| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2022/0085/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/89 |
| Огноо | 2022-06-27 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/89
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-,
Шүүгдэгч Х.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.т овогт Х-ы Д-ад холбогдох эрүүгийн 2213000000140 дугаартай хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Баян-Өлгий амйгийн ........ сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургульд багш ажилтай, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 9 дүгээр багт оршин суудаг, ам бүл 5, ээж, ах, эгч нарын хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Ж.т овогт Х-ы Д-, регистрийн дугаар БЖ..............
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 9 дүгээр багийн нутагт байрлах “Ботахан” гэх цайны газар 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Х.Б-ийг зодож, улмаар түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1.1. Улсын яллагч Я.Д-гаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Х.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэв.
1.2. Шүүгдэгч Х.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна, хохирлыг төлж барагдуулсан, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэв.
2.1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 03-05 дахь тал/,
2.2. Согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/,
2.3. Хохирогч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18, 22 дахь тал/,
2.4. Гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,
2.5. Гэрч Н.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,
2.6. Гэрч М.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,
2.7. Шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 79 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,
2.8. Шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 453 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 40-42 дахь тал/,
2.9. Шүүгдэгч Х.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 64 дэх тал/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Х.Д-аас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.
3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
3.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
3.2. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Д-ад холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
4.1. Шүүгдэгч Х.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 9 дүгээр багийн нутагт байрлах “Ботахан” гэх цайны газар 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Х.Б-ийг зодож, улмаар түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
4.1.1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 03-05 дахь тал/,
4.1.2. Согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/,
4.1.3. Хохирогч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...иргэн С.С-ын Дэлүүн сумын 9 дүгээр багт байрлах хоолны газарт нь очив. Тухайн газарт очиход надтай хамт Х.Д-, С.С-, М.Ж- нар очсон. Тэгээд тухайн хоолны газраас хоол идэх гэж байхад тухайн хоолны газарт байсан Дэлүүн сумын цагдаа Н- бид нартай хамт архи их хэмжээгээр уусан. Х.Д- өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байдалтай ямар нэгэн шалтгаангүй өдөж, маргалдах төлөвтэй байсан. Тэгэхээр нь би Х.Д-ад “...чи болиорой цагдаа хүнтэй архи уусан үедээ юм хэлээд яах вэ, тэр бидэнд юм хэлээгүй биздээ” гэж хэлэхэд Х.Д- миний цээж хэсэгт гараараа хүчтэй нэг удаа цохисон. Тэгэхэд би хүчтэй цохилт авсан дээрээсээ архи их хэмжээгээр уусан тул биеэ дийлэхгүй хойшоогоо савж унасан. Тэгээд эргэж толгойгоо өргөөд Х.Д- руу чи яагаад намайг цохиж байгаа юм вэ гэхэд хөлөөрөө миний ам уруул хэсэгт хүчтэй нэг удаа өшиглөсөн. ...Тэгээд миний ам, хамар, уруул өвдөөд хамраа гараараа дараад зогсоод сумын цагдаа Н- ирж Х.Д-ыг барьж аваад үйлдлийг нь хориглох гэсэн боловч Х.Д- хүч өгөхгүй над руу улам дайрч газарт хэвтэж байсан миний баруун хөлний шагай хэсэгт хөлөөрөө хүчтэй нэг удаа өшиглөхөд миний шагай, өсгий хэсэг маш ихээр зовиурлаж өвдөхөөр нь миний ухаан санаа орж гаран сарнисан байдалтай болсон. Тэр үед миний хөл хугарсан байх, ухаан алдаж сэрэхэд сумын эрүүл мэндийн хүлээн авах тасагт байсан. ...Энэ хэргийн улмаас хөл маань хугарч, эрүүл мэндэд минь хүндэвтэр хохирол учирсан. Улмаар аймгийн нэгдсэн эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн, энэ үед гарсан 681,500 төгрөгийг Х.Д- төлж барагдуулсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Х.Д- надаас албан ёсоор уучлалт гуйгаад хийсэн хэрэгтээ гэмшсэн. Мөн цаашид миний хөл өвдөх дахин эмчлүүлэх асуудал гарвал Х.Д- миний бүх эмчилгээг хариуцахаар болсон. ...нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18, 22 дахь тал/,
4.1.4. Гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Х.Д- нь Х.Б-тэй тодорхойгүй шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг цээж хэсэг рүү нэг удаа хүчтэй гараараа цохисон. Тэгээд Х.Б- хойшоо савж унасан. Тэгэхэд Х.Д- Х.Б-ийн баруун хөлний өсгий хэсэгт хөлөөрөө маш хүчтэй өшиглөсөн. Тэгэхэд Х.Б- маш ихээр зовиурлаж тухайн хөлөө өргөж чадахгүй Х.Д- руу хандаж, чи миний хөл рүү өшиглөж хугалчихлаа хэмээн орилсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,
4.1.5. Гэрч Н.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...эргэж очиход Х.Б- газар унасан байдалтай маш хүчтэй орилж хашхирч хөл өвдсөн, хугарсан хэмээн хэлж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,
4.1.6. Гэрч М.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Х.Д- архи уусандаа ч юм уу улам уурлаж Х.Б-тэй маргасан. Улмаар Х.Б-ийн цээж хэсэг рүү нэг цохиход хойшоо саваад унасан. Тэгээд газар унаад хэвтэж байгаад миний хөл хугарчлаа гэж Х.Д- руу хандаж чи миний хөл рүү яагаад ингээд өшиглөв хэмээн уйлж унжаад газар хэвтсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,
4.1.7. Шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн “...Иргэн Х.Д-ын биенээс авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ. Иргэн Х.Д-ын биенээс авсан гэх цусанд 1.3% промилли этилийн спирт илрэв. Х.Д- нь тухайн үед хөнгөн зэргийн согтолттой байжээ” гэх 79 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,
4.1.8. Шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн "... Иргэн Х.Б-ийн биед баруун хөлийн шилбэний яснуудын гадна ба дотор талын хавчаар яснууд хугарсан, мултарсан, баруун талын хөлний тавхай, шилбэний хэсэгт битүү хавантай, дээд эрүүний үүдэн 1 шүд эмаль сэтэрч хугарсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлэр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь 1-10 хоногтоо үүссэн шинэ гэмтлүүд. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Иргэн Х.Б-ийн биед үүссэн гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх 453 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 40-42 дахь тал/,
4.1.9. Шүүгдэгч Х.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Х.Б-ийн ам руу гараараа нэг удаа цохиход Х.Б- хойшоо унасан. Энэ үед баруун хөлний шагай тус хэсэгт нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
5.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.
5.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
5.3. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
5.4. Шүүгдэгч Х.Д- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирогч Х.Б-ийн баруун хөлийн шилбэний яснуудын гадна болон дотор талын хавчаар яснуудыг хугалж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
5.5. Х.Д-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Х.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
5.6. Шүүгдэгч Х.Д-ын зүгээс шүүх хуралдаанд хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
5.7. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.
5.8. Энэ гэмт хэрэг гарахад хохирогч Х.Б-ийн зүй бус, хууль бус үйлдэл нөлөөлсөн нь тогтоогдоогүй ба мөрдөн байцаалтын шатанд Х.Д- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 79 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон түүний өөрийнх нь мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Х.Д-ыг согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
5.9. Шүүгдэгч Х.Д- нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
6. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
6.1 Эрүүгийн гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд учирсан шууд үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын амь нас эрүүл мэндэд хууль бусаар, санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахыг үүрэг болгожээ.
6.2. Шүүгдэгч Х.Д-ын хууль бус, гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Б-ийн баруун хөлийн шилбэний яснуудын гадна ба дотор талын хавчаар яснууд хугарч, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
6.3. Хохирогч Х.Б-ийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “Дэлүүн сумын 9 дүгээр багийн иргэн Х.Б- миний бие яллагдагч Х.Д-тай тохиролцсон ба цаашид Х.Д-аас нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх баталгааг үндэслэн түүнийг хохирогч Х.Б-т төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгч Х.Д-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
2.1. Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан ба шүүгдэгч Х.Д- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2.2. Шүүгдэгч Х.Д-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Учир нь Х.Д- нь уг гэмт хэргийг урьдаас төлөвлөж үйлдээгүй байх бөгөөд тухайн үед үүссэн хүчин зүйл, уурандаа автаж, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдсэн байна. Тэрээр урьд шүүхээр гэм буруутайд тооцогдож, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь хавтаст хэргийн 65 дахь талд авагдсан баримтаар нотлогдож байна.
2.3. Шүүгдэгч Х.Д- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.
Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж дүгнэж, шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2.4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгж буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Х.Д-ад танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.
2.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.
2.6. Шүүгдэгч Х.Д-ын хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
2.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 650 нэгж нь 650.000 төгрөгтэй тэнцэх юм.
2.8. Шүүгдэгч Х.Д- нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.
2.9. Шүүгдэгч Х.Д- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна.
2.10. Шүүгдэгч Х.Д- урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1-4,36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1, 36,6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ж.т овогт Х-ы Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д-ыг 650 /зургаа зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Х.Д- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Х.Д- урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК