Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2019/ДШМ/541

 

 

 

 

 

 

 

 

 

С.М, С.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Ганзориг,

хохирогч Б.Уийн өмгөөлөгч Ж.Гантулга,

шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Г.Тамир,

шүүгдэгч С.Мын өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 390 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ нарын хамтран гаргасан болон шүүгдэгч С.Мэ, түүний өмгөөлөгч Г.Тамир нарын гаргасан давж заалдах гомдлоор С.Мэ, С.М нарт холбогдох 1808012761028 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Ц овгийн С-ийн М, 1984 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 7, эх, нөхөр, дүү, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 2 дугаар байрны 117 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            2. Ц овгийн С-ийн М, 1989 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, "Мэжик Эм Жи Ай" ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 59в байрны 3 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            С.Мэ, С.М нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Б.Уийн өмчлөлийн 42-23 УБЧ улсын дугаартай “Тоёота Приус 20” загварын тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, Б.Ут 10.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч С.Мэ, С.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос С.Мэ, С.М нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, С.М, С.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Мийг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, С.Мыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар С.Мын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан С.Мэд мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б.Мөнхсувдад 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, хохирлоо төлж барагдуулахыг түүнд үүрэг болгож, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.Мээс 6.912.233 төгрөг, С.Маас 6.912.233 төгрөг тус тус гаргуулж, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 10-28 тоотод оршин суух /НЙ86032112 регистрийн дугаартай/ Б.Ут олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухай;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д "Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, ... гэмт хэрэг үйлдсэн бол хөөн хэлэлцэх хугацааг нэг жил...”, мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т "Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, ... гэмт хэрэг үйлдсэн бол хөөн хэлэлцэх хугацааг таван жил...” гэж тус тус тогтоожээ.

С.Мын холбогдсон Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хорих ялын хэмжээг 6 сараас 5 жилийн хугацаатай” хуульчилсан тул энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн алинд ч хамаарахааргүй байгаа юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэхээр заасан тул С.Мын холбогдсон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу нэг жил гэж үзнэ. С.Мын холбогдсон гэмт хэргийн цаг хугацаа 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр тул анхан шатны шүүхээр хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр шийдвэрлэхээс өмнө хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна.

Иргэний нэхэмжлэлд холбогдох хэсгийг үндэслэлгүй шийдвэрлэсэн тухай;

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу С.Маас 6.912.233 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ 3.024.466 төгрөгийн шатахууныг хохиролд тооцож, уг дүнгээс шүүгдэгч тус бүрт 1.512.233 төгрөгийн хохирлыг тэнцүү хуваан хариуцуулсан байна.

Иргэний нэхэмжлэгч нь 3.024.466 төгрөгийн шатахууныг хэний, ямар автомашинд хийж, хаашаа, ямар зорилгоор явсан нь нотлогдоогүй байхад дан ганц шатахуун авсан төлбөрийн баримтыг үндэслэн гэмт хэргийн хохиролд оруулан тооцсонд гомдолтой байна.

Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухай;

Анхан шатны шүүх гэрч Б.Алтанчимэгийн мэдүүлгийг үндэслэн С.Мыг С.Мэтэй бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн бөгөөд С.Мыг тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг хангалттай тогтоосон зүйл байхгүй.

Тухайлбал, гэрч Б.Алтанчимэг нь С.Мыг С.Мэтэй хамт машинаар ирсэн гэж мэдүүлдэг бөгөөд түүнээс өөрөөр тухайн гэмт хэрэгт оролцсон эсэх талаар ямар нэг мэдүүлэг өгөөгүй ба хэрэгт С.Мын үйлдэл холбогдол байхгүй байна.

Түүнчлэн, хохирогч Б.У, гэрч Б.Отгончимэг нар нь болсон үйл явдлыг хараагүй бөгөөд зөвхөн гэрч Б.Алтанчимэгийн ярьсан зүйлийг дамжуулан хэлдэг ба тэдний мэдүүлэг шууд нотлох баримт болж чадахгүй юм. Гэрч Б.Алтанчимэгийн мэдүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэл, зорилгыг тогтоох боломжгүй атал С.Мыг С.Мэтэй бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 -д заасны дагуу С.Мад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч С.Мдавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг хохирогч Б.Уийн автомашиныг нууцаар хулгайлж аваагүй байхад Б.Алтанчимэгийн “...Уранхишигийн утсаар ярьсан. ...” гэсэн мэдүүлэг болон Сэнгээгийн гэрчээр өгсөн мэдүүлгийг энэ хэрэгт нотолгооны ач холбогдолтой гэж үнэлж, мөн утсаар ярьсан гэх цаг хугацааг үндэслэн гэм буруутайд тооцож, 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял шийтгэл оногдуулж, мөн миний өмч хөрөнгө болох автомашиныг үнэгүйдүүлэн 5.800.000 төгрөгөөр үнэлэн хохиролд тооцуулж, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн миний мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг үнэлээгүй. Б.Алтанчимэг гэх хүнийг бусдад төлөх маш их өр төлбөртэй гэж би сонссон. Б.Алтанчимэг нь дүүгийнхээ автомашиныг унаж гараад өөр хүнд өр зээлэндээ өгсөн ч юм уу, үүнийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоолгүйгээр зөвхөн намайг “энэ хүмүүсийн мэдүүлэг болон утсаар ярьсан цаг хугацаа нь таарч байгаа учраас” гэх үндэслэлээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохироож байгаад маш их гомдолтой байна.

Иймд, миний гомдлын хүрээгээр хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж, намайг гэм буруугүй болохыг тогтоож хэргийг цагаатгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч С.Мийн өмгөөлөгч Г.Тамир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн давж заалдах шатны шүүхэд дараах гомдлыг гаргаж байна.

Үүнд, анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Мийн үйлдсэн хулгайлах гэмт хэрэгт хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс шийтгэх тогтоол хууль ёсны болж чадаагүй.

Учир нь, шүүгдэгч С.Мийн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба гэмт хэргийг үйлдсэнээс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан нэг жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учраас шүүгдэгч С.Мэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй нөхцөл байдал бий болсон байхад шүүхээс гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолж, дүгнэлт хийлгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн бөгөөд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д "Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн.", 1.2 дахь хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн.” гэж хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь ялын хувьд "...зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. ..." гэх ялын санкцтай. Үүнээс үзэхэд дээрх зүйлд заасан 6 сараас 5 жил хүртэлх хорих ялын хугацаа дээрх хоёр зохицуулалтын хорих ялын интервалын алинд ч хамаарахгүй байгаа.

Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно." гэж гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтыг хоёр өөр байдлаар хуульчилж, Эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдлуудыг үүсгэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлд хамаарч байгаа тул шүүгдэгч С.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, С.Мийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Мийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд хорих ялын дээд хэмжээг 1 жил, эсхүл түүнээс багаар тогтоосон тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг 1 жил гэж заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд хорих ялын доод хэмжээг 1 жилээс дээш гэж заасан. Шүүгдэгч С.Мэ, С.М нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд хорих ялын доод хэмжээ нь 6 сар байгаа. Хорих ялын дээд хэмжээг 1 жилээс дээш буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг 5 жил гэж заасан заалтыг хэрэглэх боломжгүй. Хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх журмын хугацааг тоолоход эргэлзээ төрж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгчид ашигтай хуулийн зохицуулал                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            тыг хэрэглэж өгнө үү.

Мөн шатахууны зардал 3.024.466 төгрөгийг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцож гаргуулсан байдаг. Нотлох баримтыг шинжлэн судлахад дээрх баримтууд нь шатахуун худалдаж авсан баримтууд байдаг болохоос, гэмт хэргийн хохиролтой шууд хамааралтай эсэх нь хангалттай нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй. Иймд уг баримтыг хохиролд тооцуулах үндэслэлгүй, 2017 онд орж ирсэн шүүгдэгч, хохирогч нарын машиныг ялгаатай үнэлсэн. Хохирогчийн машиныг 10.800.000 төгрөгөөр, шүүгдэгчийн машиныг 5.000.000 төгрөгөөр үнэлсэн. Шүүхийн тогтоолд заасан нөхцөл байдал хэргийн бодит байдалд нийцээгүй. Учир нь, нотлох баримтууд бүгд С.Мрүү чиглэсэн. Харин С.Мыг уг хэрэгт хамааралтай гэдгийг нотолсон баримт байхгүй.” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Анхан шатны шүүх, прокуророос шүүгдэгч С.Мэ, С.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, С.Мэ, С.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Мыг “...С.Мэтэй бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Б.Уийн өмчлөлийн 42-23 УБЧ улсын дугаартай “Тоёота Приус 20” загварын тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, Б.Ут 10.800.000 төгрөгийн хохирол учруулсан. ...” гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Мыг С.Мэтэй бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Б.Уийн өмчлөлийн 42-23 УБЧ улсын дугаартай “Тоёота Приус 20” загварын тээврийн хэрэгслийг авч, Б.Ут 10.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдлыг нотлох баримтад үндэслэн хангалттай тогтоогоогүй атлаа “...Гэрч Б.Алтанчимэгийн мэдүүлгээр уг автомашиныг "Саппорогийн буудал дээр асаалттай, машин дотор С.Мэ, С.М нарыг сууж байхад орхиод гарсан", тэдгээр хүмүүст автомашинаа итгэмжлэн хариуцуулсан, сайн дураар шилжүүлж өгсөн гэх үйл баримтууд тогтоогдоогүйн зэрэгцээ дээрэмдэх гэмт хэргийн илээр үйлдэгдсэн байх гол шинж хангагдаагүй, өөрөөр хэлбэл Б.Алтанчимэгийг иргэний үнэмлэхээ канондуулахаар явсан хойгуур нь нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. ...” гэж дүгнэж С.Мыг гэм буруутайд тооцсон нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоолын С.Мад холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн болно.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч С.Мыг бусадтай бүлэглэн эд хөрөнгийг авсан үйлдэлд хэрхэн оролцсон нь тодорхойгүй, нотлох баримтаар нотлогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ... эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг тус тус үндэслэн С.Мад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч С.Мэ, гэрч Б.Алтанчимэг нар нь зээлийн гэрээний иргэний харилцаатай байсныг оролцогчид маргаагүй бөгөөд зээлийн гэрээг сунгах талаар Б.Алтанчимэгийг дуудан ирүүлж иргэний үнэмлэхээ канондоод ир гэж явуулан түүний ашиглаж байсан тээврийн хэрэгслийг авч байгаа үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” үйлдэл нь хохирогч болон эзэмшигчид мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар эд хөрөнгийг хулгайлан авсан үйлдлийг хэлэх бөгөөд гэрч Б.Алтанчимэгийн “...Би хоёр жилийн өмнө ... Мөөгий /С.Мэ/ гэдэг хүнийг таних болсон ... 3 дугаар сарын 6-ны өглөө би залгаад нөгөө гэрээгээ сунгуулах гэсэн юм гэж хэлэхэд "орой уулзъя" гэж хэлсэн. ...19 цагийн үед ... хүргэн Уранхишигээс 42-23 УБЧ улсын дугаартай усан цэнхэр өнгийн “Тоёота Приус 20” загварын автомашиныг нь гуйж унаад Саппоро төвийн ард байдаг 2 дугаар байр буюу Мөөгийгийн гэрийн гадаа очоод ...Мөөгий ... миний автомашинд орж ирж суугаад "Саппоро төв рүү явъя, тэнд канон байгаа, иргэний үнэмлэхээ канондчих" гэж хэлсэн. Тэгээд Мөөгийгийн автомашиныг тэнд нь үлдээгээд би автомашинаа бариад Саппорогийн “Миний” дэлгүүрийн урд талын зогсоол дээр зогсоод би канон хайхаар автомашинаас буусан бөгөөд Мөөгий жолоочийн эсрэг талын урд талын сандал дээр, харин дүү нь ард талын сандал дээр сууж байсан. Тэгээд би Саппоро орчим канон хайж байгаад олдохгүй болохоор нь буцаад ирэхэд 42-23 УБЧ автомашины жолоочийн сандал дээр Мөөгий суучихсан, байсан газраас нь хөдөлгөөд төв замын хажуу талд зогсож байсан. Намайг автомашин руугаа очих гэхэд Мөөгий хаалганыхаа цонхыг онгойлгоод "та бүүр цаашаагаа яваад үз, цаашаагаа лав яв" гээд гараараа заагаад байсан. Тэгээд ... олдохгүй болохоор нь эргээд ирэхэд миний автомашин алга болчихсон байсан. ...” /хх 14-18, 77-78, 143-145/ гэх мэдүүлгээр дээрх үндэслэл тогтоогдохгүй, үгүйсгэгдэж байна.

Харин шүүгдэгч С.Мийн “зээлийн гэрээ сунгана” гэх үндэслэлээр гэрч Б.Алтанчимэгийг дуудан ирүүлж, дээрх мэдүүлэгт тусгагдсан байдлаар түүний ашиглаж байсан тээврийн хэрэгслийг авсан үйлдэл нь гэмт хэргийн шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө ... авсан бол” гэж заасан заалтад нийцэж байна.

Шүүгдэгч С.Мнь 2018 оны 3 дугаар сарын 6-ны орой Б.Алтанчимэгийг утсаар дуудан ирүүлж, иргэний үнэмлэхээ канондоод ир гэж жолоодон ирсэн 42-23 УБЧ улсын дугаартай “Тоёота Приус 20” загварын тээврийн хэрэгслээс буулгаж, цаашаагаа яваад үз гэж явуулж, явсан хойгуур нь уг автомашиныг авч явснаас хохирогч Б.Ут 10.800.000 төгрөгийн хохирол учруулсан буюу хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан, иргэн Б.Ут 10.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

хохирогч Б.Уийн “...Манай эхнэрийн төрсөн эгч ... надад “...Автомашиныхаа түлхүүрийг өгөөч, хүнтэй уулзчихаад ирэе. ...” гэж хэлээд 42-23 УБЧ улсын дугаартай, усан цэнхэр өнгийн “Тоёота Приус 20” загварын автомашины түлхүүрийг аваад явсан. ...Эхнэр над руу залгаад “...Хурдан хүрээд ир, Алтанчимэг эгч автомашин алдчихсан юм шиг байна. ...” гэж хэлсэн. ...Бид Мөнгөнгүүр эмнэлгийн орчим ... Алтанчимэг эгчтэй ... уулзсан. ...” /хх 11-12, 70, 141/,

гэрч Б.Алтанчимэгийн “...Би хоёр жилийн өмнө ... Мөөгий /С.Мэ/ гэдэг хүнийг таних болсон бөгөөд тэр үеэс хойш 1.500.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлээд хугацаанд нь зээлээ дуусгаж байсан бөгөөд ойролцоогоор 6-7 удаа энэ мэтчилэн зээлж байсан. ...Хамгийн сүүлд 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 3.500.000 төгрөгийг ажлын 77 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй, 66.000 төгрөгийг өдөрт нь өгөхөөр болж гэрээ хийсэн. ...Мөөгийтэй уулзаж, үлдсэн мөнгө дээрээ дахиж гэрээ хийгээд 2018 оны 3 дугаар cap хүртэл гэрээ байгуулсан. Тухайн үед наймаа муу байсан болохоор би графикийн дагуу төлж чадалгүй өдөрт орсон орлогоос хамаарч мөнгийг нь өгч байсан бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Мөөгий над руу залгаад "уулзъя" гэж хэлсэн. Тухайн өдөр би гадуур ажилтай байсан болохоор уулзаж амжихгүй нь гэж хэлээд 3 дугаар сарын 6-ны өглөө би залгаад нөгөө гэрээгээ сунгуулах гэсэн юм гэж хэлэхэд "орой уулзъя" гэж хэлсэн. Тэгээд орой 17 цагийн үед Мөөгий над руу залгаад "20 цаг 30 минутанд уулзъя, та цагтаа ирээрэй" гэж хэлсэн. ...19 цагийн үед ... хүргэн Уранхишигээс 42-23 УБЧ улсын дугаартай, усан цэнхэр өнгийн “Тоёота Приус 20” загварын автомашиныг нь гуйж унаад Саппоро төвийн ард байдаг 2 дугаар байр буюу Мөөгийгийн гэрийн гадаа очоод утас руу нь залгахад цаг 20 цаг 26 минут болж байсан бөгөөд Мөөгий надад "21-р хорооллын үйлчилгээний төв дээр явж байна, та хүлээж бай" гэж хэлсэн. ...Мөөгий 21 цаг 26 минутын үед над руу залгаад ... өөрийн цагаан өнгийн “ Тоёота Приус 20” загварын автомашинтай ирэхээр нь би автомашинаасаа гарах гэсэн чинь Мөөгий өөрийнхөө автомашинаасаа дүүгийнхээ хамт бууж ирээд миний сууж байсан 42-23 УБЧ автомашинд суусан бөгөөд ... Мөөгий гар утсаараа нэг хүнтэй яриад "хүнд юм өгчихөөд ирье" гэж хэлээд автомашинаас буусан. ...Мөөгий өөрийнхөө автомашины ачааны хэсгийг онгойлгоод нөгөө хүнтэй уулзаж байгаад миний автомашинд орж ирж суугаад "Саппоро төв рүү явъя, тэнд канон байгаа, иргэний үнэмлэхээ канондчих" гэж хэлсэн. Тэгээд Мөөгийгийн автомашиныг тэнд нь үлдээгээд би автомашинаа бариад Саппорогийн “Миний” дэлгүүрийн урд талын зогсоол дээр зогсоод би канон хайхаар автомашинаас буусан бөгөөд Мөөгий жолоочийн эсрэг талын урд талын сандал дээр, харин дүү нь ард талын сандал дээр сууж байсан. Тэгээд би Саппоро орчим канон хайж байгаад олдохгүй болохоор нь буцаад ирэхэд 42-23 УБЧ автомашины жолоочийн сандал дээр Мөөгий суучихсан, байсан газраас нь хөдөлгөөд төв замын хажуу талд зогсож байсан. Намайг автомашин руугаа очих гэхэд Мөөгий хаалганыхаа цонхыг онгойлгоод "та бүүр цаашаагаа яваад үз, цаашаагаа лав яв" гээд гараараа заагаад байсан. Тэгээд ... олдохгүй болохоор нь эргээд ирэхэд миний автомашин алга болчихсон байсан. ...” /хх 14-18, 77-78, 143-145/,

гэрч Б.Отгончимэгийн "...2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн ... 17 цагийн үед манай эгч Алтанчимэгийн гар утас нь дуугараад байсан. Тэгээд аваад ярихад "Алтанчимэг эгчээ орой 8 цаг 30 минутандаа уулзана шүү, цагаа бариарай" гээд эмэгтэй хүн яриад тасалсан ба эгч надад хэлэхдээ "миний мөнгө зээлсэн С.Мярьж байна" гэж хэлсэн. Тэгээд гэртээ байж байхад 20 цаг 30 минутын орчим манай эгч Алтанчимэг 42-23 УБЧ улсын дугаартай “Тоёота Приус 20” загварын тээврийн хэрэгслийг аваад явсан. ...21 цаг 50 минутын орчим манай эгч "Мөнх-Эрдэнэ машин аваад явчихлаа" гээд мессеж бичсэн. ...Би Алтанчимэг эгчтэй утсаар ярихад "Мөнгөн гүүр эмнэлгийн орчим байна" гэхээр нь манай нөхөр бид хоёр очиж аваад цагдаагийн байгууллагад хандсан" /хх 23-24/ гэх мэдүүлгүүд, утасны ярианы лавлагаа /хх 44-50/, хөрөнгийн үнэлгээ /хх 30/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 57-58, 138-139/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Дээрх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.Мнь гэрч Б.Алтанчимэгийн ашиглаж байсан хохирогч Б.Уийн өмчлөлийн 42-23 УБЧ улсын дугаартай “Тоёота Приус 20” загварын автомашиныг нь авахын тулд каноны газар хайлгаж, улмаар Б.Алтанчимэгийг автомашин руугаа ирэх гэхэд нь "та бүүр цаашаагаа яваад үз, цаашаагаа лав яв” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч явсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл болжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас хөнгөрч байх тул шүүгдэгч С.Мэд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний гэм бурууд тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хохирогч Б.У /хх 11-12, 70, 141/, гэрч Б.Алтанчимэг /хх 14-18, 77-78, 143-145/, Б.Отгончимэг /хх 23-24/ нарын мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээ /хх 30/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 57-58, 138-139/ зэрэг болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар шүүгдэгч С.Мнь бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул түүний “...Намайг хохирогч Б.Уийн автомашиныг нууцаар хулгайлж аваагүй байхад Б.Алтанчимэгийн “...Уранхишигийн утсаар ярьсан. ...” гэсэн мэдүүлэг болон Сэнгээгийн гэрчээр өгсөн мэдүүлгийг энэ хэрэгт нотолгооны ач холбогдолтой гэж үнэлж, мөн утсаар ярьсан гэх цаг хугацааг үндэслэн гэм буруутайд тооцож, 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял шийтгэл оногдуулж, мөн миний өмч хөрөнгө болох автомашиныг үнэгүйдүүлэн 5.800.000 төгрөгөөр үнэлж хохиролд тооцуулж, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч С.Мийн автомашины явсан километрийн заалт, ашигласан хугацаа, эд ангийн элэгдэл зэргийг харгалзан үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэх нөхцөл байдал байхгүй болно.

Шүүгдэгч С.Мийн өмгөөлөгч Г.Тамир “...Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно." гэж гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтыг хоёр өөр байдлаар хуульчилж, Эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдлуудыг үүсгэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлд хамаарч байгаа тул шүүгдэгч С.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, С.Мийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч С.Мэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон ... гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” гэж заалтад хамаарахаар байна.

Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод, дээд хэмжээний хүрээнд хамааруулахаар заасан бөгөөд зөвхөн хорих ялын доод хэмжээгээр хөөн хэлэлцэх хугацааг хамааруулахаар хуульчлагдаагүй болно.

Хохирогч Б.Уийн шатахууны зардалтай холбоотой нэхэмжилсэн бичгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүйгээс гадна хэн, хаашаа, ямар зорилгоор явсан нь тодорхойгүй байх тул хохирогчийн нэхэмжилсэн 3.024.466 төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Иймд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч С.Мэ, түүний өмгөөлөгч Г.Тамир нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Шүүгдэгч С.Мад, түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлын “хэргийг хэрэгсэхгүй болгох” үндэслэлийг хүлээн авсан тул бусад үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийх нөхцөл үүсээгүйг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 390 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Шүүгдэгч С-ийн М-д холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокуророос С.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.” гэж,

- тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Цэцэн сартуул овгийн Сарантуяагийн Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

- тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Мийг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэж,

- тогтоох хэсгийн 7 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.М-ээс 10.800.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ут олгосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4, 6 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. С.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                                                    Д.МЯГМАРЖАВ

                                    ШҮҮГЧ                                                                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ