Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2023/0727

 

О.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч О.Б

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч О.Б

Хариуцагч Х аймгийн Засаг дарга

Хариуцагч Х аймгийн Б сумын Засаг дарга

Гуравдагч этгээд Д.О

Нэхэмжлэлийн шаардлага: Х аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай А/0* дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, Х аймгийн Б сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/** дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 126/ШШ2023/0188 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д

Гуравдагч этгээд Д.О

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 126/2023/0166/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. О.Б нь Х аймгийн Засаг дарга, Х аймгийн Б сумын Засаг дарга нарт холбогдуулж Х аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай А/0* дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, Х аймгийн Б сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/** дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 126/ШШ2023/0188 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгч О.Б давж заалдах гомдолдоо:

3.1 ...Миний эцэг Д.О нь амьд сэрүүндээ өөрийн өссөн өвөлжөө бууц болох Б сумын Шивлэгийн богтого дахь өвөлжөөгөө төрсөн дүү Огээс 1,000,000 төгрөгөөр авсан боловч, өөрийн нэр дээр газар эзэмших эрхийг нь шилжүүлж чадалгүй нас барсан, нас барахаас өмнө газрын даамалтай төрсөн ах О, дүү О нар очиж уулзаж уг өвөлжөөний газрын газар эзэмших эрхийг Оын нэр дээр шилжүүлж, гэрээ гэрчилгээг өөрчлүүлэхээр уулзсан боловч уг газрын бичиг баримт нь банкны барьцаанд байсан тул шилжүүлж чадаагүй болох нь шүүх хуралдаан дээр гэрч /газрын даамал/ Батсайханы мэдүүлгээр нотлогддог, гэтэл авга ах маань ганц сая төгрөгийн өвөлжөө гэж юу байсан юм гэж одоо маргаж байх боловч уг өвөлжөө юмаа, төрсөн ах, дүү хоёр, ээж аавынхаа өвөлжөө бууцыг өндөр үнээр хоорондоо зарахгүй нь ойлгомжтой.

3.2 Ингээд ах, дүү хоёр тохиролцсоны тохиролцоог газрын даамал тухайн үед хүлээн авч байсны хувьд миний аав О нь нас барсан тул уг өвөлжөөний газрын эзэмших эрхийг О-ын хүү Б миний нэр дээр шилжүүлэх хүсэлтийг би гаргаснаар, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр А/83 тоот захирамж гарган 6729001030 нэг талбарын дугаар бүхий 7000 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэн надад газар эзэмших гэрээ гэрчилгээ олгосон. Ээжийн минь бие муудаж урт удаан хугацаанд хорт хавдраар өвчилж эмчилгээний зардал шаардлагатай болсон тул би ээжтэйгээ ярьж байгаад энэ өвөлжөөгөө бусдад зарж, ээжийгээ эмчлүүлж байгаа билээ. Гэтэл ах О маань гэнэтхэн 2022 оноос эхлэн энэхүү өвөлжөөг хууль бусаар авсан гэж маргаж урт удаан маргаан үүсгэж, ээжийг минь нөхрийнхөө толгойг залгисан гэх мэтээр сэтгэл зүйн хүчирхийлэл үйлдэж байгаагаас ээжийн минь бие муудаж, би ч гэсэн сэтгэл санааны дарамтад орж хоёр жил гаруй зовж байна.

3.3 Ах О нь 2022 онд надаас өвөлжөөгөө чөлөөлүүлнэ гэж иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх үедээ мөн сумын болон аймгийн Засаг даргад миний газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар удаа дараа өргөдөл гаргасан бололтой, түүний өргөдлийг аймгийн Засаг даргын тамгын газар шийдвэрлэхдээ нотлох баримтад үндэслээгүй, амаар тохиролцсон байдлыг үндэслэл болгосон байсан тул хүчингүй болгосон гэж тайлбарлаад байгаа боловч, энэ байдлыг хэрхэн яаж шалгаж, яаж нотолсон нь ойлгомжгүйгээр миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг би хүлээн зөвшөөрөхгүй байна, учир нь яагаад миний газар эзэмших эрхийг надад мэдэгдэлгүйгээр хүчингүй болгодог юм. Хүчингүй болгосон хойноо сарын дараа надад бус ээжид минь мэдэгдсэн байсан бөгөөд /энэ талаарх нотлох баримтууд хэрэгт байгаа/ би уг захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрсөн байсан тул нэхэмжлэлийн шаардлагаа илт хууль бусад тооцуулах гэж гаргасан, учир нь би зөрчигдсөн эрхээ сэргээлгэх шаардлагатай байна. Х аймгийн Засаг дарга түүний Засаг даргын тамгын газрын албан хаагчдаас хүний өргөдлийг шийдвэрлэхдээ эрх ашиг нь зөрчигдөж байгаа этгээдэд буюу надад энэ талаар урьдчилан мэдэгдэх үүргээ биелүүлэхгүй зөвхөн л О ахын хэл амнаас айсан болохоос үнэхээр тухайн А/0* тоот захирамжийг гаргах хууль зүйн үндэслэл тухайн үед байгаагүй байжээ гэж би харж байна.

3.4 Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед ах О нь Б сумын Засаг дарга дээр очиж уулзахдаа шүүх ямар ч байсан аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэж захирамж гарган ирүүл гэсэн тул та захирамж гаргаж өг гэж хэлснээр Х аймгийн Б сумын Засаг дарга нь 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээний эрх шилжүүлэх тухай А/** дугаар захирамж гаргасан тухайгаа шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр тайлбарлаж байгаагаас харахад О нь сум орон нутгийнхаа төрийн албан хаагчид, ард иргэдийг хэл амаараа хүн айлгаж сүрдүүлж, өөрийн хүсэлтийг ёсоор болгон авч байдаг, хэл ам нь хэзээ ч дуусдаггүй хүмүүсээс Засаг дарга нь айгаад салахын түүс болж дээрх захирамжийг гаргасан байдал харагддаг, учир нь О 2023 он гарсаар газар эзэмших талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй байдаг нь нотлох баримтаар нотлогддоггүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед төрсөн эгч нараараа байнгын шинжтэй өргөдөл хүсэлт гаргуулан шүүхэд ирүүлсээр, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн байсан ч тэдний өргөдөл хүсэлтийг авсаар байгаа байдал ажиглагдсан улмаар эгч нар нь шүүх хуралдаан дээр ирж ээж рүү минь дайрч байсан болно. /хэргээс харч болно/ Б сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн захирамжийн агуулгаас харахад хэн нэгний газар эзэмших эрхийг шилжүүлэх гэсэн агуулгатай байтлаа захирамжийн 1-т ...О-д Шивлэгийн давааны богтогод байрлах өвөлжөөний газрыг нэг жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй гэж гарснаар Од шинээр газар эзэмшүүлсэн шинжтэй байх боловч газар эзэмших гэрээ, гэрчилгээ олгохдоо миний газар эзэмших эрхийн гэрчилгээний нэгж талбарын дугаарыг бичиж олгосноор миний эрх зөрчигдөж байна.

3.5 Ер нь тэгээд О ах албан ёсоор уг өвөлжөөг эзэмшсэн эсэх нь эргэлзээтэй, учир нь газар эзэмших гэрээ, гэрчилгээгээ 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдөр авсан байх бөгөөд түүний газар эзэмших гэрээн дээр Б сумын Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/** тоот захирамжаар 0,8 м.кв газрыг эзэмшүүлсэн атлаа мөн өдөр олгосон гэрчилгээ дээрх огноо нь Б сумын Засаг даргын 2008 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн ** дугаар шийдвэрийг үндэслэн олгосон, нэгж талбарын дугаар Б-аас зөрүүтэй өөрөөр хэлбэл 210300**** гэж тэмдэглэсэн зэрэг байдлуудаас үзэхэд шүүх хэргийг бодит байдалд нийцүүлэн шийдвэрлэж чадсангүй гэж үзэж байна.

3.6 Дээрх байдлаас харахад О-ийн газар эзэмших гэрээ, гэрчилгээ нь илт хүчин төгөлдөр бус байхад хууль ёсны гэж үзэн, хуулийн дагуу зөрчилгүй олгогдсон миний газар эзэмших эрхийг шат шатандаа удаа дараа хүчингүй болгож байгааг зөвтгөснийг хууль бус гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгт зөв дүгнэлт өгч, Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж нэхэмжлэгч О.Б-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч О.Б нь Х аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/0* дугаартай Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай захирамжийг гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй, мэдэгдээгүй, газар эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэсэн үндэслэлээр Х аймгийн Засаг даргын захирамж хууль бус, гуравдагч этгээд Д.О-д Х аймгийн Б сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/** дугаартай захирамжаар тухайн газрыг 1 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн нь хууль бус хэмээн маргажээ.

3. Х аймгийн Б сумын 2008 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн ** дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжаар Д.О-д Х аймаг, Б сум, 1 дүгээр баг, Шивлэгийн Богтого гэх нэртэй газарт 0,8 га газрыг хаваржааны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгожээ.

4. Улмаар Х аймгийн Б сумын Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А-** дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээний эрх шилжүүлэх тухай захирамжаар Х аймаг, Б сум, 4 дүгээр баг, Шивлэгийн даваа, Богтого хаваржаанд байрлах 7000 м.кв газрыг Д.О-ээс нэхэмжлэгч О.Б-д шилжүүлэн, Б сумын Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн Д.Б 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн №06710-2019/00**** дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г О.Б-тай байгуулан, гэрчилгээ олгосон байна.

5. Х аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/0* дугаар захирамжаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхтэй холбоотой баримт бичгийн бүрдүүлбэрийг дутуу шалгаж, нотлох баримтад үндэслэлгүй амаар тохиролцсон байдлыг үндэслэл болгож, төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул Б сумын Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/** дугаар захирамжийн хавсралтын /О.Б-д холбогдох хэсгийг/ 6 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуульд нийцжээ.

6. Б сумын Засаг дарга гуравдагч этгээд Д.О-ээс нэхэмжлэгч О.Б-д газар эзэмших эрх шилжүүлэхдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана, 38.2.1-д нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ 38.2.2-т эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, 38.2.3-т албан татвар, хураамж төлсөн тухай баримт, 38.2.4-т татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт гэж тус тус заасан шаардлагыг биелүүлээгүй болох нь тогтоогдсон байна.

7. Газар эзэмшигч Д.О-ийн газар шилжүүлэх хүсэлт байхгүй, газар шилжүүлэх гэрээ хууль ёсны дагуу байгуулагдаагүй болох нь гэрч Д.Б-ийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байх бөгөөд Д.О нь эзэмшил газраа шилжүүлэх хүсэл зорилгоо илэрхийлээгүй, хуулийн шаардлага хангаагүй баримтыг үндэслэн сумын Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг О.Б-д шилжүүлснийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Х аймгийн Засаг даргын захирамж утга агуулгын илэрхий алдаа агуулаагүй байна.

8. Х аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/0* дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д заасан утга агуулгын илэрхий алдаатай, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэх илт хууль бус актын шинжийг агуулаагүй, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга шийдвэрлэнэ, 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно. гэж тус тус заасны дагуу аймгийн Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд сумын Засаг даргын газар эзэмших эрхийг гэрчилгээг О.Б-д шилжүүлсэн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

9. Хариуцагч Б сумын Засаг дарга 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн А/** дугаар захирамжаар аймгийн Засаг даргын 2023 оны А/0* дугаар захирамжийг үндэслэн маргаан бүхий газрыг гуравдагч этгээд Д.О-д эзэмшүүлсэн нь хууль тогтоомж зөрчөөгүй, нэхэмжлэгч О.Б-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

10. Иймд анхан шатны шүүх маргаан бүхий актуудын талаар зөв дүгнэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 126/ШШ2023/0188 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.Б-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ

 

ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА