Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 70

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д аймгийн, С сумын ... дүгээр баг, өөрийн байранд байрлах “Т” ХХК-ийн  нэхэмжлэлтэй

Хариуцагч: Улаанбаатар хот, Б дүүргийн .. дугаар хороо, Ү хэсэгт байрлах “Б” ТӨХК-д холбогдох  ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 15.848.555 төгрөг  гаргуулах  тухай  нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар  сарын 06-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгончимэг нар оролцов.              

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:  “Т” ХХК нь Д аймгийн С-д сумын .. дүгээр багийн нутаг дэвсгэрт “Б” ТӨХК-ийн Д аймгийн Ц Салбарын хэрэглэгчдэд үйлчлэх төв, конторын барилгын үлдэгдэл ажлыг 2013 оны 05 сарын 14-ний өдрийн Т №...., багц №01, багц №02 гэрээний дагуу тендерийн  техникийн  тодорхойлолтонд тусгагдсан  ажлын тоо хэмжээний дагуу  2013 оны 07 сарын 23-нд хүлээлгэн өгөхөд тус барилгын “Р” ХХК-ийн гүйцэтгэсэн гадна цэвэр ус, дулаан хангамжийн шугамууд хөлдөж хагарсан байснаас шаардлага хангахгүй байсан. Мөн гадна инженерийн шугамууд үерийн шуудуу огтлолцсоноос барилга  руу шууд ус орох  боломжтой байсан тул гадна инженерийн шугамын зургийг хийж гүйцэтгэсэн. “С” ХХК-ийн зохиогчийн  хяналтын инженер Ж.Н-ийг  газар дээр нь үзлэг шалгалтыг  2013 оны 09 сарын 10-нд хийлгүүлж гадна дулааны шугамыг ДХ-2 худгаас баруун урагш агаараар ил татаж үерийн  шуудууны ирмэг дээр тулгуур, худагийг цутгасан, дулааны шугамын тагийг иж бүрэн сольсон бөгөөд нийт 174 м шугамыг эхнээс нь задалж шинээр дулаалгын хамт хийж халаалт авахаас өмнө 2013 оны 10 сарын 22-нд дууссан юм. Гүйцэтгэсэн  ажлын нийт хөлс 27.848.555 төгрөг гарснаас 2014 оны 02 сарын 12-нд 12.000.000 төгрөгийг “Т” ХХК-ийн Төрийн банкны 10000023910 тоот дансанд шилжүүлсэн. Үлдэгдэл санхүүжилтийг төлөвлөгөөнд тусгана гэсэн боловч өдийг хүртэл шийдвэрлээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргахаас өөр аргагүй байдалд хүрлээ. Иймд шугамын өөрчлөлт болон засварласан ажлын хөлсний үлдэгдэл 15.848.555 төгрөгийг “Б” ТӨХКомпаниас гаргуулж өгнө үү, бид нар хариуцагч байгууллагатай утсаар холбогдсон, төлөхгүй гэдэггүй, төсөвт тусгагдаагүй санхүүгийн эх үүсвэр байхгүй гээд байгаа юм  гэв.

Хариуцагч байгууллагаас шүүхэд ирүүлсэн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Тус компаний харъяа Д цахилгаан түгээх сүлжээ салбарын хэрэглэгчдэд үйлчлэх төв, конторын барилгын гаднах инженерийн шугам  сүлжээний засварын ажлыг 2013 онд  “Т” ХХК-иар 27.848.555 төгрөгөөр гүйцэтгүүлж, 2014 оны 02 сарын 12-ны өдөр 12.000.000 төгрөгийг шилжүүлсэн үлдэгдэл төлбөр 15.848.555 төгрөгийг төлөөгүй байна.  Нэхэмжлэл болон нотлох баримтуудтай танилцсан байгаа, нотлох баримтуудын хувьд маргаад байх асуудал байхгүй, хариу тайлбараа дэмжиж байна,  санхүүгийн эх үүсвэргүй учраас төлж чадархгүй байна. Р компани ажлаа дутуу, муу хийсэн, бид нар Р компаниас  хохирлоо гаргуулаад  эднийд өгнө гэсэн байр суурьтай байсан, шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноос 15.848.555 төгрөгийг  төлөх эх үүсвэргүй болсон. Зардлууд компанийн бизнес төлөвлөгөөнд тусгагдсан тохиолдолд төлбөрийг гаргаж өгөх боломжтой байдаг, гэтэл тухайн үеийн удирдлагууд  төлөвлөгөөнд тусгаагүй орхигдуулснаас ийм байдалд хүрсэн, одоо шүүхийн шийдвэрийг үндэслэж л төлөх байх гэв.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг уншиж судлаад:

                                       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “Б” ТӨХК-д холбогдуулан   ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 15.848.555 төгрөг гаргуулах  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 Хариуцагч “Б” ТӨХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 12.000.000 төгрөгийг төлсөн, 15.848.555 төгрөгийг 2018 оны зардлын  төлөвлөгөөнд  тусгаагүй, санхүүгийн эх үүсвэр байхгүй тул төлбөрийг төлөх боломжгүй гэж  маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах  үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь

            Талууд 2013 оны 05 дугаар сарын 14-ний  Д салбарын Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн конторын барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэгч “Т” ХХК- нь гэрээний тусгай нөхцлөөр тохиролцсон ажлуудыг 2013 оны 05 дугаар  сарын 14-ний өдрөөс 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэн, захиалагчид хүлээлгэх өгөх, захиалагч “Б” ТӨХК нь ажлын хөлсийг санхүүжилтийн хуваарийн дагуу гүйцэтгэгч байгууллагад  саадгүй шилжүүлэхээр харилцан тохиролцсон болох нь  Т........, Багц №01, Багц №02 дугаартай  гэрээнүүдээр тогтоогдож байх ба талуудын хооронд Иргэний хуулийн  343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

         Ажил гүйцэтгэгч  “Т” ХХК  нь гэрээнд заасан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн, захиалагч “Б” ТӨХК нь ажлын үр дүнг хүлээн авч гэрээнд заасан төлбөрөөс 12.00.000 төгрөгийг төлж барагдуулан, үлдэх  15.848.555 төгрөгийг төлөөгүй болох нь Төрийн банкны депозит дансны хуулга, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2013.07.23-ны өдрийн .... тоот акт, Д Ц салбарын конторын барилгын гүйцэтгэгч “Т” ХХК-тай хамтран  хийсэн үзлэгийн тэмдэглэл, “Б” ТӨХК-ийн Д салбарын контор, нэг цэгийн үйлчилгээний барилгын ажлын  гүйцэтгэл шалгасан ажлын комиссоос өгсөн үүрэг даалгаврын биелэлт, Гадна дулаан, цэвэр усан хангамжийн системийг угсарсан, сорилтоор шалгасан акт, 2014.3.17-ны өдрийн 1/24 тоот, 2016.05.10-ны өдрийн  А/25 тоот албан бичгүүд, цэвэр ус, дулаан хангамжийн шугамын шинэчлэлийн хуучин шугамын  ажлыг хийж гүйцэтгэсэн талаарх  фото зурагууд талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д”Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 346 дугаар зүйлийн 346.1-д “Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө”, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д “… захиалагч нь гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх …үүрэгтэй” гэж тус тус зааснаар ажил гүйцэтгэгч “Т” ХХК  хөлсөө шаардах эрхтэй, захиалагч Б ТӨХК нь дутуу төлсөн хөлс 15.848.555  төгрөгийг ажил гүйцэтгэгчид төлөх үүрэгтэй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

          Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237.193 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 237.193 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Зохигчдоос шүүхэд гаргаж өгсөн бичгийн нотлох баримтууд нь хоорондоо болон тухайн маргаж буй шаардлагад хамааралтай, ач холбогдолтой баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б” ТӨХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 15.848.555 / арван таван сая, найман зуун дөчин найман мянга, таван зуун тавин тав / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д олгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 237.193 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б” ТӨХК-иас тэмдэгтийн хураамжид  237.193 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  “Т” ХХК-д олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 П.ЦЭЦЭГДУЛАМ