Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/73

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.У даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

          Нарийн бичгийн дарга Ж.Б

          Улсын яллагч Б.С

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Л

          Шүүгдэгч Т.М нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т.М-т холбогдох 2222000000067 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1966 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар баг Долоод гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хэнтий аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар 2 жилийн хорих ял, Хэнтий аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 236 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 4 сарын баривчлах ял дээр эдлээгүй үлдсэн 9 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 1 сарын хорих ялаар, Хэнтий аймгийн сум дундын 1-р шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хорих ял, Хэнтий аймгийн дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 2 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан Б овогт Т-ийн М РД://.

 

    Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Т.М нь 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тус аймгийн Ө сумын 3-р баг Баянгийн 3-9 тоотод байх иргэн Н.Ц-ын эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрч үхрийн борц, булган малгай 1 ширхэг, бэлтгэлийн хослол 1 хос зэрэг эд зүйлс хулгайлж 1.040.000 /Нэг сая дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2022 оны 04 дүгээр сарын 11-нээс 04 дүгээр сарын 12-нд шилжих шөнө Дундговь аймгийн Ө сумын Эрүүл мэндийн төвийн хувцасны өлгүүрийн өрөөнөөс иргэн Л.Э, М.А нарын тус бүр 1 ширхэг /хос/ хромон гутлыг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдад 580.000 /таван зуун наян мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүгдэгч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.

 

Шүүгдэгч Т.М-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 04 дүгээр 10-ны өдөр найз М-ийн хамт мотоциклтой Ө сумын төв дээр ирээд колонк орж бензин аваад дэлгүүрээс 2 шил “Соёрхол” нэртэй 0.75 литрийн савлагаатай архи, нэг блок тамхи авсан. Тэгээд бид хоёр дэлгүүрийн гадна талд сууж байгаад нэг шил архиа хувааж уусан. Тухайн үед бид хоёр нилээн согтсон ба би тэндээс явган алхаад айлын хашаа руу ортол хашааны хойд хананд урагшаа нэг ширхэг цонхтой хуучин модон байшин байсан. Байшингийн үүдэнд очиход цоожгүй муруй хэлбэртэй хадаасаар оньсолсон байсан. Хадаасыг нь эргүүлээд байшингийн хаалгыг нээж дотогш ортол байшингийн баруун хэсэгт хэцэлж хатаасан борц байсан. Борцыг би байшинд байсан ногоон өнгийн гялгар уут болон хар өнгийн цүнхэнд бүгдийг нь хийж авсан. Мөн байшингийн гол хэсэгт байх нүүрэндээ тагтай эрээн авдрыг нээж үзэхэд дотор нь булган малгай, бэлтгэлийн хослол /саарал өнгийн/ байсныг авсан. Тухайн авдар мөн л цоожгүй байсан. Би авдарнаас авсан булган малгай, бэлтгэлийн хослолыг өвөрт байсан торондоо хийгээд байшингаас гараад хашааны урд хэсэгт авсан зүйлсээ бөөгнүүлж тавиад буцаад М дээр очтол дэлгүүрийн үүдэнд байхгүй байсан. Тэгэхээр нь цаашаа яваад эзэнгүй хашаан дотор байх түлээний амбаарт ороод унтсан. Эм авахаар Ө сумын Эрүүл мэндийн төвийн хаалгаар нь орсон. Тухайн үед хаалга нь онгорхой буцаад гарах гэтэл хаалганы хажууд 2 хос гутал байсан. Эмнэлгээс хулгайлсан эд зүйлээ унтаж байсан түлээний амбаартаа аваачиж тавьсан. Маргааш нь цагдаад баригдаад эзэнд нь буцааж өгсөн. Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг /хх-ийн  60-61, 148-149/

 

Хохирогч Н.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 04 сарын 05-ны өдөр хөдөө явсан. Тэгээд 4 дүгээр сарын 10-ны үдээс хойш 15 цагийн орчим сумын төв дээр ирээд хашаа руугаа ортол манай хашааны хойд хэсэгт байдаг модон байшингийн хаалга нь онгорхой байсан. Очоод үзтэл байшингийн хойд хэсэгт байдаг авдрын таг нь онгойчихсон байхаар нь авдрынхаа тагыг таглачихаад хартал байшингийн зүүн хэсэгт хэцэн дээр тохсон байсан борц алга болчихсон байсан. Манай хүүхдүүдийн зуны хувцас хийсэн байсан ногоон цахилгаантай хажуу талдаа хармайтай хар өнгийн цүнх алга болсон байсан. Цүнхэн дотор байсан хувцаснуудыг гаргаад тавьчихсан байсан. Тэгээд гэртээ ороод нөхрийнхөө булган малгайг гэрт байгаа эсэхийг үзтэл булган малгай нь гэрт байхгүй байсан. Байшинд авдар дотор хийснээ санаад байшинд орж авдар дотроо үзтэл манай нөхрийн булган малгай алга болсон байсан. Манай байшингаас нөхрийн хүрэн бор өнгөтэй буудаг булган малгай, шинээр худалдаж авсан саарал өнгийн бэлтгэлийн хослол, өвөл идшээр борцолж хатаасан үхрийн борц зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Би хулгайд алдсан малгайгаа 2021 оны өвөл цагаан сарын өмнө сумын төвийн дэлгүүрээс 400.000 төгрөгөөр худалдан авч байсан. Тухайн алдсан малгайг цагаан сараар өмсөөд буцаагаад далд хийчихдэг бараг өмсөөгүй шинээрээ малгай байсан. Малгайны дотор талд оройн хэсэгт нь иркутск, россия, 58 размер гэсэн бичигнүүдтэй, 2 чихийг нь дээр нь холбож бүчилсэн бор хүрэн өнгийн буудаг малгай байсан. Бэлтгэлийн хувцсыг 2022 оны 01 сард Улаанбаатар хотоос захиалгаар худалдан авсан, нэг ч удаа өмсөж байгаагүй шинээрээ хувцас байсан. Халаасан дээрээ Ргаda гэсэн бичигтэй байгаа. Хэдэн кг борц байсныг мэдэхгүй байна, ойролцоогоор 16-18 кг борц байсан байх” гэх мэдүүлэг /хх-ийн 126-127/

 

Хохирогч Л.Э-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр биеэ эмчлүүлэхээр  Ө сумын эмнэлэгт хэвтсэн юм. Өөрийн өмсөж явсан хромон гутлаа тайлаад эмнэлгийн хувцас өлгөдөг өрөөнд тавиад өрөө рүүгээ орж хэвтсэн. Байж байгаад 21 цагийн орчим гарч бие засахдаа өмсөж гараад эргэж орж ирээд тайлаад орхисон. 2022 оны 4 сарын 12-ны өглөө 05 цагийн орчимд гарч бие засах гээд гутлаа өмсөх гэтэл миний гутал болон цуг хэвтэж байсан А гэх хүний гутал алга болсон байсан. Би алга болсон гутлаа 2015 онд Улаанбаатар хот Нарантуул зах дээрээс худалдан авч байсан. Алдсан гутлаа бараг өмсөөгүй, хааяа өмсдөг хромон гутал байсан. Алдсан гутлаа 500.000 төгрөгөөр үнэлж байна. Намайг өглөө эмнэлгийн цонхоор хараад зогсож байхад эмнэлгийн урд хогийн савны дэргэд танихгүй хүн зогсож байсан. Би тэр хүнийг авсан байж магадгүй гэж бодож байна. Ногоон өнгийн дээлтэй, улбар шар дурдан бүс бүсэлсэн 50-55 орчим насны 155 см орчим өндөртэй эрэгтэй хүн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 30 /

 

      Хохирогч И.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр биеэ эмчлүүлэхээр эмнэлэгт хэвтсэн. Тэгээд өөрийн өмсөж явсан гутлаа эмнэлгийн хувцас өлгөдөг өрөөнд тайлаад орхисон. Би 23 цагийн үед гарч бие засахдаа өмсөж гараад эргэж орж ирээд тайлаад орхисон юм. Тэгээд 12-ны өглөө 04 цагийн орчим гарч бие засах гээд гутлаа өмсөх гэтэл миний гутал алга болсон байсан. Мөн цуг хэвтэж байсан Э-ы гутал алга болсон байсан. Тухайн өдрийн жижүүр сувилагчаас асуухад мэдэхгүй гэсэн. Хамт хэвтэн эмчлүүлж байсан Э өглөө 6 цагийн орчим эмнэлгийн урдуур нэг танихгүй хүн явж байсан гэж хэлсэн. Би алдсан гутлаа 2021 онд сумын төвийн дэлгүүрээс 250.000 төгрөгөөр худалдан авч байсан, шинэвтэр гутал байгаа юм. Дотоодын үйлдвэрийн хромон гутал байсан юм. Алдсан гутлаа 200.000 төгрөгөөр үнэлж байна.” гэх мэдүүлэг, /хх-ийн 35 /

 

      Гэрч Ж.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:           “...12-ны өглөө 06 цаг 05 минутад хэвтэн эмчлүүлж байгаа Э, А нарын өрөөнд тариа хийх гээд ортол Э надад хандаж өглөө босоод бие засах гэтэл бид хоёрын гутал алга байна, та харсан уу? далд хийсэн юм уу? гэж асуусан. Тэгэхээр нь би хараагүй, авч далд хийгээгүй гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг дотроо хайгаад эмнэлгийн өрөөнүүдээр явж хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсээс асуутал 23 цагийн орчим байсан. Тэрнээс хойш мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд би хулгайч авчихсан байна гэж бодсон. Эмчлүүлэгч нарт эмчилгээ хийгээд явж байтал эмнэлгийн хогийн цэг дээр нэг танихгүй хүн ирчихсэн хог ухаад байна гэж хэлсэн. Гараад хартал зүүн зүг рүү алхаж байсан, тэгээд би энэ хүн байж магадгүй гэж бодсон. Миний сэжиглэж байгаа хүн 160 см орчим өндөртэй, 55 орчим насны ногоон дээлтэй, хар өнгийн юүдэнтэй цамц өмссөн, хар гуталтай, шар бүс бүсэлсэн танихгүй хүн байсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн

Гэрч Ч.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би Ц-ын байшинд борц байсан талаар мэднэ.  Жил бүр хашааныхаа хойд талд байх модон байшинд борцоо хэцэлж хатаадаг юм. Урьд нь манайх борцоо хамт хатаадаг байсан. Тийм учраас тэнд борцоо хатаадаг талаар мэддэг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 131 /

 

Дундговь аймгийн Ө сумын үнэлгээний комиссын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаартай “ Хуучин дотоодын үйлдвэрийн хромон гутал 180.000 төгрөг” гэх эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 42-43/

 

Дундговь аймгийн Ө сумын үнэлгээний комиссын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаартай дугаартай “Орос хромон гутал 400.000 төгрөг” гэх эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 46-47 /

 

Дундговь аймгийн Ө сумын үнэлгээний комиссын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай “үхрийн борц 1 килограмм тус бүр нь 40.000 төгрөг /16 кг х 40.000 төг= 640.000/, буудаг булган малгай /хуучин/ 300.000 төгрөг, биеийн тамирын хослол /шинэ/ 100.000 төгрөг нийт 1.040.000 төгрөг” гэх эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 135-136/

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, холбогдох баримтууд /хх-ийн 1, 105 /           

 

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6,  106-109 /

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 116-120/

 

Т.М-оосхажуу талдаа хармайтай ногоон цахилгаантай 2 талдаа /хар/ оосортой хар өнгийн цүнхтэй борц, ягаан өнгийн ууттай амных нь оосор цэнхэр өнгийн уяатай борц, саарал өнгийн бэлтгэлийн хослол, 2 чихийг дээр нь холбож бүчилсэн малгай зэргийг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 110-112/

 

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 114-115 /

 

Хохирогч Н.Ц-д хар өнгийн цүнхтэй, ягаан өнгийн даавуу ууттай борц, саарал өнгийн бэлтгэлийн хослол, хүрэн бор өнгийн 2 чихийг нь дээр нь боож бүчилсэн булган малгай зэрэг эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 121/

 

Т.М-оос хромон гутал хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8/

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-16/

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 17-20 /

 

Хохирогч И.А-эд хромон гутлыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 21/

Хохирогч Л.Э-д хромон гутлыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 22/

 

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 24-25 / болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүгдэгч Т.М нь 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Ө сумын 3-р баг Баянгийн 3-9 тоотод байх иргэн Н.Ц-ын эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрч 16 килограмм үхрийн борц, булган малгай 1 ширхэг, бэлтгэлийн хослол зэрэг эд зүйл хулгайлж 1.040.000 /Нэг сая дөчин мянган/ төгрөгийн хохирол,

       мөн 2022 оны 04 дүгээр сарын 11-нээс 04 дүгээр сарын 12-нд шилжих шөнө Дундговь аймгийн Ө сумын Эрүүл мэндийн төвийн хувцасны өлгүүрийн өрөөнөөс тус эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байсан иргэн Л.Э, М.Анарын /тус бүр 1 хос/ хромон гутлыг хулгайлж  Л.Эд 400.000 төгрөгийн, М.А180.000 төгрөгийн хохирол тус тус  учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн буруутай болох нь:

шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Хадаасыг нь эргүүлээд байшингийн хаалгыг нээж дотогш ортол байшингийн баруун хэсэгт хэцэлж хатаасан борц байсан. Борцыг байшинд байсан ногоон өнгийн гялгар уут  болон хар өнгийн цүнхэнд бүгдийг нь хийж авсан. Мөн байшингийн гол хэсэгт байх нүүрэндээ тагтай эрээн авдрыг нээж үзэхэд дотор нь булган малгай, бэлтгэлийн хослол /саарал өнгийн/ байсныг авсан. ...Би эм авахаар Ө сумын Эрүүл мэндийн төвийн хаалгаар нь орсон. Тухайн үед хаалга нь онгорхой байсан. Буцаад гарах гэтэл хаалганы хажууд 2 хос хромон гутал байсан. Би хулгайлсан эд зүйлээ унтаж байсан түлээний амбаартаа аваачсан, маргааш нь цагдаа эзэнд нь өгсөн” гэх,

Хохирогч Н.Ц-ын: “...Манай байшингаас манай нөхрийн хүрэн бор өнгөтэй буудаг булган малгай, шинээр худалдаж авсан саарал өнгийн бэлтгэлийн хослол, өвөл идшээр борцолж хатаасан үхрийн борц зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан.” гэх,

Хохирогч Л.Э-ы “...Би 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр биеэ эмчлүүлэхээр эмнэлэгт хэвтсэн. Өөрийн өмсөж явсан хромон гутлаа тайлаад эмнэлгийн хувцас өлгөдөг өрөөнд тавиад өрөө рүүгээ орж хэвтсэн. Тэгээд 12-ны өглөө 05 цагийн орчимд гарч бие засах гээд гутлаа өмсөх гэтэл миний гутал хамт хэвтэж байсан А гэх хүний гуталтай цуг алга болсон байсан.” гэх,

        Хохирогч И.А-ийн:     “Би      2022   оны     04        дүгээр            сарын 11-ний өдөр биеэ эмчлүүлэхээр эмнэлэгт хэвтсэн. 12-ны өглөө 04 цагийн орчим гарч бие засах гээд гутлаа өмсөх гэтэл миний гутал алга болсон байсан. Мөн хамт хэвтэж байсан Э-ы гутал алга болсон байсан. “гэх,

      гэрч Ч.Ц-ийн“... Би Ц-ын байшинд борц байсан талаар мэднэ. Жил бүр хашааныхаа хойд хэсэгт байх модон байшинд борцоо хэцэлж хатаадаг юм. Урьд нь манайх борцоо хамт хатаадаг байсан юм.” гэх мэдүүлгүүд болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийг хураан авч хохирогч нарт хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, Дундговь аймгийн Ө сумын үнэлгээний комиссын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 01, 02, 03 дугаартай эд зүйлийн үнэлгээ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

         Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгссөнд тооцогддог. 

       Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах” зэрэг аргаар нэвтрэн орсон байхыг заасан бөгөөд шүүгдэгч Т.М-ийн үйлдэл нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийн шинжийг хангаж байна.

         Хууль зүйн хувьд шүүгдэгч Т.М-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй,

       Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

  

       Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.М-ийг “хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

        Шүүгдэгч Т.М-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэргийн шинжийг  хангасан, түүнд холбогдуулж Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж дүгнэв.

      

 

           Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Т.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Т.М урьд 5 удаа ял шийтгэл эдэлж байсан болох нь Хэнтий аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 31 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар 2 жилийн хорих ял, Хэнтий аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 236 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 4 сарын баривчлах ял дээр эдлээгүй үлдсэн 9 сарын хорих ялыг нэмж 1 жил 1 сарын хорих ялаар, Хэнтий аймгийн сум дундын 1-р шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хорих ял, Хэнтий аймгийн дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 зааснаар 4 сарын баривчлах ялаар, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбаруудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Т.М-ийг “хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсон тул прокурорын саналын дагуу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгчид 01  /нэг/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Хохирол хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Т.М-ийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Н.Ц-д 1.040.000 төгрөгийн хохирол учирсанаас борц, бэлтгэлийн хослол, булган малгай зэргийг хүлээлгэн өгсөн /хх-тийн 121/, Л.Эд 400.000 төгрөгийн хохирол учирснаас хромон гутлыг хүлээлгэн өгсөн /хх-ийн 22/, И.Аэд 180.000 төгрөгийн хохирол  учирсанаас хромон гутлыг тус тус биет байдлаар хохирогч нарт хүлээлгэн өгсөн /хх-21/ байна. Мөн хохирогч Л.Э, И.А, Н.Ц /хх-ийн 97, 98, 153/ нар нь хулгайд алдсан эд зүйлээ буцаан авч хохиролгүй болсон тухайгаа цагдаагийн газарт бичгээр мэдэгджээ.   

 

Иймд шүүгдэгч Т.М-ийг энэхүү тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Т-ийн М-ийг хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэгсийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б овогт Т-ийн М-т 01  /нэг/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-т оногдуулсан 01 жил 05 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5.  Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.  Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн  өмгөөлөгч нар гардуулсан  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      З.У