Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 68

 

  Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн ... дугаар хороо, дүгээр гудамжны ... тоотод оршин суух, Ш овогт Г-ын Ц-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “М” ХК-ийн Багануур дүүргийн газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ц, хариуцагч байгууллагын төлөөлөгч М.Н, нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Г.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 2006 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш “М” ХК-ийг “Цахилгаан холбоо” ХК нэртэй байх цагаас эхлэн үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн. 2007 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс “Ц” ХК 2 хуваагдахад би “М” ХК-д үргэлжлүүлэн ажилласан. 2017 оны 12 дугаар сард дарга Х.П нь маргааш өглөө жилийн эцсийн тайлангаа өгөөрэй гэж ажилчдад нарийн бичгээр дамжуулан хэлүүлсэн. Надад компьютер байхгүй тул ажилчдын чөлөө завсараар арай гэж тайлангаа гаргуулж өгсөн. Хүн бүр богино хугацаанд тайлангаа хийх гээд завгүй байсан тул би дэлгэрэнгүй тайлан бичиж чадаагүй. Гэтэл дарга иймхэн тайлан гаргачихаад намайг доромжилж байгаа юм уу, гар чи гэж хэлээд ажлаас халчихсан. Миний тайланд бичсэн зүйл бага л болохоос биш өөрийн үүрэгт ажлаа цаг тухайд нь бүрэн гүйцэтгэж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэдэг байсан. Би ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байгаагүйг манай хамт олон мэдэж байгаа. Манай дарга анх дарга болсныхоо дараа намайг дуудаад чи хасаг юм уу гэж асуусан тэгэхээр нь би хасаг биш дөрвөд гэж хэлсэн чинь инээгээд байсан энэ мэтээр надтай зүй бусаар харьцаж өөр байгууллагын хүнтэй муудсан гэх шалтгаанаар сахилгын арга хэмжээ авч байсан. Би 10 жил хийж сурсан ажилдаа 1 өдөр тэнцэхгүй болсон гэдэгтэй санал нийлэхгүй байна. 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр намайг ажлаас халж, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ажлаас халсан тушаал гаргасан байсан. Манай байгууллагын дарга намайг байнга хэлээр амаар доромжилдог байсанд маш их гомдолтой байна. Би өөрийнхөө хариуцсан ажлыг цаг тухайд нь сайн хийж, цайны цагаараа ч гэртээ харихгүй ажил дээрээ байнга байдаг байсан. Би гэр бүлдээ ганцаараа ажил хийдэг, цалингийн зээлтэй хэцүү амьдралтай. Намайг уншиж чадахгүй гэж хэлж байгааг гайхаж байна би бичиг үсэг мэднэ. Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч М.Н шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай байгууллага нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр буюу тайлан хамгаалахаас 5 хоногийн өмнө нийт ажилчиддаа жилийн эцсийн тайлан хамгаална гэж урьдчилж хэлсэн. Ажлын зөвлөл хуралдаж 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бүх ажилчдын тайланг цаасаар болон power point дээр өөрсдөөр нь яриулж ажлын тайланг хамгаалуулсан. Ажлын тайлангийн дүнг 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр бүх ажилчдын дунд танилцуулж алдаа дутагдлаа ярилцсан. 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ажлын зөвлөл хуралдаж “муу” үнэлгээ авсан Ц-д арга хэмжээ авах талаар хэлэлцсэн. Ц нь манай байгууллагын дотоод журмын 4.2.2 зааснаар мэргэжил ур чадвар, ажлын байрны тодорхойлолтод заасан тавигдах шаардлагад нийцэхгүй байгаа нь хөдөлмөрийн гэрээний хариуцлага тооцох, ажлаас халах үндэслэл болно гэж заасны дагуу нэхэмжлэгчийг ажлаас халсан. Нэхэмжлэгч нь сахилгын шийтгэл авч байгаагүй гэж хэлдэг боловч  2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр газрын даргын .... тоот тушаалаар сануулах арга хэмжээ, 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ..... тоот тушаалаар 2 сарын үндсэн цалингийн 20 хувиар бууруулах арга хэмжээ тус тус авч байсан. Нэхэмжлэгч Ц нь бүрэн бус дунд боловсролтой, тоос сорогч ажлуулж чадахгүй байгууллагын “Dert dell” маркын 278.218 төгрөгийн үнэ бүхий тоос сорогч өөрийн буруугаас болж эвдэж байсан боловч одоо хүртэл хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй мөн Ц нь ажлын тайлан хэлэлцүүлэх үед 1 хуудас тайлангаа уншиж чадахгүй байсан. Иймд Ц-ийг ажлын байранд тавигдах шаардлагад нийцээгүй, хөдөлмөрийн дотоод журамд зааснаар нэхэмжлэгч 2 удаа сахилгын арга хэмжээ авагдсан тул ажлаас халах үндэслэл болсон гэв.

         Шүүхээс талуудын хүсэлтээр “М” ХК-ийн Багануур дүүргийн газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн .... дугаартай ажлаас халах тухай” тушаал, 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн ..... дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 337 дугаартай шүүгчийн захирамж, Г.Ц-ийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, “М” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн .... дугаартай хөдөлмөрийн дотоод журам батлах” тухай тушаал, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, Багануур дүүргийн газрын 2017 оны 35 дугаартай даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл” зэргийг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Ц нь “М” ХК-ийн Багануур дүүргийн газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг  шүүхэд гаргажээ.

Хариуцагч “М” ХК-ийн Багануур дүүргийн газар нь ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй, ажил, мэргэжлийн ур чадваргүй, жилд 2 удаа давтан сахилгын зөрчил гаргасан зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг  хангах үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

Нэхэмжлэгч Г.Ц нь “М” ХК-ийн Багануур дүүргийн газарт 2007 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, “М” ХК-ийн Багануур дүүргийн газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ажлаас халах тухай .... дугаартай тушаал зэргээр тогтоогдож байна.

“М” ХК-ийн Багануур дүүргийн газрын дарга нь 2017 оны 12 сарын 28-ны өдөр ..... дугаартай ажлаас халах тухай тушаал гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2,  40 дүгээр зүйлийн 40.1.4, Компаний “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1.1, 4 дүгээр зүйлийн 4.3.12, 11 дүгээр зүйлийн 11.1.4.12 дахь заалтууд, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1, 4 дүгээр зүйлийн 4.2.2, 6 дугаар зүйлийн 6.2 дах заалтууд, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Даргын ажлын зөвлөлийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн Г.Ц-ийг сахилгын зөрчлийг давтан гаргасан, ажлын байранд тавигдах шаардлага хангахгүй гэсэн үндэслэлээр үйлчлэгчийн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Үүрэгт ажлаас чөлөөлөх тухай 2017 оны 12 сарын 28-ны өдрийн ..... тоот тушаалыг нэхэмжлэгч 2017 оны 12 сарын 28-ны өдөр гардан авч, 2018 оны 01 сарын 25-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэсэн заалтыг зөрчөөгүй байна.

Ажил олгогч нь ажилтантай 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ  байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт заасан “Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.  

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Г.Ц нь 2017 оны 3 сарын 23-ны өдөр сануулах, 2017 оны 8 сарын 23-ны өдөр цалингийн 20 хувь буруулах сахилгын арга хэмжээ тус тус авагдсан тул давтан зөрчил гаргасан, жилийн эцсийн тайлан хамгаалалтанд power foint дээр хэдхэн өгүүлбэр бичиж тайлан тавьж F үнэлгээ авсан ажлын байранд тавигдах шаардлага хангахгүй зэрэг нь ажлаас чөлөөлөх үндэслэл болсон” гэж тайлбарлаж байна. Түүний тайлбараас дүгнэхэд ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй байгаа нь хөдөлмөрийн гэрээг цуцлах нэг шалтгаан болсон гэж ойлгогдохоор байна. Гэвч энэ талаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалдаа огт дурдаагүйгээс гадна тус байгууллагын үйлчлэгчийн ажлын байрны тодорхойлолтоос харахад туршлагын хувьд угаалга, цэвэрлэгээний болон ариутгалын бодис ашиглах заавар зөвлөгөөний талаар мэдлэг, туршлага судалсан, тоос сорогч ажиллуулж чаддаг байх, ур чадварын хувьд харьцааны соёл эзэмшсэн, угааж цэвэрлэх ажлыг чанартай гүйцэтгэх, цэцэг, зүлэг мод арчлах чадвартай байх, хөнгөн шуурхай байх гэж заасан болохоос power foint ашиглах талаар ажлын байранд тавигдах шаардлагад дурдагдаагүй мөн хариуцагч байгууллагын төлөөлөгч давтан зөрчил гаргасан гэж мэдүүлж байгаа боловч хэрэгт 2017 оны 8 сарын 23-ны өдөр цалингийн 20 хувь буруулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалаас өөр ямар нэгэн зөрчил гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул давтан зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байна.

Ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил, ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь хөдөлмөрийн тухай хуульд нийцэх ёстой байтал М” ХК-ийн Багануур дүүргийн газрын даргын гаргасан ажилтныг ажлаас халсан тушаал нь ажилтны гаргасан зөрчилтэй тохирохгүй, гаргасан зөрчлүүдэд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг хуулиар шаардаагүй боловч зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх нь хууль ёсны бөгөөд энэ шаардлага хангагдаагүй байна гэж дүгнэлээ.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г.Ц-ийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг ажил олгогчоос гаргуулан, шимтгэл төлсөн талаарх бичилтийг нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичиж өгөхийг ажил олгогчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэсний дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалингаас бодож үзэхэд 10 сард 498.000, 11 сард 572.347, 12 сард 517.865 төгрөгийг тус тус авсан байна. 498.000+572.347+517.865=1.588.212,   1.588.212:3=529.404, 529.404:21.5=24.623 нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин 529.404 төгрөг, нэг өдрийн цалин 24.623 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ажлын 52 хоног 24.623х52=1.280.396 төгрөгийг ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд зааснаар ....... овогт Г.Ц-ийг “М” ХК-ийн Багануур дүүргийн газрын үйлчлэгчийн албан тушаалд  эгүүлэн  тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин нөхөх олговорт 1.280.396 төгрөгийг хариуцагч “М” ХК-ийн Багануур дүүргийн газраас гаргуулж нэхэмжлэгч Г.Ц-д олгосугай.
  2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Ц-ийн дээрх олговор 1.280.396 төгрөгөөс ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг “М” ХК-ийн Багануур дүүргийн газарт даалгасугай.
  3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар “М” ХК-ийн Багануур дүүргийн газраас 1.280.396 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 35.279 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

       5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ