| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2022/0122/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/126 |
| Огноо | 2022-06-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж
Нарийн бичгийн дарга Ч.Алтанзул
Улсын яллагч Б.Төрболд
Шүүгдэгч Д.Пүрэвдорж
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Пүрэвдоржид холбогдох 2223000000111 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой мал малладаг, ам бүл 5, аав, ээж, ах, дүүгийн хамт амьдардаг. Завхан аймгийн Алдархаан сумын Аргалант багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Цэцэнчоймбол овогт Дашцэрэнгийн Пүрэвдорж, регистрийн дугаар: /РД:ИА97110636/
Шүүгдэгч Д.Пүрэвдорж нь 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багийн нутаг дэвсгэр Бор толгойн урд байрлах голын захад хохирогч Ц.Мөнхжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зүүн гуяны урд хэсэгт хутгаар нэг удаа хатгаж түүний биед зүүн гуяны урд дунд хэсэгт шарх гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Д.Пүрэвдорж нь 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багийн нутаг дэвсгэр Бор толгойн урд байрлах голын захад хохирогч Ц.Мөнхжаргалтай маргалдан зүүн гуян тус газар нь хутгалсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:
Д.Пүрэвдоржид хутгалуулсан талаараа мэдүүлсэн хохирогч Ц.Мөнхжаргалын “...Алдархаан сумын “Бор толгой” гэдэг газар байсан. ...голын зах ороод аймгаас авч гарсан 2.5 литрийн 1 ширхэг пиво уусан. ...пиво ууж байтал Пүрэвдорж гэнэт сонин сонин юм яриад эхэлсэн. Тэгээд Пүрэвдорж хутга гаргаж ирээд над руу юм яриад байхаар нь би чи наад хутгаа далд хий чиний хутгална гэж юу байдгийн гэсэн чинь үнэхээр намайг хөөгөөд байсан. Уг нь би тоглоод байна гэж бодсон. ...би одоо бүгдээрээ явъя гээд машинд суугаад хөдөлтөл Пүрэвдорж урдуур морьтойгоо орж ирээд уургаараа машины шил рүү цохичих гээд байхаар нь би машинаас буусан. ...Пүрэвдорж над руу морьтойгоо ойртоод байхаар нь би машин тойроод нөгөө хоёрыгоо явъя гээд зугтаад байж байсан чинь Пүрэвдорж мориноосоо буучихсан миний хажууд ирчихсэн байхаар нь би хажуугаас нь гүйгээд холдох гэтэл гуя руу дүрчих шиг болсон. Тэгээд би орилоод унаад өгсөн. ...Миний гуянаас цус гоожоод байхаар нь уурганы хуйгаар шархны дээгүүр боогоод тэгээд цусыг нь тогтоогоод байж байтал цагдаа дараа нь эмнэлэг ирсэн...” гэсэн мэдүүлгээр,
Энэ талаар мэдүүлсэн гэрч Б.Амартүвшингийн “...Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр аймгаас гарахдаа Мөнхжаргал хонь авах найздаа өгнө гээд 2.5 литрийн савтай нэг пиво авсан байсан тэр 2 залуутай тавуулаа болоод бид 5 Бор толгойн урд талын голын эрэг дээр очсон. Тэгээд тавуулаа тэр пиво хувааж уугаад нөгөө 2 малчин залуу хонио аваад ирье гээд мордоод явсан. Тэр хооронд нь Мөнхжаргал, Батбаяр бид 3 Алдархаан сумын төв орж дахин 2.5 литрийн 2 том пиво нэмж аваад нөгөө бор толгойн урд байсан газраа ирсэн. Тэгэхэд нөгөө 2 залуу ирчихсэн сууж байсан. Тэгээд нөгөө авсан 2 пиво ууж байгаад Мөнхжаргал нь нөгөө хонь авна гэсэн найз Пүрэвдорж гэдэг найзтайгаа тоглоом шоглоом хийгээд маргалдах гээд байсан. ...Мөнхжаргал машинаа унаад хөдөлтөл нөгөө Пүрэвдорж гэдэг морьтой залуу хойноос нь мордоод машины урдуур орж зогсоогоод тэгээд тэр 2 маргалдаад байсан. Бид 3 хогоо торонд хийгээд явъя гээд араас нь очиж явтал Мөнхжаргал ёооё гээд унаад өгсөн. Тэгээд гүйгээд очтол нөгөө Пүрэвдорж гэдэг залуу гартаа тонгорго барьчихсан Мөнхжаргал газар хэвтчихсэн гуянаас нь цус гарч байсан. Тэгээд тэр залуугийн барьж явсан уурганы хуйгаар гуяыг нь боогоод тэгээд эмч дуудсан. ...Бор өнгийн иштэй тонгорго байх шиг байсан. Сүүлд нь хол шидсэн байхад нь харсан. Ямар ч байсан Мөнхжаргалыг ёооё гээд унахад Пүрэвдоржийн гарт хутга байсан...”гэсэн мэдүүлгээр,
Гэрч Б.Батбаярын “...Бид нар 2 пивоо ууж байтал Мөнхжаргал, Пүрэвдорж 2 хоорондоо тоглоом шоглоом хийгээд маргалдах гээд байсан. Тэгээд явцгаая гээж байж байтал Мөнхжаргал нөгөө Пүрэвдорж гэдэг залуугаас зугтаад машинд суугаад хөдөлтөл Пүрэвдорж мориндоо мордоод машины урдуур орж зогсоогоод Мөнхжаргал, Пүрэвдорж 2 хоорондоо маргалдаад зогсож байсан. Бид голын захаас хогоо түүгээд нөгөө хоёрын араас очиж явтал Мөнхжаргал ёооё гээд унаад өгсөн. Тэгээд бид 3 Мөнхжаргал дээр гүйгээд очтол Мөнхжаргалын зүүн гуянаас нь цус гараад хэвтэж байсан. Харин тэр найз гэх Пүрэвдорж нь гартаа тонгорго барьчихсан байна. ...Пүрэвдорж нь Мөнхжаргалын зүүн гуяны урд хэсэгт нь нэг удаа хутгалсан байсан. Пүрэвдоржийн гэдэг залуугийн гар нь бор өнгийн иштэй тонгорго харагдаж байсан...”гэсэн мэдүүлгээр,
Гэрч Пүрэв-Очирын “...2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ...бид 2 нийлээд Бор толгойн урд талын голын зах дээр очиж нэг том пиво, нэг шил архи гаргаж ирээд тэрийг нь бүгдээрээ хувааж ууцгаасан. Тэгээд Пүрэвдорж, Мөнхжаргал 2 хоорондоо тогтоом хийгээд байсан. ...Мөнхжаргал, Пүрэвдорж 2 хоорондоо тоглоом хийгээд байгаа юм шиг маргалдаач байгаа юм шиг байгаад байсан. Тэгээд би хонио эргүүлчхээд буцаж ирээд нөгөө байсан газрынхаа хогийг цэвэрлэж байсан чинь Мөнхжаргал нь Пүрэвдоржоос зугтаагаад машин унаад хөдөлсөн. Тэгсэн чинь араас нь Пүрэвдорж морьтой урдуур нь орж зогсоож харагдсан. Тэгээд тэр 2 хоорондоо маргалдаад байх шиг байсан. Аймгаас ирсэн 2 залуутай би тарьсан хогоо цэвэрлэчхээд нөгөө хоёр луу очиж явтал Мөнхжаргал орилоод унаад өгсөн. Тэгээд яваад очтол Мөнхжаргал намайг хатгачихлаа гээд гуяа дараад хэвтэж байхаар нь өмдийг нь тайлаад үзсэн чинь цус гарч байсан. ...Пүрэвдорж Мөнхжаргалын зүүн гуяны урд хэсэгт нэг удаа бор иштэй тонгоргоор хутгалсан байсан. Тэгээд Мөнхжаргал орилоод унаад өгөхөөр нь яваад очтол гуянаас нь цус гарчихсан газар хэвтэж байсан. Хажууд нь Пүрэвдорж тонгорго барьчихсан зогсож байсан...”гэсэн мэдүүлгээр,
Гэрч М.Даагийгийн “...Тэр өдөр 19 цагийн үед Алдархаан сумын Алдар багийн нутагт Бор толгой гэх газарт хүн хутгалуулчихлаа гэсэн дуудлага ирсэн. Тэгээд тухайн дуудлага дээр би өөрөө очсон. Хүн хутгалуулсан гэх дуудлагын дагуу очсон.Намайг очиход Мөнхжаргал гэх 1998 оны залуу зүүн гуяны урд хэсэгт хутгалуулсан байдалтай шархны дээгүүр уурганы хуйгаар боож шархыг нойтон салфетикаар боосон байсан. Цус их алдсан байдалтай цус тогтсон байсан. Тэгээд шархыг цэвэрлэж цус тогтоох эмчилгээ хийж өвчин намдаах тариа хийж даралттай боолт хийгээд аймгийн төвийн нэгдсэн эмнэлэг рүү авч явж хэвтүүлсэн. Мөнхжаргалын гэх залуугийн зүүн хөлийн гуяны урд хэсэгт хутганы шарх авсан байсан. Өргөн нь 2-3 см шарх байсан...” гэсэн мэдүүлгээр,
Иргэний нэхэмжлэгч Д.Цэндсүрэнгийн “...Тухайн хохирогч Ц.Мөнхжаргал нь тухайн хугацаанд Эрүүл мэндийн даатгалын цахим системд бүртгэгдсэнээр манай Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн эмчилгээ 212000, амбулаторийн хяналтын үзлэг 88000 буюу нийт 300500 төгрөг үйлчилгээний зардал авсан байна. Тухайн эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан ний 300500 төгрөгийн хохирлыг бүрэн дүүрэн төлүүлэх саналтай байна...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Пүрэвдоржийн үйлдлийн улмаас хохирогч Ц.Мөнхжаргалын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүх шинжилгээний албаны ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад П.Базардаргиагийн “...Ц.Мөнхжаргалын биед зүүн гуяны урд дунд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир, үзүүртэй 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтэл нь тогтоолд заасан буюу 2022 оны 05 дугаар сарын 21-нд үүссэн байх боломжтой. Ц.Мөнхжаргалын биед үүссэн дээрх гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгч Д.Пүрэвдорж нь хохирогч Ц.Мөнхжаргалын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчсөн үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангажээ.
Иймд шүүгдэгч Д.Пүрэвдоржийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээнд 300500 төгрөгийн зардлыг авчээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “...гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад...” нөхөн гаргуулахаар заасан бөгөөд шүүгдэгч Д.Пүрэвдоржоос 300500 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй.
Хохирогч нь “хохирлоо бүрэн барагдуулсан, гомдол санал байхгүй” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгч Д.Пүрэвдоржид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.
Шүүгдэгч Д.Пүрэвдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Пүрэвдорж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цэцэнчоймбол овогт Дашцэрэнгийн Пүрэвдоржийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пүрэвдоржид оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр /166.666/ төгрөгөөр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пүрэвдорж нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Д.Пүрэвдоржоос 300500 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
6. Шүүгдэгч Д.Пүрэвдорж нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч Д.Пүрэвдорж нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА