Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/86

 

                                                   

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Д аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.У даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Б.Ц

          Улсын яллагч Б.С

          Хохирогчийн өмгөөлөгч Т.Д

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ц

          Шүүгдэгч Ц.Х нарыг оролцуулан Д аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Х-д холбогдох эрүүгийн 2222000000033 дугаартай хэргийг 2022 оны  04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1953 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Д аймгийн Ө суманд төрсөн, 68 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл 1, Д аймгийн С сумын 7 дугаар баг Н-ийн3-3 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд  ял шийтгэл эдэлж байгаагүй, У овогт Ц-ийн Х РД://.

 

 Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ц.Х нь Д аймгийн С сум 9 дүгээр багийн нутаг дэвсгэр шаргын уулзвар дээр 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “Тоёота клугер V-XU20” маркийн 26-35 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.9. “... Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Э.Б-ийн жолоодож явсан “Тоёота ланд крузер-200” маркийн 70-66 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас их хэмжээний хохирол буюу 50.006.448 төгрөгийн шууд, 21.030.000 төгрөгийн шууд бус буюу нийт 71.036.448 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

         Шүүгдэгч Ц.Х шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.           

        Шүүгдэгч Ц.Х гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 1045 цагт өөрийн гэр болох С сумын 7 дугаар баг Н-ийн3-3 тоотоос өөрийн эзэмшлийн 2635 ДУЭ улсын дугаартай хар өнгийн Toyota kluger маркийн тээврийн хэрэгсэлтэй Ө сум орох ажилтай гарсан. Ингээд 11:00 цагийн орчимд болов уу Шаргын хөшөөний 4 замын уулзвар дээр хойноос урагш чиглэлтэй уулзвар нэвтрэхээр эхлээд баруун гар тал руугаа хартал машин харагдаагүй. Дараа нь зүүн тал руугаа хараад хөдлөх гэтэл баруун талаас хар өнгийн Тоёота ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл орж ирсэн. Тухайн машины зөв талын буюу зүүн талын хоёр хаалганы дунд хэсэгт миний машины зөв талын буюу зүүн урд хэсгээр мөргөлдсөн. Мөргөлдсөн газар миний машин зогсоод унтраад үлдсэн. Нөгөө машин зүүн тийшээ 20 метр орчим яваад замаас гараад урагшаа эргээд хөндлөн зогссон. Тухайн машин дотор жолооч эхнэр, хүүхдийнхээ хамт явж байсан. Түргэн дуудаж үзүүлэхэд би болон надтай мөргөлдсөн тээврийн хэрэгсэлд яваа хүмүүсийн бие зүгээр байна гэж байсан. Би өөрийн явж байсан урсгалыг туслах зам гэж мэдэж байна. Би тээврийн хэрэгсэл жолоодох ВСDE ангиллын эрхийн үнэмлэхтэй. Уулзвар нэвтрэх үедээ яг хэдэн километр цагийн хурдтай явж байсныг хэлж мэдэхгүй байна.Уулзвар нэвтрэх гэж байсан болохоор бага хурдтай явж байсан байх. Би машин ороод ирэхээр нь тоормоз гишиглээ гэж бодсон чинь сүүлд цагдаа нар үзлэг хийж байх үед тоормозны мөр байхгүй байна гэж байсан. Тэгэхээр сандраад хаазаа гишигсэн юм болов уу гэж бодож байгаа. Би тэр авто машиныг хурдан явж байсан болов уу гэж бодож байна. Баруун тал руу харахад машин байгаагүй. Зүүн харчихаад урагшилахад тухайн машин ороод ирсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 53/

Хохирогч Э.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Би 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр эхнэр М, хүү Ч нарын хамтаар Өмнөговь аймгаас Улаанбаатар хот орохоор өөрийн эзэмшлийн 70-66 УНА улсын дугаартай “Тоёота Ланд круйзер-200” маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Ингээд Д аймгийн төвөөр 11 цагийн орчимд орж ирсэн бөгөөд аймгийн төвийн урд зам Шаргын хөшөөний уулзвараар баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байсан. Тухайн үед би төв замаар явж байсан бөгөөд яг уулзвар нэвтэртэл миний зүүн гар талаас буюу ертөнцийн зүгээр уулзварын хойд талаас 26-35 ДУЭ улсын дугаартай Тоёота клугер маркийн хар өнгийн машин мөргөсөн. Ингээд миний машин зүүн даялахад би буцаад баруун дарж уулзварын зүүн талд ертөнцийн зүгээр замын урд хэсэг рүү замаас гараад зогссон. Машинаасаа буугаад гараад иртэл тухайн Тоёота клугер маркийн машинаас 60 орчим насны болов уу монгол дээл өмссөн хүн гарч ирсэн. Тэгээд “Та яаваа” гэхэд “ах нь харсангүй яанаа” гэж байсан. Таны бие гайгүй юу гэж асуухад гайгүй байна гэж хэлсэн. Тэр үед бид нар хэсэг шоконд ороод барагцаагаар 30 орчим минутын дараа цагдаагийн байгууллагад өөрийнхөө утаснаас дуудлага өгсөн.  Би тухайн үед 40 орчим км цагийн хурдтай явж байсан.  Тухайн үед надад болон манай эхнэр, хүүхдэд ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй.Эрүүл мэндийн хувьд би өөрсдийгөө бүрэн хариуцъя, ахыг машины хохирол барагдуулаарай гэж хэлсэн. Авто машины эвдрэл гэмтэл болон ачих, тээвэрлэх зардал, наашаа цаашаа ирэхэд гарсан зардлыг нэхэмжилнэ. Би гарсан зардлуудыг дандаа дансаар шилжүүлж байсан.” гэх мэдүүлэг/хх-ийн 40/

Гэрч Б.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Х ах Ө суманд тухайн үеийн 4 жилийн сургалттай сургууль төгсөөд хөдөө мал маллаж байгаад нас биед хүрээд цэргийн албыг Дорноговь аймгийн Зүүнбаян суманд хаасан. Алба хааж ирээд мал маллаад өдийг хүрч байна.  Х ах 1980-аад оны үед болов уу гэр бүлтэй болж 4 хүүхэдтэй болсон. Эхнэр нь бурхан болоод 3 жил болж байна. Ах маань одоо С суманд ганцаараа амьдардаг. Зан байдлын хувьд тусархуу цагаахан сэтгэлтэй бид нарын ажил төрлийг зохицуулж өгдөг их сайн хүн. Х ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. 2 жилийн өмнө ходоодны хагалгаанд орж ходоодоо авахуулж байсан. Биеийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн хяналтанд байдаг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 42/

         Гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1/

Согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх-ийн 2-3/

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-15/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 16-18/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 44-46/

        Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59/

Хөрөнгө эстимэйт ХХК-ны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 10924 дугаартай “Тоёота ланд крузер маркийн 7066 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын шууд зардал 50.006.448 төгрөг, шууд бус зардал 21.030.000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон нийт дүн 71.036.448 төгрөгийн хохирол учирсан” гэх автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 92-95/

 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “ Ц.Х нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.9. “... Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна” гэх мөрдөгчийн магадлагаа / хх-ийн 100 /

      Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон хохирол төлсөн талаарх баримтууд, хохирогч Э.Б-ээс шүүхэд ирүүлсэн “... хохирол бүрэн барагдсан. Цаашид ямар нэгэн гомдол санал байхгүй болно” гэх хүсэлт, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

      Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Д аймгийн С сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр шаргын хөшөөний уулзварт 26-35 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Хнь Замын хөдөлгөөний дүрмийн гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан үйл баримт тогтоогдож байна. 

 

Шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар:

 

          Шүүгдэгч Ц.Х нь 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11 цагийн орчим Д аймгийн С сумын 9 дүгээр баг, Шаргын уулзвараар Тоёота клугер маркийн 26-35 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа туслах замаас гол замд нийлэх уулзварт гол замаас ирсэн Э.Б-ийн жолоодож явсан 70-66 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас тухайн тээврийн хэрэгслийг мөргөж осол гаргасан, Э.Б-ийн жолоодож явсан 70-66 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд их хэмжээний буюу 71.036.448 төгрөгийн хохирол учруулсан болох нь: 

           шүүгдэгч Ц.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “11:00 цагийн орчимд болов уу Шаргын хөшөөний 4 замын уулзвар дээр хойноос урагш чиглэлтэй уулзвар нэвтрэхээр эхлээд баруун гар тал руугаа хартал машин харагдаагүй. Дараа нь зүүн тал руугаа хараад хөдлөх гэтэл баруун талаас хар өнгийн Тоёота ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл орж ирсэн. Тухайн машины зөв талын буюу зүүн талын хоёр хаалганы дунд хэсэгт миний машины зөв талын буюу зүүн урд хэсгээр мөргөлдсөн. Би өөрийн явж байсан урсгалыг туслах зам гэж мэдэж байна. Уулзвар нэвтрэх гэж байсан болохоор бага хурдтай явж байсан байх. Би машин ороод ирэхээр нь тоормоз гишиглээ гэж бодсон чинь сүүлд цагдаа нар үзлэг хийж байх үед тоормозны мөр байхгүй байна гэж байсан. Тэгэхээр сандраад хаазаа гишигсэн юм болов уу гэж бодож байгаа.” гэх,

        хохирогч Э.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өөрийн эхнэр М, хүү Ч нарын хамтаар Өмнөговь аймгаас Улаанбаатар хот орохоор өөрийн эзэмшлийн 70-66 УНА улсын дугаартай Тоёота “Ланд круйзер-200” маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Д аймгийн төвөөр 11 цагийн орчимд орж ирсэн бөгөөд аймгийн төвийн урд зам Шаргын хөшөөний уулзвараар баруунаас зүүн тийш чиглэлтэй, төв замаар яг уулзвар нэвтэртэл миний зүүн гар талаас буюу ертөнцийн зүгээр уулзварын хойд талаас 26-35 ДУЭ улсын дугаартай Тоёота клугер маркийн хар өнгийн машин мөргөсөн. Тэгээд “Та яаваа” гэхэд “Ах нь харсангүй яанаа” гэж байсан. Тухайн үед надад болон манай эхнэр, хүүхдэд ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй.” гэх мэдүүлгүүд болон зам тээврийн осолд үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, 2022 оны 04 сарын 11-ний өдрийн “Ц.Хнь замын хөдөлгөөний дүрмийн 15.9 Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсныг тогтоосон мөрдөгчийн магадлагаа, Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2022 оны 03 сарын 31-ний өдрийн 10924 дугаартай 7066 УНА улсын дугаартай авто машины эвдрэл хохирлын үнэлгээ шууд зардал 50.006.448 төгрөг, шууд бус зардал 21.030.000 төгрөг, нийт үнэлгээ 71.036.448 төгрөг болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдож байна.

Шүүгдэгч Ц.Х-гийн дээрх үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Д аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүх шүүгдэгч Ц.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2  дахь хэсгийн 2.4-д заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ц шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнтэй маргах зүйлгүй. Хохирогч Э.Б дахин үнэлгээ гаргуулах хүсэлт гаргасны дагуу Хөрөнгө эстиментийн үнэлгээ гаргасан. Үндсэндээ 5 ширхэг хуулга орж ирээд энэ гэмт хэрэг 50.006.000 төгрөгт хүрсэн. Прокурор Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан тогтоол үйлдсэн. Прокурор Батпүрэвийн саналыг хүлээн авсан нь үндэслэлгүй байсан. 41.000.000 төгрөгийг заавал 50.000.000 төгрөг хүргэх гэж үнэлгээ гаргуулсан гэж үзэж байгаа тул Хөрөнгө эстимент ХХК-ийн үнэлгээг нотлох баримтад тооцохгүй байх, хохирогч Итгэлт эстимент ХХК-ийн үнэлгээгээр хохирлоо авсан, машинаа хэвийн унаад явж байгаа, заавал шууд зардалд оруулахгүйгээр тооцох боломжтой тул хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэж мэтгэлцэж байна. Шүүх өмгөөлөгчийн дээрх саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

          Учир нь: 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүнийг хохирогч гэнэ” гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д “хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг нэхэмжлэх нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” эрхтэй гэж, мөн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч /хохирогч/ өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг шүүх прокурор мөрдөгчид гаргах эрхтэй” гэж тус тус заасан байх тул хохирогч Э.Б-ийн дахин үнэлгээ гаргуулах тухай хүсэлт болон түүнийг хүлээн авч шийдвэрлэсэн прокурорын тогтоолыг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй байна.

            2. Хохирогч Э.Б-ээс гаргасан дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлтийг прокурор хүлээн авч дахин шинжилгээ хийхийг Хөрөнгө Эстимент ХХК-д даалгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцэж байх бөгөөд томилогдсон шинжээч тусгай мэдлэгийн хүрээнд  дүгнэлт гаргажээ. Хөрөнгө эстимент ХХК-ийн 2022 оны 03 сарын 31-ний өдрийн 10924 дугаартай үнэлгээний тайланг нотлох баримтад тооцохгүй байх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд өмгөөлөгчийн саналыг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна. Иймд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөрөнгө эстимент ХХК-ийн 2022 оны 03 сарын 31-ний өдрийн 10924 дугаартай үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлсэн болно.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” ойлгохоор заажээ.  Иймд хохирогч Итгэлт эстимент ХХК-ийн үнэлгээгээр /65.500.000 төгрөгөөр тооцож/ хохирлоо авсан, машинаа хэвийн унаад явж байгаа, заавал шууд зардалд оруулахгүйгээр тооцох боломжтой тул хэргийг хэрэгсэхгүй болгох  өмгөөлөгчийн саналыг шүүх хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

            Харин нь хохирогч Э.Б нь шүүгдэгчийн зүгээс богино хугацаанд 65.500.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн тул хохирол бүрэн барагдсанд тооцож, гомдол саналгүй тухайгаа илэрхийлж байх бөгөөд хохирогч нь хохирлын хэмжээг багасган шүүгдэгчтэй тохирох, хохирлоосоо татгалзах нь түүний эрхийн асуудал юм.

 

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

 

          Шүүгдэгч Ц.Х нь 2635 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийн 15.9. “... Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Э.Б-ийн жолоодож явсан 7066 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шууд зардал 50.006.448 төгрөг, шууд бус зардал 21.030.000 төгрөг, нийт 71.036.448 төгрөгийн хохирол учруулсан байна. 

      Хохирогч Э.Б-ийн өмгөөлөгч Т.Д-гийн шүүх хуралдаанд гаргасан: “Шүүгдэгч Ц.Хнь Д аймгийн С сумын 9 дүгээр баг Шаргын хөшөөний уулзвар дээр 2022 оны 02 сарын 09-ний өдөр Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас Э.Б-ийн жолоодож явсан Ланд-200 маркийн машиныг мөргөж 71.360.448 төгрөгийн хохирол учруулсан. Машин тээвэрлэсэн зардал, хэргийн материалтай танилцсан замын зардал зэрэг хохирол нэмэгдэж нийтдээ хохирогч шүүгдэгчээс 79.013.900 төгрөг нэхэмжилсэн. Гэвч шүүгдэгчийн зүгээс 65.500.000 төгрөгийн хохирлыг хохирогчид хүлээлгэн өгсөн, үйлчлүүлэгч маань 65.500.000 төгрөгийн хохирол авсан учраас гомдол саналгүй, хохирлоо бүрэн авсанд тооцъё гэж хэлүүлсэн” гэх тайлбар, мөн хохирогч Э.Б “65.000.000 төгрөг хүлээн авлаа. Цаашид ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй, хохирол бүрэн барагдсан” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй гэж үзэв. Иймд шүүх шүүгдэгч Ц.Хг бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

 

  Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх шүүгдэгч Ц.Х-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2  дахь хэсгийн 2.4-д заасан  ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “шүүгдэгч Ц.Х-д Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “... Ц.Х-гийн хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргав.

          Шүүгдэгч Ц.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь ходоодны хорт хавдар тайрах хагалгааны дараах байдал оноштойгоор Д аймгийн Нэгдсэн эмнэлгийн хавдар судлалын кабинет болон Улаанбаатар хотын ХӨСҮТ-ийн хяналтанд тогтмол эмчилгээ хийлгэдэг зэрэг хувийн байдалд  дүгнэлт хийж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн  хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

 

       Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн  хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  

             Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

          Шүүгдэгч Ц.Хнь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч хохирогчид 65.500.000 төгрөг төлсөн, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1. Шүүгдэгч У овогт Ц-ийн Х-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

           

          2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч У овогт Ц-ийн Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.Х нь шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

          4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулсугай.

 

          5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

          6. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Э.Б-т 65.500.000 төгрөг төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

          7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардуулсан  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           З.У