Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 75

 

      Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд  хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух, И овогт Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б  дүүргийн .... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух, Ж овогт Э-ын У-т холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 2007 онд У-тай гэр бүл болон хамтран амьдарч байх хугацаандаа 20.... оны .. дугаар сарын ...-ний өдөр охин У.Э-г төрүүлсэн. У нь БНСУ-руу гэрээгээр ажил хийхээр явсан бөгөөд охиноо төрөхөд 1 сарын чөлөөгөөр ирж байсан. Одоо охин маань манай аав, ээжийн асрамжид байдаг. У нь Солонгос улсад ажиллаж амьдарч байх хугацаандаа өөр гэр бүлтэй болсон. 2015 онд Солонгосоос ирсэн. Одоо охин маань 4 дүгээр анги, би ганцаараа ажилтай хүүхдээ харж хандаж чадахгүй байсан учир өөрийнхөө аав ээж дээр Д аймагт сургуульд оруулсан. Охин хүүхэд учир дугуйлан, секцэнд явах гээд хэрэгцээ их байгаа тул тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв. Хариуцагч Э.У шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Надад хэлэх зүйл байхгүй, би охиндоо юм өгөлгүй яахав, өгсөөр ч ирсэн. Сая 2017 оны 9 сараас хойш ажилгүй болоод охиндоо мөнгө өгч чадаагүй, Одоо тэтгэлэг тогтоолгоход татгалзах зүйл алга гэв.

Шүүхээс хэрэгт авагдсан хүүхэд эрүүл бойжиж байгаа тухай Д аймгийн А сумын .. дугаар багийн эмчийн тодорхойлолт, Д аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын тодорхойлолт, Д аймгийн А сумын ... дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, У.Э-ийн төрсний гэрчилгээний Г-....... дугаартай төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Э.У-т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.   

Хариуцагч Э.У нь миний хүүхэд мөн учир тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэсэн болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Э.У нар нь 2007 оноос эхлэн хамтран амьдарч 20... оны ... дугаар сарын ...-ний өдөр охин У.Э-г төрүүлэн, одоог хүртэл эрүүл саруул өсөн бойжиж байгаа болох нь Г-.... тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл бойжиж байгаа талаарх Д аймгийн А сумын .. дугаар багийн эмчийн тодорхойлолт, Д аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын тодорхойлолт, Д аймгийн А сумын ... дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч охин У.Э-г төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг зохигчдод үүсчээ. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх үүргийн хувьд хүүхдээ хүмүүжүүлэхэд зохигчид тэгш эрх, үүрэгтэй оролцох бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг уг үүргээ биелүүлэх, охинтойгоо  уулзахад хориглох эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Э.У-аас сар бүр тэтгэлэг гаргуулж охин У.Э-г тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

            Тэтгэлгийн хэмжээг Үндэсний статистикийн хорооны даргын 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн ... тушаалаар тогтоосон 198.600 төгрөгөөр тооцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.148 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 хүүхдийн тэтгэлэгт 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэг 1.191.600 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 33.148 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар Ж овогт У-ын Э-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг Э.У-аас сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Э.У-аас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.   

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.148 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 33.148 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-т олгосугай. 

   4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ