаа 20... оны .. сарын ...-ны өдөр хүү Э.Ж-ийг  төрүүлэн улмаар одоог хүртэл эрүүл саруул, эхийн гар дээр өсөн бойжиж  байгаа болох нь  төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл бойжиж байгаа талаарх өрхийн эмнэлгийн эмчийн тодорхойлолт, зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байгаа бөгөөд зохигчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2016 оноос тус тусдаа амьдрах болсон байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт ”хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”,   38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38.3 дахь хэсэгт “эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно“ гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Б.Э-өөс тэтгэлэг гаргуулж хүү  Э.Ж-ийг  тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсгүүдэд зааснаар эцэг эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд  тэгш эрх эдэлж , адил үүрэг хүлээх учраас нэхэмжлэгч Х-ын зүгээс хариуцагчийг уг үүргээ биелүүлэх, хүүхэдтэйгээ дуртай үедээ  уулзахыг хориглох, саад учруулах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Б.Э-өөс гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх болохыг хариуцагчид  анхааруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 33.150 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн амьжиргааны баталгаажих доод түвшин 198.600 төгрөгөөр тооцож, нэг жилийн хугацаанд  төлвөл зохих тэтгэлэг 1.191.600 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 33.150 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2014 оны 07 сарын 16-нд төрсөн   Э.Жавхлантөгсийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг Б овогт Б-ийн Э-өөс сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 33.150 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

    

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    П.ЦЭЦЭГДУЛАМ