Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/125

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга                 Ч.Алтанзул

           Улсын яллагч                               Б.Эрхэмбаяр

           Шүүгдэгч                                       П.Мөнгөн-Эрдэнэ

            Шүүгдэгчийн өмгөөлөгч               Б.Баярцогт

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Мөнгөн-Эрдэнэд холбогдох 2223000000110 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Завхан  аймгийн Яруу суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Яруу сумын 4-р баг Хэц-Улаан багийн Хужир толгой гэх газар оршин суух бүртгэлтэй боловч Улиастай сум Чигэстэй баг Хөдөө аж ахуйн хэсэг 3-317 тоотод түр оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай  Нянгар овогт Пүрэвдоржийн Мөнгөн-Эрдэнэ  /РД:ИХ83050910/,

Урьд: Завхан аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 04 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Сум дундын 12 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан.

Шүүгдэгч П.Мөнгөн-Эрдэнэ нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багийн нутаг “Тайжийн ам” гэх газарт иргэн Т.Бямбын гэрт Ч.Баяржаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож улмаар улмаар түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч П.Мөнгөн-Эрдэнэ нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багийн нутаг “Тайжийн ам” гэх газарт иргэн Т.Бямбын гэрт Ч.Баяржаргалтай маргалдан түүнийг зодсон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:

Зодуулсан талаараа мэдүүлсэн хохирогч Ч.Баяржаргалын “...Би 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 12 цагийн үед манай Алдар багийн Монхорынд очсон. ...бид нар нэг шил архи хувааж ууж байгаад тэр архиа ууж дуусаад Мөнгөн-Эрдэнэ бид 2 маргалдаад тэгээд Мөнгөн-Эрдэнэ намайг гараараа цохиж намайг унагаад өшиглөөд байсан. ...гаднаас Пунцаг орж ирээд Мөнгөн-Эрдэнийг салгасан. Тэгээд би гэр рүүгээ явсан. ...Миний зүүн талын 2 хавирга хугарсан.  Хамар хугарч зүүн тийш мурийсан.  Бид хоёр хэн хэн нь согтуудаа архины халуунд бага зэрэг ам мурийгаад түүнээсээ болоод маргалдаад би зодуулсан. Надад бол ямар нэгэн санал гомдол, хохирол нэхэмжлэхгүй. П.Мөнгөн-Эрдэнэд хөнгөн ял оноож өгнө үү...” гэсэн  мэдүүлгээр,

 Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Б.Цэрэнпунцагийн “...Манайх Алдархаан сумын Алдар багийн нутаг “Тайжийн ам” гэх газарт байсан. ...Намайг ирсэн чинь Баяржаргал ах Мөнгөн-Эрдэнэ ах нар манай гэрт зодолдоод нүүр ам нь цус болцгоосон байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлгээр,

Энэ талаар мэдүүлсэн гэрч Б.Өлзийжаргалын “...2022 оны 05 дугаар сарын 12-ны өглөө манай ээж залгаад “аав чинь Шонх гэх хүнд ...зодуулсан байна хүрээд ир” гээд дуудахаар нь манай нөхөр Хадбаатар очиж аавыг авчраад Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтүүлсэн. Аавыг эмчилж байгаа эмчээс нь бэртэл гэмтлийг нь асуухад “олон хавирга хугарсан, хамрын таславч мурийлттай, хамрын яс баруун талдаа цөмрөлттэй, нүдний угийн яс цөмрөлттэй” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,

 Хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч П.Мөнгөн-Эрдэнийн “...2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Алдархаан сумын нутаг “Тайжийн ам” гэх газарт Монхор /Т.Бямба/ гэх айлынд очиход хохирогч Ч.Баяржаргал, Очир, Туваанаа нар архи уугаад сууж байсан. Тэгтэл хохирогч Ч.Баяржаргал нь намайг хараад “өө хулгайч, хаагуур хулгайгаа хийгээд явж байгаад ирж байгаа юм бэ” гэхээр нь “та юу яриад байгаа юм бэ” гэхэд “чи муу хулгайч манай үхрийг хулгайлсан биз дээ” гэхээр нь “юу яриад байгаа юм бэ” гээд түүнээс болоод бид 2 маргалдсан. Хохирогч Ч.Баяржаргал нь эхлээд миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохихоор нь зөрүүлээд түүний нүүр рүү нь 2-3 удаа гараараа цохисон. Тэгтэл тэнд Т.Бямбын хүүхэд Пунцаг ирж бид хоёрыг салгасан. Тэгээд би гэр рүүгээ алхаад явсан. Ийм л асуудал болсон. Би хохирогч дээр очихдоо эрүүл байсан ба тэд нартай нийлээд нэг шил архи уусан...” гэсэн мэдүүлгээр,

Шүүгдэгч П.Мөнгөн-Эрдэнийн үйлдлийн улмаас хохирогч Ч.Баяржаргалын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч П.Базардаргиагийн гаргасан 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 000000266 дугаартай “...1.Иргэн Ч.Баяржаргалын биед зүүн талын 4, 5-р хавирганы хугарал, хамрын нурууны баруун дээд хэсэгт, хамрын нурууны уг хэсэгт, зүүн чамархайн хэсэгт, баруун шанааны хэсэгт, зүүн шууны урд 3\1 хэсэгт, баруун шууны дотор дээд 3\1 хэсэгт зулгаралт, баруун зүүн нүдний доод зовхинд улаан хүрэн өнгийн цус хуралт  гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. 3.Дээрх гэмтэл нь тогтоолд заасан буюу 2022 оны 05 сарын 11-нд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5.Ч.Баяржаргалын биед үүссэн дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт болон бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн нөхцөл байдлыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

 Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч П.Мөнгөн-Эрдэнэ нь хохирогч Ч.Баяржаргалын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдал, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан, мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд заасан “хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл мэндийн халдашгүй байдлыг зөрчиж түүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

П.Мөнгөн-Эрдэнэ нь өөрийн үйлдлийн улмаас бусдын бие махбодид гэмтэл учирч болохыг ухамсарлаж, түүнийг зориуд хүсэж хохирогч Ч.Баяржаргалд хүндэвтэр гэмтэл учруулсан тул түүнийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгчээс хохирогч Ч.Баяржаргал нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч П.Мөнгөн-Эрдэнэд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд  хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

Шүүгдэгч П.Мөнгөн-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

П.Мөнгөн-Эрдэнэ учруулсан хохирлоо нөхөн төлсөн мөн шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлж байх тул түүнийг гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, өөрт нь хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн гэж үзэх үндэстэй.

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож мөн зүйлд зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч П.Мөнгөн-Эрдэнэ нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан  болохыг тус тус дурдах нь зүйтэй  гэж үзээд

Монгол Улсын Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Нянгар овогт Пүрэвдоржийн Мөнгөн-Эрдэнийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч П.Мөнгөн-Эрдэнэд Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мөнгөн-Эрдэнэд оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр /183.333/ төгрөгөөр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мөнгөн-Эрдэнэ нь 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч П.Мөнгөн-Эрдэнэ нь 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч П.Мөнгөн-Эрдэнэ нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДЭЛГЭРМАА