Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/00365

 

Прохит ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/01674 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1762 дугаар магадлалтай, 

Прохит ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Цагаанхуаран консалтинг ХХК-д холбогдох  

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 32,000,000 төгрөг гаргуулах үндсэн, 24,000,000 төгрөг гаргуулах, гэрээний дагуу тоног төхөөрөмж ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөхийг даалгах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ү.Амарбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэн, нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов.  

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прохит ХХК нь Цагаанхуаран консалтинг ХХК болон иргэн М.Цэгмэд, М.Наранбат, Ц.Зоригт, Мөнх-Итгэл, Энхболд нартай Цагаан Хуаран хотхон болон бусад таван объектыг халаалт, хэрэглээний халуун усаар хангах зорилгоор Ус дулаан дамжуулах төв 3-ын өргөтгөлийн ажил болох халаалт, хэрэглээний халуун усны ялтаст дулаан солилцуур суурилуулах хэрэглээний халуун усны эргэлтийн насос нийлүүлж, тоног төхөөрөмжийг угсрах, тохируулах ажлыг гүйцэтгэхээр 2014.08.21-ний өдөр Тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Улмаар 2014.08.21-ний өдөр тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан Цагаанхуаран консалтинг  ХХК-ийн төлөх ёстой 101,100,360 төлбөрийг бууруулж 80,000,000 төгрөг байхаар тохирч Цагаанхуаран консалтинг ХХК-тай нэмэлт гэрээг байгуулж 80,000,000 төгрөгийн 60 хувь болох 48,000,000 төгрөгийн урьдчилгаа авсан. Ийнхүү Прохит ХХК нь тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж дуусгасан ба 2015.11.15-ны өдөр захиалагчидтай Материал, тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн тухай акт үйлдэж ажлаа бүрэн хүлээлгэн өгч захиалагч нар ажил гүйцэтгэх ажлын хөлсийг төлж барагдуулсан боловч Цагаанхуаран консалтинг ХХК нь нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний дагуу ажил гүйцэтгэх ажлын хөлс үлдэгдэл 32,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй байгаа билээ. Манай компанийн зүгээс гэрээний үлдэгдэл төлбөрөө гаргуулахаар албан бичиг явуулж уг асуудлыг харилцан тохиролцож шийдвэрлэх хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлж, 2017.11.17-д төлбөр тооцоо дуусгавар болгож хамтран ажиллах тухай албан бичгийг явуулсан. Улмаар 2018 он гарсаар уг асуудлаар талууд хэд хэдэн удаагийн уулзалтыг хийж, хийж гүйцэтгэсэн ажлын байранд очиж үзсэнээр Цагаанхуаран консалтинг компанийн зүгээс манай компанид хандан өргөтгөл хийхээс өмнөх ус дулаан дамжуулах төвийн анхны зураг төслийг авчрахыг шаардсан ба бид уг шаардлагын дагуу тус зураг болон шаардлагатай бусад материалуудыг бэлдсэн. Ийнхүү бэлдсэний дараа Цагаанхуаран консалтинг ХХК-тай уулзалт хийх гэсэн боловч боломжтой үедээ уулзалт хийнэ, инженертэйгээ хамт уулзана гэх мэт шалтгаануудыг хэлэн уулзалт хийхээс татгалзаж, удаашруулсаар байсан тул бид 2018.09.04-ний өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд өргөдөл өгсөн. Ингээд бид 2018.10.01-ний өдөр эвлэрүүлэн зуучлагчийн хамтаар уулзсан ба уулзалтаар Цагаанхуаран консалтинг  ХХК нь зураг төслийн дагуу ажил гүйцэтгэсэн эсэх талаар өгсөн зургийн дагуу үзэх шаардлагатай үүний дараа дахин уулзалт томилохоор тохиролцсон боловч эргээд хариу өгөлгүй утсаар ярихад бид уулзана хугацаа хэрэгтэй байна, захирал гадагшаа явсан ирэхээр нь уулзмаар байна гэсний дагуу эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг 30 хоногоор сунгасан боловч мөн л олон шалтгаан хэлж уулзаж ярилцахаас санаатайгаар зайлсхийж, холбогдох хүмүүс нь утсаа авахгүй байсаар эвлэрүүлэн зуучлалын хугацаа дуусч, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон тул бид шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд Ус дулаан дамжуулах төв 3-ын өргөтгөлийн ажил болох халаалт, хэрэглээний халуун усны ялтаст дулаан солилцуур суурилуулах хэрэглээний халуун усны эргэлтийн насос нийлүүлж, тоног төхөөрөмжийг угсрах, тохируулах ажлыг гүйцэтгэхээр тохирсон гэрээний ажлын хөлс, түүний үлдэгдэл төлбөр болох 32,000,000 төгрөгийг Цагаанхуаран консалтинг ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Прохит ХХК нь Тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж дуусгасан гэж тайлбарлажээ. Өнөөдрийг болтол Прохит ХХК нь Цагаанхуаран консалтинг ХХК-ийн гэрээний урьдчилгаанд төлсөн төлбөрөөр гэрээгээр тохиролцсон тоног төхөөрөмжийг нийлүүлж, ажил гүйцэтгэх үүргээ биелүүлсэн эсэхийг бид мэдэхгүй бөгөөд гэрээн дээрх тоног төхөөрөмж нийлүүлэх хугацаанаас хэтрээд 4 жил шахуу хугацаа өнгөрч байна. Дээрх гэрээн дээр тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хариуцлага тооцох тухай журмыг гэрээгээр тохиролцсон бөгөөд энэхүү үндэслэлийн дагуу үлдэгдэл төлбөр нь гэрээний хариуцлагад тооцож, дуусгавар болсон болно. Мөн ийнхүү гэрээний хариуцлагад тооцож дуусгавар болсон 2014 оны гэрээтэй холбоотой асуудлаар 5 жил шахуу хугацааны дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж буй байдал нь Иргэний хуульд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн асуудал болно. Иймд дээрх бүх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Цагаанхуаран консалтинг  ХХК нь Прохит ХХК-тай 2014.08.21-ний өдрийн 20 дугаар Тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу Прохит ХХК нь дараах тоног төхөөрөмжийг нийлүүлж, нийлүүлсэн тоног төхөөрөмжөө зориулалтын дагуу угсарч суулгах ажил үйлчилгээг үзүүлэхээр тохиролцсон. Үүнд, халаалтын ялтаст дулаан солилцуур Q-6000 кмт-1 ширхэг, халуун усны ялтаст дулаан солилцуур Q-6000 кмт-1 ширхэг, халаалтын эргэлтийн насос 75 квт-2 ширхэг, халуун усны эргэлтийн насос 4 квт-2 ширхэг, халаалтын автомат хаалт Ф150-1 ширхэг, халуун усны автомат хаалт Ф150-1 ширхэг, даралтын зөрүү тохируулах хаалт Ф150-1 ширхэг, нэмэлт усны насос 2.2 квт-2 ширхэг, бөмбөлгөн хаалт Ф200-2 ширхэг, бөмбөлгөн хаалт Ф150-8 ширхэг, бөмбөлгөн хаалт Ф125-1 ширхэг, бөмбөлгөн хаалт Ф76-4 ширхэг, бланслагч эрвээхэй хаалт Ф250-2 ширхэг, турба хоолой /иж бүрдэл/-1 ком, автомат удирдлагын самбар /иж бүрдэл/-1 ком, халаалтын насосны давтамж хувиргуур 75 квт-1 ширхэг, манометрийн хаалт Ф15-12 ширхэг, манометр-12 ширхэг, термометр-10 ширхэг, даралтын мэдрэгч-1 шихрэг, дулааны тоолуур Ф150-1 ширхэг, температурын мэдрэгч-2 ширхэг, соронзон хаалт-2 ширхэг, нэмэлт усны тоолуур-1 ширхэг, тэлэлтийн сав 2000 л-1 ширхэг, халаалт, халуун усны Контроллёр-1 ширхэг тус тус болно. Гэтэл өнөөдрийг болтол энэхүү тоног төхөөрөмжүүдийг болон угсралтын ажлыг гэрээн дээрх журмаар хүлээлгэн өгөөгүй бөгөөд энэхүү тоног төхөөрөмжийн бүтэн байдал, хэвийн ажиллагаатай холбоотойгоор оршин суугчдаас тогтмол гомдол ирсээр байна. Бидний зүгээс дээр дурдсан тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх ажлыг нэхэмжлэгчийн зүгээс хийгээгүй, шинээр угсрах тоног төхөөрөмжүүдийг худалдан авч угсраагүй, өнөөдрийг болтол шинэчлэл хийгдээгүйгээс иргэдийн гомдол санал тасрахгүй гэж үзэж байна. Иймд 2014.08.21-ний өдрийн 20 дугаар Тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээний дагуу тоног төхөөрөмж болон ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөхийг нэхэмжлэгчид даалгаж өгнө үү. Мөн өнөөдрийг хүртэл Прохит ХХК нь тоног төхөөрөмж, ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөөгүй бөгөөд дээрх 20 дугаар гэрээний хавсралт 1-т зааснаар 2014.09.13-ны өдөр тоног төхөөрөмж, ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх байсан. Гэтэл хүлээлгэн өгөх ажиллагаа явагдаагүй, мөн нэхэмжлэгчийн хүлээлгэн өгсөн гэх 2015.11.15-ны өдрийн хугацаагаар бодсон ч хариуцагчийн зүгээс зөвшөөрөхгүй байгаа болно. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасан захиалагчаас авсан төлбөрийн үнийн дүнгийн хэмжээгээр хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх үүргийн дагуу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан алдангийн хэмжээнээс хэтэрсэн тул нэхэмжлэгчээс 24,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн эхний шаардлагын хувьд манай компанийн зүгээс ажлыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгсөн бөгөөд уг ажлыг хүлээлцэх үед Цагаанхуаран консалтинг ХХК-ийн зүгээс хүлээн авах хүмүүс шалтгаангүйгээр ирээгүй. Ийнхүү нэгэнт дууссан ажлыг хүлээн авахгүй байх нь манай компанийн хариуцлага хүлээх асуудал биш юм. Мөн уг байгууламж нь ашиглалтад орсноор тус компанийн 3 блок бүхий Цагаан хуаран хотхон ашиглалтад орох нөхцөл бүрдсэн ба одоог хүртэл ажиллаж байгаа болно. Нэгэнт ажлыг гүйцэтгэсний дараа хүлээн авах үүргээ биелүүлээгүй, бодит байдал дээр ажлын үр дүнг хүртэж, байгууламжаа дулаанаар өнөөдрийг хүртэл хангасаар байгаа атлаа, мөн ажлын төлбөрөө бүрэн төлөөгүй байгаа атлаа алдангийг ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.04-ний өдрийн 101/ШШ2019/01674 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Цагаанхуаран консалтинг ХХК-иас 32,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Прохит ХХК-д олгож, нэхэмжлэгч Прохит ХХК-иас 24,000,000 төгрөг гаргуулах, гэрээний дагуу тоног төхөөрөмж ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөхийг даалгах тухай хариуцагч Цагаанхуаран консалтинг ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 318,000 төгрөг, хариуцагчийн төлсөн 835,900 төгрөгөөс 667,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, илүү төлсөн 157,950 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлстийн 100200300941 тоот данснаас буцаан гаргуулж хариуцагч Цагаанхуаран консалтинг ХХК-д, хариуцагч Цагаанхуаран консалтинг ХХК-иас 318,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Прохит ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.09.30-ны өдрийн 1762 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.04-ний өдрийн 101/ШШ2019/01674 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 985,980 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдсан Прохит ХХК-ийн нэхэмжпэлтэй, Цагаанхуаран Консалтинг ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс 2019.09.30-ний өдрийн 1762 дугаар магадлалд ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр дараах хяналтын журмаар хянуулах тухай гомдлыг гаргаж байна,

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бухэлд нь хангаж шийдвэрлэсэн магадлалын тухайд: Магадлалын хянавал /6 хуудас, 4-9 мөр/ хэсэгт Хариуцагч буюу Цагаан хуаран хотхон уг шугамыг одоо ашигладаг талаар маргаагүй шугамын засвар, өргөтгөлийн ажил хийгдээгүй, хуучнаар нь ашиглаж байгаа гэж тайлбарласныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу тайлбарыг бодит байдалд нийцсэн, үнэн зөв гэж үзэх боломжгүй, хариуцагчийн тайлбар хэрэгт цугларсан, дээр дурдсан баримгуудаар үгуйсгэгдэж байна, Анхан шатны-шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэжээ.

Нэхэмжлэгч буюу нэхэмжлэгч компанийн захирал өөрөө хамгийн анх хуучин Ус дулааны шугамын төвд шинэ тоногтөхөөрөмжавч, шинээр өргөтгөл хийлгүйгээр холболт хийснээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд шүүх хуралдаан дээр энэ талаар дэлгэрэнгүй тайлбар хэлдэг. Учир нь маргаан бүхий 2014.08.21-ний өдрийн 20 дугаар Тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ-ний зорилго нь 1.1-д Гүйцэтгэгч нь захиалагч болох Цагаан хуаран хотхон болон бусад таван обьектийг халаалт, хэрэглээний халуун усаар хангах зорилгоор УДДТ-З-ын өргөтгөлийн ажил болох халаалт, хэрэглээний халуун усны ялтаст дулаан солилцуур суурилуулах, хэрэглээний халуун усны эргэлтийн насос нийлүүлж, тоног төхөөрөмжийг угсрах, тохируулах ажлыг гэрээгээр тохиролцсон хугацаанд нь өөрөө биечлэн, бүрэн гүйцэтгэж Захиалагчдад хүлээлгэн өгөхөөр талууд харилцан тохиролцов. гэж заасан. Өөрөөр хэлбэл гэрээний 5 дугаар зүйлийн 5.5, 5.7-д зааснаар тоног төхөөрөмж, бараа, материалын үйлдвэрлэсэн газрын гарал үүсэл, тохирлын гэрчилгээ, чанарын бичиг баримт бүхий шинэ тоног төхөөрөмжийг:

1.            Олж нийлүүлэх,

2.            Угсрах ,

3.            Суурилуулах,

4.            Төвтэй холболт хийх үүргийг тус тус гэрээгээр хүлээсэн.

Анхан шатны шүүхээс зөвхөн 4 дэх үүрэг буюу хуучин байсан төхөөрөмж дээр холболт хийсэн нэхэмжлэгчийн ажил гүйцэтгэлийг үнэлж, гэрээний үлдэгдэл 32,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно.

Гэтэл хариуцагч нь шинээр тоног төхөөрөмж авч, угсран холболт хийснээ гэрээнд заасан журмаар хийсэн гэдгээ огт нотолж чадаагүй, зохих журмын дагуу хүлээлгэн өгөөгүй, буюу мэргэжлийн инженерийг байлцуулан тохирол хийж, харилцан акт үйлдэн хүлээлцэх гэрээнд заасан ажиллагаа огт хийгдээгүй байхад шинээр тоног төхөөрөмж авч, өргөтгөлийн ажлыг хийсэн гэж зөвхөн хариуцагчийн тайлбар дээр үндэслэж шийдвэр гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжпэгч нотлоогүй байхад огт хийгдээгүй өргөтгөлийн ажлыг хариуцагчийн нотлох үүрэг мэтээр хариуагч хариу татгалзалаа нотлож чадаагүй гэж ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Гэрээнд эхлээд шинэ тоног төхөөрөмжөө олж, түүнийгээ танилцуулж, ажил эхлэх зөвшөөрөл авч, үүнийхээ дараа угсран шинэ тоног төхөөрөмжийн гарал үүслийн гэрчилгээнүүдийг угсрах ажиллагааны тэмдэглэл фото зургуудтай Цагаанхуаранд ХХК-д хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн. Энэхүү баримтууд байхгүй, хавтаст хэрэгт хүлээлгэн өгөөгүй гэдгээ нэхэмжлэгч компанийн захирал өөрөө хэлдэг.

Гэрээний 3 дугаар бүлэг буюу Ажлын хөлс, түүнийг олгох хуваарь гэсэн бүлгийн 3.3-д Тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, угсралт, тохиргооны ажлын гүйцэтгэл 100 хувьтай болж, ажлыг бүрэн дуусган, талуудаас томилсон ажлын хэсэг Тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, угсралт, тохиргооны ажлын гүйцэтгэлийг хэлэлцэн дүгнэж, тэмдэглэл үйлдэн баталгаажуулан, хүлээн авсаны дараа Гүйцэтгэгчийн ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэлийн дагуу Захиалагчийн ажлын хөлсний үлдэгдэл 35 хувь болох 58,975,210 төгрөгийг Гүйцэтгэгч компаний Хас банк дахь 5000361873 тоот дансанд шилжүүлнэ гэж гэрээгээр тохиролцсон. Ийнхүү үлдэгдэл төлбөрөө нэхэмжлэх эрх үүсэхийн тулд гэрээнийн дагуу гүйцэтгэгчээс маш олон ажил үүргийг гүйцэтгэх байсан. Үүнд: Гэрээний 5.1, 5.2, 5.5, 5.6, 5.7, 5.12, 5.14 зэрэгт заасны дагуу нэхэмжпэгч талаас шинээр угсрах гэж буй тоног төхөөрөмжөө урьдчилан танилцуулаагүй, угсрах үеийн үйл явцыг бэхжүүлэн авч, акт, тэмдэглэл үйлдэл хүлээлгэн өгөөгүй, шинээр тоног төхөөрөмж угсрах тухайгаа гэрэний 5.5-д зааснаар урьдчилан танилцуулж мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй болно. Ийнхүү гэрээний дагуу нэг ч үүргээ биелүүлээгүй нь харин ч нэхэмжлэгч талыг шинээр тоног төхөөрөмжийг нийлүүлж, угсарсан эсэхийг үгүйсгэж буйг анхаарч үзээгүй. Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Прохит ХХК-ийн захирал нь шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа /шүүх хуралдааны тэмдэглэлд өөрийнх нь тайлбар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн асуусан асуулт зэрэгт ийнхүү тайлбарласан болно/ гэрээний 2.1-д заасан 2014.09.15-ны өдрийн хугацаа болж, Цагаанхуаран консалтинг ХХК нэгдүгээр төслийн ажлаа улсын комисст хүлээлгэн өгөх гээд байсан тул мөн манай тоног төхөөрөмжүүд ирээгүй байсан тул хуучин Ус дамжуулах төв дээр өргөтгөлийн ажил хийлгүйгээр шууд холболт хийсэн гэдгээ зөвшөөрдөг.

Тэгэхээр Прохит ХХК нь шинэ тоног төхөөрөмжөөр өргөтгөлийн угсралтын ажлыг 100 хувьтай хийсний дараагаар гэрээний 3.3-д зааснаар үлдэгдэл төлбөрөө шаардах эрх үүсэх байсан. Ийнхүү 2014.08.21-ний өдрийн 20 дугаар Тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу шинэ тоног төхөөрөмжөөр өргөтгөл хийж, холболтын ажил хийж, байж үлдэгдэл төлбөрөө авах гэрээний зохицуулалтыг, мөн хариуцагч нь анхнаасаа шинэ тоног төхөөрөмж ирээгүй, байрыг улсын комисс хүлээж авах гээд байсан тул хуучин Ус дамжуулах төв дээр шууд холболтыг хийсэн, гэрээний 5.5-д зааснаар шинэ тоног төхөөрөмж ирсэнийг танилцуулан ажлаа гүйцэтгэх тухай албан ёсоор мэдэгдээгүй, танилцуулаагүй байхад ийнхүү үлдэгдэл төлбөрийг хариуцагч талаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно. Манай компанид шинээр тоног төхөөрөмжүүд ирсэн тухай болон угсралтын ажлаа гүйцэтгэж эхлэх тухайга мэдэгдээгүй, гэрээний 5.6-д зааснаар тоног төхөөрөмж урсарсан үйл явцын тэмдэглэл фото зургийг өнөөдрийг болтол өгөөгүй, шүүхэд ч нотлох баримтаар нотлоогүй ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч компаний захирал ийм баримт байхгүй гэдгээ тодорхой хэлдэг. Өөрөөр хэлбэл хариуцагч компаний зүгээс нэхэмжлэгч талыг шинээр өргөтгөлийн ажлыг ерөөсөө хийгээгүй ба хуучин тоног төхөөрөмж дээр хийсэн холболтоороо тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл явсаар байгаа бөгөөд оршин суугч айл бүрээс энэ асуудлаар байнгын гомдол ирдэгтэй холбоотой баримтыг шүүхэд нотлох баримтаар өгсөн ба ийнхүү айл өрхийн бүхий л гомдлыг манай компани хувийн зардлаараа барагдуулж, тоног төхөөрөмжийг сольж, шинэчилж байна. Нэхэмжлэгч талаас шинээр тоног төхөөрөмжийг нийлүүлж, угсарч, холбосон тухай ажлын гүйцэтгэлтэй холбоотой нэг ч баримтыг гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлоогүй байхад анхан шатны шүүх нь нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн ч гомдолтой байна. Гэрээнд зааснаар маш олон акт, тэмдэглэл, бичиг баримт зэрэг үйлдэгдэх бөгөөд ийнхүү баримт бичгүүд нэг ч хийгдээгүй, ийм баримт байхгүй, нотлох баримтаар гаргаж өгөөгүй, хуучин ус дамжуулах төв дээр холболтыг хийсэн гэж тайлбарлаад байхад гэрээний үүргийг нэхэмжлэгч 100 хувь гүйцэтгэсэн гээд үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй. Тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн гэх анхан шатны шийдвэрийн хувьд: Гэрээний 4.10, 5.12, 5,14-т тус тус зааснаар хэд хэдэн дарааллын дагуу хоёр талаас мэргэжлийн хүмүүсийг томилуулж байгаад хүлээн авах ажиллагааг явуулахдаа гүйцэтгэгч талаас тоног төхөөрөмж хүлээлгэн өгөхийн хамт шинээр нийлүүлсэн тоног төхөөрөмжийн холбогдох бүхий л бичиг баримт, фото зураг, тэмдэглэл, ажил дүгнэх акт зэргийг хамтад нь хавсарган өгөх ёстой. Гэтэл гэрээнд зааснаар нэг ч тоног төхөөрөмж хүлээлгэх ажиллагаа явагдаагүй, тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх акттай хамт шинэ тоног төхөөрөмж угсарсанг нотлох гарал үүслийн гэрчилгээ, угсрах үеийн зураг, тэмдэглэл зэрэг авагдаагүй, үүнийгээ нотлоогүй байхад хэрэгт ямар хамааралтай эсэх нь тодорхойгүй хэдэн хүний гарын үсгийг зуруулсан баримтыг нотлох баримтаар үнэлж, тоног төхөөрөмж хүлээлцсэн гэж үзсэнд гомдолтой байна. Ус дулааны тоног төхөөрөмж, түүнийг угсрах ажиллагаа зэрэг нь мэргэшсэн инженерийн тусгай мэдлэгийн дор явагддаг үйл ажиллагаа бөгөөд эрх бүхий, хамаарал бүхий нэг ч инженерийг болон хариуцагч компаниас нэг ч хүнийг байлцуулахгүйгээр хэдэн хүний гарын үсэг зуруулан хийгдсэн баримт бичиг нь өөрөө нотлох баримтын шаардлагыг хангахгүй байгааг анхаарч үзээгүй. Наанадаж, энэхүү тоног төхөөрөмж хүлээлцсэн акт нь тухайн хүлээлцсэн гэх тоног төхөөрөмжүүдийн гарал үүслийн гэрчилгээ, угсарсан тухай фото зураг, тэмдэглэл зэргээр баталгаажих байсан ч энэхүү баримтууд нь байхгүй болохыг нэхэмжлэгч тал нь хүлээн зөвшөөрөөд байхад ч анхан шатны шүүх нь анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд: Гэрээний дагуу тоног төхөөрөмж нийлүүлээгүй, угсраагүй болохыг дээр дэлгэрэнгүй тайлбарласан билээ. Шинэ тоног төхөөрөмж худалдаж авсан, түүнийгээ угрсан тухайгаа гэрээнд заасан журмын дагуу нотолж чадаагүй, ийм баримтууд байхгүй байгаагаа нэхэмжлэгч нь шүүхэд мэдүүлээд байгаа нөхцөл байдал нь энэхүү гэрээний дагуу тоног төхөөрөмжийг нийлүүлээгүй, хүлээлцээгүй болохыг тогтоож байна. Гэтэл хууль ёсоор хүлээлгэн өгсөн гэж дүгнээд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болно. Хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн гэж дүгнэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хавтаст хэрэг нотлох баримтаар нэхэмжлэгч талаас гаргуулахаар хүссэн Прохит ХХК-ийн 2015.08.10-ны өдрийн 015/65 дугаартай албан бичгийг шүүхийн журмаар нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч тал эх хувиараа байхгүй, энэ бичгийг манай компанид өгсөн болохоо хүлээн зөвшөөрдөг. Энэхүү албан бичгээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж буйг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй шууд шийдвэрлэсэн. Гэрээний хугацаандаа үүргээ биелүүлээгүй даруй 1 жил 2 сарын дараа ажлаа хүлээлгэж өгсөн гэх/гэрээний дагуу нотлож, хүлээлгэж өгөөгүй/ нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацааг зөвтгөсөн нь үндэслэлгүй байна. Хамгийн гол нь гэрээний 2.1, 2.2-т тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх хугацааг тодорхой заасан ба анхан шатны шүүхээс хүлээлгэн өгөх өдрөө хоцруулсанг дүгнээд 2015.11.15-ны өдөр хүлээлгэн өгсөн гэж дүгнэсэн атлаа мөн нэхэмжпэгч нь өөрөө хугацаандаа өгөөгүйгээ зөвшөөрсөн, хариуцагч талаас гаргаж өгсөн хугацаа сунгаж өгөөч" хэмээн нэхэмжлэгчээс өгсөн албан бичгийг шүүхэд нотлох баримтаар өгсөөр байхад хугацаа хэтрүүлсэний алданги шаардсан сөрөг нэхэмжлэл болох 24,000,000 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болно. Гэрээний 6.1-д хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги бодох эрхийг талууд тохиролцсон бөгөөд энэхүү гэрээний заалтын дагуу алданги шаардсан шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байх тул магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй орхиж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ: 

Нэхэмжлэгч Прохит ХХК нь хариуцагч Цагаанхуаран консалтинг ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 32,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч татгалзаж, нэхэмжлэгчээс 24,000,000 төгрөг гаргуулах, гэрээний дагуу тоног төхөөрөмж ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөхийг даалгах сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо ...нэхэмжлэгч шинээр тоног төхөөрөмж авч, угсран холболт хийснээ нотолж чадаагүй, зохих журмын дагуу хүлээлгэн өгөөгүй, харилцан акт үйлдэн хүлээлцэх гэрээнд заасан ажиллагаа огт хийгдээгүй байхад шинээр тоног төхөөрөмж авч, өргөтгөлийн ажлыг хийсэн гэх тайлбарыг үндэслэж шүүх шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн.

2015.08.10-ны өдрийн 015/65 дугаартай албан бичгээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж буйг давж заалдах шатны шүүх анхаарч үзэхгүйгээр хугацаа хэтрүүлсний алдангид шаардсан сөрөг нэхэмжлэл болох 24,000,000 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой тул магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн агуулга тусгажээ.

Хариуцагч Цагаанхуаран консалтинг ХХК-ийн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

1. Нэхэмжлэгч Прохит ХХК, нөгөө талаас Цагаанхуаран консалтинг ХХК, иргэн М.Цэгмэд, М.Наранбат, Ц.Зоригт, Т.Мөнх-Итгэл, н.Энхболд нар 2014.08.21-ний өдөр 20 тоот Тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ мөн өдрийн Нэмэлт гэрээг байгуулж, Цагаан Хуаран хотхоны болон дээрх нэр бүхий 5 иргэний өмчлөл, эзэмшлийн объектын халаалт, хэрэглээний халуун усаар хангах зорилгоор Ус дулаан дамжуулах төв 3-ын өргөтгөлийн ажил хийж гүйцэтгэхээр тохиролцжээ.

Гэрээний 2.12-д ажил гүйцэтгэх хугацааг 30 хоног гэж, 3.1, 3.2-д ажлын хөлсийг 80,000,000 төгрөг гэж тус тус заасан ба нэхэмжлэгч ажлын урьдчилгаанд 48,000,000 төгрөг авсан үлдэгдэл 32,000,000 төгрөгийг ажил гүйцэтгэсний дараа авахаар тохирсон байна.

Дээрх ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу талуудын эрх, үүрэг, ажлын хөлс, зардал, хугацааны талаарх гэрээний гол нөхцөлийг тохирсон, хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл болжээ. Талуудын хэн аль гэрээний үүрэг биелүүлэхийг шаардах эрхтэй.

Хэрэгт авагдсан баримтаар Цагаанхуаран консалтинг ХХК нь Цагаан Хуаран хотхоны 3 блок барилгыг барьж ашиглалтанд оруулсан, тус хотхоны оршин суугч хэрэглэгчдийг дулаан, эрчим хүч, хэрэгцээний халуун хүйтэн усаар хангах, бохир татан зайлуулах ажиллагааг Цагаанхуаран дэвшил ОСНАА ХХК хариуцан ажиллаж байсан нь тогтоогджээ.

2. Нэхэмжлэгч Прохит ХХК нь 2015.09.10-ны өдрийн 015/65 тоот албан бичгээр хариуцагчид гэрээний үүргийн биелэлтийн талаар мэдэгдэж, гэрээт ажлаас дутуу хийгдсэн байгаа халаалт, хэрэгцээний халуун усны ялтаст дулаан солилцуурыг 2015.09.15-ны дотор хийж гүйцэтгэнэ гэж хугацаа заасан байна.

Үүний дараа 2015.11.15-өдөр Материал, тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн Акт гэх баримт үйлдэж 26 нэрийн тоног төхөөрөмжийг хэвийн гэсэн ажлын үнэлгээтэйгээр гэрээний ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн, уг актад захиалагч нэр бүхий 5 иргэн, Цагаанхуаран дэвшил ОСНААХХКийн төлөөлөгч гарын үсэг зуржээ.

Хариуцагч Цагаанхуаран консалтинг ХХК энэхүү баримтад гарын үсэг зурж ажил хүлээж аваагүй гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч ажил хүлээлцэх талаар тус компанид мэдэгдэхэд хүрэлцэн ирээгүй гэснийг болон, Цагаанхуаран дэвшил ОСНАА ХХК нь ажил хүлээлцэхэд байлцсанаар ажил хүлээн авсан болохыг баримтаар үгүйсгэж чадаагүй байна. Гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгөхийг мэдэгдсэнээр захиалагч хийсэн ажлыг хуульд зааснаар хүлээн авах үүрэгтэй болно.

Нэхэмжлэгч ажлыг хүлээлгэн өгөхийг мэдэгдэж улмаар 20 тоот гэрээний бусад захиалагч нар акт үйлдэн ажлыг хүлээн авахад хариуцагч Цагаанхуаран консалтинг ХХК ирээгүй нь түүнийг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Прохит ХХК нь гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн тул гэрээний үлдэгдэл хөлсийг шаардах эрхтэй гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.2, 351.2-т заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөн нэхэмжлэгч энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргахаас өмнө 2018.09.15-ны өдөр шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан нь хэргийн баримтаар тогтоогдсон тул гэрээний үүргийг шаардах хуульд заасан хугацаа өнгөрөөгүй гэх шүүхийн дүгнэлт зөв байна.

3. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэл бүхий болжээ.

2014.08.21-ний өдрийн 20 тоот гэрээний 2.1-д ажлыг 30 хоногийн дотор гүйцэтгэж хүлээлгэн өгөх үүргийг нэхэмжлэгч Прохит ХХК хүлээсэн, 2015.11.15-ны өдрийн Материал, тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн Акт-аар ажил хүлээлцсэн тул гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ гэрээний үүргийг хангуулж ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөхийг даалгах, үүргийн биелэлтийг хангах арга болох алдангийг гаргуулахыг шаардсан, энэ шаардлагыг хангуулахыг хяналтын журмаар гаргасан гомдолд мөн заажээ.

Нэхэмжлэгч 2015.11.15-ны өдөр гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн ба энэ үеэс хариуцагч ажлын доголдол, гэрээний үүргийн биелэлтийн талаар гомдлын шаардлага гаргах эрхтэй байжээ.

Тэрээр шүүхэд 2019.05.16-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргасан байх ба шүүх ажил гүйцэтгэгчийн ажлын хариуцлагын талаар гаргах гомдлын шаардлагын хугацаа болон гэрээний үүрэг шаардах хуульд заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэсэн нь хэргийн баримтад үндэслэгджээ.

4. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлсэн, 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг зөрчөөгүй байна.

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2019/01674 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1762 дугаар магадлалыг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 437,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

                                                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Х.ЭРДЭНЭСУВД

                                                   ШҮҮГЧИД                                               П.ЗОЛЗАЯА

                   Х.СОНИНБАЯР

                                                                                               Г.ЦАГААНЦООЖ

                                                                                                Д.ЦОЛМОН