| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2022/0056/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/68 |
| Огноо | 2022-04-27 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Б.С |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.У даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Ц
Улсын яллагч Б.С
Шүүгдэгч Х.Бнарыг оролцуулан Д аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б-д холбогдох 2222000000019 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 1992 оны 12 сарын 08-ны өдөр Д аймгийн С суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, дүү, эхнэрийн хамт Д аймгийн Даргалагч: сумын 3 дугаар баг Шандын 3-6 тоотод оршин суух, урьд 5 удаа ял шийтгүүлж байсан, Шовогт Х-ий Б РД://.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Х.Б нь Д аймгийн С суманд 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Ч.Э-тэйтанилцан “Самсунг А-52” маркийн гар утсыг нь утсаар яриад өгье гэж түүний хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 980.000 /есөн зуун наян мянга/ төгрөгийн хохирол уруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2022 оны 01 сарын 10-ны өдөр Ч.Э-тэй танилцаж утсаар нь яриад өгье гэж аваад зугтсан. Тэгээд Э цагдаад мэдэгдээд би утсыг нь цагдаад буцааж өгсөн. Э утсаа авчихаад надад гомдол саналгүй гэж хэлсэн. Л-т 65.000 төгрөг өгөөгүй байгаа төлнө. Мөн албадан ирүүлэх ажиллагаатай холбоотой 126.320 төгрөгийг эхнэр төлнө гэсэн. Тухайн үед би Өлзийт суманд айлын ямаа самнаж байсан. Бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авснаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч Х.Б-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Намайг Э гэх хүний утсыг аваад зугтаасан талаар М мэдээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/
Хохирогч Ч.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 01 сарын 10-ны өглөө аймагт ирсэн ажлаа амжуулаад орой 16 цагийн үед аймгаас гарах гээд аймгийн зүүн урд зам дээр зогсож байхад урдаас эмэгтэй, эрэгтэй 2 хүн алхаад ирсэн. Ирэнгүүтээ надаас тамхи сураад тамхи татаад танилцаад нилээн удаан зогсож байгаад мотоциклоо Эрчимийн гадна үлдээгээд бид 3 төв рүү алхаж орсон. Тэгээд Мандал худалдааны төвийн үүдэнд би ахтайгаа уулзсан чинь би ажилтай байна, түр хүлээж байгаарай гээд надад 20.000 төгрөг өгсөн. Нөгөө мөнгөөр нь 1 шил архи, нэг том пиво аваад сааданд очиж уусан. Ахиж дэлгүүр ороод нэг шил архи, 1 том пиво аваад таньдаг айл байгаа гэхээр нь бид 3 алхаад зүүн лагерт нэг айлд очсон. Тэнд архи пиво уучихсан, нилээд хэдэн согтуу хүн байсан. Тэр айлаас 3-лаа гараад Хайрхан дэлгүүр орж юм авъя гээд явсан. Эхнэр нь айлд байхдаа миний утсыг гуйгаад авсан. Эрчимийн тэнд очиход эхнэр нь миний утсаар яриад үлдсэн. Нөхөртэй нь хамт мотоцикл дээрээ очсон чинь тэр залуу гэнэт зугтаасан. Би араас нь гүйсэн чинь хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болсон. Эхнэр нь бас зугтаасан байсан. Танилцахдаа өөрийгөө Баагий гэж байсан. Эхнэрийг нь мэдэхгүй. Миний алдсан утас А52 маркийн хар өнгөтэй, гадна талаараа хар өнгийн хавтастай, Улаанбаатар хотоос 2022 оны 01 сарын 03-ны өдөр 980.000 төгрөгөөр авч байсан. Утсанд 80292332 гэсэн миний өөрийн нэр дээр бүртгэлтэй дугаар байгаа. Айлд очоод архи уухад утсаа өгчих нэг ярьчихаад өгье гээд авсан. Тэрнээс хойш өөртөө аваад байсан. Би буцаагаад өгөх байлгүй гээд бодоод яваад байсан чинь зугтаасан. Аваад зугтах зорилготой байсан байх. Аваад хэдхэн хонож байгаа шинэ утсаа олж авмаар байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 10/
Хохирогч Ч.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд 2 дахь удаагаа өгсөн: “....Би гар утсаа авсан. Миний утсанд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй байсан. Одоо хэвийн ажиллаж байгаа. Надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /15/
Иргэний нэхэмжлэгч С.Л-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 01 сарын 10-ны орой “Ундрам” дэлгүүрийн гадна таксинд явах гээд зогсож байхад нэг танихгүй залуу эхнэртэйгээ машинд суугаад эхнэрийн төрсөн өдөр болоод мөнгөний хэрэг гараад байна. Гар утсаа зарах гэсэн юм. Та 80.000 төгрөгөөр авчих гэсэн. Нөхөр нь буюу эрэгтэй нь ашиглаж байсан. Өөрөө сим картыг нь салгаад надад өгсөн. Хар өнгийн хавтсан гэртэй, хар өнгийн андройд гар утас байсан. Эвдэрч гэмтсэн зүйл байхгүй, шинэ утас байх шиг байсан. Тухайн гар утас түгжээ кодгүй байсан. Би тэр утсыг 65.000 төгрөгөөр авсан. Мөнгийг нь бэлнээр өгсөн. Тухайн үед би хулгайн гар утас биш биз гэхэд залуу нь “үгүй ээ миний гар утас” гэж хэлсэн. Би тэр залууд өгсөн 65.000 төгрөгөө авмаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 13/
Иргэний нэхэмжлэгч С.Л-ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “Өчигдөр орой 22 цагийн үед “Ундрам” дэлгүүрийн гадаа таксинд явах гээд зогсож байхад 1 танихгүй залуу эхнэртэйгээ хэмт ирээд миний машинд суугаад эхнэрийн төрсөн өдөр болоод мөнгөний хэрэг гараад байна. Утсаа зарах гэсэн юм. Та 80.000 төгрөг авчих гэхээр нь би утсыг нь үзээд 80 байхгүй. 60.000 төгрөг байна гэсэн чинь зарна гэхээр нь гэрээс очиж картаа аваад АТМ-ээс 60.000 төгрөг авч өгөөд бэлэн 5000 төгрөг өгөөд утсыг нь авсан. Харахад шинэ утас байсан. Хар кистэй, хар утас байсан. Би маркийг нь мэдэхгүй. Утас худалдан авсан 65.000 төгрөгөө тэр хоёр хүнээс гаргуулан авмаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 19/
Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Б нь миний нөхөр байгаа юм. Би айлд байхдаа Э гэх хүний утсыг хүнтэй ярихаар авсан. Тэгээд буцаагаад өгсөн. С сумын 6 дугаар баг Боржигоны 02-01 тоот Гансүх гэх айлаас гараад Эгийн мотоцикл руу явж байх үед Б намайг цаашаа гэр рүүгээ явж бай гэж хэлсэн. Би тэр хоёроос салаад гэр рүүгээ Төмөрөөгийн колонкын орчим явж байтал Бараас хурдан, хурдан алхаад ирсэн. Б ирээд хоёулаа Мандал худалдааны төв оръё гээд хамт орсон. Мандал худалдааны төвийн гадна ирээд Б намайг хүлээж байгаарай гээд нэг таксинд суусан. Би удалгүй араас нь таксинд суутал такси хөдөлж Б бид хоёр аймгаас зүүн урагшаа Оргой гэх айлд очсон. Би гар утас зарсан талаар сүүлд мэдсэн. Надад хэлэхдээ Э гар утсаа зараад өгчих гэсэн гэж хэлсэн. Тэр утас хар өнгийн хавтсан гэртэй ухаалаг утас байсан. Тухайн үед бид хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн их хэмжээний согтолттой байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/
-Д аймгийн С сумын үнэлгээний комиссын 2022 оны 01 сарын 13-ны өдрийн 04 дугаартай: “А52 маркийн гар утас 980.000 төгрөг” гэх эд зүйлд үнэлгээ хийсэн акт /хх-ийн 27-28/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох прокурорын тогтоол /хх-ийн 5/
С.Л-ээс хар өнгийн хавтастай, шинэ 3 камертай, хар өнгийн А52 маркийн гар утсыг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 5/
Хохирогч Ч.Э-д А52 маркийн гар утсыг 2022 оны 01 сарын 20-ны өдрийн 18 цаг 10 минутад хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 6/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-43/
Сум дундын 11 дүгээр шүүхийн 2015 оны 4 сарын 21-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 45-47/
Д аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 8 сарын 02-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 48-51/
Д аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 9 сарын 17-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 52-55/
Д аймаг дахь сум дундын шүүхийн 2018 оны 6 сарын 14-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 56-61/
Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2015 оны 9 сарын 08-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 63-67/
Д аймаг дахь цагдаагийн газрын 2022 оны 4 сарын 15-ны өдрийн 36/1045 дугаартай “шүүгдэгч Х.Б-ыг эрэн сурвалжилж албадан ирүүлэх ажиллагааны зардал 126.320 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү” гэх албан бичиг, шатахуун олгосон тухай баримт, шүүгдэгчийг албадан ирүүлэх тухай маршрут, төлөвлөгөө, илтгэх хуудас болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт авагдсан бусад баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч Х.Б нь Д аймгийн С суманд 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Ч.Э-тэй танилцан “Самсунг А-52” маркийн гар утсыг нь утсаар яриад өгье гэж түүний хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 980.000 /есөн зуун наян мянга/ төгрөгийн хохирол уруулсан буруутай болох нь:
шүүгдэгч Х.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2022 оны 01 сарын 10-ны өдөр Ч.Э-тэй танилцаж утсаар нь яриад өгье гэж аваад зугтсан. Бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авснаа хүлээн зөвшөөрч байна” гэх
шүүгдэгч Х.Б-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Намайг Э гэх хүний утсыг аваад зугтаасан талаар М мэдээгүй.” гэх,
Хохирогч Ч.Э-гийн: “Би 2022 оны 01 сарын 10-ны өглөө аймагт ирсэн ажлаа амжуулаад орой 16 цагийн үед аймгаас гарах гээд аймгийн зүүн урд зам дээр зогсож байхад урдаас эмэгтэй, эрэгтэй 2 хүн алхаад ирсэн. Ирэнгүүтээ надаас тамхи сураад тамхи татаад танилцаад нилээн удаан зогсож байгаад мотоциклоо Эрчимийн гадна үлдээгээд бид 3 төв рүү алхаж орсон. Тэгээд Мандал худалдааны төвийн үүдэнд би ахтайгаа уулзсан чинь ажилтай байна, түр хүлээж байгаарай гээд надад 20.000 төгрөг өгсөн. Нөгөө мөнгөөр нь 1 шил архи, нэг том пиво аваад сааданд очиж уусан. Ахиж дэлгүүр ороод нэг шил архи, 1 том пиво аваад таньдаг айл байгаа гэхээр нь бид 3 алхаад зүүн лагерт нэг айлд очсон. ...Эхнэр нь айлд байхдаа миний утсыг гуйгаад авсан. Эрчимийн тэнд очтол эхнэр нь миний утсаар яриад үлдсэн. Нөхөртэй нь хамт мотоцикл дээрээ очсон чинь тэр залуу гэнэт зугтаасан. Би араас нь гүйсэн чинь хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болсон. Эхнэр нь бас зугтаасан байсан. ....Миний алдсан утас А52 маркийн хар өнгөтэй, гадна талаараа хар өнгийн хавтастай, Улаанбаатар хотоос 2022 оны 01 сарын 03-ны өдөр 980.000 төгрөгөөр авч байсан. ...Айлд очоод архи уухад утсаа өгчих нэг ярьчихаад өгье гээд авсан. Тэрнээс хойш өөртөө аваад байсан. Би буцаагаад өгөх байлгүй гээд бодоод яваад байсан чинь зугтаасан. Аваад зугтах зорилготой байсан байх... Би гар утсаа авсан. Миний утсанд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй байсан. Одоо хэвийн ажиллаж байгаа....” гэх,
иргэний нэхэмжлэгч С.Л-ийн: “2022 оны 01 сарын 10-ны орой “Ундрам” дэлгүүрийн гадна таксинд явах гээд зогсож байхад нэг танихгүй залуу эхнэртэйгээ машинд суугаад эхнэрийн төрсөн өдөр болоод мөнгөний хэрэг гараад байна. Гар утсаа зарах гэсэн юм. Та 80.000 төгрөгөөр авчих гэсэн. Нөхөр нь буюу эрэгтэй нь ашиглаж байсан. ....Хар өнгийн хавтсан гэртэй, хар өнгийн андройд гар утас байсан. Эвдэрч гэмтсэн зүйл байхгүй, шинэ утас байх шиг байсан. ...Би тэр утсыг 65.000 төгрөгөөр авсан. ..Тухайн үед би хулгайн гар утас биш биз гэхэд залуу нь үгүй ээ миний гар утас гэж хэлсэн. ...” гэх
гэрч Б.М-ын: “Б нь миний нөхөр байгаа юм. Би айлд байхдаа Э гэх хүний утсыг хүнтэй ярихаар авсан. Тэгээд буцаагаад өгсөн. .... Би гар утас зарсан талаар сүүлд мэдсэн. Надад хэлэхдээ Э гар утсаа зараад өгчих гэсэн гэж хэлсэн. Тэр утас хар өнгийн хавтсан гэртэй ухаалаг утас байсан. ....” гэх мэдүүлгүүд болон 2022 оны 01 сарын 13-ны өдрийн 04 дугаартай: “А52 маркийн гар утас 980.000 төгрөг” гэх эд зүйлд үнэлгээ хийсэн акт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, иргэний нэхэмжлэгч С.Л-ээс хар өнгийн хавтастай, шинэ 3 камертай, хар өнгийн А52 маркийн гар утсыг хураан авч хохирогч Ч.Эд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэргээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Х.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Х.Б-д холбогдуулан Д аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа улсын яллагчаас гаргасан ялын саналын хүрээнд 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож хасахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Х.Б нь хохирогчийн А-52 маркийн гар утсыг хууль бусаар авсны улмаас 980.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч Ч.Эгийн гар утсыг буцаан биет байдлаар өгсөн байх бөгөөд хохирогч “Би гар утсаа авсан. Миний утсанд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй байсан. Одоо хэвийн ажиллаж байгаа, гомдол саналгүй” гэж мэдүүлсэн байх тул хохирогч Ч.Э-д төлөх төлбөргүй байна.
Харин дээрх гар утсыг зарж борлуулсны улмаас иргэний нэхэмжлэгч С.Л-т 65.000 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрэн сурвалжилсан, албадан ирүүлсэн зардал 126.320 төгрөг болсон болох нь хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Х.Б-аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 65.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч С.Л-т, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 126.320 төгрөг гаргуулан Д аймаг дахь Цагдаагийн газарт тус тус олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Х.Б нь энэ хэргийн улмаас 13 хоног цагдан хоригдсон, хохирогч Ч.Э гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Шовгийн Х-ий Б-ыг бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Шовгийн Х-ий Б-д Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заанаар шүүгдэгчийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 13 /арван гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож хасаж, шүүгдэгч Х.Б-ын эдлэх ялыг 11 /арван нэг/ сар 17 /арван долоо/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д 11 сар 17 хоногийн хугацаанд Д аймгийн Даргалагч: сумын төвөөс гадагш явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Х.Б-ыг нэн даруй сулласугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-аас65.000 /жаран тав/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч С.Л-т, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 126.320 /нэг зуун хорин зургаан мянга гурван зуун хорь/ төгрөгийг гаргуулан Д аймаг дахь Цагдаагийн газарт тус тус олгосугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ч.Э гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолд бүхэлд нь иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.У