Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 113

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, шүүгч С.Оюунчимэг, шүүгч Х.Идэр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа, улсын яллагч Ц.Уртнасан, иргэдийн төлөөлөгч Н.Норжмаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Нарандэлгэр, хохирогчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа /ҮД:0170/, шүүгдэгч Ш.Төрбат, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбат /ҮД:0216/, шинжээч эмч М.Энхбаяр, гэрч Д.Отгонцэцэг, Н.Баярцэнгэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:      

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын модон эдлэлийн технологийн мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ “Марул Хаус” ХХК-д инженер ажилтай байсан, ам бүл 1, Ховд аймгийн Жаргалант сум 2-р баг 15 дугаар гудамж 7 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:ПЮ88072339/ Жамбал овогт Шагдарсүрэнгийн Төрбатад Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201625021317 дугаар 185/2016/0102/Э индекстэй хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ш.Төрбат хувийн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн харъяа оюутны 5 дугаар байрны 322 тоот өрөөнд хамтран амьдрагч, амь хохирогч Нарандэлгэрийн Биндэръяагийн биед ир үзүүртэй зүйл болох хутгаар хүзүүний зүүн хажуу хэсгийн баруун дээш чиглэлтэй суваг үүсгэн төвөнхийг гэмтээн, хоолойн баруун урд хэсгээр нэвт гарсан хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн урд хэсгийн цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх, хоолой, хүзүү, зүүн мөр, баруун гарын долоовор хурууны хатгагдаж зүсэгдсэн шарх зэрэг олон тооны гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Төрбатын: 2016 оны 05 дугаар сарын 15-ны өглөө базтайгаа уулзаад салсан. Тэгээд Монгол улсын Боловсролын их сургуулийн Оюутны 5 дугаар дотуур байрны 322 тоотод орсон. Би ороод нүүр гараа угаагаад яг гарах гэж байхад талийгаач орж ирсэн. Чи яагаад сонин мессеж бичээд хүний санаа зовоогоод байгаа юм бэ хайраа гээд тэврээд авах гэсэн чинь намайг түлхэсэн. Тэгээд би яагаад янз бүрийн юм бичээд байгаа юм, надтай юу болсон талаараа яриач гэхэд чи намайг зүгээр явуулчихаж болдоггүй юм уу гэсэн. Тэгэхээр нь би эсгүүрийн ширээн дээр байсан хутгыг аваад урьд орой нь би танай Тулгаатай чинь уулзсан. Тэр хүн чинь алалцъя, хоёулангийн чинь нэг нь амьд явж энэ охиныг авъя гэсэн зүйл ярьсан, би одоо тэр Тулгаатай чинь гарч алалцана гээд хутгаа халаалслаад зогсоход тоосон шинжгүй байсан. Тэгээд би айлгах санаатай хүзүүн тус газраа бариад бид хоёрын аль аль нь үхсэн ч чамд харамсаад байх зүйл байхгүй юм байна гээд би чиний нүдэн дээр үхье гэхэд намайг болио хайраа гэсэн би хутгаа эсгүүрийн ширээн дээр тавиад тэр өрөөний хаалга нь гүйцэд хаагддаггүй байнга онгойдог байсан. Тэгээд хаалга онгойсон байхаар нь хаалгаа хаагаад эргээд харахад талийгаач өөрийнхөө хүзүү рүү дүрж байсан. Тэгээд би гүйж очоод 2 гарнаас нь татаж авахад нүдний шил рүү цус үсэрсэн. Түүнээс хойш болсон үйл явдлыг сайн санахгүй байгаа. Нэг мэдэхэд өөрийнхөө цээжнээс хутга сугалж байсан гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

талуудын хүсэлтээр:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Нарандэлгэрийн: Миний охин амиа хорлох хүн биш. Хэрвээ амиа хорлосон бол яагаад аврал эрж гурван давхараас нэг давхар руу гүйж очсон байх вэ. Би шүүгдэгчид итгэж байсан. Өнчин өрөөсөн мөн талийгаачаас насаар ах болохоор миний охиныг аваад явах байх гэж итгэж охиноо өгсөн. Манайх гэдэг айл голомтоо самруулчихлаа. Би хоёр ойтой зээ хүүгээ харж л амьдарч байна. Би хорин нэгэн настай хүүхдээ алдсан. Хүүхдээ хүнд өвчнөөр алдаагүй. Гэнэтийн юм чинь их хэцүү байдаг юм байна. Тав хоногийн дараа хонхны баяр нь болох гэж байсан бид хоёр хүүг нь аваад гурав хоногийн дараа ирэх гэж байсан. Асуудлыг дур мэдэж шийдэх гэж байхын оронд аав ээжид нь хэлэх байсан юм. Заавал хутгаар айлгаж байх шаардлага байсан юм уу. Би гомдолтой байна. Одоо нэхэмжлэлийн үлдэгдэл болох 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Отгонцэцэгийн: Би сүүлийн нэг жил талийгаач, шүүгдэгч нартай ямар ч холбоогүй байсан. Талийгаач бид хоёр найзууд, гэхдээ сүүлийн нэг жил огт уулзаагүй. Тухайн орой 23 цагийн үед гэрийн чинь гадаа байна, гараад ирээч уулзъя гээд байхаар нь эгчээсээ зөвшөөрөл аваад гарсан. Тэгээд бид уулзаад гэрийнхээ ойролцоо байдаг пабад 1 цаг өнгөртөл хамт байсан. Тухайн үед хоёр, хоёр пиво уусан. Талийгаач бид хоёр их сургуулиа төгсөх талаараа ярьсан. Тэр үед талийгаач маргааш миний загварын өдөрлөг болох гэж байгаа, чи очиж үзээрэй гэсэн. Тэгээд надад найз нь сэтгэлээр унаад явж байна, чамтай ярьмаар санагдаад явж байна гэсэн. Би нөхөртэйгөө таарамжгүй харьцаатай байгаа, би төгсөөд шууд гэр рүүгээ явна, хүүхэд дээрээ очоод хүүхэдтэйгээ л хоёулаа байна, би Төрбатаас сална гэж хэлж байсан. Салах болсон шалтгаанаа хэлэхдээ Төрбатын зүгээс надад хайр халамж гэж байхгүй, би Төрбаттай амьдраад жаргалтай байж чадахгүй байна, хүүхэдтэйгээ хоёулаа байх л шийдвэр гаргаад байна гэж хэлж байсан. Би Баттулга гэх хүнийг танихгүй. Талийгаачтай уулзах үед талийгаач миний утсыг аваад найз нь фэйсбүүкээрээ оръё гэхээр нь утсаа өгсөн. Тэгээд найз нь нэг хүн дуудсан, чамтай танилцуулъя гэсэн. Удалгүй нэг залуу ирсэн. Би тэр хүний нэрийг ч санахгүй байна. Энэ хүнтэй уулзаж байгаа, танилц гэж хэлсэн. Бид нар тухайн газраасаа 12 цаг өнгөрч байхад Зайсан руу оччихоод удаагүй хүрээд ирсэн. Тэгээд намайг гэрийн гадна хүргэж өгсөн гэж мэдүүлсэн мэдүүлэг,

            Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Баярцэнгэлийн: Бид нар уулзаад сууж байхад Баттулга гэдэг залуу хүрч ирсэн. Талийгаач тухайн үед Төрбат энэ хүнийг мэдэж байгаа гэж хэлсэн. Тэгтэл Төрбат над руу залгаад байхаар нь би тэр газраа дуудсан. Тэгээд Төрбат ирэхэд талийгаачийн хажууд нөгөө залуу нь сууж байсан. Төрбат орж ирээд миний хайр юу хийж байгаа юм гэхэд тухайн үед талийгаач уурлаад босоод явсан. Тэгээд шүүгдэгч, талийгаач, нөгөө залуу гурав гадагш гараад буцаад шүүгдэгч, талийгаач хоёр орж ирсэн. Дараа нь бид нар дахиж өөр газар орж сууж байгаад Халиунгоо бид хоёр түрүүлж яваад би Халиунгоогийн гэрт хонохоор явсан. Шүүгдэгч, талийгаач хоёр үлдсэн. Тэгтэл шөнө нь Төрбат ганцаараа бидний байсан газарт ирсэн. Халиунгоо бид хоёр ирснийг нь мэдсэн ч унтаад өгсөн. Өглөө нь талийгаачийг нөгөө хүн нь ирээд аваад явчихлаа, ах нь одоо байр руу нь явлаа, одоо ирсэн байх гэхээр нь бид хоёр та тайван байгаарай гэж хэлэхэд Төрбат ах би өөрөө өнчин өссөн, би хүүхдээ өнчрүүлмээргүй байна, би тэр хүнийг салгаад, болиулмаар байна гэж хэлж байсан. Дараа нь талийгаач бид нар руу залгаад “өглөө намайг байрандаа ирэхэд Төрөө байрны өмнө сууж байсан, тэгээд аймаар инээдтэй сайхан амарсан уу хайр аа гээд надад хоол авч өгсөн, найз нь одоо нөгөө хүнтэй уулзахаа болилоо, дахиж уулзахгүй, би амьдралаа бодъё” гэж хэлж байсан. Тэгээд тэр орой Халиунгоо, талийгаач, шүүгдэгч бид нар хоол идээд салсан. Түүнээс хойш уулзаагүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч М.Энхбаярын: Талийгаачид задлан шинжилгээ хийхэд хүзүүний зүүн хажуу хэсгийн баруун дээд чиглэлтэй суваг үүсгэн явж төвөнхийг гэмтээн, төвөнхийн баруун дээд хэсгээр нэвт гарч, хатгаж зүсэгдсэн шарх, амьсгалын зам, шингэн буюу цусаар бөөгнөрөх, уушигны цус харвалт, дотор эрхтнүүдийн цус багадалт, цээжний зүүн урд хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрч хатгагдсан шарх, хоолой хүзүү, зүүн мөр, баруун гарны долоовор хурууны зүсэгдсэн шархнууд, баруун нүдний зовхины цус хуралт гэсэн гэмтэл тогтоогдсон. Нас барахад хүргэсэн үндсэн гэмтэл төвөнхийг гэмтээсэн хатгагдсан шархны улмаас цус алдаж, амьсгалын зам цусаар бөглөрснөөс болсон гэсэн дүгнэлт гаргасан. Талийгаачид 9 тооны гэмтэл үүссэн байсан. Талийгаачийн нас барсан шалтгаан нь зүүнээс баруун тийш чиглэлтэй, хүзүүний урд доод хэсгээс баруун тийшээ чиглэлтэй зүссэн шарх байсан. Ер нь биеийн урд болон хажуу хэсэгт хүн өөртөө гэмтэл учруулж болно. Гэхдээ талийгаачийн хүзүүний ар хэсэгт өөрөө өөртөө учруулж болохооргүй гэмтэл байгаа. Талийгаачийн цээжний зүүн урд хэсгийн буюу цээжний хөндий рүү нэвтэрсэн болон хүзүүнд учирсан шарх нь хүнд гэмтэлд орно. Бусад шарх нь хөнгөн гэмтэл байсан. Эдгээр шархнууд нэг хутгаар үүсгэгдсэн байх боломжтой. Шархнуудын хэмжээг харахад нэг хутгаар үүсгэгдсэн байна. Шархны чиглэлүүдийг харахад байрлал нь ардаас, урдаас байгаа. Үүн дээрээс харахад хоёр тусдаа үйлдэл байхыг үгүйсгэхгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Нарандэлгэрийн: ...2014 оны 08 дугаар сард миний охин Төрбат гэж залууг анх гэртээ дагуулж очсон. Тэгэхэд миний охин жирэмсэн ирсэн. Тэгэхэд би Төрбаттай танилцаж дараа нь бэр гуйгаад хадаг сүүгээ тавьсан юм. Төрбат нь хүнтэй ярихдаа харьцааны соёлтой юм шиг хэрнээ үнэндээ харгис хэрцгий хүн байсан байна. Миний охиныг үнэнээ ярих боломжгүй болтол нь дарамталсан байна гэж ойлгож байна. Миний охин 2016 оны 04 дүгээр сард ааваа би энэ хүнээс салмаар байна, гадагшаа гаргахгүй, хүнтэй уулзуулахгүй ядаргаатай юм гэж ярихаар нь наадах чинь гол асуудал биш ээ чи сургуулиа эхлээд төгсөх хэрэгтэй гэж хэлж байсан. Дараа нь 05 дугаар сарын эхээр орой залгаж уйлаад Төрбатаас салмаар байна гэхээр нь Төрбаттай яриад яагаад хэл ам татлаад байна гэхэд ааваа зүгээрээ Биндэръяа охиноо санаад орой тан руу залгасан байна гэхээр нь юм санаагүй утсаа тавьсан юм. Миний охин амиа хорлох хүн биш хүүхэдтэйгээ өдөр болгон утсаар ярьдаг, их бүтээлч, хөдөлмөрч хүүхэд байсан. Би маш их гомдолтой байна. Оршуулгын зардалд 5.165.480 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 3 сая төгрөг зарцуулсан тул нэхэмжилж байна. Миний зээ хүү Ирмүүн миний охиноор овоглодог. Одоо эхнэр бид хоёр зээ хүүгээ өсгөж байгаа болохоор цаашид хүүхдийг хэнд ч өгөхгүй бид хоёр өсгөнө... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-75-77/,

Мөрдөн байцаалтад гэрч Д.Отгонтуяагийн: …Би 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 09 цагаас 15-ны өдрийн 09 цаг хүртэл МУИС-ийн 5 дугаар дотуур байранд жижүүрийн үүрэг гүйцэтгэж ажилласан юм. Гэтэл өнөө өглөө 08 цаг 55 минутын орчим ээлж хүлээлцээд байж байтал гаднаас өмнө нь 322 тоотод хааяа ордог байсан залуу орж ирээд эгчээ 322 тоот руу орж нүүр гараа угаачихаад гаръя гэхээр нь түлхүүрийг нь өгөөд дагуулаад орсон. Тэгтэл нөгөө залуу эгчээ та доошоо бууж бай би нүүр гараа угаачихаад гаръя гэхээр нь би түлхүүр цоожийг нь ширээн дээр нь тавьчихаад гараад явсан. Тэгээд доошоо буугаад удаагүй байтал 09 цаг 05 минутын орчим тэр залуугийн эхнэр болох Биндэръяа гаднаас орж ирээд юу ч дуугаралгүйгээр дээшээ гарсан. Ороод удаагүй 5-10 минутын дараа тэр охин цус нөжтэй болоод шатаар бууж ирээд жижүүрийн үүдэнд уначихсан. Тэгэхээр нь би юу болов гээд дээшээ өрөөнд нь ороход хаалга нь онгорхой байсан ба нөгөө залуу нь орон дээр зүрхэн талдаа өөрийгөө хутгалчихсан хэвтэж байхаар нь чи чинь юу болж байна гэхэд танд хамаагүй, би хаалга түгжчихээд эргэх гэтэл өөрийгөө хутгалчихсан гэсэн. Чамайг хэн хутгалчихсан юм бэ гэхэд би өөрийгөө хутгалсан би амьд явж чадахгүй гэсэн. Тэгээд би түргэн болон цагдаа дуудсан. Намайг доошоо бууж байхад тэр охин ёо ёо гээд дуугараад байсан. Би үнэхээр айгаад харж чадаагүй. Тэр охин бууж ирэхдээ ягаан өнгийн ороолтоор хоолойгоо дарчихсан бууж ирсэн... ...Намайг ороход газарт л нэг дунд зэргийн модон бариултай цус болчихсон хутга байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-91-92/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Баттулгын: ...Би анх Биндэръяа гэх эмэгтэйтэй 2016 оны 04 дүгээр сард МУИС-ийн дотуур байрны хажууд танилцсан юм. Тэгээд надад их таалагдсан болохоор нь танилцаад гар утсаа солилцсон. Түүнээс хойш буюу маргааш нь дотуур байрных нь ойролцоо уулзаад хоолонд ороод тэгээд дотносож танилцаад Зайсан зочид буудалд хоносон. Би нөхөр хүүхэдтэй гэдгийг нь мэдээд Биндэръяад хоёулаа уулзаж болохгүй гэж хэлж байсан. Тэгтэл би чамд дассан гэх утгатай зүйл хэлж байсан. Би ч бас түүнд их сайн болсон байсан. 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Биндэръяатай уулзахаар ирээд байж байтал түүний утаснаас нөхөр нь гэх эрэгтэй хүн түүнийг зодоод уйлуулж байгаа бололтой намайг хүрээд ир гэхээр нь яваад очсон. Тэгтэл нөхөр гэх залуу гарч ирсэн. Араас нь Биндэръяа гарч ирсэн. Тэгтэл тэр залуу түүнийг цохьчих шиг болсон. Тэгээд машинд орж ирж суугаад Спортын ордны зогсоол дээр очоод ярилцаад үнэнээ хэлээд дахин уулзахгүй гэж тохироод салсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-98-99/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Лхагвабаярын: ...Намайг өглөө 09 цаг 25 минутын үед өрөөнөөсөө гараад 1 давхар руу буух үед 3 давхарт ямар ч дуу чимээ гараагүй коридорт ямар нэгэн зүйл болсон эсэхийг би анзаарч хараагүй шууд 1 давхар руу буухад л жижүүрийн өрөөний урд талд нэг эмэгтэй хүн цус болчихсон хоолой дээрээ алчуур тавьчихсан алчуур нь мөн цус болчихсон шалан дээр хэвтэж байсан. Тэгээд би шууд 102 руу дуудлага өгөөд дараа нь 103 руу мөн дуудлага өгсөн юм.  Би 2 удаа дуудлага өгсөн. ...322 тоот өрөө рүү ороход нэг эрэгтэй хүн зүүн талын хана дагуу байрлуулан тавьсан орон дээр хэвтэж байсан. Тэр хүний цээж нь цус болчихсон, орон дээр дээшээ хараад хэвтэж байсан. шалан дээр хэвтэж байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-103/,

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Отгонбаярын: ...2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 09 цаг 26 минутанд зохицуулагчаас СБД-ийн 8-р хороо МУИС 5-р дотуур байрны жижүүр дээр хүзүүнээс цус алдаад байна гэсэн дуудлага хүлээн авч очиход 20 орчим насны эмэгтэй хүн жижүүрийн урд талд ухаан бүдгэрсэн, тасалдсан амьсгалтай, хүзүү нь нүүр гарны алчуураар ороосон байдалтай, зүүн хажуу, гүрээний судас орчмоос цус алдалт тогтохгүй гарч байсан тул өвчтөнд даралттай боолт хийж насылк авчран машинд зөөж оруулан амь насны заалтаар хамгийн ойрхон 1 дүгээр эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хүлээлгэж өгсөн... Өвчтөнг 1-р эмнэлгийн хүлээн авах тасагт хүлээлгэн өгөхөд өвчтөн тасалдсан амьсгалтай, зүрхний үйл ажиллагаатай байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-107-108/,

Мөрдөн байцаалтад гэрч Д.Отгонцэцэгийн: ...Талийгаач бид хоёр 3 жилийн өмнөөс хотод оюутан байх үедээ танилцсан юм. 2016 оны 05 дугаар сарын 14-ний оройны 22 цаг өнгөрч байхад талийгаач над руу залгаад найз аа юу байна аа ойрд уулзаагүй жоохон юм ярьж сууя ярих зүйл байна гэсэн. Тэгээд бид хоёр 23 цагийн орчимд уулзаад МУИС-ийн 2-р байрны хажуугийн “Цэ” пабад суусан юм. Тэнд сууж байхдаа ... талийгаач надад найз нь гэр бүлээсээ сална, Төрөө ахтай хамт амьдрахаа болих гэж байгаа, надад хайр халамж дутагдаад байна гэж хэлж байсан... Тэгээд миний өөр хүнтэй уулзаж байгааг Төрөө ах мэдэж байгаа, миний уулзаж байгаа залуутай Төрөө ах уулзсан гэж байсан... Тэгж ярьж байх зуураа талийгаач миний утсаар фэйсбүүк рүүгээ ороод нэг хүнтэй чатлаад дуудсан байсан юм. Удалгүй нэг залуу ирээд бид гурав 20 орчим минут суугаад хамтдаа гарсан. Тэгээд дуудлагын жолоочоор машинаа бариулаад би урд нь суугаад тэр хоёр хойно нь суусан. ...Бид нарыг хамт явж байхад талийгаачийн гар утас руу нь эгч Тамир нь залгасан. Тэгтэл талийгаач надад хандан эгч ингээд надад санаа зовоод байдаг юм, чи намайг манай гэрт хамт байна унтаж байна гээд хэлээд өгөөч гэхээр нь би утсыг аваад бид хоёр одоо унтах гэж байна, та битгий санаа зовоорой гэж хэлсэн. Тэгээд намайг 11-р хороололд гэрийн гадаа буулгаад тэр хоёр хөдлөөд явсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-109-110/,

Мөрдөн байцаалтад гэрч И.Анандын: ...2016 оны 5 сарын 14-ний орой манай эхнэр Тамирын утас руу Төрбат залгаад дүү чинь алга болсон гэж хэлсэн байсан. ...Тэгээд эхнэр бид хоёр Төрбаттай уулзахад Төрбат талийгаачийг алга болчихлоо яах вэ гэж байсан. Мөн талийгаачийг 1 залуутай явалдаад байгаа, тэр залуу нь их баян хүн байгаа би сая тэр залуутай нь уулзаад ирлээ гэж байсан... Тэгээд бид 3 хамт явж Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр очиж Төрбат орж байцаалт өгөөд нилээд удсан. Тэр хооронд манай эхнэр дүүтэйгээ утсаар холбогдсон. Тэгтэл дүү нь зүгээр, та нар харьж амар санаа зоволтгүй гэж хэлсэн. ...Тэр шөнө Төрбат хонох газар байхгүй гээд бид 3 манайх руу хамт яваад Төрбат маш их ядарч байна гээд бид хоёр машин дотор хэсэг унтаад өглөө 05 цаг болж байхад сэрээд Төрбат талийгаачийн байдаг байсан дотуур байр руу явна гэж байсан. ...Төрбат урд орой нь надтай уулзахдаа талийгаачтай сүүлийн 20 хоног таарамж муутай байгаа гэж хэлж байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-111-112/,

Мөрдөн байцаалтад гэрч Ш.Хишигсүрэнгийн: ...Манай ах Төрбат нь 3 хүүхэдтэй айлын том нь юм. Манай ах 1988 оны 07 дугаар сарын 23-нд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн. 1996 онд сургуульд ороод, ШУТИС-ийн барилгын ангийг төгссөн. Манай ах “АТА ТРЕЙД” ХХК-д талбайн инженер хийдэг байсан. Манай ах төлөв даруу зантай, архи хэрэглэдэггүй. Аав ээж хоёр 2004, 2005 онд өвчний улмаас нас барсан юм... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-116-117/,

Мөрдөн байцаалтад шинжээч эмч М.Энхбаярын: ...Шинжээчийн дүгнэлтэнд талийгаачийн биед учирсан гэмтлийг тодорхой тусгасан. Талийгаач Биндэръяагийн үхэлд хүргэсэн гэмтэл нь хүзүүний зүүн хажуугаас баруун дээш чиглэлтэй явж төвөнхийг гэмтээж хоолойн баруун хажуугаар гарсан шарх байсан. Энэ шархнаас болж амьсгалын зам цус алдан амьсгал цусаар бөглөрч нас барсан. Үүнээс гадна 8 шарх үүссэн бөгөөд энэ шархнууд нь бүгд талийгаачийн өөрийн гараар үүсгэгдэх боломжгүй байсан бөгөөд үүнийг дүгнэлтэнд тодорхой тусгасан байгаа. Талийгаачийн үхэлд хүргэх шарх нь зүүнээс баруун дээш чиглэсэн болохоор талийгаачийг өөртөө энэ гэмтлийг учруулсан гэж үзэх боломжгүй. ...Талийгаачийн хувьд араас нь хөөж хутгалсан, энд тэнд олон тооны шарх үүсгэсэн байгаа болохоор Биндэръяа нь өөрөө өөртөө шарх үүсгээгүй гэж үзэж байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-192-194/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн цогцост задлан шинжилгээ хийсэн ¹935 тоот:

  1. Н.Биндэръяагийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурьдагдсан гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүдээс хүзүүний зүүн хажуу хэсгийн баруун дээш чиглэлтэй суваг үүсгэн явж төвөнхийг гэмтээн, хоолойн баруун урд хэсгээр нэвт гарсан хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний зүүн урд хэсгийн цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх, хоолой, хүзүү, зүүн мөр, баруун гарын долоовор хурууны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн /8 удаагийн/ үйлчиллээр, баруун нүдний зовхины цус хуралт нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
  3. 4. Дээрх гэмтлүүдээс хүзүүний зүүн хажуу хэсгийн төвөнхийг гэмтээсэн шарх болон цээжний зүүн урд хэсгийн цээжний хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь бүгд амьддаа үүсгэгдсэн, шинэ гэмтлүүд байна.
  1. Талийгаачид учирсан хүзүүний зүүн хажуу хэсгийн төвөнхийг гэмтээсэн шарх гэмтлийн улмаас амьсгалын зам цусаар бөглөрснөөс Н.Биндэръяа нь амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ.
  2. Талийгаачид архаг хууч өвчин тогтоогдоогүй болно.
  3. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломж багатай.
  4. Дээрх гэмтлүүдийг талийгаач өөрийн биед учруулах боломжгүй.
  5. Талийгаач Н.Биндэръяа нь согтууруулах ундаа хэрэглээгүй байна.
  6. Талийгаач Н.Биндэръяа нь АВО системээр Оαβ ( I ) бүлгийн цустай байжээ. Шинжээч эмч М.Энхбаяр гэсэн дүгнэлт /1хх-137-139/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-140-141/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн ¹4401 тоот:

  1. Н.Биндэръяа гэж хаягласан цус нь О/I/ бүлгийн харьяалалтай байна. Биологийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч М.Өнөржаргал /1хх-142/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн ¹4400 тоот:

  1. Шинжилгээнд ирүүлсэн Н.Биндэръяагийн гэх цусанд спиртийн агууламж илрээгүй. Химийн лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Б.Ламчин /1хх-143/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн ¹4391 тоот:

  1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хос гутал, цэнхэр өнгийн дженсэн өмд, хар өнгийн тэлээ, хар өнгийн трико, хөх өнгийн хөхний даруулга, хар өнгийн цамцан дээр цус илэрсэн. Бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй.
  2. Хар өнгийн хос гутал, цэнхэр өнгийн дженсэн өмд, хар өнгийн цамцан дээрх цус нь АВО системээр О /I/ бүлгийн харьяалалтай байна.
  3. Хар өнгийн тэлээ, хар өнгийн трико, хөх өнгийн хөхний даруулган дээрх

цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна.

  1. Ягаан өнгийн торон дотоожин дээр биологийн гаралтай ул мөр илрээгүй. Биологийн шинжээч, цагдаагийн дэслэгч Ц.Бямбадорж гэсэн дүгнэлт /1хх-145/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн ¹4390 тоот:

  1. Шинжилгээнд ирүүлсэн юүдэнтэй саарал өнийн цамц, саарал өнгийн дженсэн өмд цайвар өнгийн шорт, хулганы зурагтай ягаан эрээн өнгийн алчуур, цэцэгтэй ягаан өнгийн алчуур дээр цус илэрсэн. Бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй.
  2. Юүдэнтэй саарал өнгийн цамц, саарал өнгийн дженсэн өмд, хулганы зурагтай ягаан эрээн өнгийн алчуур дээрх цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна.
  3. Цайвар өнгийн шорт, цэцэгтэй ягаан өнгийн алчуур дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй. Биологийн шинжээч, цагдаагийн дэслэгч Ц.Бямбадорж гэсэн дүгнэлт /1хх-147/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн ¹4448 тоот:

  1. Шинжилгээнд ирүүлсэн Биндэръяагийн гарын 10 хурааны гэх хумснууд дээр цус илэрсэн. Бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй.
  2. Биндэръяагийн гарын 10 хурууны гэх хумснууд дээрх цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна. Биологийн шинжээч, цагдаагийн дэслэгч Ц.Бямбадорж гэсэн дүгнэлт /1хх-149/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн ¹4392 тоот:

  1. Шинжилгээнд ирүүлсэн №8, №2, №1, №7, №3 дугааруудтай хөвөн бамбар, №9 хаалганы бариул, №9 замган цоож гэсэн бичигтэй хөвөн бамбарнууд, орны арын ханан дээр цацарсан цус гэсэн бичигтэй хуванцар савтай хүрэн өнгийн хатсан зүйл болон хутган дээр цус илэрсэн.
  2. №8, №2, №7 дугааруудтай хөвөн бамбар дээрх цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна.
  3. №3 дугаартай бүтээлэгний хэсэг дээрх цус нь АВО системээр АВ/IV/ бүлгийн харьяалалтай байна.
  4. №1 дугааруудтай хөвөн бамбар, №9 хаалганы бариул, №9 замган цоож гэсэн бичигтэй хөвөн бамбарнууд, орны арын ханан дээр цацарсан цус гэсэн бичигтэй хуванцар савтай хүрэн өнгийн хатсан зүйл, хутган дээрх цусны бүлгийн харьяалаллыг тогтоох боломжгүй байна. Биологийн шинжээч, цагдаагийн дэслэгч Ц.Бямбадорж гэсэн дүгнэлт /1хх-151/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн ¹5748 тоот:

  1. Шинжилгээнд аdidas гэсэн бичигтэй хар өнгийн хос пүүзэн гутал, хүрэн өнгийн цамц, ягаан эрээн өнгийн нимгэн хүзүүний ороолт, цэнхэр өнгийн жинсэн өмд, хүрэн өнгийн тэлээн дээр цус илэрсэн. Бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй.
  2. Ягаан эрээн өнгийн нимгэн хүзүүний ороолтон дээрх цус нь АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай байна.
  3. Хүрэн өнгийн цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, хүрэн өнгийн тэлээн

дээрх цус нь АВО системээр АВ /IV/ бүлгийн харьяалалтай байна.

  1. Adidas гэсэн бичигтэй хар өнгийн хос пүүзэн гутал дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна. Биологийн шинжээч, цагдаагийн дэслэгч Ц.Бямбадорж гэсэн дүгнэлт /1хх-153/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн ¹3329 тоот:

  1. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад зүсэгдсэн уранхай хурц иртэй зүйлийн үйлчлэлээр шинээр гарсан байна. Харин шинжилгээнд ирүүлсэн цагаан саарал өнгийн төмөр аралтай хар өнгийн тэлээ уранхайгүй байна.
  2. Цаг хугацааг тогтоох боломжгүй. Мэргэшсэн шинжээч, цагдаагийн хошууч Г.Ганцэцэг гэсэн дүгнэлт /1хх-155-156/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-157-158/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн ¹10159 тоот:

  1. Ш.Төрбатын биед цээжинд олон тооны шархтай, уушиг гэмтэж хагалгаа хийгдсэн хагалгааны дараахь байдалтай зэрэг гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
  3. ШЭГЗТЖ-ын 3.1.11-д зааснаар хүнд зэргийн гэмтэлд хамаарна.
  4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно. Шинжээч эмч С.Одончимэг /1хх-168/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн ¹4296 тоот:

  1. Шинжилгээнд ирүүлсэн цамцанд зүсэгдсэн уранхайнууд хурц ир, мөртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр шинээр гарсан байна.
  2. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас уранхайгүй байна. Мэргэшсэн шинжээч, цагдаагийн хошууч Г.Ганцэцэг гэсэн дүгнэлт /1хх-186/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-187/,

       

Шүүх сэтгэц эмгэг судлалын №698 тоот:

  1. Ш.Төрбат нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан байна.
  2. Ш.Төрбат нь тэр үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна.
  3. Ш.Төрбат нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчилж байсан эсэхийг нотлох бичиг баримт одоогоор үгүй байна. Ш.Төрбат нь эмнэлгийн байнгын хяналтанд байдаг эсэх талаар баримт үгүй байна.
  4. Ш.Төрбат нь одоо сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Ш.Төрбатад албадан эмчилгээ шаардлагагүй.
  5. Ш.Төрбат нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  6. Ш.Төрбат нь хэрэг хариуцах чадвартай байна. Комиссын дарга О.Баатаржав, гишүүд Ц.Саранцацрал, илтгэгч С.Байгальмаа гэсэн дүгнэлт /1хх-189-191/,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-9-12/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-13-19/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-21-22, 27-28/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-23-26, 29-30/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-31-32/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-33-36/, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-37-40, 41-42/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-43-62/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-63-68/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1хх-71/, зарлагын баримтууд /1хх-78-89/, Ш.Төрбатын өвчний түүх /1хх-171-184/, Ш.Төрбатын Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст гаргасан өргөдөл /1хх-225/, Н.Биндэръяагийн нас барсны гэрчилгээний хуулбар /1хх-245/, Хэнтий аймгийн Биндэр сумын ЕБС-ийн Н.Биндэръяагийн зан байдлын талаар гаргасан тодорхойлолт /2хх-33, 58-59/, Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/10 дугаартай Асран хамгаалагч тогтоох тухай захирамж /2хх-34/, Б.Ирмүүний төрсний гэрчилгээний хуулбар /2хх-55/, Н.Биндэръяагийн бакалаврын дипломны хуулбар /2хх-37-38/, хохирол төлсөн баримтууд /2хх-39-48/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /2хх-54/,

шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: гэрч Ш.Одонбилэгийн мэдүүлэг /1хх-114/, гэрч Ч.Эрдэнэпүрэвийн мэдүүлэг /1хх-115/, гэрч Ш.Хишигсүрэнгийн мэдүүлэг /1хх-116-117/, гэрч М.Гунгаагийн мэдүүлэг /1хх-126/, гэрч Д.Бадамсүрэнгийн мэдүүлэг /1хх-128-129/, сурагчийн хувийн хэргийн хуулбар /2хх-5-8/, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн Засаг даргын тодорхойлолт /2хх-10/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-11/, Ш.Төрбатын сурлага хүмүүжил, зан байдлын талаарх тодорхойлолтууд /2хх-12-23/, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /2хх-29/, бакалаврын дипломын хуулбар /2хх-30/ зэрэг цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжилж, эд мөрийн баримтад үзлэг хийв.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгчийн: …Улсын яллагчаас оногдуулж байгаа зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгчийг амьдралаа босгох гэж явж байхад баян залуу гарч ирсэн. Шүүгдэгч эхнэрээ зүгээр яв, яв гэж явуулах байсан юм уу. …Шүүгдэгч тэр өдөр эгч, баз нартайгаа шөнөжин хохирогчийг хайсан гэдэг нь тогтоогдсон. Хохирогчийг өөрийнхөө хоолойг зүссэн байхыг хараад амьдрах уу үхэх үү гэж шоконд орсон байна. …Хохирогч ам авраарай гэж гуйсан байна уу гэдгийг тогтоох ёстой. Гарцаагүй төгс нотолж байж энэ хэргийг шийдэх ёстой. …Энэ хэргийг онц харгис хэрцгий аргаар гэж зүйлчилж болохгүй. Эхний хэрчилтээс болж амь нас хохирсон байж болно. Тэр хүн энэ гэмтлээс болж тарчилж зовж байсан юм уу, үүнийг тогтоох ёстой. Гэмтлүүдийг ялгаж салгах ёстой байсан. Шүүгдэгч анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа. Тиймээс энэ үйлдэл хийсэн үед сэтгэц ямар байхыг шинжээчээр дүгнэлт гаргуулах шаардлагатай байгаа учир хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хэрэгтэй гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

 

            Шүүгдэгч Ш.Төрбат 2016 оны 05 дугаар сарын 15-ны өглөө хамтран амьдрагч Н.Биндэръяагийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн харъяа оюутны 5 дугаар байрны 322 тоот өрөөнд 8 цаг 55 минутын үед ороход хохирогч Н.Биндэръяа эзгүй байсан ба 9 цаг 05 минутын орчим хохирогч ирсэн болох нь

мөрдөн байцаалтад гэрч Д.Отгонтуяагийн: …өглөө 08 цаг 55 минутын орчим ээлж хүлээлцээд байж байтал гаднаас өмнө нь 322 тоотод хааяа ордог байсан залуу орж ирээд эгч ээ 322 тоотод ороод нүүр гараа угаагаад гаръя гэхээр нь түлхүүрийг нь өгөөд дагуулаад орсон.Тэгтэл нөгөө залуу эгч ээ та доошоо бууж бай би нүүр гараа угаагаад л гарна гэхээр нь би түлхүүрээ ширээн дээр нь тавиад доошоо буутал 09 цаг 05 минутын орчим тэр залуугийн эхнэр болох Биндэръяа гаднаас орж ирээд дээшээ гарсан… гэж мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байгаа ба улмаар …хамтран амьдрагч, Н. Биндэръяагийн биед хутгаар хүзүүний зүүн хажуу хэсгийн баруун дээш чиглэлтэй суваг үүсгэн төвөнхийг гэмтээн, хоолойн баруун урд хэсгээр нэвт гарсан хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн урд хэсгийн цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх, хоолой, хүзүү, зүүн мөр, баруун гарын долоовор хурууны хатгагдаж зүсэгдсэн шарх зэрэг олон тооны гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн цогцост задлан шинжилгээ хийсэн ¹935 тоот:

  1. Н.Биндэръяагийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурьдагдсан гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүдээс хүзүүний зүүн хажуу хэсгийн баруун дээш чиглэлтэй суваг үүсгэн явж төвөнхийг гэмтээн, хоолойн баруун урд хэсгээр нэвт гарсан хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний зүүн урд хэсгийн цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх, хоолой, хүзүү, зүүн мөр, баруун гарын долоовор хурууны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн /8 удаагийн/ үйлчиллээр, баруун нүдний зовхины цус хуралт нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
  3. 4. Дээрх гэмтлүүдээс хүзүүний зүүн хажуу хэсгийн төвөнхийг гэмтээсэн шарх болон цээжний зүүн урд хэсгийн цээжний хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь бүгд амьддаа үүсгэгдсэн, шинэ гэмтлүүд байна.
  1. Талийгаачид учирсан хүзүүний зүүн хажуу хэсгийн төвөнхийг гэмтээсэн шарх гэмтлийн улмаас амьсгалын зам цусаар бөглөрснөөс Н.Биндэръяа нь амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ.
  2. Талийгаачид архаг хууч өвчин тогтоогдоогүй болно.
  3. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломж багатай.
  4. Дээрх гэмтлүүдийг талийгаач өөрийн биед учруулах боломжгүй.
  5. Талийгаач Н.Биндэръяа нь согтууруулах ундаа хэрэглээгүй байна.
  6. Талийгаач Н.Биндэръяа нь АВО системээр Оαβ ( I ) бүлгийн цустай байжээ. Шинжээч эмч М.Энхбаяр гэсэн дүгнэлт /1хх-137-139/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-140-141/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч М.Энхбаярын: Талийгаачид задлан шинжилгээ хийхэд хүзүүний зүүн хажуу хэсгийн баруун дээд чиглэлтэй суваг үүсгэн явж төвөнхийг гэмтээн, төвөнхийн баруун дээд хэсгээр нэвт гарч, хатгаж зүсэгдсэн шарх, амьсгалын зам, шингэн буюу цусаар бөөгнөрөх, уушигны цус харвалт, дотор эрхтнүүдийн цус багадалт, цээжний зүүн урд хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрч хатгагдсан шарх, хоолой хүзүү, зүүн мөр, баруун гарны долоовор хурууны зүсэгдсэн шархнууд, баруун нүдний зовхины цус хуралт гэсэн гэмтэл тогтоогдсон. Нас барахад хүргэсэн үндсэн гэмтэл төвөнхийг гэмтээсэн хатгагдсан шархны улмаас цус алдаж, амьсгалын зам цусаар бөглөрснөөс болсон гэсэн дүгнэлт гаргасан. Талийгаачид 9 тооны гэмтэл үүссэн байсан. Талийгаачийн нас барсан шалтгаан нь зүүнээс баруун тийш чиглэлтэй, хүзүүний урд доод хэсгээс баруун тийшээ чиглэлтэй зүссэн шарх байсан. Ер нь биеийн урд болон хажуу хэсэгт хүн өөртөө гэмтэл учруулж болно. Гэхдээ талийгаачийн хүзүүний ар хэсэгт өөрөө өөртөө учруулж болохооргүй гэмтэл байгаа. Талийгаачийн цээжний зүүн урд хэсгийн буюу цээжний хөндий рүү нэвтэрсэн болон хүзүүнд учирсан шарх нь хүнд гэмтэлд орно. Бусад шарх нь хөнгөн гэмтэл байсан. Эдгээр шархнууд нэг хутгаар үүсгэгдсэн байх боломжтой. Шархнуудын хэмжээг харахад нэг хутгаар үүсгэгдсэн байна. Шархны чиглэлүүдийг харахад байрлал нь ардаас, урдаас байгаа гэж мэдүүлсэн мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад шинжээч эмч М.Энхбаярын: ...Шинжээчийн дүгнэлтэнд талийгаачийн биед учирсан гэмтлийг тодорхой тусгасан. Талийгаач Биндэръяагийн үхэлд хүргэсэн гэмтэл нь хүзүүний зүүн хажуугаас баруун дээш чиглэлтэй явж төвөнхийг гэмтээж хоолойн баруун хажуугаар гарсан шарх байсан. Энэ шархнаас болж амьсгалын зам цус алдан амьсгал цусаар бөглөрч нас барсан. Үүнээс гадна 8 шарх үүссэн бөгөөд энэ шархнууд нь бүгд талийгаачийн өөрийн гараар үүсгэгдэх боломжгүй байсан бөгөөд үүнийг дүгнэлтэнд тодорхой тусгасан байгаа. Талийгаачийн үхэлд хүргэх шарх нь зүүнээс баруун дээш чиглэсэн болохоор талийгаачийг өөртөө энэ гэмтлийг учруулсан гэж үзэх боломжгүй. ...Талийгаачийн хувьд араас нь хөөж хутгалсан, энд тэнд олон тооны шарх үүсгэсэн байгаа болохоор Биндэръяа нь өөрөө өөртөө шарх үүсгээгүй гэж үзэж байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

 Мөрдөн байцаалтад гэрч Д.Отгонтуяагийн: …09 цаг 05 минутын орчим тэр залуугийн эхнэр болох Биндэръяа гаднаас орж ирээд юу ч дуугаралгүйгээр дээшээ гарсан. Ороод удаагүй 5-10 минутын дараа тэр охин цус нөжтэй болоод шатаар бууж ирээд жижүүрийн үүдэнд уначихсан. ...Тэр охин бууж ирэхдээ ягаан өнгийн ороолтоор хоолойгоо дарчихсан бууж ирсэн... ...Намайг ороход газарт л нэг дунд зэргийн модон бариултай цус болчихсон хутга байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Лхагвабаярын: ...Намайг өглөө 09 цаг 25 минутын үед өрөөнөөсөө гараад 1 давхар руу буух үед 3 давхарт ямар ч дуу чимээ гараагүй коридорт ямар нэгэн зүйл болсон эсэхийг би анзаарч хараагүй шууд 1 давхар руу буухад л жижүүрийн өрөөний урд талд нэг эмэгтэй хүн цус болчихсон хоолой дээрээ алчуур тавьчихсан алчуур нь мөн цус болчихсон шалан дээр хэвтэж байсан. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-103/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-9-12/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-13-19/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-21-22, 27-28/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-23-26, 29-30/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл /1хх31-32/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-33-36/, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-37-40, 41-42/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-43-62/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх63-68/-ээр нотлогдов.

Хохирогч Н.Биндэръяа шүүгдэгч Төрбаттай 2014 оны 5 сараас хамтран амьдарсан ба 2016 оны 4 сард Б.Баттулга гэгчтэй танилцан гэр бүлээсээ гадуур харьцаа үүсгэн нөхөр Ш.Төрбатад салах хүсэлтэйгээ хэлж улмаар шүүгдэгч хохирогч нарын хооронд таарамжгүй харьцаа үүссэн ба 2016 оны 5 сарын 14-ний шөнийг хохирогч Н.Биндэръяа Б.Баттулга гэгчтэй хамт өнгөрөөсөн, шүүгдэгч Ш.Төрбат эхнэр Н.Биндэръяаг эрж хайж явсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Төрбатын: 2016 оны 05 дугаар сарын 15-ны өглөө … яагаад янз бүрийн юм бичээд байгаа юм, надтай юу болсон талаараа яриач гэхэд чи намайг зүгээр явуулчихаж болдоггүй юм уу гэсэн. …гэж мэдүүлсэн мэдүүлэг,

талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Отгонцэцэгийн: …Тухайн орой 23 цагийн үед гэрийн чинь гадаа байна, гараад ирээч уулзъя гээд байхаар нь эгчээсээ зөвшөөрөл аваад гарсан. …Тэгээд надад найз нь сэтгэлээр унаад явж байна, чамтай ярьмаар санагдаад явж байна гэсэн. Би нөхөртэйгөө таарамжгүй харьцаатай байгаа, би төгсөөд шууд гэр рүүгээ явна, хүүхэд дээрээ очоод хүүхэдтэйгээ л хоёулаа байна, би Төрбатаас сална гэж хэлж байсан. ...талийгаач …найз нь фэйсбүүкээрээ оръё гэхээр нь утсаа өгсөн. Тэгээд найз нь нэг хүн дуудсан, чамтай танилцуулъя гэсэн. Удалгүй нэг залуу ирсэн. …Энэ хүнтэй уулзаж байгаа, танилц гэж хэлсэн. Бид нар тухайн газраасаа 12 цаг өнгөрч байхад Зайсан руу оччихоод удаагүй...  ...намайг гэрийн гадна хүргэж өгөөд тэр хоёр хамт явсан гэж,

шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Баярцэнгэлийн: …Бид нар уулзаад сууж байхад Баттулга гэдэг залуу хүрч ирсэн. Талийгаач тухайн үед Төрбат энэ хүнийг мэдэж байгаа гэж хэлсэн. Тэгтэл Төрбат над руу залгаад байхаар нь би тэр газраа дуудсан. Тэгээд Төрбат ирэхэд талийгаачийн хажууд нөгөө залуу нь сууж байсан. Төрбат орж ирээд миний хайр юу хийж байгаа юм гэхэд тухайн үед талийгаач уурлаад босоод явсан. Тэгээд шүүгдэгч, талийгаач, нөгөө залуу гурав гадагш гараад буцаад шүүгдэгч, талийгаач хоёр орж ирсэн. …Тэгтэл шөнө нь Төрбат ганцаараа бидний байсан газарт ирсэн. …Өглөө нь талийгаачийг нөгөө хүн нь ирээд аваад явчихлаа, ах нь одоо байр руу нь явлаа, одоо ирсэн байх гэхээр нь бид хоёр та тайван байгаарай гэж хэлэхэд Төрбат ах би өөрөө өнчин өссөн, би хүүхдээ өнчрүүлмээргүй байна, би тэр хүнийг салгаад, болиулмаар байна гэж хэлж байсан. …гэж тус тус мэдүүлсэн мэдүүлэг,

            Хавтаст хэргээс шинжилсэн мөрдөн байцаалтад гэрч Б.Баттулгын: ...Би анх Биндэръяа гэх эмэгтэйтэй 2016 оны 04 дүгээр сард МУИС-ийн дотуур байрны хажууд танилцсан юм. Тэгээд надад их таалагдсан болохоор нь танилцаад гар утсаа солилцсон. Түүнээс хойш буюу маргааш нь дотуур байрных нь ойролцоо уулзаад хоолонд ороод тэгээд дотносож танилцаад Зайсан зочид буудалд хоносон. Би нөхөр хүүхэдтэй гэдгийг нь мэдээд Биндэръяад хоёулаа уулзаж болохгүй гэж хэлж байсан. Тэгтэл би чамд дассан гэх утгатай зүйл хэлж байсан. Би ч бас түүнд их сайн болсон байсан. ...2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр... ...Биндэръяа бид 2 Офицерт байдаг буудалд очиж хоноод өнөөдөр буюу 2016 оны 05 дугаар сарын 15-ны өглөө 07 цаг 50 минутын орчимд буудлаас гараад Биндэръяагийн сурдаг Боловсролын их сургууль, дараа нь 40 мянгат ороод цайны газар орж хоол идээд ирж өрөөнөөсөө юм авна гэхээр нь байрных нь хойд талд гараад 30 минут орчим хүлээгээд 10 цаг орчим болоход Биндэръяа гарч ирэхгүй байсан... гэж,

            Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Нарандэлгэрийн: ...Миний охин 2016 оны 04 дүгээр сард аав аа би энэ хүнээс салмаар байна, гадагшаа гаргахгүй, хүнтэй уулзуулахгүй ядаргаатай юм гэж ярихаар нь наадах чинь гол асуудал биш ээ чи сургуулиа эхлээд төгсөх хэрэгтэй гэж хэлж байсан. Дараа нь 05 дугаар сарын эхээр орой залгаж уйлаад Төрбатаас салмаар байна гэхээр нь Төрбаттай яриад яагаад хэл ам татлаад байна гэхэд аав аа зүгээр ээ Биндэръяа охиноо санаад орой тан руу залгасан байна гэхээр нь юм санаагүй утсаа тавьсан юм... гэж,

Мөрдөн байцаалтад гэрч И.Анандын: ...2016 оны 5 сарын 14-ний орой манай эхнэр Тамирын утас руу Төрбат залгаад дүү чинь алга болсон гэж хэлсэн байсан. ...Тэгээд эхнэр бид хоёр Төрбаттай уулзахад Төрбат талийгаачийг алга болчихлоо яах вэ гэж байсан. Мөн талийгаачийг 1 залуутай явалдаад байгаа, тэр залуу нь их баян хүн байгаа би сая тэр залуутай нь уулзаад ирлээ гэж байсан... Тэгээд бид 3 хамт явж Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр очиж Төрбат орж байцаалт өгөөд нилээд удсан. Тэр хооронд манай эхнэр дүүтэйгээ утсаар холбогдсон. Тэгтэл дүү нь зүгээр, та нар харьж амар санаа зоволтгүй гэдгийг хэлсэн. ...Тэр шөнө Төрбат хонох газар байхгүй гээд бид 3 манайх руу хамт яваад Төрбат маш их ядарч байна гээд бид хоёр машин дотор хэсэг унтаад өглөө 05 цаг болж байхад сэрээд Төрбат талийгаачийн байдаг байсан дотуур байр руу явна гэж байсан. ...Төрбат урд орой нь надтай уулзахдаа талийгаачтай сүүлийн 20 хоног таарамж муутай байгаа гэж хэлж байсан... гэж тус тус мэдүүлсэн мэдүүлгүүдээр тогтоогдов.

 

Үүнээс үзэхэд шүүгдэгч Ш.Төрбат амь хохирогч Н.Биндэръяа нарын хооронд хувийн таарамжгүй харьцаа байсан нь нотлогдож байх тул шүүгдэгчийг хохирогчийн биед хутгаар олон тооны шарх гэмтэл үүсгэн, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан онц хүнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Монгол улсын Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн

91.2.12-д зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            

         Шүүгдэгч Ш.Төрбатын гэм буруутай үйлдлээс хүний амь нас хохирч хүнд хор уршиг учирсан ба хохирогчийг оршуулахад гарсан зардал болон гэм хорын хохиролд 8.165.840 төгрөг нэхэмжилснээс 5.165.840 төгрөгийг нөхөн төлсөн нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлсэн мэдүүлэг хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 3.000.000 /гурван сая/ төгрөгийг Ш.Төрбатаас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Нарандэлгэрт олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ш.Төрбат ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /2хх-11/, хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц гэм судлалын №698 тоот дүгнэлтээр тус тус нотлогдов.

         

          Шүүгдэгч Ш.Төрбат хохирогч Н.Биндэръяа нарын дундаас 2014 оны 12 сарын 20-нд төрсөн хүү Биндэръяагийн Ирмүүний асран хамгаалагчаар Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг даргын 2016 оны 06 сарын 09-ний өдрийн Б/10 тоот захирамжаар /2хх-34/ Дашзэвэгийн Алтанзулыг тогтоосон байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн иштэй 1 ширхэг хутга, хар өнгийн хос гутал, хөх ягаан өнгийн хөхний даруулга, хар өнгийн трико, ягаан өнгийн дотоож, хар тэлээтэй цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн цамц, саарал өнгийн малгайтай цамц зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

  1. Шагдарсүрэнгийн Төрбатыг онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан онц хүнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-д зааснаар Шагдарсүрэнгийн Төрбатыг 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Ш.Төрбатад оногдуулсан 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.         
  4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Ш.Төрбатын 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 148 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.   
  5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар Ш.Төрбатаас 3.000.000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг Буурлын хороо 20-17 тоотод оршин суудаг /РД:СЭ70041311/ Цэвэггомбын Нарандэлгэрт олгосугай.
  6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн иштэй 1 ширхэг хутга, хар өнгийн хос гутал, хөх ягаан өнгийн хөхний даруулга, хар өнгийн трико, ягаан өнгийн дотоож, хар тэлээтэй цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн цамц, саарал өнгийн малгайтай цамц зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

         7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Ш.Төрбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хорих ялыг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.                                     

          8.  Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.        

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ш.Төрбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.     

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ү.ТҮМЭНЖАРГАЛ

                                 ШҮҮГЧИД                                       С.ОЮУНЧИМЭГ

                                                                                         Х.ИДЭР