Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/86

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Д-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-,

Шүүгдэгч М.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Д-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт М-гийн О-д холбогдох эрүүгийн 2213001040130 дугаартай хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, яс үндэс Казак, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, мал малладаг, ам бүл-3, эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Алтай сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, Улсаас авсан гавъяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С.т.ж овогт М-гийн О-, регистрийн дугаар БА.............

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.О- нь 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 19 цагийн үед Баян-Өлгий аймгийн Алтай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт буюу Ж.М-ийн тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа хохирогч Е.С-тай урд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэн, улмаар түүний толгой руу цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1.1. Улсын яллагч А.Д-ээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч М.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэв.

1.2. Шүүгдэгч М.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна, хохирлыг төлж барагдуулсан, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү”  гэв.

1.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч М.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй, хохирлыг төлж барагдуулсан” гэв.

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2213001040130 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

2.1. Иргэн Е.С-аас 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 04-06 дахь тал/,

2.2. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл болон Д.Б-д шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудасны хуулбарууд /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

2.3. Хохирогч Е.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23, 26, 30 дахь тал/,

2.4. Гэрч М.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-34 дэх тал/,

2.5. Гэрч Ш.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

2.6. Гэрч К.Е-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

2.7. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 350 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

2.8. Шинжээч К.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дахь тал/,

2.9. Шүүгдэгч М.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 85 дахь тал/ зэргийг,

 

2.10. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-ээс:

2.10.1. Хохирогч Е.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23, 26, 30 дахь тал/,

2.10.2. Тээюрийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 92 дахь тал/,

2.10.3. Хохирогч Е.С-ын бичиж өгсөн баталгаа /хавтаст хэргийн 113 дахь тал/  зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч М.О-гаас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.

 

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

3.1.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

 

3.2. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч М.О-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

4 Хэргийн үйл баримт:

4.1. Шүүгдэгч М.О- нь 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 19 цагийн үед Баян-Өлгий аймгийн Алтай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт буюу Ж.М-ийн тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа хохирогч Е.С-тай урд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэн, улмаар түүний толгой руу цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

 

4.1.1. Иргэн Е.С-аас 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан “...намайг Алтай сумын 1 дүгээр багийн иргэн М.О-, Д.Б- нар зодсон...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 04-06 дахь тал/,

 

4.1.2. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл болон Д.Б-д шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудасны хуулбарууд /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

 

4.1.3. Хохирогч Е.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр аймгийн төвөөс орой 18 цагийн үед Алтай сумруу гарсан..., ...Манай гэр хөдөө байдаг бөгөөд М- манай гэрийн хажууд дөхөж очдог учраас Алтай сумын 1 дүгээр багийн төвд ирэхэд ах болох Д- аав бид хоёрыг М-гийн машинд суулгаж өгсөн. М-гийн машины урд талын суудалд миний аав Есентай суусан. Машины хойд талын суудалд Д.Б-, М.О-, Б-, Б-ын эхнэр Г- нар байсан. Би хойд талын суудалд тэр хүмүүсийн хажууд орж суусан. Тэгээд машин хөдлөөд явсан бөгөөд замдаа Д.Б-, М.О- нар хоорондоо ярилцаад явж байсан. Замдаа явж байхад би “манай нөхөр ирсэн болов уу, голын эрэг дээр ирсэн байх ёстой” гэж хэлсэн. Тэр үед Б- ах “эхлээд Есентай ахыг хүргэж өгье” гэж хэлсэн. Тэр үед Д.Б- “эхлээд Есентай хүргэн ахыг хүргэж өгье” гэж орилсон. Тэгэхэд миний аав Есентай нь “Эхлээд Сукарыг буулгья” гэж хэлсэн. Тэрнээс болж хэрүүл маргаан үүсэж Д.Б-, М.О- нар Д.Б-, М.О- нар “эхлээд Есентай ахыг хүргэж өгнө, дараа нь Сукарыг буулгана” гэж хэлсэн. Тухайн үед М.О- гэдэг хүн согтуу байсан. Д.Б- эрүүл байсан. Бид нарын дунд хэрүүл маргаан үүсээд эхлээд Д.Б- миний зүүн талын мөр хэсэг рүү гараараа нухаж цохисон. Түүний дараа миний баруун талд сууж байсан М.О- миний толгойруу нударгаараа нухаж цохисон..., ...Д.Б- намайг эхэлж цохисон юм. Тухайн үед Д.Б- миний зун талд сууж байсан. Д.Б- миний гуя хэсэг рүү хэд хэдэн удаа нударгаараа цохиж, миний хүзүү хэсэгт нударгаар нухсан. Тухайн үед би хараагүй байна миний зүүн талын хөлний гуяны урд хэсэг хөхөрсөн байсан. Хүзүү хэсэг хэд хоног хөдөлгөхөд зовиуртай байсан..., ...би тэр хүмүүст уурлаад, дээрээс нь толгой өвдөөд байхаар нь хоёулаа толгойруу цохиж зодсон талаар хэлсэн..., ...Миний тархи хөдөлсөн гэмтэл маань М.О- намайг толгойруу цохисноос учирсан. Харин Д.Б- миний мөр хэсэгрүү нэг удаа нухсан ба эмэгтэй хүн учраас ямар нэгэн өвдөлт мэдэгдээгүй. Мөн машинаас буух үед намайг М.О- түлхэхэд би газарт хөлөө эвгүй гишгээд буусан. Миний зүүн талын түнх, гуяараа жаахан өвдсөн, дараа нь харахад миний гуя хөхөрчихсөн байсан...”, “...Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй. Бид хоёр төрөл садангийн хүмүүс учраас хоорондоо сайн дураараа эвлэрсэн байгаа. Оролбай надаас ирж уучлалт гуйж, хийсэн хэрэгтээ гэмшсэн учраас би уучилсан. Бидний дунд энэ хэргийн талаар болон хохирлыг талаар ямар нэгэн маргаан байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23, 26, 30 дахь тал/,

 

4.1.4. Гэрч М.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Машин дотор явж байхад М.О-, Д.Б- нар Сукард гар хүрсэн, хүрээгүйг анзаарч хараагүй. Д.Б-, М.О-, Сукар нарын дунд ширүүн хэрүүл маргаан үүсч хэрэлдсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

 

4.1.5. Гэрч Ш.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Сукар аавдаа “ааваа машинаа зогсоо гэж хэлээрэй, би энд буумаар байна, буухгүй бол эд нар намайг зүгээр суулгахгүй байна” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

 

4.1.6. Гэрч К.Е-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Машин дотор Сукар, Д.Б-, М.О- нар хоорондоо хэрүүл маргаан үүсгэж, нэг нэг рүүгээ орилж хашхирч байсан. Харин тэр үед миний охин надад ааваа эд нар намайг зодож байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

 

4.1.7. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 350 дугаартай “...Е.С-ын биед тархины доргилттой, зулайд хавдартай, цус хуралттай, дагз хавантай, цус хуралттай, зүүн гуяд урд хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн түнхний хөдөлгөөн хязгаарлагдсан гэмтлүүд тогтоогдлоо. Е.С-ын биед үүссэн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, 1-10 хоногт үүссэн, шинэ гэмтлүүд болно. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

 

4.1.8. Шинжээч К.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тархи доргилттой, зулайд хавдартай, цус хуралттай, дагз хавантай, цус хуралттай гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа. Бусад зүүн гуяд урд хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн түнхний хөдөлгөөн хязгаарлагдсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дахь тал/,

4.1.9. Шүүгдэгч М.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би прокурорын тогтоолыг уншиж танилцлаа, тогтоолтой холбоотой гомдол, санал байхгүй, хүлээн зөвшөөрч байна..., ...К.Е- түүний охин Е.С- нар Алтай сумын 1 дүгээр багт дөхөх үед манай машинд шилжиж суусан. Энэ үед би халамцуу явж байсан тул Е.С-т хандаад та нар урьд нь биднийг газраас хөөсөн биздээ гэх мэт хэрүүл гаргаж явж байхад Е.С-ч гэсэн намайг хэл амаар доромжпох үед би тэсэлгүй түүний толгой тус газарт гараараа хэд хэдэн удаа цохиод авсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 85 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

5. Эрх зүйн дүгнэлт:

5.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.

 

5.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

     5.3. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

 

Шүүгдэгч М.О- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, санаатай хууль бус үйлдлийн улмаас буюу цохиж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

5.4. Шүүгдэгч М.О-гийн үйлдлийн улмаас хохирогч Е.С-ын биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

5.5. Шүүгдэгч М.О-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

5.6. Шүүгдэгчийн зүгээс шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.

5.7. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэдэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

 

5.8. Шүүгдэгч М.О- нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

6. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

6.1. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

 

6.2. Шүүгдэгч М.О-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Е.С-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч “...Би М.О-д уучлалт өгч, хоорондоо эвлэрч, хохирлын ямар ч маргаангүй болсон тул М.О-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье” гэх баталгаа /хавтаст хэргийн 113 дахь тал/-г үндэслэн түүнийг хохирогч Е.С-т төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

2.1. Шүүгдэгч М.О- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

 

2.3. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.

 

2.4. Шүүгдэгч М.О- нь хувийн байдлын хувьд урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 87 дахь тал/-аар тогтоогдож байна.

 

2.5. Шүүгдэгч М.О- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. 

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж дүгнэж, шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

2.6. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг М.О-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

2.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.

 

2.8. Шүүгдэгч М.О-гийн түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, сэдэлт, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон яллагдагчийн хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

2.9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 550 нэгж нь 550.000 төгрөгтэй тэнцэх юм.

 

2.10. Шүүгдэгч М.О- нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.

 

2.11. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч шүүгдэгч М.О- нь баривчлагдаж, цагдан хоригдоогүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна. 

 

2.12. Шүүгдэгч М.О-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.т.ж овогт М-гийн О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.О-г 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шүүгдэгч М.О- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүгдэгч М.О-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     А.ДАУРЕНБЕК